| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/01433/И |
| Дугаар | 102/ШШ2018/01929 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2018/01929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: МОХНН-УБТЗ
Хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэгдэл амралт 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б
хариуцагчийн төлөөлөгч Ц.Н, Д.Э
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие Хөдөлмөрийн хугацаагүй гэрээний дагуу УБТЗ-ын төв эмнэлэгт 1993 оноос хойш шүдний их эмчээр ажиллаж байна. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Монгол Улсын "Эрүүл мэндийн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7. дахь хэсэгт "Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно"гэж заасан байх ба энэ заалт өнөөдрийг хүртэл УБТЗ-ын Төв эмнэлэг дээр хэрэгжээгүй, хууль зөрчигдөж ирсэн байна. Энэхүү асуудлыг тодруулах зорилгоор 2013 онд амаар, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр УБТЗ-ын төв эмнэлгийн хүний нөөцийн менежерт бичгээр хүсэлт гаргахад тэрбээр бичгээр хариу өгөхгүйгээр "хамтын гэрээнд энэ талаар заагаагүй тул нэмэлт 4 өдрийн амралтыг олгохгүй" гэсэн хариу амаар өгсөн юм. Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин хүсэлт гарган ҮЭ-ийн хорооны даргаар цохолт хийлгэн өгөхөд бичгээр хариу өгөхгүйгээр "Чамд ганцааранд чинь олгож чадахгүй. Хэрэв олгох болвол бүх ажилчдад бас олгох хэрэг гарна. Би бие дааж шийдвэр гаргахгүй гэсэн. 2017 оны 12-р сарын 25-нд Улаанбаатар Төмөр Замын хууль зүйн албанаас хариу ирснийг надад хуулбарлан гардуулж өгсөн. Энэ хариуг үндэслэн УБТЗ-ын Төв Эмнэлгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 26-нд гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх, ажилтан миний өгсөн өргөдлийн хариуг өгөхийг шаардахад Улаанбаатар төв эмнэлгийн дарга С.Еркегүл нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 39/34 дугаартай албан бичиг ҮЭ-нд өгсөн байгаа тэр хариутай ижил хариу чамд өгнө гэсэн. Үүнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг, Монголын төмөр замчдын ҮЭХолбооны 2016-2017 оны хамтын гэрээний 4 зүйлийн 4.7 дахь заалтыг дурдсанаас гадна Эрүүл мэндийн тухай хуульд заасан нэмэгдэл амралтыг олгох зохицуулалтыг Хамтын гэрээнд тусгасан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой гэжээ. УБТЗ-ын Төв эмнэлгийн Хамтын гэрээнд дээрх нэмэгдэл амралтын тухай тусгаагүй нь хууль хэрэгжихгүй байх үндэслэл биш бөгөөд Хамтын гэрээнд тусгасан тусгаагүй Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг иргэн, аж ахуйн нэгж, аливаа этгээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Миний бие 2011 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 7 хоног нийт 22 хоног, 2012 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 7 хоног нийт 22 хоног, 2013 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 7 хоног нийт 22 хоног, 2015 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 9 хоног нийт 24 хоног, 2016 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 9 хоног нийт 24 хоног, 2017 онд үндсэн 15 хоног дээр нэмэлт 9 хоног нийт 24 хоног амарсан байна. Өөрөөр хэлбэл 2011.05.05-ны өдөр гарсан Эрүүл мэндийн тухай хууль гарснаас хойш энэ хуулийн 29.7 дах хэсэгт заасан нэмэгдэл амралтыг огт эдлээгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.7 дах хэсгийг УБТЗ-ын Төв эмнэлэг дээр хэрэгжүүлэхийг УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Ед даалгаж, Д.О миний эдлээгүй нэмэгдэл амралтын хоног болох 22 хоногийн нөхөн олговрыг олгохыг даалгана уу.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хөдөлмөрийн хугацаагүй гэрээний дагуу УБТЗТЭт 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс шүдний эмчээр ажиллаж эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн тухай хуулийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт гэдэг заалтыг зөрчиж, удирдах газраас гаргасан шийдвэрийн дагуу гэж манай эмнэлгийн дарга миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээ хийж өрөөндөө тоног төхөөрөмжөө ашиглаж ажилла гэснээр би шүдний кабинетдаа ажиллаж байсан. Ингээд буцаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗТЭтээ шүдний эмчээр одоог хүртэл ажиллаж байна. 2013 онд миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байх үед хүний нөөцийн менежер н.Б дээр н.Д эмчтэй хамт орж уулзаад та нар хууль зөрчиж хүн ажлаас нь халж байна, үнэхээр тэтгэвэртээ гар гэж байгаа бол нэмэгдэл амралтыг бидэнд олгооч гэж хүсэлт тавьж, хуулиа барьж ороход манай эмнэлэг компанийн эмнэлэг учраас энэ хууль манай эмнэлэгт хэрэгждэггүй гэсэн. Би тухайн албан тушаал дээр байгаа хүн бүх хууль дүрмийн дагуу бид нарын эрх ашгийг хамгаалдаг гэдэг үүднээс н.Б менежерийн үгэнд итгээд нэгэнт халагдаж байгаа юм чинь хэл ам хийж яах юм гээд тухайн үед нэмэгдэл амралтын талаар гомдол гаргаж байгаагүй. Компанийн эмнэлэг учраас Эрүүл мэндийн хууль манайд үйлчлэхгүй гэдэг үгэнд нь итгэж явах хугацаандаа Үйлдвэрчний хороотой хамтын гэрээ хэлэлцэхэд би саналуудаа бичиж өгч байсан. Ингээд ч энэ хуулийн заалт хамтын гэрээнд ордоггүй. Мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би хуульд заасан амралт бүх эмнэлэгт үйлчилдэг юм байна гээд хүний нөөцийн менежерт 2017 ондоо багтааж 4 өдрийнхөө амралтыг авъя гэж байсан. Гэтэл манай эмнэлэгт нэмэгдэл амралт эдлэхгүй гэж хэлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үйлдвэрчний хорооны даргаараа цохолт хийлгэн дахин бичиг өгсөн. Ингээд эргээд бичгээр хариу өгөхдөө ганцхан чамд амралтыг олгож чадахгүй, хэрвээ олгох болвол бүх ажилчдад олгох хэрэгтэй болно. Хөрөнгө санхүүгийн асуудал гарч ирж байгаа учраас би энэ асуудлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Иймд асууж байгаад хариу өгье гэсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замын хууль зүйн албанаас хариу ирснийг надад хуулбарлаж гардуулж өгсөн. Энэ хариуг үндэслэж Төмөр замын төв эмнэлгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх асуудлыг тодруулахаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Хариу шаардсан боловч хөдөлмөрийн маргаан таслах комиссийн хурал болоогүй байгаа гэсэн хариу өгсөн. Ингээд хариу өгөхгүй болохоор нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч харъяалал биш гэсэн. Би 1993 оноос 2018 он хүртэл нэг ч өдөр ажил таслаагүй ажиллаж байна. Иймд 2011-2017 онд олгогдох байсан нэмэгдэл амралтын 22 хоногийн олговрыг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Манай байгууллага нэмэгдэл амралт олгох хуулийн заалтыг хамтын гэрээнд ороогүй учраас хэрэгжүүлэхгүй гэж байгаа, хөдөлмөрийн маргаан таслах комисс хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа учраас Эрүүл мэндийн хуульд заасан заалтыг хэрэгжүүлэхийг УБТЗТЭт даалгаж шийдвэр гаргаж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь УБТЗТЭт 1993 оноос эхлэн шүдний эмчээр ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5-д заасны дагуу түүнд үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгодог. Тухайн ажилтанд олгосон ээлжийн үндсэн амралт болон нэмэгдэл амралтыг тооцоолж үзэхэд: 2011 оноос 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл жилд тус бүр 22 хоног, 2015-2017 онд тус бүр 24 хоног амарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ээлжийн амралтын олговорт 2011 онд 688 707 төгрөг, 2012 онд 880 644 төгрөг, 2013 онд 1 040 069 төгрөг, 2015 онд 1 171 433 төгрөг, 2016 онд 1 331 851 төгрөг, 2017 онд 1 462 382 төгрөг тус тус олгогджээ. Д.О нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн шүдний кабинетийг түрээслэн ажиллуулж байсан тул ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухайн хугацаанд цуцалснаар тэрээр “Эх баян өнт” ХХК-ийн захирал, менежментийн багийн ахлагчаар ажиллахдаа 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс авсан. Тус эмнэлгийн ажилтан нь Монгол-Оросын ХНН ”УБТЗ”-ын даргын баталсан орон тооны дагуу байгууллагын төсөвт тусгагдсан цалин хөлс болон мөн тус даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай” А-411 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллага, салбар нэгжийн ажилтан нарт сарын ажпын үр дүнгээр олгох шагналын хувь хэмжээ”-ний дагуу сар бүр 35 хувийн шагнал, түүнчлэн мөн даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А-14 тоот тушаалаар батлагдсан Төмөр замын ажилтнуудад жилийн ажпын үр дүнгээр олгох шагналын дүрэм /7дугаар зүйл/-д зааснаар ажилтны тарифт цалингийн хэмжээнээс багагүй 100-200 хувь шагнал, “УБТЗ-ын төв эмнэлгийн захиргаа, ҮЭ-ийн Хорооны 2016-2017 оны Хамтын гэрээгээр шүдний эмч нарт сар бүр 4000 төгрөгийн нэмэгдэл болон “УБТЗ” ХНН, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн Холбооны Хамтын гэрээний дагуу жил бур хөдөлмөрийн хөлсний 10-20 хувийн нэмэгдлийг тус тус олгодог. Гэтэл манай төв эмнэлэг нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн статустай бөгөөд үүнтэй адил Төрийн албан хаагчид болох Дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч нарын сарын цалинг Засгийн Газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 6-д зааснаар үндсэн цалин 644 929 төгрөг байдаг бол манай их эмч нар 866 250 төгрөг үүн дээр дээр дурдсан нэмэгдэл, шагналт цалинг оруулан тооцоход сар бүр нийт 1300000-1400000 төгрөгийн цалин хөлс авдаг бөгөөд ийнхүү дээрхитэй харьцуулахад Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн эмч нарын цалин 2 дахин өндөр байдаг. Д.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан гомдолыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. 1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо: “... 2011 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасан нэмэгдэл амралт олгох тухай хуулийн заалт хэрэгжээгүй, хууль зөрчигдөж ирсэн. Уг асуудлыг тодруулахаар 2013 онд амаар, 2017 оны 12 дугаар сарын 08, 21-ний өдрүүдэд тус нийгэмлэгийн Хүний нөөцийн менежерт хүсэлт гаргахад ..нэмэгдэл амралт олгохгүй, бие дааж шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн” гэжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгох”-оор зохицуулжээ. Н.О нь уг хуулийг хэрэгжүүлэхээр 2013 онд эмнэлгийн захиргаанд амаар хүсэлт гаргаж байсан гэдгээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Тухайн үед ажиллаж байсан тус эмнэлгийн хүний нөөцийн менежерээс Н.О нь дээрх нөхцөл байдлын талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй гэж мэдэгдэж байна. Харин тэрээр зөвхөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу нэмэгдэл амралт олгохыг хүссэн хүсэлтээ өөрийн ажиллаж байгаа газрын Хүний нөөцийн менежерт гаргахад нь Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбоонд хандах талаар зөвлөгөө өгсөн байдаг. Мөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажиллаж байгаа байгууллага болох “УБТЗ”-ын төв эмнэлгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст ханджээ. Улаанбаатар төмөр замын төв эмнэлгээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний тус албанаас мөн сарын 25-ны өдрийн 10/574 тоот бичгээр эрүүл мэндийн ажилтанд үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдал амралт олгох тухай асуудлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх”-ийг зөвлөжээ. Улаанбаатар төмөр замын төв эмнэлгээс 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 39/34 тоот албан бичгээр тус эмнэлгийн ҮЭ-ийн хороонд “Эрүүл мэндийн тухай хуулинд заасан ээлжийн үндсэн амралт, нэмэгдэл амралт дээр нэмж нэмэгдэл амралт олгох тухай асуудлыг 2018-2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд тусгасан тохиолдолд хэрэгжих боломжтой” тухай мэдэгдсэн байна. 2. Гомдол гаргагч “ ..2011 оноос 2017 онд миний эдлээгүй нэмэгдэл амралт болох 22 хоногийн олговор олгохыг даалгах” гэжээ. Дээр дурдсанаас үзэхэд Д.О нь 2011 оноос хойш эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол тухайн 2011 оноос хойш тасралтгүй хугацаанд Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан эсэх нь тодорхой бус байх бөгөөд мөн нотлогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдан мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр гомдол гаргагч нь эрхээ зөрчигдсөнийг 2011 онд мэдсэн, мэдэх боломжтой байжээ. Иймээс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх ба гомдол гаргах хугацаа дууссан байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэхээр /мөн хуулийн 128 дугаар зүйлд/ зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэх ёстой бөгөөд хэрвээ хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах гомдол гаргасан тохиолдолд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүх уг маргааныг хянан шийдвэрлэх журамтай болно. Ийнхүү Н.О-ийн шүүхэд гаргасан нэмэгдэл амралтын талаарх гомдол нь анх Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэсний дараа шүүхээр хянан шийдвэрлэгдэх хуулийн зохицуулалттай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчжээ. Иймд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой боловч тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Д. ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Д.О хариуцагч УБТЗТЭт холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэгдэл амралт 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг даалгах шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь УБТЗТЭт шүдний их эмчээр ажиллаж байгаа, эрүүл мэндийн байгууллага болон УБТЗТЭт 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилласан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. Мөн хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасан нэмэгдэл амралтыг олгох эсэхэд маргаагүй боловч уг амралтын хугацаанд ногдох олговрыг нөхөн авах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.О 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл УБТЗТЭт шүдний эмчээр ажиллаж байгаа, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хувийн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байсан, дээрх хугацаанд ногдох ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.4 дэх хэсэгт заасан хугацаагаар эдэлж байгаад зохигчид маргаагүй болно.
Эрүүл мэндийн тухай хуулиар иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн байгууллага, түүний ажилтны гүйцэтгэх үүргийг зохицуулсанаас гадна эрүүл мэндийн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон нийгмийн баталгаанаас нэмж баталгаа олгосон хууль юм. Иймд дээрх хууль бүхий л эрүүл мэндийн байгууллага, түүний ажилтанд адил тэгш үйлчлэх бөгөөд тухайн хуулийг аливаа иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллага, түүний ажилтан дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй. Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт “Эрүүл мэндийн ажилтанд ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж зааснаар олгох нэмэгдэл амралтыг нэхэмжлэгчид эдлүүлээгүйг хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү эрхээ сэргээлгэх арга замыг нэхэмжлэгч тодорхойлохдоо 2011-2017 онуудад олгогдох байсан нэмэгдэл амралт 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг ажил олгогчид даалгахыг шаарджээ. Дээрх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хугацаанд гаргана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэмэгдэл амралт олгоогүй болохыг мэдсэнээс хойш энэ талаарх гомдлоо шүүх болон хөдөлмөрийн маргаан таслах комисст 3 сарын дотор гаргана гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийг жил бүр ээлжийн амралтын хугацаагаа тооцуулж, ээлжийн амралт эдлэх үедээ Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсэгт заасан нэмэгдэл амралтыг олгоогүйг мэдсэн гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралтын хугацаанд ногдох олговор авах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Уг хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ нэхэмжлэгч “компанийн эмнэлэг учраас Эрүүл мэндийн хууль манайд үйлчлэхгүй гэсэн хүний нөөцийн менежерийн үгэнд нь итгэж явсан” гэж тайлбарлаж байна. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна түүнээс гарах үр дагаврыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2011-2017 оны нэмэгдэл амралт 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын үндэслэлээ нэмэгдэл амралт олгох асуудлыг Улаанбаатар төмөр зам хамтын гэрээндээ оруулаагүй, хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдэж өгөхгүй байгаа тул Эрүүлийн мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгах шүүхийн шийдвэр гаргуулахыг хүссэн гэжээ. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтыг ирээдүйд /цаашид/ хэрэгжүүлж байхыг даалгахыг шаардсан гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхэм зорилготой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж зааснаас үзвэл шүүх аливаа этгээдүүдийн хооронд үүссэн маргаантай харилцааг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Иймд хариуцагч УБТЗТЭ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь заалтыг цаашид хэрэгжүүлэхгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэн шийдвэр гаргах үндэслэлгүй болно. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Харин хууль зөрчсөн гэж үзвэл тухай бүрт нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл, гомдол гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд нэг шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч МОХНН-УБТЗд холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэгдэл амралтын 22 өдрийн олговрыг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА