Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мид холбогдох эрүүгийн 1825000000023 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Д.Мийг 2018 оны 01 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 1-04 тоотод оршин суух Б.Оийн гэрт нэвтэрч эмэгтэй хүний нэг хос гутал, эрэгтэй хүний нэг хос пүүз, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч 330 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 1-04 тоотод оршин суух Б.Оийн гэрт хаалгыг нь эвдэж нэвтрэн орж эмэгтэй хүний нэг хос гутал, эрэгтэй хүний нэг хос пүүз, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлийг авч 330 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/, хохирогч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн....” нийт 330 000 төгрөг гэсэн” дүгнэлт, Криминалисттикийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-37-р хуудас/, Д.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 24-р хуудаст/, шүүгдэгч Д.Мийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 1-04 тоотод оршин суух Б.Оийн гэрт хаалгыг нь хөшиж эвдэн нэвтэрч эмэгтэй хүний нэг хос гутал, эрэгтэй хүний нэг хос пүүз, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлийг авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч Б.Оийн....“2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой 00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг шар өнгийн иштэй иш нь хагарсан хасах овтеркаар эвдэлсэн байдалтай байсан, гэртээ ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Миний өмсдөг хар саарал өнгийн пүүз бор өнгийн өвлийн түрүүтэй арьсан гутал, самсунг гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан. Пүүз 120 000 төгрөг, гутал 170 000 төгрөг, утас 50 000 төгрөгөөр тус тус авч байсан”гэх мэдүүлэг, “НАЙДВАР ОД АУДИТ” ХХК-ний шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай: ” эд зүйлийн үнэлгээ нийт 330 000 төгрөг гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн.....“Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ, шинжлэгдэж буй зураг 13, 15-д байх гутлын мөрүүд нэг гутлын улны хээгээр үүссэн зүүн улны мөр, зураг 17-д байх гутлын мөр баруун улны мөр байна. Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтэнд байх 3 ширхэг гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Мийн гэх гутлын улаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг нь дээрхи бусад нотлох баримтаар батлагджээ. Шүүгдэгч Д.Мийн бусдын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 13-23-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ялыг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогчид хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь хэргийн 8-9 дүгээр хуудаст байгаа эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Дгийн Мийг бусдын байнга амьдардаг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 5. Шүүгдэгч Д.Мид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ