| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2016/05016/И |
| Дугаар | 102/ШШ2018/02085 |
| Огноо | 2017-06-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2018/02085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Б.Д
Хариуцагч: Б.Х
Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээ хүчингүй болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 метр2 талбай бүхий газар, уг газар дээрх 91 м2 өвлийн сууц, 24 м2 агуулах, 21 м2 гараж, 18 м2 бохирын цооногийн өмчлөгч болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоот хаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Нийн өв хүлээн авах хугацааг сунгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35 дугаар гудамж ... тоот хаягт байрлах газраас Б.Нийг албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П
хариуцагчийн төлөөлөгч Ч.Э
хариуцагчийн төлөөлөгч Б.Я
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1980 онд МУИС-д суралцаж байхад эцэг эх маань хөдөөнөөс шилжин ирж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн.... тоот333,88 метр квадрат талбай бүхий газрыг худалдан авч суурьшсан, уг хашааг худалдан авахад аав ээж мөнгөний боломжгүй байсан тул би нагац ах Ддээ хадгалуулж байсан мөнгөөрөө хашааг худалдан авсан. Би 1983 онд гэр бүлтэй болж нөхөр Г бид хоёр өөрсдөө хөрөнгөө гаргаж уг газар дээр 13х7 хэмжээтэй 3 өрөө хувийн сууц барьж 1990 он хүртэл эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад нөхөр маань Эрдэнэт хотод түр хугацаагаар томилолтоор ажиллахаар болж улмаар нөхрийн хамт 1990-2004 онуудад Эрдэнэт хотод ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд газар өмчлөл явагдаж миний хойд эцэг болох П.Б нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн.... тоот333,88 метр квадрат талбай бүхий газрыг өмчлөн авахдаа тухайн үед амьдарч байсан хүмүүс буюу хоёр бага дүү, ээж болон өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байсан.Түүнчлэн тухайн үед “Хэрэглээ Импекс” ХКомпаниас 2 өрөө орон сууц авсан байх бөгөөд биднийг эзгүй хойгуур байрандаа амьдарч байжээ. Ингээд биднийг Эрдэнэт хотоос ирэхэд хүн амьдрах боломжгүй, хаалга цонх нь эвдэрсэн, байшин маань их муудсан байсан тул банкнаас зээл авч засвар хийж амьдарсан. Ээж аав хоёрыг нас барахаас өмнө буюу 2010 онд уг газартай холбоотойгоор өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож хамтран эзэмшигчээр нэрээ оруулах гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул сонинд зар өгч зарлуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000019585 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон. Ээж аав хоёр маань дахин гэрчилгээ авахдаа миний нэрийг оруулна гэсэн тул би итгээд дахин энэ тухай яриагүй, гэтэл ээж 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барж, аав 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан бөгөөд энэ үед манайх өөрийн хашаа байшиндаа амьдарч байсан бөгөөд хоёр хөгшин байрандаа амьдарч байгаад нас барсан. Би анхнаасаа худалдан авсан хашаагаа болон өөрийн хөрөнгөөр босгосон байшин, агуулах, граж, бохирын цооног зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөхөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлтээ гаргасан боловч газар бусдын өмчлөлд байгаа тул өмчлөх боломжгүй гэсэн тул аав, ээжтэй ярилцаж газрын гэрчилгээнд нэрээ оруулах, дүү нарыг гэрчилгээнээс хасуулахаар ярилцаж үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах үйлдлийг хийсэн. Гэвч гэрчилгээг дахин авч амжилгүй 2 хөгшин жил дараалан бурхан болсон тул энэ талаар дүү Б.Д, Б.Х нартай ярилцахаар Өвөрхангай аймаг руу очиж уулзан улмаар дүү Б.Х хотод ирж 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр надад эцэг, эхийн өвийг өөрийн нэрийн өмнөөс өвлөх өргөдөл гаргах, өвийн гэрчилгээ авах, холбогдох асуудалд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-.... дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны өмчлөгчөөр П.Б, Д.Ц нар байсныг анх мэдсэн.Хэдийгээр би уг хашааг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан боловч монгол хүний ёс заншлын дагуу гэр бүлийн хамтаар эзэмшиж байсан ч бүрэлдээ миний хөрөнгө гэж ойлгож байсан.Учир нь би гэр бүлийн хүний хамтаар өвөл зуны сууц, агуулах, гараж, бохирын цооног зэргийг барьж эзэмшин 34 жил амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийг эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулахад хэн ч хориг тавиагүй, хэн ч хөрөнгө мөнгөөр туслаагүй, тэр ч байтугай уг хашаа байшинд 2004 оноос хойш хэн ч байгаагүй болно. Иймд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333,88 метр квадрат талбай бүхий газрыг миний өмчлөлийн эд хөрөнгө гэж үздэг. Иймд намайг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хэрэглээ Импексийн 29 айлын орон сууцны ... тоотхаягт байрлах, 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, өв хүлээн авах хугацааг сунгаж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн.... тоот333,88 метр квадрат талбай бүхий газрын өмчлөгч болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн .... тоотод байршилтай 333,88 метр квадрат талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, гараж, бохирын цооног зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1980 онд би Монгол улсын Их сургуульд суралцаж байсан. Миний ээж Говь-Алтай аймгийн Бугат суманд амьдарч байгаад ааваас салсан гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотод ирсэн. Манай ээж гурван дагавар хүүхэдтэй аавтай суусан байсан. Тэгээд аав, ээж маань 15 жил хамт амьдрахад хүүхэд гараагүй учраас хүүхэд гарахгүй юм байна гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотод ирсэн. Би оюутан байсан. Ингээд ээж бид хоёр амьдарч байтал ээж маань жирэмсэн байсан. Жирэмсэн байснаа Улаанбаатар хотод ирээд мэдсэн. Ээж бид хоёр хамаатныхаа хүнээр яриулж байж нэг гэр түрээсэлж, айлын хашаанд хатуу өвлийг давж байсан. Би сурлага сайтай хүүхэд байсан болохоор Их сургуулийн химийн ангид 7 шалгалт өгөхдөө 7 шалгалтаа бүгдийг онц өгч 750 төгрөгийг стипендия авч байсан. Миний нагац ах н.Д гэж хүн Яармагт амьдардаг байсан. Би мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулна гээд н.Д ахдаа хадгалуулдаг байсан. Ээж маань төрөх хүртлээ хүнсний 4 дүгээр дэлгүүрт ажилд орж ажилласан. Гэтэл ажилд оруулж өгсөн 4 дүгээр дэлгүүрийн дарга надад хавар өөрийнхөө амьдардаг гудамжны хоёр талаасаа нийлсэн уулзвар газар дээр байдаг айл удахгүй нүүгээд хөдөө явах гэж байгаа чи тэр газрыг ээжтэйгээ авахаар хөөцөлд гэж хэлсэн. Тэгэхээр нь би нагац ах н.Дд хэлэхэд миний нагац ах нар болох н.Д, н.Төмөрбаатар ах нар маань тэр айлын хүмүүстэй уулзаад тэр газрыг манайд авч өгч байсан. Энэ бүх процессыг ээж бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Бусад нь бүгд Говь-Алтай аймагт байсан. Тухайн үед аав маань хүүтэй болсноо дуулаад наашаа ирэх гэж байтал Б.Я конкурс дээрээ унасан учраас асуудлыг нь зохицуулах гэж байна гээд ирдэггүй. Хавар болоод ээж төрөх дөхөөд хурдан ирэх хэрэгтэй гэж ярьсаар байгаад аав маань ирсэн. Ингээд нөгөө газраа би авсан байсан. Ингэж бид нарын амьдрал үргэлжилсэн. Тухайн үед Б.Х, Б.Д нар төрөөгүй байсан. Тэр үед ээжийн гэдсэнд байсан хүүхэд бол Б.Х юм. 3 жилийн дараа нь Б.Д төрсөн. Тиймээс миний туулсан оюутан цагийн хүн хэцүү амьдрал, уг газрыг яаж худалдаж авсан, яаж би амьдралыг босгож байсан талаар мэдэх хүн нэг ч байхгүй. Мэдэх хүмүүс нь гэхээр надад гэрчийн мэдүүлэг өгсөн нагац ах н.Д байдаг. Гэхдээ одоо нагац ах маань нас барсан. Нас барахаасаа өмнө надад бүх зүйлээ ярьж гэрчилсэн гэрчийн мэдүүлэг бичиж өгсөн. Мөн бас нэг нагац ах н.Төмөрбаатар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Энэ амьдралыг хэрхэн бий болгосныг минь гэрчлэх хоёр л нагац ах маань байгаа. Өөр хэн ч мэдэхгүй. Ингээд би сургуулиа төгссөнийхөө дараа жил н.Г гэж хүнтэй ханилсан. н.Г өөрөө маш их гарын дүйтэй, ажилсаг, Өвөрхангай аймгийн харъяат, багш дасгалжуулагч хүн байсан. н.Гт хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Бид хоёр хоёулаа дээд сургууль төгссөн болохоор цалин их авдаг байсан. Бид цалингаасаа илүүчилж нөгөө газар дээрээ өвлийн байшин барьсан. Байшин барихдаа эцэг эхийгээ нөгөө өрөөнд нь байлгах зорилгоор дундаа гал тогоотой хоёр талдаа нэг, нэг өрөөтэй өвлийн байшин барьсан. Ингээд байшингийнхаа нөгөө талд эцэг эхийгээ оруулсан. Эцэг эх маань хоёр нялх хүүхэдтэй байсан учраас би том охиныхоо хувьд нөхрийн хамт чадахаараа амьдралыг нь авч явж байсан. Тэр үед тэр орчмын хүмүүс Дэнжийн мянгад байхгүй сайхан байшин барьлаа, эцэг эхээ ямар сайхан харж, үздэг юм гэж ярьдаг байсан. Бид өөрсдөө мөн жил дарааллан гарсан 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ өсгөж, би багшийн ажлаа хийгээд байж байтал манай нөхөр эмчилгээний арга зүйч гэсэн мэргэжлээр Багшийн дээд сургаалийг онц төгссөн байсан учраас онц төгссөн мэргэжилтнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэж ГОК-д ажиллах урилга ирсэн. Энэ урилгын дагуу бид хоёр 1990 онд Эрдэнэт хотод очиж өгсөн хугацаанд ажиллаж амьдарч байсан. Энэ хугацаанд манай хүүхдүүд том болж, оюутан болсон. Харин аав маань Хэрэглээ импекст ажиллаж байгаад нэг байр авсан байсан. Уг байрандаа нүүж ороод манай хашаа байшинг эзэнгүй орхисон байсан. Эзэнгүй байх хугацаанд нь манай хажуу айлын хүмүүс эргэж, хардаг байсан. н.Д гэдэг хүн манай хашаа байшинг хардаг байсан талаараа гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ бүхэн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Ингээд бид хоёр 2004 онд буцаж ирэхэд хашаа байшин маань хэн ч амьдраагүй. Хүн амьдрах боломжгүй болсон байсан. Ингээд бид хоёр Хас банкнаас удаа дараа зээл авч байрандаа засвар хийж, тохижуулсан. Энэ нь Хас банкнаас Гын нэр дээр авсан зээлийн баримтуудаар нотлогдоно. Ингээд бид хоёр нөгөө байшингаа доороо бохир усны цооногтой, гаражтай, зуны байшинтай, складтай, дотроо халуун, хүйтэн устай зэргээр маш сайхан тохижуулсан. Одоог хүртэл энэ байшиндаа тасралтгүй амьдарч байгаа. Уг байранд амьдарч байсан маань хорооны засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, тог, хогны төлбөр төлсөн баримт гээд бүх л баримтууд зэргээр нотлогдоно. Энэ үед хувьчлал явагдахад манай ээж, аав байранд орсон байсан хирнээ надад хэлэлгүйгээр манай газрыг сүүлд төрсөн Б.Х, Б.Д нарын нэрийг оролцуулаад хувьчилж авсан байдаг. Тухайн үед миний эцэг, эхийн буруу байсан гэж би боддоггүй. Хувьчлал явагдахдаа хороон дээр ямар иргэний бүртгэл мэдээлэл байсан тэр мэдээллийн дагуу л хувьчлагдсан байх гэж би боддог. Гэхдээ иймхэн баримтаар үндэслэж одоо хүртэл миний газрыг өөрсдөө барьж байгуулж, худалдаж авсан юм шиг хуулийн байгууллагад мэдүүлэг өгч, намайг ийм байдалд хүргэж байгаад би гомдож явдаг. Хэдийгээр хариуцагч нар газрын гэрчилгээ дээр нэр нь орсон ч гэсэн бодит амьдрал дээр тэр хашаа газрыг авахад нэг ч гар оролцож, мөнгө төгрөг өгч байгаагүй. Би том эгчийнхээ хувьд ээж, аавыгаа асрах үүргээ ухамсарлаж явдагийн хувьд эцэг, эхийгээ би үнэ хөлсгүй хоёр дүүгийнхээ хамт 20 гаруй жил байшиндаа амьдруулсан. Харин амьдарч байсан хугацаандаа хороонд бүртгэлтэй байсан байх. Түүнээс хариуцагч нарын хашаа байшин биш. Энэ бүх хөрөнгүүд минийх гэж боддог. 2010 оны үед би эд хөрөнгүүдээ өөрийнхөө нэр дээр болгоё гэж ээж, аавтайгаа уулзахад ээж, аав маань аль хэдийн газрын гэрчилгээ авсан байсан. Тэгээд би газрын гэрчилгээгээ аваад ир гэхэд гэрчилгээ нь олдоогүй. Эцэг эх маань байн байн ирж хайдаг байсан ч олдоогүй. Сүүлдээ намайг итгэхгүй байна гэж бодсон бололтой гэртээ аваачиж байгаад хамаг зүйлээ ухаж үзүүлсэн үнэхээр байхгүй байсан. Тэр үед Б.Д, Б.Х нар том болоод тусдаа гарсан байсан. Б.Д хоёр хүүхэдтэй нэг архичин залуу дагуулж ирж манай эхийг маш их хэцүү байдалд байлгадаг байсан. Сүүлдээ гэрчилгээ олдохгүй байсан чинь Б.Д хулгай хийж аваад ломбарданд тавьсан юм байлгүй ерөөсөө олдохгүй байна. Тийм болохоор ерөөсөө хүчингүй гээд зарлуулчихъя гэж аав ээж маань шийдэж байсан. Ингээд газрын гэрчилгээ олдохгүй байсан учраас аав надтай хамт яваад Газрын алба дээр очиж, газрын гэрчилгээ хүчингүй болгох зарлал өгөхөд олон материал бүрдүүл гээд материалуудыг нь бүрдүүлж Газрын албанд өгсөн. Газрын албанд өгсний дагуу эхлээд шийдвэр гардаг. Би уг газраа өөрийнхөө нэр дээр авах гэж байгаа юм гэсэн чинь Газрын албаны хүмүүс хэлэхдээ та нарт гэрчилгээ чинь байхгүй учраас эхлээд гэрчилгээгээ гаргуулж ав, түүний дараа хүсэлтээ гаргаж, дахин материалаа бүрдүүлж, өөрсдийн нэр дээрээ болгуулдаг гэсэн. Тэгээд эхний алхмаа хийгээд газар нөхөн олгосон шийдвэр гарч ирсэн. Шийдвэр гарч ирсний дараа дахин материалаа бүрдүүлээд гэрчилгээ болж гарч ирдэг гэсэн. Гэтэл тухайн үед аавын минь бие өвдөж хагалгаанд орсон, аавын бие сайжиртал ээжийн бие өвдөж, ээж маань нас барсан. Энэ хугацаанд манай нөхрийн ах Өвөрхангай аймагт харвасан. Би нөхөртэйгөө байнга Өвөрхангай аймаг явдаг ажилтай болж, албаныхаа ажлыг ч хийж чадахаа байсан. Мөн охин маань төрж, би нялх хүүхэд хардаг болсон. Ээжийг маань нас барснаас хойш удалгүй аав маань Архангай аймагт явж байхдаа харваж, нас барсан. Ингээд энэ хугацаанд миний газрын асуудал шийдэгдээгүй байж байгаад би 2014 оноос газраа хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд Газрын албатай уулзахад намайг дүү нараасаа итгэмжлэлээ аваад ир гэсний дагуу Б.Янжиндулам дүү дээрээ очиход таны газар юм чинь та аваа гээд зөвшөөрсөн. Б.Хтай уулзахад мөн таны газар юм чинь та өөрт шаардлагатай материалаа бүрдүүлээд өөрөө авчаарай гээд итгэмжлэл гаргаж өгсөн. Харин Б.Дтэй уулзахад би мэдэхгүй, Б.Я мэднэ гэдэг. Б.Я юу гэж ярьсныг би мэдэхгүй. Б.Я хар залуугаасаа надад атаархаж, намайг хорлох гэж, муулж явдаг. Хэдийгээр бид нэг эхээс төрсөн ч эсрэг зан харилцаа, бодолтой болж хүмүүжсэн. Тэр утгаараа надад ханддаг учраас бид нар өнөөдөр шүүхийн өмнө зогсож байна. Ингээд Б.Д хүсэж энэ асуудлаа шүүхээр л шийдүүлье гэж хэлсний дагуу би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнээс би өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргая гэж бодоогүй. Миний нэхэмжлэлийн шаардлага маань газрын өмчлөгчөөр тогтоолгож, уг газрын Б.Д, Б.Х нарын нэр дээрх гэрчилгээ хүчингүй болохыг тогтоож, эцэг эхийнхээ амьдарч байсан 2 өрөө байрнаас өөрт ногдох хувиа тогтоолгох, мөн тухайн газар дээр баригдсан 91 метр квадрат өвлийн сууц, 24 метр квадрат агуулах, 21 метр квадрат гараж, 18 метр квадрат бохирын цооног зэрэг нийт 44150000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа. Энэ хугацаанд би нөхрийн хамт нөхрийнхөө ахыг Өвөрхангай аймагт байнга сахих шаардлага гарч газрынхаа асуудлыг хөөцөлдөж чадахгүй болсон. Иймд миний өв хүлээн авах хугацааг сунгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Н 1980 онд одоогийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн.... тоотхаягт байрлах газрыг худалдаж аваагүй, манай эцэг эх 1980 онд Говь-Алтай аймгаас шилжиж ирэхдээ газрыг эзэмшиж хашаа, байшин барьсан, 1980 онд газар худалдаж байгаагүй, 1983 онд Б.Н нөхөр хүүхэдтэй болж сургуулиа төгстөл амьдарч байгаад 1990 онд Эрдэнэт хот руу нүүж өрх тусгаарлан гарсан.Миний эх Д.Ц 2011 оны 8 дугаар сард, эцэг П.Б 2012 онд нар барсан.Тэр үед эцэг эхийг өвчтэй байхад Б.Н сахиж байгаагүй болох нь эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байгаа, 2004 онд газар өмчлөх хүсэлтийг өгч эцэг П.Б, эх Д.Ц, дүү Б.Д болон Б.Х бид нар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.Тэр үед эгч Б.Н бидэнтэй хамт амьдарч байгаагүй, одоо ч энэ газрыг эзэмшдэггүй, амьдардаггүй. Б.Хыг энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байхад нь 2014 оны 8 дугаар сард Б.Н улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад итгэмжлэл өгөхийг гуйхаар нь итгэмжлэл өгсөн. Гэтэл Б.Н шүүхэд дүү нараас орон сууц хашаа байшин авах гэж нэхэмжлэл гаргахдаа эцэг эхийн ясыг өндөлзүүлж муулж бичсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн өвлөх эрхийг татгалзсан итгэмжлэлийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлөх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хэрэглээ Импекс ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоотхаягт байрлах, 2 өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч болох Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн.... тоотхаягт байрлах газрын хууль ёсны өвлөгч болох нь нотлох баримт байхгүй, мөн өвлийн сууц, агуулах, гараж, бохирын цооногийг Б.Н барьсан баримт байхгүй, Б.Нийн өмч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Б.Д, Б.Х нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Х 1980 он, Б.Д 1982 онд Улаанбаатар хотод төрж эцэг П.Б, эх Д.Ц нарын хамт Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн.... тоотхаягт байрлах 333 мкв газар эзэмшиж амьдарч байгаад 2004 онд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн Г-2202000765 дугаартай гэрчилгээ авч эцэг П.Б, эх Д.Ц, Б.Х, Б.Д нар газрын өмчлөгч болсон. 2004 онд орон сууцанд орсон боловч зуны цагтаа ЧД-ийн 10-р хороо Дэнжийн.... тоотхаягт байрлах газартаа барьсан байшиндаа амьдарч байгаад 2011 онд эх Д.Ц, 2012 эцэг П.Б нар нь нас барж мөн 2011 онд Б.Д, 2012 онд Б.Х нар Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж түр амьдрахаар явцгаасан. Д.Н нь 2004 оноос ЧД-ийн 10-р хороо Дэнжийн.... тоотхаягт байрлах газар эзэмшин амьдарч байсан гэдэг нь огт худлаа, 2011 оноос зуны цагт түр амьдарч байх хугацаандаа иргэний үнэмлэхийг тус хаягаар бүртгүүлэн аваад газар дээр барьсан байшингийн өмчлөх гэрчилгээгүй байдлыг далимдуулж одоо газар, байшин зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болгон тогтоолгох нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Х, Б.Д нарын 1980-2011 он хүртэл амьдарсан ЧД-ийн 10-р хороо Дэнжийн.... тоотхаягт байрлах хууль ёсны газрын өмчлөгч ба тус газар дээр барьсан байшин, зоорь граж, бохирын цооног зэргийг эцэг, эх нь барьж хамтран амьдарч байсан мөн Б.Н дээрх байшин, зоорь граж бохирын цооногийг бариагүй, хуулийн дагуу Б.Нт газар өмчлөх эрх олгогдоогүй байхад хууль бусаар газар эзэмшиж байгаа тул Б.Х,Б.Д нарын өмчлөлийн газраас Б.Нийг албадан нүүлгэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хэрэглээ Импекс ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоот хаягт байрлах 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өвлөгч болохыг тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулах гэсэн шаардлагын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй. Өвлөгчид өв нэгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхээ хэрэгжүүлэх талаар хүсэлт гаргаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35 дугаар гудамжны 475 тоот хаягт байрлах 333.88 метр квадрат талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ талаар хуульд заасан нотлох баримт хангагдаагүй. 2002 онд газар өмчлөх тухай хууль гарсан. Энэ хуулийн дагуу 2004 онд уг газрыг эзэмшиж, амьдарч байсан Б, Цээпэл, Д, Х нар байсан учраас хуулийн дагуу эдгээр хүмүүсийг өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Тухайн хуулийн шийдвэрээр дээрх хүмүүс хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдсон. Б.Н дээрх газар дээр амьдарч байсан, худалдаж авсан талаар нотлосон нотлох баримт байхгүй. Мөн хавтаст хэрэгт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор 2012 оноос хойш Б.Н амьдарч эхэлсэн гэж байгаа. Гэтэл Б.Н нэхэмжлэлийн шаардлага дээрээ 2006 оноос эхэлж амьдарсан гэсэн. Амьдарч байсан талаараа нотлох баримт байхгүй. Иймд Б.Н өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй байна. 2004 онд аав, ээж маань амьд байсан. Аав, ээж маань Улсын бүртгэлийн гэрчилгээгээ аваад ир чиний нэр дээр болгоод өгий гэж байсан гэж хэлж байна. Тухайн үед гэрчилгээ хэний нэр дээр байсныг мэдэж байсан байна. 2004 онд мэдэж байсан юм бол тухайн үедээ гомдлоо гаргахгүй. Мэдэж байснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Б.Нт газар өмчлөх эрх байхгүй байна. Мөн гуравдахь нэхэмжлэлийн шаардлага нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан учир 2 өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэж байна. Гэвч Б.Н хүндэтгэн үзэх шалтгаанаа мөн нотолж чадаагүй. Аав, ээж нь өвчтэй байхад хадам ахыгаа асарч байсан гэдэг. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Газрын гэрчилгээг хүчингүй болгоно гэж байна. Хариуцагч нар хууль бусаар газрыг өмчилж аваагүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гарснаар хэн уг газар дээр амьдарч байгаа нь газар эзэмших хүсэлтээ гаргаж, гэрчилгээгээ авдаг. Тийм учраас хариуцагч нарын нэртэй газрын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль бус байна. Уг газар дээр 2004 оноос хойш амьдарсан гэдгээ нотлосон баримт байхгүй. Гэрч гэж нөхрөөрөө гэрчлүүлсэн. Мөн н.Д гэж хүнийг гэрчээр асуулгасан. Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Нийн хөрөнгө гэдэг нь тогтоогдохгүй. Хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийнх нь тодорхойлолт зэрэг зөрүүтэй. Хорооны Засаг даргын тодорхойлолт дээр Б.Н 2012 оноос хойш амьдарч байсан гэж байгаа болохоос 2004 оноос хойш амьдраагүй. Ингээд хоёр янзын тодорхойлолтууд байгаа болохоор нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн газрын гэрчилгээгээ аав алга болгосон учраас дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгуулахаар сонинд зарлуулсан гээд байдаг. Тэгвэл ааваасаа ямар нэгэн зөвшөөрөл аваад газрын гэрчилгээг алга болгосон гэдэг тодорхойлолт байхгүй. Өөрөө өмнөөс нь гарын үсэг зураад н.Б, Б.Н нар газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн тул хүчингүй болгож өгнө үү гээд сонингийн зараар хүчингүй болгосон. н.Б гэж хүн өөрөө хүсэлтээ бичээд өгөхгүй яасан юм. Итгэмжлэл өгөхгүй яасан юм. Худлаа зараар үрэгдүүлсэн гэсэн байдаг. Тухайн үед Бат-Үүл засаг дарга байгаагүй. М.Энхболд засаг дарга байсан гэсэн засаг даргын шийдвэр байгаа. Энэ шийдвэрийг дараа нь н.Бат-Үүл дарга гарын үсэг зураад нөхөн өгсөн шийдвэрээр манай аав газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн байсан учраас би одоо өмчлөх эрхтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Б.Нт газар өмчлөх эрх байхгүй. Б.Д дараах тайлбарыг заавал хэлээрэй гэсэн байгаа. Бидний том эгч Б.Н дүү нараа асарч, халамжлах ёстой байтал эцэг, эхийн маань ясыг өндөлзүүлээд бид нараас өмч хөрөнгийг авах гээд шунахайрч явж байгаад үнэхээр харамсаж байна гэдгийг хэлээрэй гэсэн. Эцэг, эх хоёроо хүнд өвчтэй байхад нэг ч удаа асарч байгаагүй, дандаа гомдоож байсан. Мөн хавтаст хэрэгт Хавдар судлалын эмнэлэгт 2011, 2012 онд өвчтэй байхад нь асарч байсан хүмүүсийн нэр дотор Б.Нийн нэр нэг ч байхгүй. Б.Я, Б.Д, Б.Х гэсэн хүмүүсийн нэр байгаа. Эцэг, эхийгээ амьд байхад нь яагаад газраа миний нэр дээр шилжүүлээд өгчих гээд ярилцаж болоогүй юм. Нас барсаных нь дараа ийм асуудал үүсгэж байгаад үнэхээр харамсалтай байна гэж хэлээрэй гэсэн. н.Б хүүхдүүддээ өмч хөрөнгө хувааж өгсөн гэж ярьдаг. 900000 төгрөг, 1500000 төгрөг, 3000000 төгрөгийг Б.Нт өгсөн гэсэн. Гэтэл Б.Н оногдох хувиа бүгдийг авсан байж өнөөдөр яагаад дахин хашаа байшин руу нь дайраад байгаа юм бэ гэдгийг Б.Д хэлээрэй гэснийг дамжуулж байна. Тэгэхээр уг эд хөрөнгөөс өөрт ногдох хувиа авах, хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хуульд заасны дагуу уг газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Х, Б.Д нар газрын өмчлөгч мөн гэсэн гэрчилгээтэй учраас Б.Нт хамааралгүй. Тэр газрыг өмчлөх хугацаанд эцэг, эх нь газар дээр барьсан хашаа байшингаа өмчилж чадаагүй. Тухайн үед хувьчлал, өмчлөлийн талаарх мэдлэг дутмаг байснаас өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүй. Энэ байдлыг далимдуулаад Б.Н би уг газарт байшин, гараж, агуулах барьсан гэж ярьдаг. Б.Нийн гэрчээр асуулгасан н.Дгийн мэдүүлэг дээр 2005 онд Б.Н ирэхээс өмнө гараж, бохирын цооног баригдсан байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр эд хөрөнгүүд н.Б, н.Цээпэл нарын барьсан өмч байгаа. Хэрвээ уг газар дээр Б.Н, нөхөртэйгөө байшин барьсан юм бол хэдэн төгрөгөөр, хэрхэн барьсан талаарх баримт байхгүй. Зүгээр л 2014 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгч байхдаа үнэлгээ хийлгэснээр үнэлж, энэ миний өмч хөрөнгөө гэж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Нийн яриад байгаа зүйл нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
Хариуцагчийн төлөөлөгч Б.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ айлын хоёр дахь охин. Би доороо 3 дүүтэй. Би 1980 онд 10 дугаар ангиа төгсөхөд ээж маань жирэмсэн болсон байсан бөгөөд хавдар байж магадгүй гээд Улаанбаатар хот руу явсан. Тэр үед би сумын төвийнхөө дотуур байранд байсан. Мөн аав минь намайг 10 дугаар ангиа төгсөхийг хүлээгээд нутагтаа байсан. Улаанбаатар хот руу Б.Н, Б.Янжиндулам, ээж гурав явсан. Ээж маань хавдар байж магадгүй гээд онош тогтоолгохоор Улаанбаатар хотод ирж үзүүлэхэд жирэмсэн болсон байна эрэгтэй хүүхэд байна гэсэн. Ээж минь 18 жилийн дараа дахин төрөх гэж байгаа учраас Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байж байгаад төрнө гээд хотод үлдсэн. Улаанбаатар хотод Б.Янжиндулам Техник мэргэжлийн сургуульд, Б.Н Монгол Улсын Их сургуульд тус тус ирсэн. Ингээд ээж хоёр охинтойгоо айлын хашаанд амьдарч байсан. Тэр хашааг аавын минь ах олж өгч гэр олж барьж өгсөн байдаг. Энэ байдлыг Б.Н эгч аав, ээж хоёрыг салаад ээжийг хотод ирсэн мэтээр ярьж байгааг би үгүйсгэж байна. Ингээд ээж төрж Б.Х мэндэлсэн. Б.Хыг төрөхөд аав маань хот руу шилжихээр шийдээд би аавтайгаа хамт гэрээ нүүлгэж ирсэн. Ингээд би Улаанбаатар хотын Анагаах Ухааны дунд сургуульд орсон. Тэр үед бид бүгдээрээ Дэнжийн мянгад айлын хашаанд байсан. 475 тоот хаягт анхнаасаа амьдарч байгаагүй. Айлын хашаанд хоёр жил байх хугацаанд би сургуулиа төгсөж, манай эгч надаас 2 жилээр эгч байсан болохоор хамт төгссөн. Манай эгчийг Говь-Алтай аймгийн Боловсролын хэлтэст хуваарилаж, намайг Улаанбаатар хотод хуваарилсан. Энэ үед бид хоёр хоёулаа Улаанбаатар хотын иргэний үнэмлэхгүй байсан. Гэтэл миний дүү Б.Янжиндулам 10 дугаар ангид сурч байхдаа жирэмсэн болж хүүхэд нь эндсэн. Үүнийг далимдуулан Б.Н би дүүгээ харна гээд яваагүй. Б.Нийн бүх бичиг баримт нь Говь-Алтай аймаг руу явсан байсан. 1983 оны намар хөдөөнөөс ирэхэд аав, ээж хоёр маань хажуу талын 475 тоот хашааг авчихсан байсан. Ингээд манайх 475 тоот хашаанд бүгдээрээ амьдарч эхэлсэн. Улмаар Б.Н, Б.Янжиндулам бид гурав жил жилийн зайтай өрх тусгаарласан. Аавд маань бид гурвыг өрх тусгаарлахад хэцүү байсан ч хойд аав нь гэж бодохгүйгээр бид гурвыг төрд дансалж өрх тусгаарлаж байсан. Бид бүгд ажилтай болж, тал тал тийшээ явсан. Би цэргийн хүнтэй суусан. Манай дүү төгсөөд хүнтэй сууж, хойд талын хашаанд гэр барьж амьдарсан. Аав маань бид нарт өмч тасалж өгч чадаагүй ч бүгдийг нь нөхөртэй, ажилтай болгож, амьдралыг минь зөв зааж өгсөн. Би эцгийгээ хойд эцэг гэж хэзээ ч боддоггүй. Манай Б.Х өсөж торниж байтал Б.Д төрсөн. Мөн удалгүй Б.Н тусдаа гараад явсан чинь нөхөр нь хоёр хүүхэдтэй эхнэртэй байсан байна гээд буцаад жирэмсэн болоод манай аавын 475 тоот хашаанд сангийн гэр барьж амьдраад тэндээ төрж, хүүхэд нь том болсон. Манай аав тэр үеийн шороо тоосгоор л хашаандаа байшин барьсан. Би төрчихсөн байсан болохоор хүүхдээ шөнө хуурайлчихаад гадаа гарахад аав минь усны тэргэн дээр цайны модон хайрцаг хадчихсан шороо зөөгөөд ганга руу асгаад явж байдаг байсан. Б.Н хуулийг төөрөгдүүлж байна. Ээж аав хоёр хаана ч гэртэйгээ л байсан. Хүний хашаа байшин түрээсэлж амьдарч байгаагүй. Б.Н үргэлж нас барсан хүмүүсийн нэрийг барьж яриад байна. Б.Н оюутан байсан болохоор орлогын эх үүсвэр байгаагүй. Уг хашааг аав маань авсан. Б.Н том ах н.Дд мөнгөө хадгалуулдаг байсан гэсэн. н.Д ахыг гэрчээр асуугдах гээд ирэхэд нь та яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэсэн чинь дээр нэг шил архи барьж ирчихээд шахаад байхаар нь тэгж хэлсэн гэсэн. Ээж маань би Нээс их айж байна, санаа бодол нь хэцүү юм бэ, миний хүүхдүүд болгоомжтой яваарай гэж хэлдэг байсан. Ингээд Б.Н нөхөр н.Гтайгаа Эрдэнэт хотод очсон. Б.Д нэг л нөхөртэй, одоо 4 хүүхэдтэй. Би хэргийн материалтай танилцаж байхад аавыг гарын үсэг зурсан гэсэн тэр гарын үсэг аавынх биш байсан. Миний аав их гоё бичигтэй хүн байсан. Н аавтай явж гэрчилгээгээ хөөцөлдсөн гэдэг худлаа. Тэр бичиг баримтыг аав минь надад авч ирж өгсөн надад хадгалагдаж байдаг юм. Б.Н надаас авах гэж удаа дараа оролдсон. Нөхөр, хүүхэдтэйгээ манайд ирж авах гээд байсан би өгөөгүй. Намайг хотод орж ирэхэд аав, ээж маань хоёулаа хавдартай болсон байсан учраас надад бичиг, баримтуудаа бүгдийг авч ирж өгсөн. Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд хадгалуулсан байсан. Дараа нь Б.Н нөхөртэйгөө ирээд гэрчилгээг би авах ёстой би авна гээд байсан. Би гэрчилгээг өгөхгүй, өмч хөрөнгийн асуудлыг хуулийн дагуу шийдье гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсаар байхад сонинд худлаа зар өгсөн байсан. Тусдаа амьдралтай болчихоод хоёр өнчин дүүгээсээ өмч хөрөнгийн нь булааж авах гэж байгаад би харамсаж байна. Энэ өмч хөрөнгө Б.Х, Б.Д нарынх өөр хэнийх ч биш. Хуулийн өмнө шударга байгаач, хуулийг битгий төөрөгдүүлээч гэж хэлмээр байна. Аав минь хоёр дүүгийн чинь өмч шүү гээд төрд дансалсан байхад яагаад дүү нараасаа өмч хөрөнгийг нь булааж авах гээд байгаа юм. Ээж, аавыг хавдартай байхад нь би болон манай бусад дүү нар сахиж байсан, Н нэг удаа сахиж үзээгүй хүн нөхрийнхөө ахыг сахиж байсан гэж үзэхгүй байна. Б.Н энэ өмч хөрөнгийг авах гээд эцэг эхийгээ ч зодож, нүддэг байсан. Энэ талаар гэрчлэх хүмүүс байгаа. Аав маань элгээ тайруулсан байхад Б.Нийн том болсон хүүхэд нь Б.Х, Б.Д хоёрыг ирж зодож, аавын минь элэг рүү өшиглөөд, түүнээс хойш аав минь удалгүй нас барсан. Ээжийг минь мөн хүүхэдтэйгээ хамт очиж зодсон. 2 өрөө орон сууцанд би болон Н оролцохгүй. Энэ орон сууц Б.Х, Б.Д хоёрт очно. Бид нарын хэн нь ч тэндээс ногдох ашиг авах эрх байхгүй. Иймд Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б.Д, Б.Я нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газар, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоот хаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Яад холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаар Б.Хыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээ хүчингүй болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газар, уг газар дээрх 91 м2 өвлийн сууц, 24 м2 агуулах, 21 м2 гараж, 18 м2 бохирын цооногийн өмчлөгч болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоотхаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Нийн өв хүлээн авах хугацааг сунгуулахаар өөрчилжээ. Дээрх шаардлагуудыг хариуцагч нар эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газраас Б.Нийг албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, шинээр бий болгосон үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох, эцэг, эхийнхээ хууль ёсны өвлөгчийн хувиар өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ тогтоолгох, уг хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн үндэслэлээр өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шаардсаныг хариуцагч нар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр бий болгоогүй, газрыг нэхэмжлэгчийн мөнгөөр худалдаж аваагүй, уг газрыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй, өв хүлээн авах хуульд заасан хугацаа дууссан үндэслэлээр маргаж байна. Нэхэмжлэгч Б.Н нь 1980 онд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод ирж эцэг П.Б, эх Д.Ц нарын хамт Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт суурьшсан, уг газар дээр 1983-1985 онд өвлийн сууц, 2004-2005 онд гараж, агуулах, бохирын цооногийг барьсан болох нь нэхэмжлэгч Б.Нийн “бид хоёр Хас банкнаас удаа дараа зээл авч байрандаа засвар хийж, ...доороо бохир усны цооногтой, гаражтай, зуны байшинтай, складтай, дотроо халуун, хүйтэн устай болгож маш сайхан тохижуулсан” гэсэн тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Б.Яын “аав, ээжийн хашаанд 1995 онд буцаж очоод 1 жил гаруй амьдарсан тэр үед ногоон амбаар л байсан, өөр юм байгаагүй” гэсэн тайлбар, гэрч С.Дгийн “1980-аад оны үеэс Н гэр барьж буусан, Г гэдэг хүнтэй амьдраад нөхөр Г зах банзаар газартаа томдсон том байшин барьсныг мэднэ, ...2003 байна уу 2004 оны үеэр буцаж ирээд параар халдаг, 00 хийгээд сайхан засвар хийсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гын “Нтэй 1983 онд гэр бүл болсон, би хадмындаа хамт амьдардаг байсан, том байшин бариад хадмуудтайгаа хамт амьдрахаар барьсан, 1992 оноос Эрдэнэт рүү яваад 2004 онд буцаж ирээд, ...хавраас хашаа байшингаа янзалж тохижуулаад гараж, 2 давхартаа склад барьсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзлээ. Зохигчдын эцэг П.Б, эх Д.Ц нар гэр бүл болсноо 1967 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба 1980 онд Б.Х, 1983 онд Б.Д нар төрсөн байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж зааснаар П.Б, Д.Ц, Б.Н, Б.Х, Б.Д нар нэг гэр бүлийн гишүүд байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар П.Б, Д.Ц нарыг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.
Дээрх нэр бүхий 5 хүнийг хамтын амьдралтай байх хугацаанд баригдсан өвлийн сууцыг зөвхөн нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгөөр шинээр бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Иргэний 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэж зааснаар өвлийн сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө /Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-126.2.4/ эсвэл гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгөөс /Иргэний хуулийн 126.2.5, 126.3/ бүрддэг байна. Тодруулбал гэр бүлийн хөрөнгө нь гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр, хөрөнгийн оролцоогоор бий болно. Дээрх маргаан бүхий өвлийн сууцыг баригдаж ашиглалтад орох үед хариуцагч нар 0-5 настай байсан тул тэдний хөдөлмөр, хөрөнгийн оролцоогүйгээр шинээр бий болсон хөрөнгө гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар өвлийн сууц нь талийгаач П.Б, Д.Ц, нэхэмжлэгч Б.Н нарын хамтран өмчлөх дундын өмч байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт байрлалтай 333.88м2 газрыг 1980 онд нэхэмжлэгч өөрийнхөө оюутны тэтгэлгээр худалдаж авсан гэх боловч тухайн үед газар төрийн өмч байсан бөгөөд ийнхүү худалдан авснаар газрыг өмчлөх эрх үүсэхгүй юм. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батласан ба уг хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт байрлалтай 333.88м2 газрыг эзэмшиж байсан П.Бт тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өмчлүүлэх шийдвэр гарснаар өмчлөх эрхтэй болж, уг эрхээ 2004 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, хамтран өмчлөгчөөр Д.Ц, Б.Х, Б.Д нарыг бүртгүүлж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар П.Б, Д.Ц, Б.Х, Б.Д нар газар өмчлөх эрхээ баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт байрлалтай 333.88м2 газрыг хуулиар П.Бт өмчлүүлэх шийдвэр гарч, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба уг бүртгэлийг буруу ташаа болохыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй тул дээрх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Иймд маргаан бүхий газрыг 1980 онд худалдаж авсан үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй бөгөөд газар өмчлүүлэх шийдвэр гарах үед нэхэмжлэгч гэр бүлийн гишүүнээс гарсан байжээ. Иймд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт байрлалтай 333.88м2 газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Уг газар дээр 2004-2005 онд баригдсан агуулах, гараж, бохирын цооногийг нэхэмжлэгч 2004 онд Эрдэнэт хотоос ирж тухайн газар дээр амьдарч байхдаа барьсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба эдгээр баримтыг хариуцагч тал үгүйсгэх нотлох баримт гаргаагүй болно. Иймд дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Нийг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоотхаягт байрлалтай 333.88м2 газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000019585 дугаар гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцохоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулахаар хүсэлт өгсөний дагуу Өнөөдөр сонины 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №199/4062/ дугаарт дээрх гэрчилгээг хүчингүйд тооцсон байна. Энэ нь уг гэрчилгээг бусдад хууль бусаар ашиглуулах, ийнхүү ашигласнаас үүсэх үр дагавраас сэргийлэх зорилгоор өмчлөгч өөрийн хүсэл зоригоор хүчингүй болгож буй үйлдэл. Тодруулбал, өмчлөгч нарыг өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй. Иймд хариуцагч Б.Х, Б.Д нарын нэр дээрх гэрчилгээ хүчингүй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг “нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заажээ. Иймд талийгаач Д.Цийн хууль ёсны өвлөгч мөн болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй бол өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Хуульд заасан дээрх хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу өвчтөн асарч байсан үндэслэлээр сунгуулах шаардлага гаргасан байна.
Б.Ц 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, П.Б 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нас барсан өдрөөс өв нээгдэж мөн өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлтээ гаргах байжээ. Дээрх хугацаанд буюу 2010 оны 10 дугаар сараас 2013 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөхөр Г.Гын төрсөн ах Г.Сүхбаатарыг асарч байсныг нотлохоор өвчний түүх, тус сумын Эрүүл мэндийн төв болон 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан боловч дээрх нөхцөл байдал эргэлзээгүйгээр хангалттай нотлогдохгүй байна. Учир нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн .... тоотод 2004 оноос хойш амьдарч байгаагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн 2003-2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөрийн баримтууд дээр Г.Г болон Б.Н нар өөрсдөө гарын үсгээ зурж, сар бүрийн төлбөрийг төлдөг байсан гэж тайлбарласнаас дүгнэвэл өвчтнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2010 оны 10 дугаар сараас 2013 оны 6 сарыг дуустал хугацаанд тасралтгүй асарсан байдал нотлогдохгүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан өв хүлээн авах хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул уг хугацааг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Өв хүлээн авах хугацааг сунгаагүй тул өвлөгдөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоотхаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Иймд уг орон сууцнаас ногдох хэсгээ тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Мөн хариуцагч Б.Яаас татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газраас нэхэмжлэгчийг албадан нүүлгэх шаардлага гаргажээ. Дээрх газар хариуцагч нарын өмч мөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байгаа нөхцөлд шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн агуулах, гараж, бусадтай хамтран өмчлөх хөрөнгө нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна. Өвлийн сууц нь тухайн газрыг хариуцагч нар өмчлөхөөс өмнө баригдсан ба бусад хөрөнгүүдийг зөвшөөрөлгүйгээр барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нарын өмчлөлийн газрыг нэхэмжлэгч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасан “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг зөрчсөн байх тул мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” гэж заасныг баримтлан газар, өвлийн сууц, агуулах, гараж, бохирын цооногийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн үнийг 2015 оны зах зээлийн үнэлгээ болох 54140000 төгрөгөөр тодорхойлж, уг дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 428650 төгрөг, Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээ хүчингүй болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоотхаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Нийн өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлагад тус бүр 70200 төгрөг төлөхөөс 400 төгрөг дутуу төлснийг тус тус нөхөн гаргуулах нь зүйтэй. Хариуцагч нар 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газар дээр баригдсан өвлийн сууц, агуулах, гараж, бохирын цооногийн өмчлөгчөөр тогтоолгох, уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа Б.Нийг албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх ба тухайн шаардлагаа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн .... тоотын газраас нэхэмжлэгчийг албадан нүүлгэх болгон багасгаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлжээ. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 70200 төгрөгийг буцааж олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлээс Б.Д, Б.Х нарын нэр дээрх газрын гэрчилгээ хүчингүй болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо “Хэрэглээ Импекс” ХК-ийн 29 айлын орон сууцны ... тоот хаягт байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Нийн өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Яад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газарт байршилтай 24 м2 агуулах, 21 м2 гараж, 18 м2 бохирын цооногийн өмчлөгчөөр Чингэс богд овогт Бын Нийг тогтоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн.... тоот333.88 м2 талбай бүхий газарт байршилтай 91 м2 өвлийн сууцыг П.Б, Д.Ц, Бын Н нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35 дугаар гудамж ....тоот хаягт байрлах газраас Б.Нийг албадан нүүлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 429050 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Х, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 263283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Б.Х, Б.Д нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА