Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

П.Б, Д.Т, А.Т, Б.Т, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Т, Б.Мнарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч П.Б, Д.Т, А.Тнарын өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, Б.Мнарын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлоор П.Б, Д.Т, А.Т, Б.Т, Б.М нарт холбогдох эрүүгийн 1806064470345 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                      

1., Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамж 17 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

2., Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн гудамжны 1828 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

3., Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд, боловсролтой, сантехникч мэргэжилгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 36 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

4., Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 37 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

5., Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Б.Т, Б.Мнар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн бүлэглэн иргэн Х.Батбаярт хүч хэрэглэн довтолж гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

П.Б, Д.Т, А.Тнар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг дээрэмдэж авсан бөгж, гар утас, бэлэн мөнгө зэргийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Т, Б.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

 П.Б, Д.Т, А.Тнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, П.Б, Д.Т, А.Тнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, Б.Т, Б.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т, Б.Мнарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Т, Б.Мнарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  П.Б, Д.Т, А.Т, Б.Т, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба  П.Б, Д.Т, А.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Т, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

                                              

Шүүгдэгч Б.Т, Б.Мнарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн  2019/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох нь хэсэгт "...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т, Б.Мнарын өмгөөлөгчийн гаргасан" ...Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д "гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заажээ. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Б.Т, Х.Мөнхзул нарын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулахад тогтоол биелүүлэхийг хойшлуулах журмыг хэрэглэж өгнө үү". гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүхээс Боржигон овогт Бүрэнжаргалын Тэмүүжин, Хиргис овогт Баяржаргалын Мөнхзул нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Б.Т, Б.Мнарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчдийн хувьд хэргийн зүйлчлэл болон үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Анхан шатны шүүх "...энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно." гэж дүгнэсэн атлаа манай үйлчлүүлэгч нарт "...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулинд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

3. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулахад тогтоол биелүүлэхийг хойшлуулах журмыг хэрэглэж өгнө үү" гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн ч түүнийхээ үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурьдсангүй.

Учир нь Б.Т, Б.Мнарын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сартай байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." мөн зүйлийн 5 дахь хэсэгт "шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно." гэж тус тус заасныг анхан шатны шүүх хэрэглэх бүрэн боломжтой байсан бөгөөд ийнхүү хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл, нөхцөл байдлыг бий болгож байгаад оршино.

Миний үйлчлүүлэгч Б.Мнь эх, эцэг, 1-12 насны 4 дүүгийн хамт, Б.Т нь эх, эцгийн хамт тус тус амьдардаг бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа бүрэн ухамсарласан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, бусдад төлөх төлбөргүй, цаашид хөдөлмөрлөх, сурч боловсрох, нийгэмд эзлэх өөрийн байр суурийг олох чинхүү эрмэлзлэлтэй бөгөөд энэ талаархи баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын "...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх..." зорилгыг хангах, нөгөө талаас үйлчлүүлэгчдийн өмнө дурьдсан хувийн байдалтай тус тус холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс Б.Т, Б.Мнарт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгч Б.Т, Б.Мнарт анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэл, хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.     

 

Шүүгдэгч П.Б, Д.Т, А.Тнарын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбайртаа: “...Тусгайлан гаргах тайлбаргүй. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно гэсэн шүүхэд үүрэг болгосон заалт гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч насанд хүрэх үед хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүйгээр ажиллагаа хийгдэнэ гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж үүрэг болгосон гэж Ц.Амар өмгөөлөгч ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 8.6 дугаар зүйлд “шийтгэх тогтоолыг хойшлуулж болно” гэж  тусгасан. Үүнд хууль хэрэглээний асуудал байгаа учраас прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл байхгүй...” гэв.

                                                                                

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Т, Б.Мнар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн бүлэглэн иргэн Х.Батбаярт хүч хэрэглэн довтолж гар утас, түрийвч, 15.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

П.Б, Д.Т, А.Тнар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Батбаярыг дээрэмдэж авсан бөгж, гар утас, бэлэн мөнгө зэргийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Х.Батбаярын “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед хотод ирээд найзтайгаа уулзахаар Ботаникийн эцсийн ойр байдаг Монгол нэртэй караокегоос харих гээд такси барих гээд гараа өргөтөл цагаан өнгийн гэр бүлийн жип маркийн машин зогссон. Тэгээд суутал урд талд нь 2 хүн, ард нь бас 2 хүн нийт 4 залуу сууж байснаа нэг нь багаж хэсэг рүү орсон. Надаас хаашаа явах талаар асуухаар нь Натур явна гэж хэлэхэд ямар том юм бэ гээд миний ард суусан залуу толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би “ах нь өгөх юмыг нь өгье, болилдоо” гээд нэгийг нь эсэргүүцээд тохойдсон чинь “ямар овоо гар вэ” гээд толгой, нүүр рүү олон удаа цохисон. Би өмднийхөө халаасанд түрийвч болон 2 ширхэг утсаа хийсэн байсан ба миний өмдний халааснаас тэдгээрийг авсан удалгүй мухар гудамжинд ирээд зогссон. Урд сууж явсан нэг залуу нь намайг татаж унагаагаад нүүр нүдгүй цохисон. ...түрийвчийг 3 жилийн өмнө 80.000 төгрөгөөр авсан. Түрийвчин дотор иргэний болон жолооны үнэмлэх, бэлнээр 30.000 төгрөг, “Хаан”, “Төрийн банк”-ны виза картууд, хуримын бөгж 700.000 төгрөгөөр авч байсан. Мөн 2 ширхэг хар, саарал өнгийн Самсунг эс-5 маркийн гар утсыг нэгийг нь 150.000, нөгөөг нь 270.000 төгрөгөөр тус тус авч байсан. ...нийт 1.260.000 төгрөгийн хохирол учирсан... Нөгөө талаас миний эмчилгээний мөнгө гэж 1.700.000 төгрөг өгсөн...” /хх-9-10, 82/,

 

Б.Т яллагдагчаар мэдүүлсэн “...тэр хүн машинаас буухгүй хэл ам хийгээд байхаар нь би машинаас буугаад тойрч очоод тэр хүнийн татаж буулгаад нүүр рүү нь гараараа 1 цохиод нуруу руу нь унасан байхад нь өшиглөсөн. Мөнхзул ч бас хажуунаас нь өшиглөсөн. ...би бөгжийг нь авсан. Харин Мөнхзул утас, түрүүвчийг нь авчихсан байсны машин дотор ороод хэлэхэд нь мэдсэн. ...” /хх 107-108/,

 

Б.Мяллагдагчаар мэдүүлсэн “...Би машин дотор байхад хохирогчийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Харин машинаас буулгасны дараа Тэмүүжин бид хоёр нүүр, бүсэлхий хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Машин дотор байхад Тэмүүжин мөн хохирогчийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Би өмднийх нь хармаанаас утас болон түрүүвчийг нь авсан. Харин Тэмүүжин зүүсэн байсан бөгжийг нь авсан гэдгийг машин дотор ороод хөдлөөд явж байхдаа мэдсэн. ...” /хх 113/,

 

П.Б яллагдагчаар мэдүүлсэн “...тэр хүн Мөнхзултай эхэлж маргаад машин жолоодож байсан Төрболд зогссон. Тэгсэн Мөнхзул Тэмүүжинтэй хамт нөгөө хүнийг татаж буулгахаар нь би араас нь буугаад нөгөө хоёрыг хохирогчоос салгаад машинд суулгаад хөдөлсөн. Би буух үедээ ямар нэгэн эд зүйлийг авсаныг мэдээгүй. Ингээд хөдлөөд явж байхад миний дор утас байхыг мэдээд нөгөөдүүлд хэлэлгүй өөртөө авчихсан. Мөнхзул, Тэмүүжин хоёр хохирогчийн түрүүвч, гар утсыг авсаныг машинтай хөдлөөд  явсаны дараа мэдсэн. ...” /хх 117/,

 

Д.Т яллагдагчаар мэдүүлсэн “...Машинд Мөнхзул, Тэмүүжин хоёр суугаад  хөдлөөд явж байсны дараа Мөнхзул, Тэмүүжин 2 түрүүвч, 1 эс-5 гар утас, бөгж зэрэг гаргаж ирээд түрүүний хүнээс авчихлаа гэж байсан. Ингээд эд зүйл авсан болохыг мэдсэн. ...” /хх 120/,

 

А.Тяллагдагчаар мэдүүлсэн “...тэр хүн Мөнхзултай маргалдсан. Ингээд захын урд талд явж байсан болохоор Мөнхзултай маргаад байхаар нь Төрболд машинаа зогсоосон. ...Мөнхзул, Тэмүүжинтэй хамт тэр хүнийг машинаас татаж буулгаад зодоод байх шиг байсан. Ингээд араас нь Батхуяг бууж салгаад хөдлөөд явж байсан чинь Мөнхзул, Тэмүүжин 2 хохирогчийн эд зүйлийг авчихсан гээд гаргаж ирсэн. Ингээд тэр түрүүвчтэй мөнгө болон утсыг нь зарж идэж, уусан. ...” /хх 124/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “1. Х.Батбаярын биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зовхи уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, дух баруун бугалгад цус хуралт, дух зүүн чихний урд, баруун шуу, бүсэлхий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл хүндэвтэр бусад гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй.” /хх-33/ гэх 9302 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг  нотлосон баримтуудыг үндэслэн Б.Т, Б.Мнарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн бүлэглэн хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн,

 

Шүүгдэгч П.Б, Д.Т, А.Тнарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б, Д.Т, А.Тнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлий 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Б.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрт 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Мнарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан “...Шүүгдэгч Б.Т, Б.Мнарт  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Х.Батбаяр нь давж заалдах шатны шүүхэд “...Хохирол барагдсан, гэм хор арилсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Дээрх хүүхдүүдэд холбогдох хэргийг аль болох хөнгөн шийдвэрлэж өгнө үү.” гэж хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Мнар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан бөгөөд одоо шүүгдэгч тус бүр нь 18 нас 3 сартай байна.

 

Шүүгдэгч нар  бусдад учруулсан гэм хорыг  арилгасан, хохирол нөхөн төлсөн болон хохирогч Х.Батбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй болсон, насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэсэн заалтыг баримтлан  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тэмүүжийн, Б.Мнарын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Т, Б.Мнарт тус тус хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг шүүгдэгч тус бүрт  2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Мнарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг Б.Т, Б.Мнарт тус тус мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Т, Б.Мнар нь 68 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, тэднийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                      

                                                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ