Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Дд холбогдох эрүүгийн 1725004500012 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол улсын иргэн

 Шүүгдэгч У.Дг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийх үедээ өмнө нь үйлчлүүлсэн иргэн Б.Оын төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас түр саатан гарч ирсэн 450,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: У.Д нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийх үедээ өмнө нь үйлчлүүлсэн иргэн Б.Оыг явсаны дараа машинаас гарч ирсэн 450,000 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан : -Голомт банкны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/ -Хохирогч Б.Оын .... “ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын цалин орсон юм. тэгээд Согоот багийн Пирамид төвийн хажууд байрлах Голомт банкны АТМ-ээс мөнгө авах гэж очоод авах мөнгөнийнхөө дүнг хийгээд хүлээгээд байсан чинь мөнгө гарч ирэхгүй мөртлөө мөнгө тоолоод байгаа юм шиг дуугарч байгаад больчихсон юм. Тэгж дуугарч байснаа миний виза карт гараад ирсэн. Миний урд зогсож байсан залуугийн мөнгө бас гарч ирэхгүй дуугарч байснаа больчихсон юм. Тэгэхээр нь би бас тийм л юм болчихлоо гэж бодоод виза картаа авчихаад ард зогсож байсан залуудаа мөнгө гарахгүй байна гэж хэлэхэд тэр залуу мөнгө авахгүй гүйлгээ хийнэ гэж хэлж байсан. Тэгээд Баян худалдааны төвийн АТМ ороод мөнгө шалгатал 450 000 төгрөг байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/ -Голомт банкнаас харилцагчийн мэдээлэл гаргуулан авах тухай тогтоол болон хохирогч Б.Оын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 16, 18-21-р хуудас/ -Хохирогч Б.От хохирол 450 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 34-р хуудас/ -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн : О нь миний өмнө зогсож байгаад мөнгө гарч ирэхгүй байна гээд явсан. Би гүйлгээ хийх гэтэл мөнгө гараад ирэхээр нь авчихсан юм. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг төлсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч У.Дгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээг...бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна. У.Дгийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан,санаатай,бусдад хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доошхи хэмжээг ойлгоно” гэж заасан ба мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Дгийн үйлдлийн улмаас учирсан 450 000 төгрөгний хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдох тул Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээг...бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд У.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлөгдсөн талаархи хохирогчийн тайлбар/ хх 34-р хуудаст/ зэргийг үндэслэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв. Хохирогч Б.О шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий хуурцагыг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсан болно.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овгийн Уийн Дг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас олдсон мөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ