| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/00483/И |
| Дугаар | 676 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: МХС ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАУЭСКТ-д холбогдох,
3,151,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХС ХХК-г төлөөлөн Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МХС ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх Ш14/23, Ш15/36 тоот гэрээнүүдийг Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төвтэй байгуулсан. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээний хугацаа дуустал кабелийн худаг, сувагчлалаа түрээслүүлсэн боловч УАУЭСКТнь түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй ба үлдэгдэл төлбөр болох 3,151,200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд УАУЭСКТ-с түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3,151,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. МХС ХХК нь УАУЭСКТ 2014 оноос эхлэн Кабелийн худаг,сувагчлал түрээслүүлэх гэрээ-г байгуулан 537 м сувагчлал, 6 ш худгийг сарын 186.000 төгрөгийг НӨАТ-ны хамт төлөхөөр гэрээ байгуулан түрээслэж байсан. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин гэрээгээ шинэчилэн LD15/36 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний хавсралт 01-ээс түрээсийн төлбөр 177.000 төгрөгийг НӨАТ-ийн хамт 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөхөөр тохирсон. Талууд харилцан тохирч мөн оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт оруулж сарын түрээсийн төлбөрийг 168.000 төгрөгийг НӨАТ-ын хамт төлөхөөр төлбөрөө багасган өөрчилсөн. 2015 оноос хариуцагч тал төлбөрөө хагас дутуу төлж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийтдээ 3,151,200 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй өглөгтэй байгаа нь хэрэгт авагдсан авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаас харагддаг. УАУЭСКТнь төлбөрөө төлж чадахгүй болсон тул гэрээгээ цуцлах хүсэлтийг манайд ирүүлж гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлагдахаас өмнөх төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал эвлэрэх хүсэлт гаргасан боловч манайх энэ дүнгээс хасах ямар ч боломж байхгүй. Эвлэрэлд хүрээгүй. Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй, оролцохгүй гэсэн тул хариуцагчийн оролцулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХС ХХК нь хариуцагч УАУЭСКТд холбогдуулан 3,151,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч УУАУЭСКТтэй 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ-ээр тохирсон сувагчлалийн түрээсийн гэрээний төлбөрт 3,151,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн гаргасан 3,151,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр LD15/36 дугаартай Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулан 537 м сувагчлалыг худгийн хамт түрээслэхээр харилцан тохиролцож төлбөрийг гэрээний Захиалгын хуудас хавсралт 01, Нэмэлт 01-ийн ЗАХИАЛГЫН ХУУДАС хавсралт 01-ээр харилцан тохиролцож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлдэг. Түүнчлэн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
Талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ-ний хавсралтаар түрээсийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн сар бүр 177.000 төгрөгийг НӨАТ-ын хамт төлж байхаар тохирсон байх бөгөөд уг төлбөрийг талууд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 168,000 төгрөгийг НӨАТ-ын хамт төлж байхаар багасган гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар НЭМЭЛТ 01 гэрээгээр тохирсон байна. Хариуцагч гэрээний хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 779,100 төгрөгийг төлж, 3,151,200 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар /хх-ийн 15,16-р тал/ тогтоогдож байна.
Хариуцагч УАУЭСКТнь уг төлбөрийн үлдэгдэлийг төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаархи болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх тайлбар бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хариуцагч УАУЭСКТнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг нь ...шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийхэд татгалзах зүйлгүй... гэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс 3,151,200 /гурван сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХС ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс 65,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХС ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН