| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0040/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/48 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч Ц.Э
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бөд холбогдох эрүүгийн 1825000000013 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч М.Бийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Согоот багийн нутагт Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутагт 20-р байрны орчим Ц.Э найз нартайгаа маргалдаж байхад нь тэнд явж байсан М.Б очиж Ц.Эыг мөргөж биед нь 11 шүдний мултрал, буйлны үрэвсэл, дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -Хохирогч Ц.Эын .... “2017 оны 12 сарын 25-ны орой 19 цаг 10 минутын үед 14-р сургууль дээр сагсан бөмбөгийн бэлтгэлд явах гээд найз Батбаяр, Оргил хоёртой хамт явж байгаад бид гурав хоорондоо маргалдаад явж байсан чинь үл таних гурван залуу ирээд нэг нь намайг шууд цохиод авсан. Намайг мөргөсөн тэр мөргөлтөөс болоод одоо миний шүд унах гэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/ -Насанд хүрээгүй гэрч З.Батбаярын......”2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Оргилтамир, Э бид 3 явж байгаад мөнгөнөөс болж маргалдаад Оргилтамир Эыг заамдаад авсан чинь Э чи намайг яах гээд байгаа юм бэ зодох гээд байгаа юм уу гээд заамдсан гарыг нь тавиулах гээд тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь 6-20-р байрны өнцөг дээр хэдэн банди нар зогсоод бид нарыг хараад орилолдоод инээлдээд байсан. Тэгсэнээ байж бай зодолдохыг нь харъя гээд байсан. Тэгж байгаад 2 залуу ирээд Эыг нэг нь цохих гээд гар нь хүрээгүй, тэгсэн чинь нэг залуу Эыг барьж аваад мөргөөд Э тонгойгоод суусан. Э тонгойгоод сууж байхдаа шүд хугарчихлаа цагдаа дуудаарай гэсэн чинь хамт ирсэн жижиг залуу нь тэгвэл чамайг одоо ална, энд чинь гүйцээгээд хаяна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаартай: “Ц.Эын биед 11 шүдний мултрал, буйлны үрэвсэл дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д засны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайханы болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл “ гэх дүгнэлт /хх-ийн 09-р хуудас/ -Хохирогч Ц.Эын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 22-25-р хуудас/ -Хохирогчид эмчилгээний зардал болох 57750 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 26-р хуудас/ -Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн : Цохисон нь миний буруу. Энэ хүнд учруулсан гэмтлийн тухайд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг, - Хохирогч Ц.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Бид 3-ыг маргалдаж байхад эд нар ирсэн. Согтуу байсан. Бид нар зүгээр байна, яв гэсэн чинь Б нь намайг шууд цохиж мөргөсөн. Шүд тагнайд наалдсан байсан. Сувгийн эмчилгээ хийлгэж чиглүүлэгч хийсэн байгаа. Сарын дараа дахин үзлэгт орно. Б нь 57700 төгрөг төлсөн байгаа гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч М.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл хийж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. М.Бийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Эын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 17-21-р хуудас/ зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирно гэж үзэв. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтуудыг гаргаагүй, тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно. Харин хохирогч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг заалаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Мын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо гаргуулах эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ