Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бод холбогдох эрүүгийн 1825000000062 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч М.Быг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Бүрэнбүст багийн 5-13 дугаар байрны 11 дүгээр орцны хонгилд Д.Быг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13 дугаар байрны 11 дүгээр орцны хонгилд М.Б Д.Б нар архидан согтуурч байхдаа М.Б нь Д.Быг хутгаар хатгаж биед нь баруун гуянд 2 тооны зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/, хохирогч Д.Бы мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Бы эмнэлэгт үзүүлсэн эмнэлэгийн өвчтөн хүлээж авсан бүртгэл /хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг/ хх 30- 31-р хуудас/, гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлэг, шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. -Шүүгдэгч М.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13 дугаар байрны 11 дүгээр орцны хонгилд Д.Быг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...подвалын гадна хаалга онгорхой дотогш ороход...хаалганы дэргэд хананд тулгаж тавьсан гялгар бүтээлэгтэй ширээн дээр хар өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 23 см урттай хутга байсныг хураан авч..” гэж тэмдэглэсэн болон хутгыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан 23 см урттай хар өнгийн хуванцар бариултай...ажлын хэсгийн нэг талд 8 см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйл хатаж бохирлогдсон...” гэж тэмдэглэсэн, гэрч Б.Эрдэнэбатын “...19 цаг 33 минутад ...хүн хутгалуулсан дуудлага аваад ...5-13-р байрны 11-р орцны подваль цоожтой байсан тул ...Б гэгчийг 5-12-р байрны баруун үзүүрт явж байхад нь саатуулж биед нь үзлэг хийхэд куртикний халааснаас нь хар өнгийн иштэй хутга гарч ирсэн. Мөн хутганы ажлын хэсэг цус болсон байдалтай байсан. Ингээд уг этгээдийг хэрэг болсон газарт авчирч хутгыг ширээн дээр гаргаж тавиад...үзлэг явуулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 143 дугаартай: ” ... Д.Бы биед баруун гуяанд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчнийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шарх тус бүр нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрч Д.Уранчимэгийн “...20 цагийн үед ...гаднаас дүү Б Болдоо ахад хутгалуулчихлаа гэсээр ороод ирсэн...шархыг нь үзтэл баруун гуя дээр нь 3 удаа хатгасан байсан...Ингээд би өөрийн утсаар 102,103 руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Д.Бы .... “Тэр орой 19 цагийн үед 5-13-р байрны 11-р орцны подвальд амьдардаг Б гэж хуурай ахынд очсон. Намайг тэдний подваль руу ороход Б ах Лхагваа ахтай хамт нэг шил архи уугаад сууж байсан...хажуу талынхаа өрөө рүү Б ах намайг дагуулж орсоноо баруун гуя руу гэнэт үзүүртэй зүйлээр хатгачихсан. Гарнаас нь бариад автал гараа татаж авсанаа дахин 2 удаа хатгасан тэр үед л би хутга гэдгийг мэдээд шууд гарч явсаар 5-15-р байрны 9-р орцны жижүүр хийдэг эгч Уранчимэг дээр очиж болсон асуудлыг хэлээд Цагдаагийн газр дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Хоолны хутгаар хатгасан. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нь дээрхи нотлох баримтуудаар давхар батлагдсан. Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн ба Д.Бы биед зориуд хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хэргийн 26 дугаар хуудаст авагдсан 32 дугаартай шинжилгээний дүгнэлтээр М.Бын цусанд этилийн спирт 2,7% промиль процент илэрсэн ба хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн бөгөөд хэрэгт С.Быг хэрэг хариуцах чадваргүй талаар дүгнэлт авагдаагүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Иймд М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмын дагуу шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-46-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нөгөө талаар хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгөгүй битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Мийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай хар өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ