| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Чийн Бт холбогдох 2012004170012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт З аймгийн Т сумын Х багийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Чийн Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Б багийн нутаг .. гэх газар өөрийн эзэмшлийн 79-55 ЗАН улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан, зорчигч Д.Пгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012004170012 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх ажлаар нөхөр Б, түүний төрсөн дүү Б, төрсөн ах Н, түүний эхнэр Бнарын хамт явсан бөгөөд замдаа Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт явж байтал машин гэнэт замаас гараад замын хашлага, шон мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдэхэд Б намайг машинаас гаргасан. Би буугаад харахад замын хажуу далан руу машин унасан байсан. Б замын машинд суугаад эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Ямар нэгэн саад гарч ирсэн зүйл байхгүй, зам чөлөөтэй, хуурай, шулуун, жаахан өгсүүр зам байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний бодлоор 60 км/цагийн хурдтай явсан байх. Б сүүлд хэлэхдээ гэнэт нүд харанхуйлаад замаас гараад осол болчихлоо гэж байсан. Миний биед гэмтэл учирсан бөгөөд нурууны яс хугарсан гэж онош гарсан. Одоо эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бы мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу 06 цагийн үед бэр эгч Б, төрсөн ах Б, түүний эхнэр П нарын хамт Б ахын эзэмшлийн Пробокс маркийн 79-55 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Архангай аймгийн Ихтамир сумын 2 даваа гэх газар даваа өгсөж явсан. Гэтэл Б ах замаас гэнэт гараад замын хашлага /түмбэ/ мөргөхөөр нь би хүүе яаж байна гэж хэлэхийн завдалгүй, замын хөвөө шорооноос гараад далан руу харайгаад 4 дугуй дээрээ газар буусан. Би машины хойно жолоочийн арын суудал дээр сууж явсан. Миний зүүн гар талд ах Н, түүний хажууд Б, урд суудал дээр Бын эхнэр П суугаад, Б жолоодож явсан. Бид нар машинаас буугаад ах Б жолооны араас буухгүй байхаар нь татаж буулгасан чинь ёолоод ухаан орсон. Тэгээд би замын машинд суугаад Ихтамир сум руу орж эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан юм. Б ах настай хүн учраас хурдан давхиж чадахгүй. Би хянах самбар хараагүй. Миний бодлоор 60-70 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Б зогсоох арга хэмжээ аваагүй, шууд яваад далан руу харайсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд эрүүл байсан. Б ах даралт ихтэй хүн юм. Гэхдээ тухайн үед замдаа даралт ихсэж байна гэж юм хэлээгүй. Осол болсны дараа ярихдаа гэнэт нүд харанхуйлаад осол болчихлоо гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооны хүрд болон тормосны систем бүрэн гүйцэд ажиллаж байсан. Б болон түүний эхнэр хамгаалах бүсээ зүүсэн байсан. Хойно сууж явсан Н ах, түүний эхнэр Б, бид гурав бүс хэрэглээгүй. Надад гэмтэж, бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Нн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу 06 цагийн үед эхнэр Б, төрсөн дүү Б, Б, түүний эхнэр П нарын хамт Бын эзэмшлийн Пробокс маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай явсан бөгөөд тухайн машиныг Б жолоодоод явсан юм. Архангай аймгийн Ихтамир сумын 2 даваа гэх даваа өөд өгсөж явсан. Замын зүүн гар талд нэг айлын өвөлжөө байхаар нь би хараад явж байтал гэнэт түс тас гээд юм мөргөх шиг болсон. Тэгээд тас гээд газар унах шиг болсон. Би тухайн үед арын суудлын голд сууж явсан. Миний зүүн гар талд манай эхнэр Б, баруун гар талд төрсөн дүү Б сууж явсан. Урд жолоочийн хажуу талын суудал дээр манай бэр Бын эхнэр П сууж явсан. Би эргэн тойрноо харахад бүгд амьд байсан. Тэгээд бид нар машинаас буугаад харахад замын далан руу харайж орсон байсан. Миний хамраас цус гараад хамт явсан хүмүүстээ дулаан хувцас авч өгөх гээд багааж хэсгийг онгойлгож хувцас авч өгсөн. Энэ хооронд машин болон газар цасан дээр цус болсон байх. Тэгээд бид Быг замын машинд суулгаж явуулаад эмнэлэг, цагдаа дуудуулсан юм. Тухайн үед 60 км/цагийн хурдтай явсан бөгөөд тойрог өгсүүр зам байсан. Ямар нэгэн саад гарч ирсэн зүйл байхгүй. Б нь машиныг зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд эрүүл байсан. Б даралт ихтэй хүн юм. Бид нар Улаанбаатар хот руу орж эмнэлэгт үзүүлэх гэж явж байсан юм. Б сүүлд нь ярихдаа тухайн үед жижиг улаан зүйл харагдаад нүд харанхуйлаад нэг мэдэхэд осол болсон байна гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооны хүрд болон тормосны систем бүрэн гүйцэд ажиллаж байсан. Б болон түүний эхнэр хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Хойно сууж явсан хүмүүс хэрэглээгүй байсан. Миний хамраас цус гарсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Надад гэмтэж, бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өглөө 06 цагийн үед Улаанбаатар хот руу Б машин бариад урд талын суудал дээр түүний эхнэр П, хойд суудал дээр би, Б, Н нартай хамт суугаад Архангай аймгийн нутагт явж байтал 14 цагийн үед засмал зам дээрээс машин сэгсрээд замаас гараад онхолдох шиг болсон. Би тэгээд түр юу болсон талаар санахгүй байна. Жолооч архи уугаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин нөгөө хэдийн биед ямар гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй байна. Зүгээр явж байгаад л гэнэт замаас гараад онхолдсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өөрийнхөө эзэмшлийн 79-55 ЗАН улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө жолоодоод эхнэр П, төрсөн дүү Б, төрсөн ах Н, түүний эхнэр Бнарын хамт Улаанбаатар хот руу явсан. Замдаа Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг 2 даваа гэх газар өдөр 13-14 цагийн үед явж байтал гэнэт нүд харанхуйлсан. Тэгээд нэг мэдэхэд осол болсон байсан. Бид нар Архангай аймгийн цагдаа, эмнэлэгт мэдэгдээд тусламж авсан юм. 50-60 км/цагийн хурдтай явсан байх. Сайн санахгүй байна. Би зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Тухайн замын нөхцөл байдал хэвийн, жаахан өгсүүр, тэгш, шулуун, хуурай, үзэгдэх орчин тод, зам дээр ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй зам байсан. Миний нүд гэнэт харанхуйлаад осол болсон. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Өмнө нь бүх зүйлээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Пгийн биед бүсэлхийн 3-р нугалмын их биеийн урд хэсгийн сэтэрч тасарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 45 хуу/
Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 79-55 ЗАН улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 68 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 11 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Б багийн нутаг .. гэх газар зам тээврийн осол гарч, ослын улмаас Д.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.Б 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн Исумын Б багийн нутаг .. гэх газар өөрийн эзэмшлийн 79-55 ЗАН улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Д.Пгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пгийн мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх ажлаар нөхөр Б, түүний төрсөн дүү Б, төрсөн ах Н, түүний эхнэр Бнарын хамт явсан бөгөөд замдаа Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт явж байтал машин гэнэт замаас гараад замын хашлага, шон мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдэхэд Б намайг машинаас гаргасан. Би буугаад харахад замын хажуу далан руу машин унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бы мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу 06 цагийн үед бэр эгч Б, төрсөн ах Б, түүний эхнэр П нарын хамт Б ахын эзэмшлийн Пробокс маркийн 79-55 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Архангай аймгийн Ихтамир сумын 2 даваа гэх газар даваа өгсөж явсан. Гэтэл Б ах замаас гэнэт гараад замын хашлага /түмбэ/ мөргөхөөр нь би хүүе яаж байна гэж хэлэхийн завдалгүй, замын хөвөө шорооноос гараад далан руу харайгаад 4 дугуй дээрээ газар буусан. Бид нар машинаас буугаад ах Б жолооны араас буухгүй байхаар нь татаж буулгасан чинь ёолоод ухаан орсон. Тэгээд би замын машинд суугаад Ихтамир сум руу орж эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Нн мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу 06 цагийн үед эхнэр Б, төрсөн дүү Б, Б, түүний эхнэр П нарын хамт Бын эзэмшлийн Пробокс маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай явсан бөгөөд тухайн машиныг Б жолоодоод явсан юм. Архангай аймгийн Ихтамир сумын 2 даваа гэх даваа өөд өгсөж явсан. Замын зүүн гар талд нэг айлын өвөлжөө байхаар нь би хараад явж байтал гэнэт түс тас гээд юм мөргөх шиг болсон. Би эргэн тойрноо харахад бүгд амьд байсан. Тэгээд бид нар машинаас буугаад харахад замын далан руу харайж орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өглөө 06 цагийн үед Улаанбаатар хот руу Б машин бариад урд талын суудал дээр түүний эхнэр П, хойд суудал дээр би, Б, Н нартай хамт суугаад Архангай аймгийн нутагт явж байтал 14 цагийн үед засмал зам дээрээс машин сэгсрээд замаас гараад онхолдох шиг болсон. Зүгээр явж байгаад л гэнэт замаас гараад онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
мөрдөн байцаалтын шатанд Ч.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өөрийнхөө эзэмшлийн 79-55 ЗАН улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө жолоодоод эхнэр П, төрсөн дүү Б, төрсөн ах Н, түүний эхнэр Бнарын хамт Улаанбаатар хот руу явсан. Замдаа Архангай аймгийн Их тамир сумын Борт багийн нутаг 2 даваа гэх газар өдөр 13-14 цагийн үед явж байтал гэнэт нүд харанхуйлсан. Тэгээд нэг мэдэхэд осол болсон байсан. Бид нар Архангай аймгийн цагдаа, эмнэлэгт мэдэгдээд тусламж авсан юм. 50-60 км\цагийн хурдтай явсан байх, сайн санахгүй байна. Би зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Миний нүд гэнэт харанхуйлаад осол болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/,
хохирогч Д.Пгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10/, ослын газрын схем зураг /хх-ийн 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т овогт Чийн Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот тогтоолоор яллагдагч Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ч.Б зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Чийн Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ