| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Б.Б
Хохирогч Ж.Б
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1725004740024 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол улсын иргэн
Шүүгдэгч Т.Бг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Баянцагаан баг ПДУ-ийн 10-03 тоотод гэр бүлийн хүчирхийлэл, үйлдэж эхнэр Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ-ийн 10- 03 тоотод Т.Б нь эхнэр Ж.Б,хадам ээж нарын хамт архи ууж байгаад маргалдан Ж.Бийг нүүр, толгой руу нь цохиж зодон биед нь баруун нүдний зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -Хохирогч Ж.Бийн .... “Би Т.Бтэй гэр бүл болоод 10 жил болж байна, дундаасаа нэг хүүхэд гарган, хүүхэд маань 1 нас 3 сартай... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... миний нүүр рүү гараараа нэг удаа цохин, толгой руу нэг удаа цохиод чамайг ална гэж орилоод зурагтаа шидэж хагалахаар нь би цагдаа дуудна гэтэл миний утсыг булаан авч цагдаа дуудтал гараад зугтаачихсан. Тэр өдрөө Улаанбаатар хотруу явчихсан байсан. Тэгээд би маргааш өглөө нь цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн.. Т.Б архи уудаг болохоор гэр бүл тогтворгүй байгаа юм. Хааяа би бас архи уудаг. Т.Б бид хоёр бага насны 1 хүүхэдтэй. Т.Б хааяа надад гар хүрч байсан. Тэрнээс биш өдөр болгон гар хүрч зодож байгаагүй. Миний санаж байгаагаар 2017 оны 08 дугаар сард нөхөр бид хоёр маргалдаад миний хөл рүү өшиглөж байсан. Өөрөөр зодож цохиж байгаагүй. Харин архи уухаараа муухай ааштай болчихсон. Хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж сэтгэл санааны дарамтанд байлгадаг. Т.Бд зодуулж байсны улмаас биедээ гэмтэл авч байгаагүй,... 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой Т.Б гэртээ орж ирэхдээ архи уучихсан орж ирсэн. Мөн нэг шил архитай орж ирээд тэр архийг нь ээж Жаргалсайхан, нөхөр Т.Б бид нар уусан. Т.Б өөрийнхөө зурагтыг хагалчихаад гараад явсан... ээж Жаргалсайхан нь дүү Бүрэнтөгстэй утсаар ярихад Т.Б уурлаад байсан. Энэ асуудлаас болж Т.Б бид хоёр маргалдаад Т.Бг цагдаа дуудаж өгнө гэхэд Т.Б миний утсыг булаагаад толгойн тус газарт цохисон. Т.Б гэрээс гараад явахаараа архи уучихаад орж ирдэг болохоор байнга хэрүүлтэй байдаг... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 2 удаа л надад гар хүрч зодсон, гэхдээ сүртэй гэмтэл учруулаагүй... Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гомдол саналгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-11-р хуудас / -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-17-р хуудас / -Насанд хүрээгүй гэрч У.Сарнайгийн..... “Тус өдөр гаднаас хойд эцэг Б нэг шил архитай орж ирсэн. Тэгээд гэрт эмээ Жаргалсайхан, ээж Б хойд аав Б нар хамт архи ууж байхад эмээ Жаргалсайхан хүү Бүрэнтөгс ах руу залгаад ярихад хойд эцэг Б та архи уучихаад битгий ярь гэж хэлэхэд ээж Б ахтай маргалдсан. Б ах ээжийг хувцас угааж байхад нь нүүрэн тус газарт нь цохисон. Мөн гэрт байсан өөрийнхөө зурагтыг авч шидэж хагалчихаад хувцасаа аваад гараад явчихсан. Б ах ээжээс өөр хүнд гар хүрээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай: ” ... Ж.Бийн биед баруун нүдний зовхи, духанд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/ -Шүүгдэгч Т.Бгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн : Архи ууж байгаад маргаж цохиж авсан. Гэмшиж байна гэсэн мэдүүлэг, -Хохирогч Ж.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Ээж бид 3 архи ууж байгаад ээж хүүтэйгээ утсаар ярьсан чинь Б “утсаар ярьлаа” гэснээс болж бид 2 маргаад намайг цохисон. Гомдолгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.Бгийн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ-ийн 10-03 тоотод эхнэр Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Т.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл байна. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-41-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн байдал,нөгөө талаар хэргийн нөхцөл байдал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгөгүй битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овгийн Тын Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ