Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/33

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Г.Н

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Нд холбогдох 2012003990002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          Дугаар /С%                                                                                                                                                                                                    Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Нн .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Гийн Н /РД:../

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” баарны гадна О.Быг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Н.Мийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012003990002 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Бын мэдүүлсэн: ...Би Н гэдэг ахтай 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 24 цагийн үед Н баарны гадаа таарсан чинь намайг болгоомжтой хариарай гэхээр нь салаад явах гэтэл цаанаас нь Г гараад ирэхээр нь би Гтой юу байна хө гэж мэндэлтэл Н нь над руу чи миний найзыг хө гэдэг хэн бэ гээд намайг шууд цохиод авсан. Тухайн үед Н миний хамар руу нэг удаа гараараа цохиж авсан. Өөр цохиж аваагүй. Би тухайн үед цохиулаад газар унасан чинь 2 удаа хөл рүү өшиглөөд авсан. Би тухайн үед Мтэй хамт явсан. Би Мийг цохихыг хараагүй. Миний хамраас цус гараад цамцаараа арчиж арилгасан. Тэгээд цагдаад мэдэгдээд, эмнэлэгт очиж үзүүлсэн. Мтэй хамт эмнэлэгт очиход Мийн чих өвдөж байна гэж байсан, мөн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Намайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй. Харин Гтой юу байна хө гэж мэндэлсэн чинь “миний найзыг хө” гэлээ гээд л цохиод авсан. Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бага зэрэг хэрэглэсэн байсан. Нг цохиж, зодсон хүн байхгүй. Бид хоёрыг хамт явахад намайг зодоод газар унаад, хамраас цус гарсан байхад миний хажууд нэг дор Мийг зодсон. М бид хоёрыг Нгаас өөр цохиж, зодсон хүн байхгүй. Н ганцаараа зодсон. Миний хамар гэмтсэн. Өөр гэмтэл учраагүй. Мийн зүүн нүд нь хөхөрсөн, хавдсан байсан. Би хэрэг гарсны маргааш өглөө нь Сэлэнгэ аймаг руу хөдөө самарт явж байгаад ирсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Н.Мийн мэдүүлсэн: ...Би Б ахтай хамт 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гадуур явж байгаад 24 цагийн үед Н баарны гадаа 1 ахтай таарсан бөгөөд өндөр биетэй, шар царайтай ах байсан. Би тэр ахыг танихгүй. Харин Б ах таньдаг юм байна лээ. Тэгээд тэр ахаас салаад явах гэтэл Б ахын найз нь гэх миний танихгүй ах тааралдаж, тэр ахтай Б ах юу байна хөгшөөн гэж мэндэлсэн чинь өмнө нь таарсан Н гэдэг ах Б ах руу чи миний найзыг чи гэдэг хэн бэ гээд шууд гараараа нүүр рүү нь цохиж аваад Б ах газар унаж, унасан байхад нь мөн өшиглөөд байсан. 2-3 удаа өшиглөөд авсан. Яг аль хэсэг рүү нь өшиглөхийг нарийн хараагүй. Би Б ахаас салгахаар дундуур нь ортол Н гэдэг өндөр шар ах миний зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсэгт 2 удаа гараараа цохиж авсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Цагдаад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлээд маргааш өглөө нь Сэлэнгэ аймаг руу Б ахыг дагаад явсан. Одоо биеийн байдал хэвийн, ямар ч асуудал байхгүй. Намайг цохих шалтгаан байхгүй. Б ахыг зодоод байхаар нь салгах гэтэл намайг зодсон. Б ахыг хамт явсан хүнтэй нь юу байна хөгшөөн гэж мэндэлсэн асуудлаас болж зодсон. Өөр зодоон хийх шалтгаан байгаагүй. Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б бага зэрэг хэрэглэсэн. Би хэрэглээгүй байсан. Нг цохиж, зодсон хүн байхгүй. Б ах бид хоёрыг хамт явахад нэг дор цохиж, зодсон бөгөөд зодохдоо ямар нэгэн зүйл ашиглаагүй. Б бид хоёрыг Нгаас өөр цохиж, зодсон хүн байхгүй. Н ганцаараа зодсон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн. Өөр гэмтэл учраагүй. Бын хамраас нь цус гарсан, гэмтэл авсан. Би хэрэг гарсны маргааш өглөө нь Сэлэнгэ аймаг руу хөдөө самарт явж байгаад ирсэн. Тэр газар сүлжээгүй байхгүй, ууланд байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Нгийн мэдүүлсэн: ...Cонсгосон ялтай холбоотой тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед согтуу гадуур явсан эсэхээ мэдэхгүй. Ямар ч байсан маргалдаад байх шиг байсан, авах шиг болсон, нарийн сайн санахгүй байна. Хамт явсан хүүхдийг цохиж авсан эсэхээ мэдэхгүй байна. Би болсон асуудлыг нэг бүрчлэн санахгүй байгаа учир мэдүүлэг өгмөөргүй байна. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг шуурхай шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 598 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Мийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх “Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 599 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Бын биед хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” баарны гадна О.Б, Н.М нар нь бусдад зодуулж, О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Н.Мийн эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Н нь 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” баарны гадна О.Быг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.Мийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Бын мэдүүлсэн “Би Н гэдэг ахтай 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 24 цагийн үед Н баарны гадаа таарсан чинь намайг болгоомжтой хариарай гэхээр нь салаад явах гэтэл цаанаас нь Г гараад ирэхээр нь би Гтой юу байна хө гэж мэндэлтэл Н нь над руу чи миний найзыг хө гэдэг хэн бэ гээд намайг шууд цохиод авсан. Тухайн үед Н миний хамар руу нэг удаа гараараа цохиж авсан, өөр цохиж аваагүй. Би тухайн үед цохиулаад газар унасан чинь 2 удаа хөл рүү өшиглөөд авсан. Миний хамраас цус гараад цамцаараа арчиж арилгасан. Тэгээд цагдаад мэдэгдээд, эмнэлэгт очиж үзүүлсэн. Мтэй хамт эмнэлэгт очиход Мийн чих өвдөж байна гэж байсан, мөн нүд нь хавдаж, хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09/,

 

            мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Н.Мийн мэдүүлсэн “Би Б ахтай хамт 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гадуур явж байгаад 24 цагийн үед Н баарны гадаа 1 ахтай таарсан бөгөөд өндөр биетэй, шар царайтай ах байсан. Тэгээд тэр ахаас салаад явах гэтэл Б ахын найз нь гэх миний танихгүй ах тааралдаж, тэр ахтай Б ах юу байна хөгшөөн гэж мэндэлсэн чинь өмнө нь таарсан Н гэдэг ах Б ах руу чи миний найзыг чи гэдэг хэн бэ гээд шууд гараараа нүүр рүү нь цохиж аваад Б ах газар унаж, унасан байхад нь мөн өшиглөөд байсан. 2-3 удаа өшиглөөд авсан. Яг аль хэсэг рүү нь өшиглөхийг нарийн хараагүй. Би Б ахаас салгахаар дундуур нь ортол Н гэдэг өндөр шар ах миний зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсэгт 2 удаа гараараа цохиж авсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Б ахыг зодоод байхаар нь салгах гэтэл намайг зодсон. Б ахыг хамт явсан хүнтэй нь юу байна хөгшөөн гэж мэндэлсэн асуудлаас болж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Г.Нгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Cонсгосон ялтай холбоотой тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/,

 

            насанд хүрээгүй хохирогч Н.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 598 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/,

 

хохирогч О.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 599 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Нгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

 Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот тогтоолоор яллагдагч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Г.Н зөвшөөрсөн байна.

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Нгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ