| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/01880/И |
| Дугаар | 102/ШШ2018/02087 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/02087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: А ХХК
Чингэлэгийг Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлэхийг даалгах, хугацаа хэтрүүлсэний төлбөр 9752120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А
хариуцагчийн төлөөлөгч Б.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн С.М би Бүгд Найрамдах Солонгос улсын Бкомпанийн Монгол улс дахьтөлөөлөгчийн газрын даргаар 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай төлөөлөгчийн газар гадаад улсаас ачаатай чингэлэг тээвэрлэдэг үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 12 сарын 01-ний өдөр манай компанид Монгол улсын иргэн С.Булганжаргал нь 40 тоннын 1 ширхэг чингэлэг ачааг Бүгд Найрамдах Солонгос улсын Инчон хотоос Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхээр хандаж манай компани захиалгыг нь хүлээн авсан болно. Уг чингэлэгийг Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэх төмөр замын тээврийг Монгол Улсын А ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон юм. Би урьд өмнө ажил хэргийн шугамаар харилцаж нэгэнт тогтсон холбоогоо ашиглан А компанитай Скайф чатаар тус компанийн менежер Оюунаатай харилцаж чингэлэгээ тээвэрлүүлэхээр тохирсон юм. Би урьд өмнө олон удаа харилцаж чингэлэг тээвэрлүүлдэг байсан болохоор А компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ингээд иргэн С.Булганжаргалын 40-н тоннын чингэлэгийг манай компани Инчон хотоос Замын-Үүд боомт хүртэл тээвэрлэсэн болно. А компани тохирсон ёсоор Замын-Үүд боомтоос Улаанбаатар хот хүртэл чингэлэгийг тээвэрлэж захиалагч С.Булганжаргал чингэлэг доторх бараагаа 2017 оны 12 сарын 11-нд хүлээн авсан. Тогтсон ажил хэргийн заншил ёсоор бол хоосон чингэлэгийг манай компани А компаниас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод хүлээн авах ёстой юм. Гэтэл С.Булганжаргалын ачааг тээвэрлэсэн чингэлэг хугацаандаа Эрээн хотод ирээгүй. Би чингэлэгийг яагаад манай талд хүлээлгэн өгөхгүй байгааг А компанийн менежер Оюунаагаас чатаар лавлахад танай Женерал Ложистикс компани манай А компанид чингэлэг тээвэрлүүлсэн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, бид нар уг төлбөрийн үлдэгдэлээ авмаар байна, хэрвээ төлбөрийн үлдэгдэлээ төлвөл манайх танай хоосон чингэлэгийг буцааж өгөх болно гэж мэдэгдсэн. Би А компанийн Оюунаа болон удирдлагуудад өөрийгөө Женерал Ложистикс компанид ажиллахаа больсон, Солонгос улсад байдаг манай толгой компани дампуурсан учраас Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь татан буугдсан, одоо шал өөр эзэнтэй Бгэдэг компанид ажилд орсон гэдгээ удаа дараа тайлбарласан, очиж уулзсан, албан өгсөн боловч А компани манай төлөөлөгчийн газрын тайлбарыг огт хүлээж авдаггүй юм. Танай Женерал Ложистикс компани нэрээ өөрчлөөд манайхыг залилаад байна гэж үзэн бидний яриаг хүлээж авдаггүй болно. А компанийн чингэлэг барьцаалсан энэ хууль бус үйлдлээс болоод манай Бкомпани алдагдалд орж байна. Учир нь С.Булганжаргалын ачааг хүргэж ирсэн 40 тоннын WDFU300255-6дугаартай контейнерыг түрээслүүлэгч БНСУ-ийн Вэйдонг Шиппин манай компаниас чингэлэгээ нэхдэг, чингэлэг өгөхгүй болохоор цаг хугацаанд нь чингэлэгийг буцааж өгөөгүй гээд өдрийн 40 ам долларын алданги тооцож нэхэмжлээд байна. Энэ нэхэмжлэлийн хэмжээ өдөр өнгөрөх бүр нэмэгдэж байна. Ингээд манай компани чингэлэгийг буцааж өгөх ёстой байсан 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 119 хоногийн хугацаа хэтрүүлсэний 4060 ам доллар буюу 9752120 төгрөгийн төлбөрт орчихоод байна. Иймээс А компанийн хууль бус эзэмшлээс WDFU300255-6дугаартай контейнерыг шаардаж байна. Мөн контейнерийг барьцаалсан хугацаанд бодогдож байгаа төлбөр болох 9752120 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХК нь А ХХК-иар Замын-Үүд хотоос Улаанбаатар хот хүртэл 1 ширхэг чингэлгийг тээвэрлүүлээд буцаагаад Эрээн хотод хүлээж авах ёстой байсан. Гэтэл А ХХК нь чингэлэгийг буцааж өгөөгүй. Яагаад буцааж өгөхгүй байгааг асуухаар өмнө нь миний ажиллаж байсан Солонгос компанийн өр төлбөрийн асуудалтай холбож ярьдаг. Энэ байдлаас үүдэн нэхэмжлэгч компани төлбөрт орсон. Мөн чингэлэгийг А ХХК-ийн эзэмшилд байгаа гэж ойлгож нэхэмжлэлийг гаргасан боловч одоо чингэлэг А ХХК-ийн эзэмшилд биш Монголтранс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд чингэлэг байгаа гэдэг нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд анх тохирсон хэлцлийн дагуу А ХХК-иар Улаанбаатараас буцаад Эрээн хотод хүргүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Мөн цаад компаниас нэхэмжилж байгаа төлбөр 4060 ам доллар буюу 9752120 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХК болон А ХХК нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан. Гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн зүйл байхгүй. Скайп чатаар хоорондын хэлцэл, яриа нь явагдсан нь тодорхой байгаа. Энэ гэрээгээр Б ХК нь өөрийн хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Хоёр талын тээврийн зардал болох 950 ам долларыг шилжүүлсэн. Гэтэл А ХХК нь хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нэг талын тээвэрлэлтийг хийгээд буцааж тээвэрлэх үүргээ гүйцэтгээгүй. Учир нь Женерал ложистек ХХК-ийн төлбөр тооцооны асуудлаас шалтгаалж чингэлэгийг барьцаалсан. Барьцаалагдсан чингэлэг нь Б ХК буюу шал өөр компанийн чингэлэг байсан. А ХХК нь зохих ёсоор үүргээ биелүүлж, чингэлэгийг хугацаанд нь буцаагаагүйгээс болж, манай компани төлбөрт орсон. Иймд үүргээ биелүүлээгүй А ХХК-ийг үүргээ биелүүлэхийг даалгаж, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаа хэтрүүлсэний төлбөрт 9752120 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай компанийн хууль бус эзэмшлээс нэг ширхэг чингэлэг шаардан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг шаардлагыг ойлгохгүй байна. Тухайн чингэлэгтэй холбоотой асуудал нь манай компанид хамааралгүй бөгөөд бид нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нэг ширхэг чингэлэгтэй ачааг нь Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, тохиролцсон ёсоор үүргээ биелүүлсэн, тухайн чингэлгээ буцааж авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд манай компанид хамааралгүй. Мөн нэхэмжлэгч байгууллага чингэлэгийн хугацаа хэтрүүлсний төлбөр 9 752 120 төгрөгийг нэхэмжилсэн байна үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бид нэхэмжлэгчийг хүсэлтийн дагуу ганц чингэлэг Улаанбаатар хот хүргээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хүргэж авчирч өгсөн, тухайн чингэлгээ буцаах, буцаан ачуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн нь сонголт бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хийсэн сонголтын төлөө бид ямар нэг мөнгөн болоод бусад хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ манай чингэлгийг үндэслэлгүй барьцаалсан гэж бичсэн байх ба тийм зүйл огт байхгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь өмнө өөр компанийн нэрийн өмнөөс манай компанитай хамтран ажилладаг байсан бөгөөд тухайн компанийн төлбөр тооцооны асуудал байгаа нь үнэн ба С.Мыг өмнө ажиллаж байсан компанийн төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхэд бидэнд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байсан нь үнэн, барьцаалсан зүйл байгүй. Иймд Б ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байх тул хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан ачааг Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийг манай компани 950 ам доллароор хийсэн. Манай менежер н.Оюунаатай холбогдож нэг талдаа тохирсон байдаг. Харин манайх буцааж тээвэрлэх үүргийг хүлээгээгүй. Хэрвээ буцааж тээвэрлэх тохиолдолд дахин гэрээ хэлцэл хийх шаардлагатай. Хоёр талдаа тээвэрлэхийг чатаар тохиролцсон гэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр чатад үзлэг хийж баримтаар баталгаажуулсан ч уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх асуудал нь шүүхийн асуудал байх. Манай зүгээс чатны харилцан яриан дээр эргэлзэж байгаа. Үүнийг бодитой талаас үнэлэх ёстой. Хохирлын асуудал дээр 2180 доллар төлсөн гэж байна. Төлбөр төлсөн баримт нь тээврийн зардлаа төлөөд байгаа юм уу, хохирлоо төлж байгаа юм уу эргэлзээтэй. Нэхэмжлэгч компани өөр компанийн чингэлэгийг ашиглаж байгаа бол тодорхой хэмжээгээр төлбөрийг нь төлөх ёстой л байх. Яг ямар зориулалтаар төлсөн төлбөр гэдэг нь тогтоогдоогүй. Чингэлэгээ авах асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Гэтэл компанийнхаа дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж гарсан хохирлоо манайхаар төлүүлэх гэж байгаа нь ёс зүйгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэсэн агуулга бүхий шаардлагыг гаргаж өгсөн. Энэ шаардлагыг О.А гэж хүн гарын үсэг зурж гаргасан байдаг. Хууль зүйн талаасаа өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилж, багасгаж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шийдвэр гаргах эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Манайх чингэлэгийг буцааж Эрээн хот руу тээвэрлэх үндэслэл байхгүй. Хэрвээ манайхаар тээвэрлүүлэх гэж байгаа бол төлбөр, тооцоогоо хийгээд тээвэрлүүлж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан WDFU300255-6 дугаартай 40 тн чингэлэгийг хууль бус эзэмшлээс авах, хугацаа хэтрүүлсэний төлбөрт 9752120 төгрөг гаргуулахаар шаардсанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад WDFU300255-6 дугаартай 40 тн чингэлэгийг Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэхийг даалгахаар нэхэмжлэлийн эхний шаардлагаа өөрчилжээ. Энэхүү өөрчилсөн шаардлагыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр бичгээр гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж тайлбарласнаар хариуцагч тал тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, уг шаардлагын талаар зохигчдын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзсэн болно.
Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл 40 тн чингэлэгийг төмөр замаар тээвэрлүүлэхээр тохирсон хэлцэл хийгдсэн талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгч тал уг чингэлэгийг буцаагаад БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэх тохиролцоо хийгдсэн, харин хариуцагч зөвхөн нэг талын тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн гэж маргаж байна. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар хариуцагч А ХХК-ийн менежер Оюунаа гэх хүнтэй скайп чатаар /skype chat/ харилцсан зурвасыг ирүүлж, уг баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийлгэж баримтжуулсан байна. Үзлэгээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр moog24241, Ashley oyunaa гэсэн хэрэглэгчдийн хооронд 2 талдаа 950 ам доллароор чингэлэг тээвэрлүүлэх тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх баримтыг хариуцагч тал үгүйсгэх нотлох баримт гаргаагүй, мөн хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн төлөөлөгч М манай менежер Оюунаатай холбогдож нэг талдаа 950 ам доллароор тохирсон гэсэн тайлбараар А ХХК-д Оюунаа ажилладаг, С.М, н.Оюунаа нар холбогдсон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн скайп чатаар харилцсан мэдээллийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэв. Иймд талуудын хооронд Зам-Үүдээс Улаанбаатар, Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хот хүртэл Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч хөлс төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч чингэлэгийг /хоосон/ буцаан тогтоосон газар хүргэх үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар WDFU300255-6 дугаартай 40 тн чингэлэгийг тогтоосон газар буюу БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлэхийг хариуцагчид үүрэг болгох үндэслэлтэй.
Дээрх чингэлэгийг хариуцагч буцаан тээвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс тухайн чингэлэгийг Б ХК-д түрээслүүлэгч Weidong shipping CO.,LTD /Вэйдон шиппин ХХК/-д чингэлэгийг буцаан өгөх хугацаа хэтрүүлсэний төлбөрт 4060 ам доллар буюу 9752120 төгрөг төлөх үүрэг үүссэн үндэслэлээр хохиролд 9752120 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Талууд гэрээгээр чингэлэгийг буцаан тээвэрлэх хугацааг тохироогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар /скайп чатаар харилцсан зурвас/ чингэлэгийг хариуцагчаас шаардаж байсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг чингэлэгийг буцаан тээвэрлэх үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн ...тухайн чингэлэгтэй холбоотой асуудал манай компанид хамааралгүй, ...чингэлэгээ буцаах, буцаан ачуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь сонголт гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн М, Оюунаа нарын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр скайп чатаар харилцсан зурвасанд хоосон контейнерийг барина гэсэн үг үү, тэгнэ, тэр асуудлаа л хурдан шийдээд хоосон контейнероо авах байх даа гэсэн мэдээлэл болон уг чингэлэг хадгалагдаж байгаа Монголтранс ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Монголтранс ХХК нь Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүс учраас WDFU300255-6/40 чингэлэгийг А компанийн хүсэлтийг үндэслэн гаалийн хяналтын бүсийн ахлах байцаагчийн зөвшөөрлөөр гарна гэсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруугаас маргаан бүхий чингэлэг гаалийн хяналтын бүсэд хадгалагдаж буй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацаа хэтэрсэнд хариуцагчийг буруутай гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч тодорхойлохдоо чингэлэгийг түрээслүүлэгчид буцааж өгөх хугацаагаар буюу 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч Weidong shipping Co.,LTD /Вэйдон шиппин ХХК/-д төлөх төлбөрийн /хугацаа хэтэрсэн төлбөр/ хэмжээгээр тогтоосон гэж байгаа боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан ачааны нэхэмжлэл дээр /ХХ-ийн 27-р хуудас/ чингэлэг хүлээлгэн өгөх хугацаа тодорхойгүй буюу хэдийнээс хэдий хүртэл хугацаанд төлбөр тооцсон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 4060 ам долларын хохирол бодитоор учирсан гэж дүгнэх боломжгүй. Мөн чингэлэгийн төлбөрт түрээслүүлэгчид 2180 ам доллар төлсөн талаарх нотлох баримтыг /депозит гүйлгээний тодорхойлолт/ гаргаж өгсөн боловч тухайн баримтад юуны төлбөр болох талаар тусгаагүй бөгөөд мөнгөн дүнгийн хэмжээнээс дүгнэвэл ачааны нэхэмжлэлд /ХХ-ийн 27-р хуудас/ дурдсан чингэлэгийн түрээсийн төлбөрийн хэмжээтэй таарч байна. Иймд дээрх төлбөрийг чингэлэгийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэний төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр хохирол 4060 ам доллар буюу 9752120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311400 төгрөгөөс 241200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар WDFU300255-6 дугаартай 40 тн-ын чингэлэгийг Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэхийг хариуцагч А ХХК-д үүрэг болгож, нэхэмжлэлээс 9752120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311400 төгрөгөөс 241200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70200 төгрөгийг тус, тус гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА