Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0223

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0223

Улаанбаатар хот

Б.Ө-У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Нэхэмжлэгч: Б.Ө-У

Хариуцагч: ТӨАБСЗД,

Хариуцагч: ТӨАБСГД;

Нэхэмжлэлийн шаардлага: “ТӨАБСЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Ө-У-ын өмчлөлийн газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг ТӨАБСЗД-д болон газрын даамал нарт даалгах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2024/0002 дугаар шийдвэр;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С,

Хариуцагч ТӨАБСГД М.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 123/2022/0061/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ө-У нь ТӨАБСЗД, тус сумын газрын даамалд тус тус холбогдуулан “ТӨАБСЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Ө-У-ын өмчлөлийн газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг ТӨАБСЗД-д болон газрын даамал нарт даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т давж заалдах гомдолдоо:

 

3.1. Анхан шатны шүүхээс “Хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтан Захиргааны байгууллага албан ёсоор шалган шийдвэрлээгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн өмчлөлийн газар гэх газар албан ёсоор өмчлөх эрх үүсээгүй болох нь тогтоогдож байна” хэмээн үзсэн.

 

3.2. Нэхэмжлэгч Б.Ө-У нь 2018 оны 03-р сарын 07-ны өдөр “4116036293 нэгж талбарын дугаар бүхий газрыг Т.Бямбасүрэнгээс худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу өмчилж авсан. Харин Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар “Т.Б нь 4116036293 нэгж талбарын дугаар бүхий газрыг 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/105 дугаар захирамжаар өмчилсөн болох нь тогтоогддог. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” хэмээн заасны дагуу тухайн газрыг анх худалдан авахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож, хуульд заасны дагуу өмчлөх эрх нь баталгаажсан байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээдийг нотолсон, төрийн байгууллагаар тогтоогдсон цор ганц баримт учир нэхэмжлэгчийн зүгээс “Газар өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үндэслэн тухайн газрыг худалдан авч улмаар өмчлөлд нь шилжин гэрчилгээ олгогдсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах” эрхтэй гэж зааснаар газрыг худалдсан этгээдүүдэд газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг газар өмчлөх эрх үүссэн талаарх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч газрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

 

3.3. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Монгол улсын иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно...” хэмээн заасны дагуу Б.Ө-У нь тухайн газрын шударга өмчлөгч юм. Нэхэмжлэгч төрийн байгууллагаар баталгаажсан гэрчилгээг үндэслэж, тухайн газрыг худалдан авч, улмаар шударга өмчлөгч болсон байтал Анхан шатны шүүхээс “хариуцагч нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэлтийн шийдвэрлээгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн боловч өмчлөх эрх олгогдоогүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй байна. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан БС-ын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/82 дугаар албан бичигт “Засаг даргын 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамж нь сумын архивт байхгүй бөгөөд... илт хууль бус шийдвэр гэж үзэн 4116036293 нэгж талбарын дугаартай газрыг газрын кадастрын мэдээллийн сан дахь мэдээллийн цаг хугацааг дуусган хаасан болно” хэмээн мэдэгдсэн. Тус баримтаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Газрын даамлын тайлбар зэргээр ТӨАБСЗД-ын ч, шууд зүгээс Б.Ө-У-ын өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байхад нь цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийх шийдвэр гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд хаалт хийх хууль бус шийдвэр гаргасан атал тус шийдвэртэй нь холбоотой үүссэн асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан болно.

 

3.4. Өөрөөр хэлбэл, анх ТӨАБСЗД-д “тус асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсэлт гаргатал 2022 оны 07-р сарын 22-ны өдрийн 01/275 тоот албан бичгээр “Анхны газар өмчлөгчид эрх олгосон захирамж, түүнтэй холбоотой бусад нотлох баримтаа ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй” хэмээн тус асуудлыг огт мэдэхгүй, өөрт нь хамааралгүй асуудлаар хандсан мэт хариу ирүүлсэн. Гэтэл Засаг даргын зүгээс тус маргаантай асуудлыг 2020 оноос эхлэн мэдэж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн талаар ТӨА-ийн  Газрын даамлын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарладаг. Тийнхүү 2020 оноос эхлэн тус асуудлыг мэдэж байсан хэдий ч шийдвэрлэх ямар нэг арга хэмжээ аваагүй, иргэнээс шийдвэрлүүлэхээр хандах үед мөн хууль бусаар татгалзсан зэрэг үйлдэл нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байгаа юм.

Мөн БСЗД-д кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй газрын цаг хугацааг дуусгавар болгох хаалт хийх эрх хуулиар олгогдоогүй юм. Тухайлбал, Монгол улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Сумын Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн байна. Тус хуулийн зохицуулалтаас үзвэл Сумын Засаг дарга нь 14.1.1-т “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 14.1.2-т “сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг дүүргийн хувьд хороо бүрээр боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;”, 14.1.3-т “иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 14.1.4-т “өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох;”, 14.1.5-т “... газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах” зэрэг эрхтэй байна.

3.5. Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын кадастрын мэдээллийн цаг хугацааг хаалт хийх тухай шийдвэрийг бичгээр гаргаагүй аман хэлбэрээр гаргасан болох нь газрын даамлын тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн заасан байна. Тиймээс ТӨА-ийн  БС-ын Засаr даргын зүгээс нэхэмжлэгч Б.Ө-У-ынөмчлөлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байхад нь цаг хугацааг дуусгавар болгох хаах тухай шийдвэр нь захиргааны актад хамаарахаар байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс тус шийдвэрийг гаргахад Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гаргах журмыг огт баримтлаагүй юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт нийцүүлэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 18-ны өдрийн 123/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Ө-У нь ТӨАБСЗД болон тус сумын газрын даамалд  холбогдуулан “ТӨАБСЗД-ын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, 4116036293 нэгж талбарын дугаар газрын өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, Б.Ө-У-ынөмчлөлийн газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг ТӨАБСЗД-д болон газрын даамал нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...уг газрыг 2018 оноос эхлэн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг ямар нэгэн асуудалгүй байсан...” гэж, хариуцагч нараас “...Б.Ө-Уд худалдсан анхны өмчлөгч Т.Б-д Сумын Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэр Сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримтад болон хувийн хэрэг байхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч ТӨАБСЗД  2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот албан бичгээр “Иргэн Б овогтой Ө-У нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, өмчлөгчийн газар өмчлөх захирамж түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

3.1. Шүүхээс зайлшгүй шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх зүйл нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн Т.Б-д ТӨА-ийн  БС-ын Поошигт байршилтай 5000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу үүссэн эсэх байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал,

3.2. Хэргийн үйл баримтыг үзэхэд, БС-ын нутагт Дэлгэр Булаг, Поошигт, Жимбэгэр гэх байршилд 7,2 га газрыг 15 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ТӨАБСЗД-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/105 дугаар захирамж нь /1хх-ийн 41 тал/ сумын архивт байхгүй, газар өмчлүүлсэнтэй холбоотой хувийн хэрэг байхгүй, газар өмчлөхийг хүссэн өргөдөл бүртгэгдээгүй болох нь;

-тус сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/482 дугаар албан бичиг /1хх-ийн 24/, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/83 дугаар албан бичиг /1хх-ийн 102/, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн болон 04 дүгээр сарын 21-ний өдрийн тус сумын газрын даамлын баримт /1хх-ийн 80, 213/, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газрын даамлаар ажиллаж байсан гэх Д.Гэрэлхүүгийн “...Би БС-ын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын газар олгох захирамжийг 10 орчим удаа хуурамчаар үйлдэж байсан ...Миний хувьд ажлаасаа халагдчихвал амьдрал ахуй хэцүүднэ гэж бодоод хуурамч захирамж гаргаж хүмүүсийн хэл амыг дардаг байсан” гэх гэрчийн мэдүүлэг /1хх-173, 174/ болон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болон 09 дүгээр сарын 19-ний өдөр БС-ын Засаг даргын Тамгын газрын архив, газрын даамлын бичиг баримтад үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 125-157, 2хх-ийн 79-87/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3.3. Түүнчлэн ТӨА-ийн  Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд “...тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь тус сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон болох нь тогтоогдож байх боловч ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байгаагаас үзвэл, дээрх маргаан бүхий газар өмчлүүлсэн гэх сумын даргын захирамж хуурамч болох нь тогтоогдсон байна.

3.4. Дээрх нөхцөл байдал болон гуравдагч этгээд Т.Б-ийн шүүхэд бичгээр гаргасан “...иргэний үнэмлэх канондоод аваад явсан гарын үсэг зуруулсан ... 2017 онд ТӨА-ийн БС-д газартай байгаагаа мэдээгүй ямар ч мэдээлэл байхгүй байсан. Хэрэв газартай байсан бол юу гэж 120,000 төгрөгт зарах билээ” гэсэн тайлбараар /1 хх-ийн 84/ иргэн Т.Б-д ТӨА-ийн БС-ын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх эрх

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум дүүргийн Засаг даргад гаргах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана” гээд өргөдөлд тусгах мэдээллийг жагсаасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу үүсээгүй байна.

3.5. Иймээс нэхэмжлэгч Б.Ө-У-аас талууд хооронд байгуулагдсан гэх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн газар өмчлөх эрх үүссэн хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй, иргэнд газар өмчлүүлсэн хууль ёсны захирамж байхгүй байхад зөвхөн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй болно.

3.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж заажээ.

4. ТӨА-ийн БС-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэж, 2017 оны төлөвлөгөө батлах тухай” 02/05 дугаар тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт нэртэй газарт 332 иргэнд 23,24 га газрыг өмчлүүлэхээр буюу 1 иргэнд 0.07 га газрыг өмчлүүлэхээр тусгасан байхад маргаан бүхий Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийн хавсралтад иргэн Т.Б-д 5,000 м.кв өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээс даруй 4,300 м.кв-аар илүү байна.

5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх “...газрыг хэн нэгэнд өмчлүүлсэн шийдвэр албан ёсоор гараагүй учир хариуцагч Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/275 тоот шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, мөн хамтран хариуцагч сумын Газрын даамлын болон Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй гэж маргасан газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж тогтоогдохгүй ....” гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.Ө-У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА