Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/01868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.А

Хариуцагч: Ц.Ц

1399000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа

                                хариуцагч Ц.Ц

                                хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.А нь Ц.Цд Солонгос гаргаж өгнө гэхээр нь бэлэн 800000 төгрөг, дансаар 2800000 төгрөг харилцан ярилцан шилжүүлж өгсөн. Ц нь хуурамч бичиг баримт өгсөн бөгөөд тэр нь шаардлага хангахгүй гээд виз мэдүүлгийн газар хүлээн аваагүй. Ингээд Цд хэлэхэд дараа гаргаж өгнө, эсвэл мөнгийг чинь өгнө гээд одоог болтол өгөөгүй хохироож байна. Мөн бэлэн 800000 төгрөг тоолж өгсөн, түүнээс 500000 төгрөг төгрөгийг нь буцааж өгсөн. Үлдэгдэл 300000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ц.Ц нийгмийн даатгалын шимтгэл төлж мөн Солонгос улс руу явахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгнө гээд эхлээд 800000 төгрөг, дараа нь 2800000 төгрөгийг М.Аээс авсан. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 8 сарын хугацааны төлөлтийг төлж өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичиг баримтаа Солонгос улсын элчинд өгөхөд нийгмийн даатгалын шимтгэл 2 сар дутуу төлөгдсөн байна гээд бичиг баримтыг буцаасан. Солонгос явахад бүх бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн болохоор л бид Ц.Цд хандсан. Түүнээс ганц нийгмийн даатгал төлж өгнө гэсэн бол Ц.Цд хандахгүй байх байсан. Солонгос улсын элчингээс 2 сарын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байна гээд материалыг буцаасан. Иймд Ц.Цд өгсөн мөнгөнөөс 500000 төгрөгийг буцааж авсан, 1701000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн гээд хасаад 1399000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд М.А Солонгос улсад байдаг дүүгээрээ дамжуулж, Ц.Цтэй холбогдож, Ц.Ц М.Аэд Солонгос улсын визэнд оруулж өгнө гэсэн хүсэлт тавьсан байдаг. Уг хүсэлтийг М.А хүлээн зөвшөөрч, баримтуудаа бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал дээр төлөх нөхцөл нь бүрдээгүй учраас Ц.Цг төлж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу М.Аийн нийгмийн даатгалын шимтгэлийг Ц.Ц 2016 оны 8 дугаар сар хүртэл 1701000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд байгаа учраас бид төлсөнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нийтдээ 3600000 төгрөгийг Ц.Ц М.Аээс авсан. Үүнээс 1701000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлснийг хасч тооцоод үлдэгдэл мөнгийг буцаан нэхэмжилж байгаа. Нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, Солонгос улсын визэнд оруулж өгнө гэж хэлчихээд 10 сар хүртэл төлөх ёстой байсан нийгмийн даатгалыг шимтгэлийг дутуу төлсөн. Иймд нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн учраас Солонгос улсын элчингээс виз гаргах материал буцаагдсан. Тиймээс харилцан тохиролцсоны дагуу дээрх ажиллагааг хийж өгнө гэсэн боловч нийгмийн даатгалын төлөлтөөсөө болж материал нь буцсан учраас ажлын хөлсөнд өгсөн мөнгөө буцааж нэхэмжилж байгаа. Нэгэнт ажлаа гүйцэтгэж чадаагүй буруутай үйлдлийн учраас 1399000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч 700000 төгрөгийг торгуульд төлсөн гэдэг боловч төлсөн юм уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байдаг, торгууль төлсөн талаарх баримтаа гаргаж ирсэн бол бид маргахгүй. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1399000 төгрөг нэхэмжилж байгаа.

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Нгийн нөхөр Л.А нь 2016 оны 9 дүгээр сарын сүүлчээр “...Солонгос явах гээд материалаа бүрдүүлж байгаа. Тэгсэн огт нийгмийн даатгал төлж байгаагүй болохоор нийгмийн даатгал дээр гацаад байна. Сүүлийн жилээр нь нөхөж төлүүлмээр байна..." гэж солонгосоос дүү нь хандсан. Би нийгмийн даатгалыг нь нөхөж төлөх талаар таньдаг хүнтэйгээ уулзахад “...Нийгмийн даатгалыг жилээр нөхөн төлөхөд нийт жилийн цалингийн 21%-г Нийгмийн даатгалын санд, мөн жилийн цалингийн 10%-ийг торгуульд өгч тушаадаг. Хэрэв 700000 төгрөгийн цалинтай бол нийгмийн даатгалын санд 1764000 төгрөг, торгуульд 700000 төгрөг нийт 2500000 төгрөг тушаана гэж хэлсэн. Дээр нь ажлын хөлс гэж 300000 төгрөг авна. Харин солонгосын визны гаралтыг бол би мэдэхгүй чи өөрөө л материалаа бүрдүүлж өгнө гэдгийг хэлсэн. Үүнийг Л.А зөвшөөрч 2800000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2016 оны 10 дугаар 03-ны өдөр би бичилт хийсэн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолтын хамт Л.Аэд өгч 10 сарын 05-наас өмнө материалаа өгөөрэй тэгэхгүй бол дараа сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бичигдээгүй гэсэн шаардлага тавигдана гэдгийг хэлсэн. Миний зүгээс ийм л үйлчилгээг үзүүлсэн болохоос Солонгосын виз гаргаж өгнө гэж огт хэлээгүй. Л.А нь нэг жилийн бичилт хийсэн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолтоо явч явсанаас хойш хэд хоногийн дараа яриад БНСУ-ын элчинд материалаа өгч чадсангүй хоцорчихлоо, дараа сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тамгыг даруулж ир гэж байна, та зохицуулж өгөөч гэж 800000 төгрөг өгсөн. Тухайн үед миний таньдаг нийгмийн даатгалын хүн гадагшаа явсан байсан тул сүүлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт бүтээгүй учраас энэ мөнгөний 500000 төгрөгийг эхнэр Нгийн данс руу шилжүүлсэн. Харин одоо 300000 төгрөг дутуу байгаа үүнийг би хэзээ ч өгөхөд бэлэн байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч огт үндэслэлгүйгээр гүтгэж бичсэн байгааг нь огт ойлгохгүй байна, хэрэв би Солонгосын виз гаргаж өгнө гэсэн бол бүх бичиг баримтыг нь авах байсан надад ямар нэг баримт бичиг өгөөгүй атлаа одоо болохоор виз гаргаж өгнө гэж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Л.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх М.Аийн дүү над руу холбогдож, манай ах Солонгос улсын визэнд орох гэсэн юм нийгмийн даатгалын шимтгэлийн төлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүнээс М.Аийг Солонгос улсын визэнд оруулж өгөх талаар М.Атэй болон дүүтэй нь хэлэлцэж, тохироогүй. М.А манай ажил дээр ирж уулзахад нь би нийгмийн даатгалын шимтгэлийг чинь 1 жилээр торгууль төлөөд нөхөн төлж өгч болно гэж тайлбарлаад явуулсан. 2 хоногийн дараа М.А нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлнэ гээд ирсэн. Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М.Атэй уулзаад бүх материал дэвтрийг өгөөд, хугацаа нь давчуу  байгаа учраас чи яаралтай материалаа Солонгос улсын элчинд өгөөрэй гэсэн. М.А би өөрөө материалаа аваачиж өгнө гэж хэлсэн. Хэрвээ би Солонгос улс руу визийг нь гаргаж өгнө гэж ярьсан бол гадаад паспорт болон бусад бичиг баримтын өөрөө авах байсан. Гэтэл би зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр, ажлын газрын тодорхойлолт зэргийг л М.Аэд өгсөн. М.Аэд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө материалаа өгөх ёстой шүү гэсэн чинь за тэгнээ баярлалаа эгчээ гээд явсан. 3, 4 хоногийн дараа над руу дахиж утасдаад би ажлаас чөлөө авч чадахгүй байж байгаад Солонгос улсын элчинд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр очсон чинь 9 дүгээр сарынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тамгыг дараад ир гээд материалыг маань буцаачихлаа гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа М.А ажил дээр ирж уулзаад, хэрвээ болохгүй бол та дахиад миний нийгмийн даатгалын шимтгэлийг 3  эсвэл 6 сараар бөглүүлээд өгөөч гэсэн. Би компаниас асуухад ойрхон хугацаанд бөглөж болдоггүй юм. 6 эсвэл 8 сараар бөглөж өгч болно гээд 800000 төгрөг орчим болно гэж хэлсний дагуу надад 800000 төгрөг өгсөн. Би дахиж бөглүүлж өгч чадаагүй болохоор 500000 төгрөгийг буцааж өгсөн. Түүнээс Солонгос улсын визэнд оруулж өгнө гэсэн бол өөр баримтуудыг нь авах байсан. М.А миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд өгөөч гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь л нөхөн төлүүлж өгсөн. Тухайн үед би таньдаг компаниараа дамжуулан шимтгэлийг төлж өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өнгөрсөн байсан болохоор 9 дүгээр сарынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ир гэсэн байх. Би М.Аэд өөрт нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө материалаа аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Анх М.Аийг ирж уулзахад эхнэр нь ирээгүй. Би анх Атэй ярилцаж нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг нь хийхэээр болсон. Сүүлд 800000 төгрөг авахад эхнэртэй нь нэг л удаа уулзсан. Гэтэл эхнэр нь Солонгосын виз гаргуулахаар ярьсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Би ажлын газрын тодорхойлолт гаргаж өгнө. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө л гэж хэлсэн. Өөрөө хугацаанд материалаа өгөөгүйгээс виз нь гараагүй гэж ойлгож байна. Сүүлд өгсөн 800000 төгрөгөөр нөхөн төлөлтийг нь хийлгэж чадаагүй учраас 500000 төгрөгийг буцааж өгсөн, одоо 300000 төгрөг өгөхийг зөвшөөрнө.  

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан. Зуучлагч тал зуучлуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Тэгэхээр ажлын хөлсийг буцааж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн “Эрч Од” ХХК-ийн хувьд компанийхаа нэрийн өмнөөс хүний нийгмийн даатгалыг зүгээр торгууль төлөлгүйгээр бөглөж өгөхгүй. Компани өөрийн ашиг сонирхлын үүднээс торгуулийг төлсөн байх. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно ингэхдээ торгууль төлнө гээд хуулиндаа заасан. Бид 700000 төгрөгийг компани хүн амын орлогын албан татвартаа өгсөн үү, торгуульдаа өгсөн эсэхийг мэдэхгүй. Хариуцагчийн хувьд тухайн компанид торгуулийн 700000 төгрөгийг өгсөн. Хариуцагч М.Аээс мөнгө авахдаа бэлнээр авсан байдаг. Зуучлалын гэрээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч мөнгөө шилжүүлчихээд Солонгос улсын виз гараагүй гэдэг үндэслэлээр төлбөрөө буцаан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Солонгосын виз гаргаж өгнө гэж тохироогүй, зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн хийж өгөхөөр тохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч Л.А хариуцагч Ц.Цд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан үндэслэлээр 3100000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1701000 төгрөгөөр багасгаж 1399000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “БНСУ-ын виз гаргуулахаар 3600000 төгрөг өгсөн, Ц.Ц хуурамч бичиг баримт өгснөөс виз гараагүй” гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нийгмийн даатгалын шимтгэл төлж, мөн Солонгос улс руу явахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн, нийгмийн даатгалын шимтгэл 2 сар дутуу төлөгдсөн гээд материал буцаагдсан” гэж тайлбарласан ба харин хариуцагч “БНСУ-ын виз гаргаж өгөхөөр тохироогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ажлын газрын тодорхойлолт бүрдүүлж өгөхөөр тохирсон” гэж маргаж байна. Талуудын тайлбар болон хэрэг авагдсан баримтуудаас дүгнэвэл тэдний хооронд “БНСУ-ын виз гаргаж өгөх” тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд харин БНСУ-ын виз хүсэхэд шаардлагатай байгаа хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримтыг бүрдүүлж өгөх тохиролцоо хийгдсэн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Л.Аэд БНСУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалд шаардлагатай байгаа хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон ажлын газрын тодорхойлолт бүрдүүлж өгөхөөр тохирч 3600000 төгрөгийг хүлээн авчээ. Үүнээс 300000 төгрөгийг хөлс, үлдсэнийг нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт болон торгуульд төлөхөөр тохирсон байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ “2 сарын шимтгэл төлөгдөөгүйгээс виз гараагүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл гэрээний зүйлийн доголдолтой холбоотой байна. Иймд дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгаар хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээгээр гүйцэтгэх ажил нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байх боломжтой бөгөөд гэрээний зүйл нь түүний үр дүн байна. Харин гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ нь хуулиар хориглоогүй, хуулийн хүрээнд байх нь хуульд нийцнэ. Дээрх тохиролцооны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг “Элч од трейд” ХХК-д 2015 оны 9 дүгээр сараас борлуулалтын менежерийн ажил эрхэлж байгаа талаарх тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэр нээж 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр баталгаажуулсан баримтыг бүрдүүлэхдээ хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “...хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна”, мөн хэсгийн 4-т “энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан журмаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хамааралтай болно. Тодруулбал албан журмаар даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдлыг зохицуулсан хэм хэмжээ гэж үзнэ. Харин даатгуулагч биш этгээдийг даатгуулагч болгох /бусдад даатгуулагч мөн гэж харагдуулах/ зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болохыг зохицуулаагүй тул нэхэмжлэгч Л.Аийг “Элч од трейд” ХХК-д 2015 оны 9 дүгээр сараас ажиллаж эхлэснээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нь хууль зөрчсөн байна. Хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаарх хуулийн зохицуулалтыг буруугаар ашиглахаар тохирсон талуудын хэлцэл нь агуулгын хувьд хууль тогтоомжийг зөрчсөнөөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Ийнхүү талуудын хооронд хийгдсэн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчим үгүйсгэгдэж тэдний хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тул зохигчийн шаардах эрх хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдана. Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид шилжүүлсэн 3600000 төгрөгөөс 500000 төгрөгийг авснаар нэхэмжлэлийн үнийг 3100000 төгрөгөөр тодорхойлсоноос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1701000 төгрөг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн үндэслэлээр шаардлагаа багасгаж 1399000 төгрөг гаргуулахаар шаардсан болно. Агуулгаараа хуульд нийцээгүй, анхнаасаа хийгдээгүй гэрээний үр дагавар нь талууд бие биедээ шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг буцааж өгөхийг хариуцагч зөвшөөрч байгаа ба 700000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хугацаа хэтрүүлсэн торгуульд төлсөн болохоо нотлоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1399000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1399000 төгрөгт ногдох 37334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ц.Цгээс 1399000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мядаг овогт Лхагвасүрэнгийн Аэд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 37334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Аэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА