Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 70

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн даргаар А.Золзаяа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Б.******* шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.*******т холбогдох 201621000149 дугаартай, 153/2015/0074/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, 1978 оны 07 дугаар сарын 15-нд төрсөн,ард халх, 38 настай, эрэгтэй, ПН:******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 01-38/А тоотод оршин суух,  урд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн  төв захын техникийн зах дотор 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар нь дугуйн дорцовоор цохиж,бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ж.*******  мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ өнжөөд эхнэр хүүхэд 2 зах дээр байсан болохоор контейнерээ хаалгахаар зах явсан.Замдаа 1 лааз пиво, 0.5 литрийн Ерөөл архи нэгийг уусан. Контейнер дээрээ ирэхэд манай эхнэр хүүхэд хоёр явчихсан байсан.Би нэлээд архи уусан байсан болохоор юу болсныг санахгүй байсан. Дараа нь Б.*******тэй уулзаад уучлалт гуйгаад юу болсон тухай асуухад, Б.*******ийг “хулгайч” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаж улмаар би Б.*******ийн толгой руу дорцовоор цохисон гэсэн. Б.******* бид хоёрын хооронд өш хонзон байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ./хх-37-38-р хуудас/

Хохирогч  Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би зах дээр фокер тоглоод 10 000 төгрөг хожсон. Тэгээд 80 айлын дэлгүүр ороод архи авч уучихаад, зах руу гараад Монхоо гэдэг дүү дээрээ очиход 1 ширхэг дорцов барьчихаад 3 000 төгрөгөөр зармаар байна, ганц юм авч ууя гэж хэлсэн. Сэлбэгийн зах ороод захад нь зогсдог С.******* эгч дээр очоод “дорцов авах уу” гэж асуухад “2 000 төгрөгөөр авъя гээд мөнгөө түрийвчнээсээ гаргаж ядаад зогсож байхад” Ж.******* ирээд намайг “онгорхой бандиа” гэхээр нь “намайг банди явсныг хаана харсан юм” гэж хэлээд маргалдахад дорцовоороо миний толгой руу цохиод, шанааны яс хугараад 9 оёдол тавиулсан. Намайг ухаан алдаад уначихсан байхад Ж.******* хаяад зугтаачихсан байсан бөгөөд хажуу талын хүн 103 дуудсан байсан. Би эгчийнхээ буянаар эмнэлэгт хэвтсэн. Ж.******* над дээр 2-3 удаа ирж уулзаад явсан гэв.

Гэрч С.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...  2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зах дээр байж байхад Б.******* ирээд 4 талтай дорцов үзүүлээд худалдаж авах уу гэсэн. Би авахгүй гээд контейнер луугаа явсан. Тэгтэл Ж.******* ирээд Б.******* тэр хоёр маргалдаад байсан. Би тэр хоёрыг “та хоёр хол очиж маргалд” гэж хэлээд контейнертээ орж бараагаа янзалчихаад гараад иртэл Б.*******ийн толгойноос цус гарчихсан зогсож байсан.Би араас нь очоод Ж.*******ыг “чи яаж байгаа юм, хүн аллаа ш дээ, толгойг нь хагалчихсан байна” гэсэн.Ж.******* надад утас байхгүй гэхээр нь би замаар явж байсан танихгүй хүний утсаар эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удалгүй дуудлага ирээд Б.*******ийг эмнэлэг рүү аваад явсан.Тэр хоёр хоёулаа халамцуу байсан  гэжээ. /хх 26-27 -р хуудас/

Гэрч  Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед манай ээж над руу яриад Б.******* хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна, 103-с ярилаа, солих хувцас хэрэгтэй байна гэж над руу утсаар хэлсэн. Орой болчихсон байсан учир би хүүхдүүдээ харж үлдээд манай нөхөр ******* эмнэлэг рүү явсан ...    гэжээ. /хх 29-р хуудас/

Гэрч Н.  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зах дээр зогсож байтал Б.******* 4 талтай дорцов барьчихсан авах уу гэхээр нь авахгүй гэсэн чинь С.******* эгчийн хажууд очоод энийг авах уу гээд зогсож байсан.Тэгтэл Ж.******* хажуунаас нь “ чи юм зарах гээд С.******* эгчийг дээрэлхээд байгаа юм уу” гээд дорцовыг нь булааж аваад Б.*******ийн толгой руу 3 удаа цохисон.Тэгтэл С.******* эгч Ж.*******ыг уурлаад “чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь Ж.******* зугтаагаад явсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Б.*******ийг аваад явсан.Тухайн үед Б.*******, Ж.******* хоёр хоёулаа архи уучихсан байсан.Тухайн зодооныг С.******* эгч бид хоёр  харсан гэжээ.  /хх 30-31-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шиг байна. Өдрийг нь сайн санахгүй байна.Би зах дээр архи уугаад явж байгаад 4 талтай дорцов олж аваад Б.*******тэй таараад  энэ дорцовыг зараад ир гээд өгөөд явуулсан. Гэтэл Б.******* зарах гээд явсан боловч эргэж ирээгүй, сүүлд сонсоход хүнд зодуулсан гэж хэлсэн  гэжээ. /хх 32-р хуудас/

Гэрч С. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүнд зодуулсан гэх Б.******* 07 дугаар сарын 05-ны өдөр надад үзүүлсэн. Б.*******ийн биед үзлэг хийхэд нүүр толгойдоо хөх няцралтай, оёдол тавиулсан байсан. Толгойны рентгэн, томографийн зургийг нь авхуулж үзэхэд зүүн талын шанаа яс 2 хугарсан, тархины эд няцралтай байсан.Толгойны оройн хэсгээр зүсэгдсэн шархтай цус хурсан байсан болохоор тархины няцрал дунд зэрэг, шанаа ясны хугарал гэдэг оношоор эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн.Дээрхи оношоор тархины хаван буулгах, үрэвсэл дарах, цус тогтоох, тархины няцарсан эдийг сэргээх зэрэг эмчилгээ хийлгээд биеийн байдал сайжраад эмнэлгээс гарсан   гэжээ./хх-74-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хх-4-7-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Иргэн Б.*******ийн биед гэмтэл учирсан байна.

2.Б.*******ийн биед зүүн талын хацар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд  цус хуралт, зүүн шанаа хэсэгт  5х0.6 см тах хэлбэрийн шарх, дагзны дээд талд 5.5х0.7 см, 3.5х0.5 см тав тогтсон шарх, зүүн чихний урд хэсэгт  6х2 см цус хуралт, цээжний дунд дээд хэсэгт 7х6 см-ийн  цус хуралт, зүүн гарын бугуйн дотор хэсэгт 5х4 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой.

4.Б.*******ийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./ хх-13-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-43-р хуудас/

Таньж олох ажиллагааны тэмдэглэл,гэрэл зураг /хх-72-73-р хуудас/

Өвчний түүх /хх -75-82-р хуудас /  зэрэг болно.

Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар дугуйн дорцовоор цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.*******ийн:  ...Ж.******* ирээд намайг “онгорхой бандиа” гэхээр нь “намайг банди явсныг хаана харсан юм” гэж хэлээд маргалдахад дорцовоороо миний толгой руу цохиод, шанааны яс хугараад 9 оёдол тавиулсан. Намайг ухаан алдаад уначихсан байхад Ж.******* хаяад зугтаачихсан байсан ... гэх мэдүүлэг, гэрч С.*******гийн “... 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зах дээр байж байхад Б.******* ирээд 4 талтай дорцов үзүүлээд худалдаж авах уу гэсэн. Би авахгүй гээд контейнер луугаа явсан. Тэгтэл Ж.******* ирээд Б.******* тэр хоёр маргалдаад байсан. Би тэр хоёрыг та хоёр хол очиж маргалд гэж хэлээд контейнертээ орж бараагаа янзалчихаад гараад иртэл Б.*******ийн толгойноос цус гарчихсан зогсож байсан.Би араас нь очоод Ж.*******ыг “чи яаж байгаа юм, хүн аллаа ш дээ, толгойг нь хагалчихсан байна” гэсэн.Ж.******* надад утас байхгүй гэхээр нь би замаар явж байсан танихгүй хүний утсаар эмнэлэг рүү дуудлага өгсөн. Удалгүй дуудлага ирээд Б.*******ийг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.ийн ”... 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зах дээр зогсож байтал Б.******* 4 талтай дорцов барьчихсан авах уу гэхээр нь авахгүй гэсэн чинь С.******* эгчийн хажууд очоод энийг авах уу гээд зогсож байсан Тэгтэл Ж.******* хажуунаас нь “ чи юм зарах гээд С.******* эгчийг дээрэлхээд байгаа юм уу” гээд дорцовыг нь булааж аваад Б.*******ийн толгой руу 3 удаа цохисон. Тэгтэл С.******* эгч Ж.*******ыг уурлаад “чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь Ж.******* зугтаагаад явсан гэх...” мэдүүлэг, гэрч  Б.гийн “... 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шиг байна. Өдрийг нь сайн санахгүй байна.Би зах дээр архи ууж явж байгаад 4 талтай дорцов олж аваад Б.*******тэй таараад  энэ дорцовыг зараад ир гээд өгөөд явуулсан. Гэтэл Б.******* зарах гээд явсан боловч эргэж ирээгүй сүүлд сонсоход хүнд зодуулсан гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг, гэрч С.гийн:.. Б.******* 07 дугаар сарын 05-ны өдөр надад үзүүлсэн. Б.*******ийн биед үзлэг хийхэд нүүр толгойдоо хөх няцралтай, оёдол тавиулсан байсан. Толгойны рентгэн, томографийн зургийг нь авхуулж үзэхэд зүүн талын шанаа яс 2 хугарсан, тархины эд няцралтай байсан.Толгойны оройн хэсгээр зүсэгдсэн шархтай цус хурсан байсан болохоор тархины няцрал дунд зэрэг, шанаа ясны хугарал гэдэг оношоор эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн гэх мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 295 тоот дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Иймд шүүгдэгч Ж.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Хохирогч Б.*******эд хохиролд 500000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх  тул шүүгдэгчийг хохирогчид учирсан эмчилгээний бодит зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх- 48-р  хуудас/, тогтоогдож байх ба хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т        зааснаар шүүгдэгч нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн тул түүний Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 01-38 В тоотын гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 , 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2,  295 , 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4,  298, 299дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ы *******ыг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг   02 / хоёр/ 02/ хоёр/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******т  оногдуулсан 02 / хоёр/ 02/ хоёр/ сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.Чулуунхүүд 500.000 төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан  02 / хоёр/ 02/ хоёр/ сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 / хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Жаргалант сумын Бичигт багийн 01-38 В тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг  битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх  тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7.Хохирогч Б.Чулуунхүү нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ГАНТӨГС