Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2008

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02008

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БГД

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо И Х ХХК

Нийгмийн даатгалын шимтгэл 1.638.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч И ХХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ө, өмгөөлөгч Д.Б/шүүхэд төлөөлөх эрх-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БГД шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И ХХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 1.092.043 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байсан даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлж байсан. Хариуцагч улсын бүртгэлийн мэдээлэл зөрсөн гэж тайлбарлаж байна. Улсын бүртгэлд Ундрахэрдэнэ гэх хүнийг Ундрах-Эрдэнэ гэж бичсэн байхад л мэдээлэл зөрдөг. Нийгмийн даатгалын сан нь өөрөө мэдээллийг хүлээж авахдаа регистрийн дугаар зөв бол шууд хүлээж авдаг. И ХХХК мэдээллийг интернетээр илгээхэд Нийгмийн даатгалын газар регистрийн дугаар нь зөрөөгүй бол шууд хүлээж авна, зөрвөл хүлээж авдаггүй. Тэгэхээр улсын бүртгэлд зөрсөн гэсэн нь ийм учиртай юм. Тамга тэмдэг дарагдаж, байгууллагын захирал гарын үсэг зурсан тайланг бид хүлээн авч мэдээллийн баазтай тулгаад авдаг. Түүнээс чи компанийн захирал, ня-бо мөн үү гэж асууж тулган хүлээж авдаггүй. И ХХХК нь 2015 оны 08-10 сарын тайланг ирүүлсэн. Хамгийн сүүлийн сарын тайлан авалтаар шүүхэд материалыг өгсөн. Алдангийг энэ хугацаагаар тооцсонг харсан байх. Иймд И ХХХК-наас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 1.092.043 төгрөг, алданги 546.022 төгрөг нийт 1.638.065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч И ХХХК-ийн өмгөөлөгч Д.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: И ХХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Я.Энхтайван бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Э.Өт компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж захирлаар томилсон. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Я.Энхтайван нас барсан. Энэ үеэс хойш компаний захирал Э.Ө ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Харин компаний өвийг булаацалдсан Э.Мандухай, н.Энхтөр гэх хүмүүс компанийн тамгыг хууль бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулан Нийгмийн даатгалын газарт тайлан гарган захирал гэдэгт Э.Мандухай гарын үсэг зурж явуулсан байгаа. Гэхдээ тайлангийн нягтлан гэдэг хэсэг гарын үсэггүй байна. Нийгмийн даатгалын газраас баримтаар өгсөн И ХХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэсэн баримтад даатгуулагчдын мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээлэлтэй зөрсөн гэсэн тэмдэглэл байна. Компани үйл ажиллагаа явуулаагүй, компаний захирал биш хүмүүс компанийн тамгыг ашиглан тайлан, мэдээлэл өгч, гаргасан бөгөөд үүнийг нь Нийгмийн даатгалын газар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар компанийн өвийн асуудал маргаантай, үүнтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болгон хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд, Ниймгийн даатгалын хэлтэс нь хариуцагч И ХХХК-нд холбогдох хугацаандаа төлөөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 1.638.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч И ХХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 10 дугаар сарын тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл 1.092.043 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, И ХХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 10 дугаар сарын тайлан, И ХХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, улсын байцаагчийн шаардлага, дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч И ХХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд компани үйл ажиллагаа явуулаагүй, компанийн захирал биш хүн гарын үсэг тайланд зурсан, компанийн өвийн маргаан шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч И ХХХК тайлангийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүргүүлж, тайланд компанийн тамга дарж баталгаажуулсан тул тайлбар нь үндэслэлгүй.

И ХХХК нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар татан буугдаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шимтгэл төлөх үүрэг нь дуусгавар болоогүй тул дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Компани 1 гишүүнтэй, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлаар Э.Ө томилсныг бүртгэж гэрчилгээ дахин олгогдсон болох нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөх үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй болно.

Иймд хариуцагч И ХХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1.092.043 төгрөг, алданги 546.022 төгрөг нийт 1.638.065 төгрөг гаргуулж БГД т олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчаас ирүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгохтой холбоотой шүүхийн шийдвэр, И ХХХК-аас Э.Мандхай, Я.Мөнхтөр нарт хүргүүлсэн мэдэгдэл зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч И ХХХК-наас 1.638.065 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БГД т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И ХХХК-наас 41.159 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА