Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 132/2016/0086/Э |
Дугаар | 00089 |
Огноо | 2016-10-28 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 00089
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, шүүгдэгч Ч.Тотгондогмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба овогт Чойдорын Тотгондогмидод холбогдох эрүүгийн 201606000208 дугаартай, 132/2016/0086/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 сарын 17-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хамба овогт Чойдорын Тотгондогмид /РД:ГО91121711/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Тотгондогмид нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас 2016 оны 2 дугаар сард Д.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтрэн орж 1 хос хромон гутал, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ш.Мөнхцогзолын гэрт нэвтрэн орж 200000 төгрөгийг тус тус хулгайлан авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тотгондогмидын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Үнэн зөв ярьсан гэх мэдүүлэг,
201606000208 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ш.Мөнхцогзолын өгсөн: ...Манайх Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг “Сант” хороонд оршин суудаг. Би 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 200000 төгрөгөө өөрийнхөө цахилгаантай хүрэн өнгийн цүнхэндээ хийгээд авдрандаа хийж хадгалсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өглөөний 11 цагийн үед байшингаа цоожлоод сумын төвийн урд эгнээнд байдаг Хүрэлбаатарынд очоод манай хашааг нураагаад янзлаад өгөөч гэж гуйчихаад буцаад гэртээ 11 цаг 30 минутын үед ирэхэд байшингийн хойд талын гал тогооны модон цонхыг эвдлээд дотогш орж байшин дотор байдаг шар өнгийн хээ угалз бүхий авдарны цоожны цүүг нь хугалж эвдлээд дотроос нь миний цүнхэн дотор байсан 200000 төгрөгийг аваад байшингаас гарахдаа дотор талаас нь хаалгыг нь эвдэлж онгойлгоод гарсан байсан. Намайг 200000 төгрөгөө тоолоод зогсож байхад Ч.Тотгондогмид гээд залуу хажууд байж байсан. Би дэргэд нь тоолоод цүнхэндээ хийж, авдартаа хийгээд цоожилсон. Тэгээд бодохоор намайг мөнгөө хаана хийж хадгалсаныг мэдэх хүн гэвэл Ч.Тотгондогмид юм. Тэр л манайхыг эзгүй байгааг мэдээд хулгай хийсэн байсан. Тийм учраас тухайн үед би цагдаад Ч.Тотгондогмид манай гэрээс 200000 төгрөгийг маань хулгай хийлээ гэж сэжиглээд шалгуулсан. Гэтэл хулгай хийснээ Ч.Тотгондогмид хүлээн зөвшөөрч ах Амгаланбаатар нь миний 200000 төгрөгийг бэлнээр надад буцааж өгсөн. Би өөр ямар нэгэн зүйл хулгайд алдаагүй…гэх мэдүүлэг /хх 14 тал/,
Хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: …Манайх Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутагт “хойд хороонд” тоосгон байшинд амьдардаг. Ихэнхдээ манайх хөдөө мал дээрээ байдаг болохоор хааяа сумын төвд орж ирдэг. 2016 оны 2 дугаар сарын 20-ны үед л байхдаа яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна ойролцоогоор цагаан сарын дараа байх гэж бодож байна. Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс 300000 төгрөгөөр худалдан авсан байсан шинэ хромон гутлаа өмсье гэж бодсон чинь гутал маань байхгүй болсон байсан. Би яагаад алга болсон талаар нь тухайн үөдээ мэдээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгтэл саяхан сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаад та өнгөрсөн цагаан сараар хромон гутал хулгайд алдаж байсан уу гэж асуухаар нь олохгүй байсан гутлаа хулгайд алдсан юм байна гэж мэдсэн. Манай сумын зүс таних хүү манай байшингаас хромон гутлыг маань хулгай хийж авсан юм байна лээ. Ч.Тотгондогмид нь хохирол барагдуулж өгсөн гэх мэдүүлэг /хх 25 тал/,
Гэрч Ч.Амгаланбаатарын өсгөн: ...Ч.Тотгонтогмид нь Мөнхцогзолын гэрээс 200000 төгрөг хулгай хийж авсан гэхээр нь уг мөнгийг Мөнхцогзолтой уулзаж байгаад бэлнээр нь өгч хохирлыг нь барагдуулсан. Мөнхцогзол нь надад гэрээсээ 200000 төгрөг хулгайд алдагдсан байсан талаар ярьсан гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Гэрч Д.Дашнямын өгсөн: ...Тотгондогмид нь 2016 оны намар яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Размерыг нь мэдэхгүй, шинэдүү хромон гутал өмсөж хэрэглэж байсан. Надад би ийм гуталтай болсон гэж үзүүлж байсан гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Гэрч Ч.Пүрэвийн өгсөн: ...Манайх Д.Пүрэвсүрэнгийхтэй хөрш айл. Д.Пүрэвсүрэн надад 2015 оны 8 дугаар сард хот явахдаа 39 размерын орос хромон гутал авсан талаараа хэлж байсан. Би ч гутлыг нь харж байсан. 2016 оны 2 дугаар сард гутлаа алдсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх 18 тал/,
Гэрч М.Хүрэлбаатарын өгсөн: ...Ээж маань 2016 оны 8 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед манайд ирээд намайг хашаа янзлаад өгөөч гэж хэлээд харьсан. Би удалгүй араас нь очиход гал тогооны хаалт, гэрт байдаг шар авдарны цүү зэргийг нь хөшиж эвдсэн байсан ба авдарт байсан 200000 төгрөг нь алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Яллагдагч Ч.Тотгондогмидын өгсөн: Би 2016 онд 8 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт байдаг. Мөнхцогзол гээд манай гэрээс урагшаа байдаг айлаас өдрийн цагаар байшингийн арын модон цонхны төмөр хаалтыг нь гараараа татаж эвдлээд цонхыг нь цааш түлхэж онгойлгон дотогшоо орсон. Тухайн айл руу цонхоор нь ороод харсан чинь ганц өрөөтөй өрөөний хойморт модон шар өнгийн авдар байсан. Тэгэхээр нь гараараа цоожийг нь татаж эвдлээд улаан өнгийн түрүүвч байхаар нь нээгээд үзэхэд мөнгө байсан тул авч байшингаас гарч явсан. Тэгээд уг мөнгөөрөө сумын дэлгүүрүүдээс янз бүрийн зүйл худалдан аваад дуусгасан. Үүнээс өмнө 2016 оны 2 дугаар сарын эхээр буюу эхний 10 хоногтоо байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Сумын төвд манай гэрийн ар талд байдаг Пүрэвсүрэн гэдэг айлын байшингийн арын вакум цонхыг нь гараараа татаж эвдээд, дотогш орж гутлын тавиур дээр нь байсан шинэ орос хромон гутлыг нь аваад гарсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Тухайн хулгай хийсэн гутлаа нэг сар гаран өмсөж хэрэглээд Дашинчилэн сумын хогийн жалганд аваачаад хаясан. Ингэж би 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хромон гутлыг өмсөж хэрэглэх гээд хулгай хийсэн. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Мөнгөний тухайд бол зүгээр гудамжаар явж байгаад л гэнэт хулгай хийсэн. Хромон гутал хулгай хийснийг маань хэн нэгэн хүн мэдээгүй. Би хулгай хийснээ хэн нэгэн хүнд хэлээгүй. Сүүлд нь цагдаа дээр ирээд хулгай хийсэн талаараа сайн дураараа хэлсэн. Намайг хэн нэгэн хүн зодож дарамталсан зүйл байхгүй. Би хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хулгай хийсэн нь үнэн гэх мэдүүлэг /хх 30-32 тал/ эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 2 тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх 3 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх 23 тал/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 25 тал/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 29 тал/, сэжигтнээр татаж байцаасан тэмдэглэл /хх 30 тал/, яллагдагчаар татах тогтоол /хх 31 тал/, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 32 тад/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх 36-41 тал/ зэрэг болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Тотгондогмид нь шунахайн сэдэлтээр Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас 2016 оны 2 дугаар сард Д.Пүрэвсүрэнгийн байшинд нэвтрэн орж 1 хос, орос хромон гутал, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ш.Мөнхцогзолын гэрт нэвтрэн орж 200000 төгрөгийг тус тус хулгайлан авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Тотгондогмидыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Тотгондогмидод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Тотгондогмид нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Хамба овогт Чойдорын Тотгондогмидыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Тотгондогмидыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Тотгондогмидын 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Тотгондогмид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нар санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Тотгондогмидод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тотгондогмидод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД