Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/932

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Л.М, өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108002040901 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Л-гийн М (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь “Б” ХХК-ний салбар болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э" барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа иргэдээс барьцаанд тавьсан эд зүйлээ авч хаасан байхад нь зээлийн программд зээлийг хаалгүйгээр, зээлийг үлдэгдэлтэй мэтээр үлдээж, зээлийн төлбөр болох 2,300,300 төгрөгийг хувьдаа завшсан, мөн эвдэрхий эд зүйлс тавьж, эсхүл барьцаанд байхгүй эд зүйлсийг байгаа мэтээр программд бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэн 3,201,000 төгрөгийн зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 5,501,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Л.М-г жинхэлж, 14 хоног дадлагажуулж ажилд авсан. Л.М- нь ажиллаж байх хугацаанд башин барих хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэхээр нь гэрээ байгуулж мөнгө зээлсэн, зээл төлж дуусгаагүй байгаа. Манай байгууллага жижиг тул тушаал гаргаж Л.М-г томилоогүй. Л.М- анкет бөглөж орсон ба түүнтэй манай зүгээс хариуцлагын гэрээ, нууцын гэрээг байгуулсан. Учир нь, барьцаалан зээлдүүлэх газарт хүмүүсийн үнэтэй цайтай эд хөрөнгө тавигддаг тул ийм гэрээ байгуулдаг юм. Манай байгууллагад Л.М- нь 5,501,300 төгрөгийн хохирол учруулсан байсан. Бид аудитын дүгнэлт гарахад зарцуулагдсан зардлыг өөрийн байгууллагаас гаргаж төлсөн. Эхэндээ би 7 хоног болгон эд зүйл тооцоо нийлээд явдаг байсан ч хүүхдээсээ болоод 7 хоног бүр тулгаж тооцоо нийлж чадахаа байсан юм. Энэ байдлыг ашиглаж үйлдсэн байна. Манай байгууллагад нэг ч төгрөг төлөөгүй байгаа, гэмт хэрэг үйлэгдсэнээс хойш нэлээн хугацааг өнгөрлөө, энэ хооронд мөнгө төлөх гэж оролдоогүй, намайг утасдахаар утас нь хаалттай байдаг. Энэ хүнээс хохирлыг маань барагдуулж өгнө үү” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “...шүүгдэгч Л.М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Хохирогч М.О “...гомдолтой байна, хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...гэм буруу дээр маргахгүй, хохирол төлөхөө илэрхийлж байна” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзээд:

Шүүгдэгч Л.М- нь “Б” ХХК-ний салбар болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э" барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа иргэдээс барьцаанд тавьсан эд зүйлээ авч хаасан байхад нь зээлийн программд зээлийг хаалгүйгээр, зээлийг үлдэгдэлтэй мэтээр үлдээж, зээлийн төлбөр болох 2,300,300 төгрөгийг хувьдаа завшсан, мөн эвдэрхий эд зүйлс тавьж, эсхүл барьцаанд байхгүй эд зүйлсийг байгаа мэтээр программд бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэн 3,201,000 төгрөгийн зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 5,501,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь:

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-гийн:”...Би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Баянхошууны ... дүгээр гудамжны ... тоотод байрлах “Т” төвийн нэг давхарт “Э” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг 2018 оноос хойш ажиллуулж байгаа юм. Уг ломбарддаа өөрөө суух боломжгүй байсан тул хүн цалинжуулж суулгадаг байсан юм. ...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зарын дагуу Л.М- гэх эмэгтэй ирж теллерээр ажилд орж ажиллах болсон юм. Ажилд орсноос нь хойш 7 хоног болгон шинээр барьцаанд авсан эд зүйлсийг нь тулгалт хийгээд явдаг байсан ба улиралд нэг удаа бүх барьцаанд авсан эд зүйлсийг нь тулгалт хийгээд явдаг байсан юм. Тэгэхэд  ямар нэг зөрчил илэрдэггүй байсан. 2020 оны 9 сараас хойш би бага насны хүүхэдтэй байсан тул 21 хоногтоо нэг удаа шинээр барьцаанд авсан эд зүйлсийг нь шалгаад явж байсан. Тэгэхэд барьцаанд авсан эд зүйлсийг нь гаднаас нь харчхаад л өнгөрдөг байсан ба зурагт, гар утас зэргийг нь асааж үздэггүй, нэг бүрчлэн шалгадаггүй байсан юм. 2020 оны 11 сарын дундуур барьцаанд авсан бүх эд зүйлсийг тулгаж үзэж байтал Жанаргүл гэх хүний барьцаанд тавьсан мөнгөн аяга байхгүй байсан. Хүн рүү нь залгаад асуусан чинь тэр хүн нь барьцаанд тавьсан эд зүйлээ авчихсан гэж хэлсэн. Тэгээд шалгаад үзтэл:

а/.2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Е /РД:************, утас:00000000/ Алтан ээмэг /5 грамм жинтэй, 916 сорьцтой, 1 хос ээмэг/ 381.500 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдож зээлийн хугацаа хэтэрсэн тухай сануулахад “алтан ээмгээ 150.000 төгрөгийн барьцаанд тавиад, хүүтэй нь зээлийг төлөөд, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсээ чөлөөлж авсан” гэж хэлсэн. Тэгтэл уг зээлийг төлж, барьцааг чөлөөлсөн талаар санд хаалт хийгээгүй, надад мэдэгдэлгүй зээлийг мөнгийг завшсан.

б/.2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Б /РД:*********, утас:0000000, 0000000/ Ай фоне 8 плас маркийн гар утас 585.0 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул манай байгууллагад бүртгэлтэй дугаар руу залгахад “Б.Б гэх хүн уг утсан дээр байдаггүй. Би ямар нэгэн эд зүйл зээлийн барьцаанд тавиагүй” гэсэн. Уг зээлийн барьцаанд авсан “Ай фоне 8 плас” гар утсыг шалгаж үзэхэд гаднах байдлаар эвдрэл гэмтэлгүй, “Id lock block” болсон, ашиглах боломжгүй гар утас зээлийн барьцаанд авсан байсан.

Манай барьцаалан зээлдүүлэх газар улирал бүр зээлийн барьцааны үнэлгээг гаргаж өгдөг ба уг үнэлгээ дээр “Ай фоне 8 plus” маркийн гар утсыг 300.000 төгрөг хүртэл үнэлгээгээр авах тухай заасан байсныг хэтрүүлсэн, “Id lock block” болсон ашиглах боломжгүй гар утас зээлийн барьцаанд авах ёсгүй байхад авсан, зээлдэгчийн мэдээлэл утасны дугаар зөрүүтэй тул хуурамч зээлийн барьцаагаар зээл гаргаж авч, залилан мэхэлж зээлийн мөнгийг завшсан.

в/.2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М.О /РД:**********, 0000000/ 55 инчийн LG фирмийн смарт зурагт 712.000 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн байсан тул утсаар холбогдоход “М.О гэх хүн уг утсан дээр байдаггүй. Би ямар нэгэн зурагт ломбардад тавиагүй” гэж хэлсэн. Уг барьцаанд авсан зурагтыг шалгаж үзэхэд 55 инчийн LG смарт зурагтын дэлгэц хагарсан байдалтай байсан. Барьцааны үнэлгээнд 400.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар заасан байхад хэтрүүлж зээл гаргасан нь хуурамч зээлийн барьцаагаар зээл гаргаж мөнгийг завшсан.

г/.2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Н.Ж /РД:*************, утас:0000000/ 925 сорьцтой, мөнгөн аяга 4 ширхэг нийт 300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход “Би барьцаанд тавьсан мөнгөн аягаа зээл төлж, зээлийн барьцааг чөлөөлж авсан. Одоо зээлийн барьцаа надад байна” гэсэн. Уг барьцаанд тавьсан гэх аягануудыг шалгахад манай байгууллагад байхгүй, сан дээр зээл төлж, зээлийн барьцаа чөлөөлсөн талаар оруулаагүй, надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй учраас Л.М-гаас тодруулж асуухад “Зээл төлж зээлийн барьцаа чөлөөлсөн. Би сан дээр шивээгүй, мартсан байна” гээд надад 194.000           төгрөг өгсөн. Үлдэгдэл 106.000 төгрөгийг төлнө гэсэн ч төлөөгүй байгаа.

д/.2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.О /РД:***********, 0000000/ HP маркийн нөүтбүүк 897.500 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход “Зээлийн төлөлт хийгээд барьцаанд тавьсан нөүтбүүкээ чөлөөлж авсан" гэж хэлсэн.Уг зээлийн барьцааг үзэхэд уг нөүтбүүк байхгүй, зээлийн төлөлт хийж барьцаа чөлөөлөгдсөн байхад санд шивж оруулаагүй, зээлийн мөнгийг хувьдаа завшсан байсан.

е/.2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Д /РД:*************, Утас:0000000/ монетон бөгж 2 ширхгийг 321.900 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход “зээлийг төлж, зээлийн барьцааг чөлөөлж авсан” гэсэн. Уг зээлийн барьцааг шалгаж үзэхэд зээлийн барьцаа байхгүй, санд зээл хааж барьцаа чөлөөлсөн талаар оруулаагүй, зээлийн мөнгийг завшсан.

ё/.2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн А.С /РД:**************, 0000000/ монетон ээмэг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхгийг нийт 866.500 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход “Зээл төлж зээлийн барьцааг чөлөөлж авсан” гэсэн. Уг зээлийн барьцааг шалгаж үзэхэд зээлийн барьцаа байхгүй, санд зээл хаасан, барьцаа чөлөөлсөн талаар оруулаагүй, зээлийн мөнгийг хувьдаа завшсан.

ж/. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Б /РД:**************, 0000000/ 1 хос монетон ээмэг 1 ширхэг, монетон гинж 1 ширхгийг нийт 450.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход “Зээл төлж, зээлийн барьцааг чөлөөлж авсан” гэсэн. Уг зээлийн барьцааг шалгаж үзэхэд зээлийн барьцаа байхгүй, санд зээл хаасан, барьцаа чөлөөлсөн талаар оруулаагүй, зээлийн мөнгийг хувьдаа завшсан.

з/.2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр иргэн Ц.Б /РД:*************, утас:0000000/ 1 хос монетон ээмэг, монетон бөгж 1 ширхгийг нийт 300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход зээлийг төлж, зээлийн барьцааг чөлөөлж авсан байсан. Уг зээлийн барьцааг шалгаж үзэхэд зээлийн барьцаа байхгүй, зээл төлж, зээлийн барьцаа чөлөөлсөн байхад зээлийн мөнгийг хувьдаа завшсан.

и/. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Ж.М /РД:************, 0000000/ монетон бөгж 1 ширхэг 312.200 төгрөгөөр зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход зээл төлж зээлийн барьцааг чөлөөлж авсан гэсэн. Уг зээлийн барьцааг үзэхэд зээлийн барьцаа байхгүй, зээл төлсөн талаар санд оруулаагүй, зээлийн мөнгийг хувьдаа завшсан.

й/.2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ж.Н /РД:*************, 0000000/ монетон ээмэг 1 ширхгийг 223.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул утсаар холбогдоход зээл төлж, барьцаа авсан гэсэн. Уг зээлийн барьцааг шалгахад зээлийн барьцаа байхгүй, зээл хаасан талаар санд оруулаагүй, зээлийн мөнгийг завшсан.

Мөн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх үедээ Л.М нь дараах эд зүйлсийг зээлийн барьцаанд авсан боловч зээлийн барьцаанд авсан эд зүйлс ажилладаггүй, эвдэрсэн байсан. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 19-ний  өдөр иргэн Х.Б /РД-************, 0000000/ LG маркийн 42 инчийн лед зурагт 250,000 төгрөгийн зэлийн барьцаанд тавьсан, зээлийн хугацаа хэтэрсэн тул байгууллагын дотоод журмын дагуу  зарж борлуулах гэхэд  харагдах байдлаараа эвдрэлгүй боловч, асахгүй байсан. Энэ талаар асуухад мэдэхгүй гэдэг юм.

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н /РД-...., .../ “Самсунг галакси Жи 3” маркийн гар утас 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээлийн хугацаа хэтэрсэн тул дотоод журамд заасны дагуу зарахаар барьцааг шалгахад уг гар утасны дэлгэц хагарсан байх тул Л.М-гаас тодруулж асуухад “Би уг гар утасны дэлгэцийг санамсаргүй хагалсан. Мөнгийг нь төлнө” гэж хэлсэн боловч төлөөгүй.

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.С /РД:***********, 0000000/ Самсунг маркийн 32 инчийн лед зурагт 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг зээлийн хугацаа дуусаж зээлийн барьцааг хураахад Л.М- надад уг зурагтын мөнгийг цалингаас суутгуулж худалдаж авах санал тавьсныг зөвшөөрч 180.000 төгрөгөөр үнэлж уг зурагтыг өгснөөс, 120.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 40.000 төгрөг төлж барагдуулаагүй. ...Аудитын шалгалт хийлгэхэд Л.М- манай байгууллагад 5,50,1,300 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Мөн цалингийн зээлийн үлдэгдэл 1.050.000 төгрөг байгаа. Одоо Л.М-аас аудит хийлгэсэн 1.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 1.050.000 төгрөг, байгууллагаас завшсан 5.501.300 төгрөг, нийтдээ 7,551,300 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25, 27-28, 31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч Л.Б-ын:  “...Манай эхнэр “Т” төвд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2019 оны дундуур зараар Л.М- гэх эмэгтэйг ажилд авч ломбардад ажиллуулсан ба 2020 оны 12 дугаар сард Л.М- ломбардад ажиллаж байхдаа зээлийн төлбөрийн зээлийн төлөлтийг хаалгүй зээлийн барьцааг чөлөөлж, мөнгийг нь завшсан хэд хэдэн тохиолдол олсон гэж надад хэлээд цагдаагийн байгууллагад уг асуудлын талаар өргөдөл бичиж өгсөн. ...Уг хэрэгт манай эхнэр  хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал),

3. Гэрч А.С-ын: “...2020 оны 10 дугаар сард ...’’Э” барьцаалан зээлдүүлэх газарт монетон ээмэг, бөгжийг 30 хоногийн хугацаатай 866.500 төгрөгийн барьцаанд тавьсан ба нэг удаа сунгаад 2020 оны 12 дугаар сард ...үндсэн зээлийн мөнгө болон хүү нь нэмэгдээд 927.155 төгрөгийг төлж барьцааг чөлөөлж авсан. Одоо надад миний барьцаанд тавьсан эд зүйлс бүгд байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал)

4. Гэрч Н.М-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр монетон бөгж зээлийн барьцаанд тавиад зээл төлж, зээлийн барьцаанд тавьсан монетон бөгжөө авсан. Одоо барьцаанд тавьсан бөгж надад байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),

5. Гэрч Ж.Н-ийн: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ’’Э” барьцаалан зээлдүүлэх газарт монетон ээмэг 1 ширхгийг зээлийн барьцаанд тавиад зээл чөлөөлж, зээлийн барьцаанд тавьсан монетон ээмгээ буцааж авсан.. Одоо надад ломбардад тавьсан эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал),

6. Гэрч Д.Е-ийн: “...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ’’Э" барьцаалан зээлдүүлэх газарт алтан ээмэг 150.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл төлж барьцааг чөлөөлж, алтан ээмгээ авсан. Одоо надад байгаа. Миний алтан ээмгийг барьцаанд авсан ломбардын ажилтан эмэгтэй ... дугаараас залгаад “...Би ломбардын ажилтан байна. Манай дарга танаас “Алтан бөгжөө авсан уу?” гэж асуувал “Аваагүй, барьцаанд байгаа гээд хэлээд өгөөч” гэж хэлэхээр нь “Би хүнд худлаа хэлж чадахгүй” гэж хэлсэн. Тухайн өдөр над руу ломбардын эзэн гэх эмэгтэй утсаар ярихаар нь би зээл чөлөөлж авсан тухайгаа хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал),

7. Гэрч Х.Б-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хос монетон ээмэг, монетон гинж зэрэг зүйлсийг ’’Э” барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавиад зээлээ төлж, ...эд зүйлсээ зээл чөлөөлж авсан. Би зээлээ хугацаанд нь хааж зээлийн барьцаа авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),

8. Гэрч Н.Ж-ийн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4 ширхэг мөнгөн аяга зээлийн барьцаанд тавьсан. Би зээлийн төлбөрийг төлж зээлийн барьцаанд тавьсан 4 ширхэг аягаа буцааж авсан, өөр зүйл байргүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),

9. Гэрч Ц.Б-гийн: “...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 хос монетон ээмэг, монетон бөгжийг ’’Э” барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад үндсэн хугацаанд нь зээлийн төлөлт хийсэн. Зээлийн барьцаанд тавьсан 1 хос монетон ээмэг, монетон бөгж одоо надад байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

10. Гэрч С.Д-ын: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ’’Э” барьцаалан зээлдүүлэх газарт монетон бөгж 2 ширхгийг 321.900 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад үндсэн хугацаанд нь зээлээ төлж, зээлийн барьцаанд тавьсан 2 ширхэг монетон бөгжөө чөлөөлж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал),

11. Гэрч М.О-гийн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ’’Электрон” барьцаалан зээлдүүлэх газарт 55 инчийн ЛЖ фирмийн смарт зурагт зээлийн барьцаанд М.О гэх нэрээр 712.000 төгрөгийн зээлийн барьцаанд огт тавьж байгаагүй. Би амьдралдаа зурагт ломбардад тавьж үзээгүй. 2020 оны 12 дугаар сард ...миний 0000000 дугаар руу “Таны ломбардад тавьсан эд зүйлийн хугацаа дууслаа” гэх утгатай мессеж ирсний дагуу би өөрөө над руу мессеж явуулсан дугаар руу залгаад би ямар нэгэн эд зүйл зээлийн барьцаанд тавьж байгаагүй талаараа хэлсэн. ...Миний регистрийн дугаар, утасны дугаар, овог нэр зэргийг ашиглаж эд зүйлс барьцаанд тавьсан юм шиг байна, намайг М.О биш М.О гэдэг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал),

12. Гэрч Б.Б-гийн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ’’Э” барьцаалан зээлдүүлэх газарт Ай фоне-8 плас маркийн гар утсыг 585.0 төгрөгийн зээлийн барьцаанд огт тавьж байгаагүй. Би уг ломбардад өмнө 2020 оны 07 дугаар сард монетон бөгж зээлийн барьцаанд тавьж байсан. Тухайн үед монетон бөгж барьцаанд тавих үед миний хувийн мэдээллийг мэдэж аваад миний нэрийг ашиглаж гар утас зээлийн барьцаанд тавьсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал),

13. Гэрч А.О-гийн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ’’Э” барьцаалан зээлдүүлэх газар HP маркийн нөүтбүүк зээлийн барьцаанд 400.000 төгрөгөөр тавиад зээлээ төлж барьцаанд тавьсан нөүтбүүкээ чөлөөлж авсан.  ..Би 897.500 төгрөгийн зээл бол авч байгаагүй. Зээлийн хугацааны хувьд би нэг удаа сунгуулаад зээлийг үндсэн мөнгө болон хүүтэй нь төлж хаасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

14. “Э” барьцаат зээлийн гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 104-112 дахь тал)

15. “Дабль аксиом аудит” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/1104 дугаартай аудиторын тайлан:

“...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Э барьцаалан зээлдүүлэх газар нь нийт 154,514,8 мянган төгрөгийн зээлийг 1102 иргэнд олгосон байна. Дээрх хугацаанд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Л.М- нь зээлдэгч зээлээ бүрэн төлж,  зээлийн барьцаанд  тавьсан эд зүйлээ бүрэн буцаан авч, зээлийн  гэрээгээ гарын үсэг зурж хаасан байхад зээлийн программд  зээлийг хаалгүй,  зээлийг үлдэгдэлтэй мэтээр үлдээн, зээлийн төлбөр болох 2.300.300 төгрөг, эвдэрхий хуурамч эд зүйлийг барьцаа болгон зээл олгосон мэтээр зээлийн программд хуурамчаар шинээр зээлдэгч  үүсгэн 3.201.000 төгрөг, нийт 5.501.300 төгрөгийг хувьдаа завшсан байна.” (1 дэх хавтаст хэргийн 161-165 дахь тал),

16. Шинжээч Б.Б-ын: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн он сартай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Г гэсэн нэртэй мөрдөгчийн тогтоол “Б” ХХК буюу “Э” барьцаалан зээлдүүлэх газарт аудит хийлгэхээр ирсэн байсныг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын ажилтан О гэх эмэгтэйтэй уулзаж хуулийн дагуу байгууллагынх нь кассын баримт, дансны хуулга, хаагдсан зээлийн материал, байгууллагын гэрчилгээ, манайд гаргасан хүсэлт, тухайн байгууллагад ажиллаж байгаад мөнгө завшсан гэх Л.М- гэх эмэгтэйн зээлийн гэрээ, зээл гарсан хуудаснууд зэргийг үндэслэж, тухайн байгууллага дээр биечлэн очиж аудитын ажиллагаа явуулахад тухайн байгууллагад ажиллаж байсан Л.М- нь ажиллаж байх хугацаандаа хуурамч эд зүйл барьцаалсан баримт бүрдүүлсэн, зээлээ хаасан иргэдийг хаагаагүй гэх зэргээр хуурамч баримт бүрдүүлж мөнгийг нь хувьдаа завшсан нь шалгалтаар тогтоогдсон юм. Шалгалтын явцад Л.М- нь иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлсийг зээлээ хаасан байхад нь хаагаагүйгээр программд зээлийн үлдэгдлийг үлдээж, хааж төлсөн төлбөр болох 2.300.300 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Мөн эвдэрхий эд зүйлс болон эд зүйлс барьцаанд байхгүй байхад байгаа мэтээр бүртгэж нийт 3.201.000 төгрөгийг хувьдаа завшсан байсан нь шалгалтаар бүрэн тогтоогдсон. Нийтдээ иргэн Л.М нь “Б” ХХК буюу “Э” барьцаалан зээлдүүлэх газарт 5.501.300 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсоны үндсэн дээр аудитын дүгнэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал),

17. Шүүгдэгч Л.М-гийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Т төвд үйл ажиллагаа явуулдаг “Э” барьцаалан зээлдүүлэх газарт кассчинаар 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 2021 оны 02 cap хүртэл хугацаанд ажилласан ба уг ломбардад ажиллаж байхдаа иргэдийн эд зүйлсээ барьцаанд тавьж зээл чөлөөлж авсны дараа “Ү” программд хаалт хийхгүйгээр мөнгийг авч хэрэглэсэн. Мөн ломбардад зарим хүмүүсийн өөр хүний бичиг баримтаар авсан ба эдгээр зүйлсээс зарим зүйлсийг эвдэрсэн гэж надаас нэхэмжилсэн. Би уг ломбардад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...“Дабль аксиом аудит” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/1104 дугаартай аудитын дүгнэлтийг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэгт оршино.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Л.М- нь “Б” ХХК-ийн “Э” барьцаалан зээлдүүлэх газарт анкет бөглөн ажилд орж, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлээ авч, зээлээ чөлөөлсөн байхад зээлийн “Ү” гэх нэртэй программд зээлийг хаалгүйгээр, зээлийг үлдэгдэлтэй мэтээр үлдээж, зээлийн төлбөр болох 2,300,300 төгрөгийг өөртөө авч хувьдаа завшсан, мөн иргэдийн барьцаанд эд зүйлийн үнийн дүн дээр нэмж бичин өөртөө мөнгө илүү гаргаж авдаг, эсхүл өмнө эд зүйлээ барьцаанд тавьж, авч байсан хувийн мэдээллийг ашиглан эвдэрхий эд зүйлс болон барьцаанд байхгүй эд зүйлсийг байгаа мэтээр программд бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэн 3,201,000 төгрөгийн зээл гаргаж, өөртөө мөнгийг авсны улмаас нийт 5,501,300 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

“Б” ХХК нь Л.М-г анх ажилдаа авахдаа тушаал гаргаж зээлийн ажилтан, мэргэжилтнээр томилсон тушаал, шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт байхгүй, зөвхөн эд хариуцагч, нууцын гэрээг байгуулсан байх тул Л.М-г зээлийн ажилтан албан тушаалд томилогдон үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх боломжгүй, иймээс түүний үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу аливаа хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирч буй хохирол түүний улмаас үүсэж буй хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлж нийт хохирлын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Л.М-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Б” ХХК-нд 5,501,300 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлоос төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Л.М-гаас 5,501,300 төгрөг гаргуулж хохирогч “Б” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч Л.М-г байгууллагад ажиллаж байх хугацаанд зээлийн гэрээний дагуу олгосон цалингийн зээлийн үлдэгдэл 1,050,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт хамааралгүй, энэ гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар учирсан хохиролд тооцогдохгүй тул хэлэлцэлгүй орхиж, хохирогч нь зээлийн гэрээний маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч М.О “...шүүгдэгч нь хохирол төлөх талаар ямар ч санаа санаачилга гаргахгүй байгаа тул түүнд ялыг биечлэн эдлүүлж өгнө үү” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, харж хандах хүн байхгүй. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирлоо төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.М-г  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн түүний шунал, хүсэлтэй шууд холбоотойгоор үйлдэгдсэн, тэрбээр хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй, төлөх санаа санаачилга гаргаж байгаагүй байдал, нөгөө талаас түүний хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, бага насны 2 хүүхэдтэй/ зэргийг харгалзан шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэвч шүүгдэгч Л.М-гийн үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлдэгдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “...17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно”...гэсэнд нийцэж байх тул шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хаягаа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Тус хэрэгт аудитын дүгнэлт гаргуулахад 1,000,000 төгрөгийн зардал гарсан, уг зардлыг хохирогч Б ХХК нь төлсөн байх тул шүүгдэгч Л.М-г гэм буруутайд тооцсонтой холбогдуулан уг зардлын дүнг түүнээс гаргуулж, хохирогч Б ХХК-д олгохоор шийдвэрлэв. (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал)

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ” гэж, тус зүйлийн 1.1 дэх хэсэгт “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, шинжээчид төлсөн зардал нь хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитой тодорхойлохтой холбоотойгоор гарсан зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.М- бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хаягаа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гаас 5.501.300 (таван сая таван зуун нэг мянга, гурван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч “Б” ХХК (төлөөлөгч Л.О)-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,000,000 (нэг сая) төгрөгийг шүүгдэгч Л.М-гаас гаргуулж, “Б” ХХК (төлөөлөгч Л.О)-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ