Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

 

2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр                                            Дугаар 2022/ШЦТ/87                                             Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б:Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.Б,

Өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Хохирогч: А.Ч,

Иргэний хариуцагч: Ж.А, Б.Б, Д.М,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Б-д холбогдох 2128001970105 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв хогийн цэгийн ойролцоо 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эзэмшлийн 54-48 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур тросс салгахаар орсон А.Чыг харалгүй, уг автомашиныг хөдөлгөж, болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас цээжний баруун талд 8 дугаар хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж 06 цагт ажилдаа гарсан. Бороотой байсан учраас ажлын талбар шавартай устай байсан. Хогийн цэг дээр хогоо буулгах гэж очоод шаварт суусан. Өөр машин ирж татаж гаргасан. Энэ үед Чадраабал тросс салгах гээд орсон. Тэнд байсан бүх хүн харж байсан. Өөр машин гаргах гээд явчихлаа гэж бодоод хөдөлсөн. Өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ болж энэ хүнд гэмтэл учруулсан. Цалингийн зээл бусад талаар дэмжиж тусалж байгаа. Жолооны эрхтэйгээ үлдэж байвал энэ хүний хохирол төлбөрийг цаашид төлнө. Би өөрөө биеийн байдал уушиг устай. Миний цалин энэ хүний цалингийн зээл, өөрийн цалингийн зээлд зарцуулагдаж байгаа. Жолооны эрхтэйгээ байвал дээр байх болов уу. Энэ хүний цалингийн зээлийг дуусгах саналтай байна.

 

Хохирогч А.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ажилд орох хоног нь болсон байна гэж бодоод ажилдаа орсон. 2021 оны 07 сарын 30-ны өдөр байсан. Тэр өдөр ажилд гарсан. Алтангэрэл ахтай хамт гарсан. 1 гарчихаад 2 дахь дээрээ машин шаварт суусан. Машин шаварт суусан байж байсан чинь хойноос цэнхэр машин ирж байсан. Тэндээс тэр машиныг татаж гаргаад 2 машин хоёулаа шаварт суучихсан. Хойноос П ах ирсэн. Ирээд Тулгаа ахын машиныг шавраас татаж гаргаад явсан. Алтангэрэл ах ороотох гэхээр нь би ийм том машин доогуур орж чадахгүй гэсэн чинь ороотох гэсэн. Тэгээд орсон. Цалингийн зээл одоо төлөөд явж байгаа. 5.000.000 гаруй төгрөг авсан. Байгууллагаас 6 сар цалин авсан. Сая группт орсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон. Санал гомдол байхгүй.

 

Иргэний хариуцагч Д.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 07 сарын 30-ны өглөө шавар ус ямар байна. Ажилд гарах боломжтой байвал ажилчдаа гаргаарай. Эхлээд шавар усны байдлыг хараарай гэж хэлсэн. Ер нь байгалийн үзэгдэл болсны дараа бол ХАБЭА-ын ажилтантайгаа ажилд гарах нөхцлийг ярилцаж байж болсон байна гэвэл ажилд гаргадаг. Тэрний урд өдөр буюу 29-ний өдөр нь Бт бороо зогсохоор зам маршрутаа сайн үзэж байж гаргаарай гэж хэлсэн. Тэгээд Б руу өглөө нь утасдахад зам харгуй ажилд гарахад боломжтой байна гэсэн учраас ажилчдаа ажилд гаргасан. Байгууллагын дотоод журамд нийцүүлэн ХАБЭА-ын зөвлөгөө өгч ажиллахыг Бт үүрэг болгосон. Манай байгууллага 2021 онд энэ осол болсоноос хойш даргын тушаал гарч хууль журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Нэг хэсэгтээ ковид цар тахлын улмаас байгууллагууд цахимаар ажиллаж байсан. Үүнтэй холбоотой ХАБЭА-ын сургалтыг халдвар хамгаалалтаа барьж сургалтыг зохион байгуулж байсан. Тухайн үед бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг цаасан дээр бичээд жолооч нарт танилцуул гэдэг байсан. Үүнийгээ Б нэг нэгээр нь араас нь хянадаг байсан. Ээлжийн амралт олгох тухай даргын тушаал тухайн үед гарсан байгаа. Манай байгууллага ээлжийн амралт дууссан ажилтан тасаг хэлтсийн даргад эхлээд мэдэгддэг. Ээлжийн амралт дууссан ажилтанг Б дуудаж оруулж, зайлшгүй зааварчилгаа өгч байж ажилд гаргадаг байгаа. Тэр өдөр Чадраабалыг бол манай тасаг хэлтсээс хэн ч дуудаагүй. Дур мэдэж өөрөө Алтангэрэлийн машинд сууж хогийн цэгт очсон байсан. Тухайн байдлыг тодруулахад 07 сарын 30-ны өдөр баривчилгаанд орох ёстой байсан гэсэн зүйл ярьсан талаар мэдээлэл байдаг. Байгууллагын зүгээс А.Чд 09 сарын 21-ний өдөр 328.216 төгрөг тэтгэмж олгосон. 10 сарын 18-ны өдөр 902594 төгрөг 11 сарын 04 328.216, 11 сарын 04 205135 төгрөг, 11 сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 11 сарын 29-ний өдөр 164108 төгрөг, 12 сарын 02 өдөр 205.133 төгрөг, 12 сарын 24-ний өдөр 600.000 төгрөг 4266753 төгрөг олгогдсон байна. 2022 оны 01 сарын 26 өдөр 820.540 төгрөг өгсөн. 05 сарын 24 өдөр 3235553 төгрөг тушаалаар нөхөн төлбөр, 05 сарын 26-ны өдөр 717.374 төгрөг 4773467 төгрөг тус тус олгосон байна.

 

Иргэний хариуцагч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага тасаг тасгаар нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөг. Тухайн үед хариуцаж ажиллаж байсан Н манай тасагт ажилладаг. Манай байгууллагын хувьд зааварчилгааг заавал уншиж танилцуулахгүй бол болохгүй зүйл бас нэг талаараа байдаг. Тэр өдөр Нг очоогүй байхад Чадраа эрт очсон юм билээ. Байгууллагаас бол өглөө ажилд гарахад цаг бүртгээд, хэн ажилдаа ирсэн үгүйг хянаж жолооч нарыг драгер үлээлгэж гаргадаг. Чадраабал өмнө нь 07 сарын 23-ны өдөр ирээд ажилдаа гарсан байхад нь би дуудаад 08 сарын 04-ний өдөр ажилдаа орно гэж хэлээд явуулсан байсан. 07 сарын 30-ны өдөр ирсэн байсны нь би мэдээгүй байхад Чадраабал өөрөө ажилд гарсан байсан.

 

Иргэний хариуцагч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ажилд гарах гээд очиход Чадраа ирсэн зогсож байсан. Н ажилдаа ор гэсэн гээд сууж байсан. Миний ачигч Баяраа ажилдаа ирээгүй байсан учраас Чадрааг чи тэгвэл надтай яв гэсэн. Тэгээд ажилд урьд нь явдаг замаараа явж байсан чинь шаварт суусан. Тулга ахын машин ирээд татсан. Тэгтэл Тулга ахын машин бас шаварт суусан. Пүүжээ ах хойноос ирсэн. Пүүжээ ах машиныг татаж гаргаад өөрийнхөө машин руу тросс авах гээд гүйсэн. Энэ өөрөө машин доогуур орж, өөрөө гараагүй байж байгаад дайруулсан. Архи уугаад хордлогонд орсон юм ирсэн. Тулга ах дуут дохио өгөөд хэсэг хугацаа босон. Тэгээд хөдлөхөд энэ өөрөө гарч ирээгүй. Уг нь дуут дохио өгөөд удсан юм. Энэ тэгсэн гараагүй. Ийм л зүйл болсон. Би энэ хүнийг тэр доогуур ор гэж хэлээгүй. Тухайн үед тэр хавиар олон хүн байсан. Грушикууд байсан. Тэр олон хүн байсан. Өөрөө л орсон. Н ажилд гар гэсэн. Суух машин алга гээд өөрөө гуйж суугаад явсан.

 

Хохирогч А.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд 2019 оны 04 дүгээр сард орсон юм. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 06 цагийн үед ажил дээр очиход манай ажлын жолооч Алтангэрэл ах ирчихсэн байсан бөгөөд би Алтангэрэл ахтай хамт төвийн хогийг ачихаар явсан юм. Бид хоёр эхний хогоо аваачиж хогийн цэг дээр асгачихаад дахин төв рүү орж ирээд дахиад хог ачаад буцаад хогийн цэг рүү явсан юм. Хогийн цэг дээр очоод бид хоёр хогоо буулгачихаад буцаад гарах гэж явж байгаад цэг дотор шаварт суучихсан. Тэгээд байж байхад Баттулга ах хогоо буулгах гээд хүрээд ирсэн. Баттулга хогоо буулгачихаад Алтангэрэл ахын машиныг шавраас гаргах гээд татсан чинь Баттулга ахын машин мөн шаварт суучихсан. Тэгээд байж байхад Пүрэвдорж ах хогоо буулгах гээд хүрээд ирсэн. Баттулга ахын машиныг татахаар болоод Алтангэрэл ах Баттулгын машин доогуур ороод троссыг тогтоосон. Пүрэвдорж ах машинаараа татаад гаргасан. Би Баттулга ахын машиныг шавраас гарах үед нь тэнд зогсож байсан чинь Алтангэрэл ах намайг машин доогуур ороод тросс салгаатах гэхээр нь би машин доогуур ороод троссыг салгах гээд оролдоод троссыг тайлах гэж байхад Баттулга машинаа хөдөлгөөд явсан. Машин миний аарцаг, хөл хэсэг дээгүүр гараад явсан машин намайг дайраад жаахан газар яваад зогсоод жолооч Баттулга ах машинаас буугаад ирсэн. Тэгээд би босох гэсэн чинь босч болохгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийн нэг нь эмнэлэгт дуудлага өгсөн байх. Хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд намайг аваад эмнэлэг рүү явсан юм. Би Эмнэлэгт очоод хэвтэж эмчлүүлж байгаад хэвлийн хагалгаанд орсон. Би аймгийн эмнэлэгт 17 хоног хэвтээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод ГССҮТ-ийн хэвлийн тасагт очиж хэвтэж эмчлүүлж байгаад 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт ирээд гэрээр хэвтэж байгаа юм. Миний аарцаг хугарсан, баруун хөлийн чөмөг хугарсан. Хэвлийд гэмтэл үүссэний улмаас одоо катётор тавиулаад хэвтэрт байна. Одоо биеийн байдал тааруухан л байна. Би Баттулгын машины доор уясан байсан троссыг тайлах гээд машины доогуур орчихсон байсан юм. Тухайн үед намайг машинд дайруулах үед машины ойролцоо хүн байгаагүй. Машины кабинд Баттулга ах байсан. Би машин доогуур байсан юм. Би машин доогуур орлоо гэж хэлсэн. Ажилдаа орох болчихсон л гэж бодоод очсон байсан юм. Тухайн үед зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Уг нь өглөө болгон зааварчилгаа аваад гарын үсгээ зураад гардаг юм. Тухайн өдөр би гарын үсгээ зураагүй явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. Жолоочийн буруу л гэж бодож байна. Миний эмчилгээний зардалд 2 сая орчим төгрөг болсон байгаа. Жолооч Баттулгын зүгээс тусалж дэмжиж байгаа. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид миний эмчилгээний зардалд тусална гэсэн болохоор туслаад явах байх гэж бодож байна. Санал, хүсэлт, гомдол байхгүй. /хх-ийн 13-14 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү өөрийнхөө гэрт аав, ээжийнхээ асрамжинд байгаа. Одоо бие арай дээрдэж хоёр суга таяг тулаад гарч бие засдаг болсон байгаа. Манай хүү Чадраабал Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд ачигч хийдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авсан гээд манайхаар ирээд явж байсан. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чадраабалыг осолд орсон талаар ажлын газраас нь хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход манай хүү сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байсан. 3-4 хоноод хагалгаанд орохоор болж хэвлийн хагалгаанд орсон юм. Аймгийн БОЭТ-д нийт 19 хоног хэвтээд Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын төв рүү хүргэгдэж тэндээ ясны хагалгаанд ороод 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гараад Даланзадгад суманд ирсэн юм. Гэртээ ирээд 6-7 хоноод дахин БОЭТ-д хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үед бохир гадагшилдаг байсан. Цоорхой нь битүүрсэн, түүний улмаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин Улаанбаатар хот руу явсан. Ингээд Гэмтэл согог судлалын төвд эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн. Түүнээс гэрээрээ эм тариа хийгээд байж байна. Ажлаа хийж явахад нь машин шаварт суусан, түүнийг троссоор татаж гаргасан гэсэн. Тэгээд тэр троссыг нь салгах гээд машин доогуур орсон үед нь жолооч Баттулга машинаа хөдөлгөөд Чадраабал дайрагдсан юм гэсэн. Би яг нарийн мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу очсон, ирсэн бүх зардлыг Улаанбаатар хотод болон Өмнөговь аймагт эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг Баттулга төлсөн юм. Анх Улаанбаатар хот явахад ажлын газраас нь зардлыг төлж байсан юм. Миний зүгээс хэдэн төгрөг гарсныг тооцоолж мэдэхгүй байна. Гарсан зардалтай холбоотой баримтуудыг тооцож гаргаж өгнө. Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанаас 1.600.000 төгрөг өгсөн юм. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэгт холбогдсон Баттулга нь Чадраабалын цалингийн зээлийг сар бүр төлөөд явж байгаа учраас энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Баттулга энэ хүний зээлийг л цаг тухайд нь төлөөд л явж байх юм бол өөр ямар нэгэн асуудал байхгүй. /хх-ийн 204-р хуудас/

 

Иргэний хариуцагч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Би зохион байгуулагчаар нь Чадраабал ачигчаар ажилладаг ажил үүргийн холбоотой. Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа орсон юм. Үүнээс 2 хоногийн дараагаар ачигч Чадраабал нь ажилдаа ороод өглөө хогийн цэг дээр очоод машины доогуур ороод дайруулсан байх үед нь би очиход Чадраабал нь машинд дайруулсан гээд хажуугаараа хэвтэж байсан. Эмнэлэг надтай зэрэг очсон бөгөөд Чадраабалыг эмнэлэг аваад явсан юм. Одоо бас гайгүй болсон гэсэн. Би очиж уулзаагүй болохоор нарийн мэдэхгүй байна. Манай байгууллагаас Улаанбаатар хот явж эмчлүүлэх үед нь мөнгө төгрөг нийлүүлж өгсөн. Эм тариагаар хангаж тусалж дэмжиж байгаа. Тухайн өглөө Чадраабал нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Өглөө эрт очоод хамгийн түрүүнд ирсэн жолооч Ж.Атэй хамт явчихсан байсан юм. /хх-ийн 17 дахь тал/

 

Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд жолоочоор ажилладаг юм. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө үүрэгт ажилдаа 06 цагт гарсан хуваарийн дагуу Оюут хорооллын 8, 9 дүгээр гудамжны хогийг аччихаад хогийн цэг рүү явсан. Хогийн цэг дээр 10 цагийн үед очсон. Намайг хогийн цэг дээр очиход Алтангэрэлийн машин шаварт суучихсан байсан. Өмнө талд нь Баттулга мөн шаварт суучихсан байсан. Би хогоо буулгачихаад Баттулгын машиныг шавраас татаж гаргасан. Би Баттулгын машиныг татаж гаргачихаад зогсож байхад Чадраабал миний машины троссыг гогцооноос нь мулталсан. Тэгэхээр нь би тэндээс хөдлөөд шавартай хонхроос гараад зогссон. Тэгсэн гэнэт л хүмүүс хашхичаад унахаар нь яав ийв гэсэн чинь Чадраабал машинд дайрагдчихлаа гэсэн. Би алхаад очсон чинь миний татсан Баттулгын машины доогуур ороод троссыг нь тайлж байхад нь Баттулга хөдлөөд явсан гэсэн яриа байсан. Тухайн үед тросс Баттулгын машины хажууд хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. Түүний дараагаар нь би Алтангэрэлийн машиныг шавраас татаж гаргаж байхад эмнэлэг хүрч ирээд Чадраабалыг аваад явсан ийм зүйл болсон юм. Намайг Чадраабал дээр яваад очиход Чадраабал баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Чадраабал, Баттулгын машины мөр дээр хэвтэж байсан юм. Намайг очсон дараагаар Чадраабал босох гэхээр нь эмнэлэг иртэл хэвтэж байгаарай гэж хэлж байсан юм. Баттулга бол согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн байгаа юм. Чадраабалаас хоносон архи үнэртэж байсан. Манай байгууллагаас ажилд гарахад ХАБЭА-н инженер аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг юм. Тухайн өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад гарын үсэг зураад гарсан юм. /хх-ийн 22-р хуудас/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны тохижилт үйлчилгээний тасгийн ачигч А.Ч нь ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө А.Ч нь 06 цагт ажил дээрээ ажилдаа орно гээд очсон байна. Тухайн үед үүрдэг машины жолооч Ж.А ажилдаа гарахаар ирэхэд Алтангэрэлийн ачигч Баяраа ажилдаа ирээгүй байсан учраас Чадраабалыг жолооч Алтангэрэл аваад ажилд гарсан байна. Эхний ачилтаа хийгээд хогийн цэг дээр аваачиж буулгачихаад эргэж ирж хог ачаад буцаад хогийн цэг дээр очоод хогоо буулгах гэж байгаад шаварт суусан байна. Тухайн үед хог буулгахаар жолооч Баттулга хогийн цэг дээр очих үед Алтангэрэл, Б-ыг гуйгаад машинаа чирүүлсэн боловч Баттулгын машин Алтангэрэлийн машиныг шавраас гаргаж чадаагүй өөрөө шаварт суусан байна. Ингээд 2 машин шаварт суугаад байж байхад хог буулгахаар жолооч П очиход Баттулга, Алтангэрэл нар машинаа чирүүлэхээр болсон байна. Ингээд Баттулгын машиныг П шавраас татаж гаргасан дараагаар ачигч Чадраабал нь машинаас бэхэлсэн троссыг салгах гээд машин доогуур орсон үед жолооч Баттулга нь миний машины троссыг салгачихаад бүх хүмүүс яваад өглөө гэж бодоод хөдлөх үйлдэл хийхэд Чадраабал машины дороос гараагүй байсан бөгөөд машинд дайруулсан байсан энэ талаарх мэдээллийг надад хогийн цэгийн диспетчер Энхзул надад энэ мэдээллийг өгсөний дагуу би уг газарт очиход эмнэлгийн байгууллага очоод яаралтай тусламж үзүүлээд аваад явж байсан. Ийм зүйл болсон юм. Чадраабал дээр очиход эмнэлгийн нацелок дээр гаргаад хэвтүүлчихсэн хөдөлж болохгүй байна гээд хэвтэж байсан. Ухаан санаа бол зүгээр байх шиг байсан. Ер нь өөрөө их дуу муутай гацаж ярьдаг хүн учраас юм дуугарахгүй байсан. Би 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чадраабалтай уулзаад чи хэзээ ажилдаа орох юм бэ гэсэн чинь би арай болоогүй 08 сар гаргана. Харин согтуугаар мотоцикль жолоодож яваад цагдаад баригдаад баривчилгаанд орох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэд хоног баривчлагдах юм гэсэн чинь 7 хоног гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ажилд орох дөхөж байна шүү наад асуудлаа хурдан шийдээрэй гэсэн чинь ажилдаа орчихвол баривчлахгүй байх болов уу гэсэн юм хэлэхээр нь би тэр талаар мэдэхгүй гэж хэлээд явсан юм. Тэгээд осол болдог өдөр хэн нэгний зөвшөөрөлгүй ирээд ажилд гарчихсан байсан юм. Ээлжийн амралттай хүн амралт нь дуусаад ажилдаа орохдоо хүний нөөцийн ажилтанд бүртгүүлээд дараагаар нь хариуцсан тасгийн даргадаа мэдэгдээд ажил үүргийн хувиараа аваад ажилдаа гардаг юм. Өглөө 06 цагт ажилдаа гардаг юм. Хог хаягдлын тасгийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг тасгийн дарга Баярмаа, зохион байгуулагч Н нар хариуцаж өгдөг юм. Манай ХАБ-ын ажилтан Даринчулуун зааварчилга өгсөн байсан бөгөөд Алтангэрэл, Чадраабал хоёр зааварчилгаа өгөхөөс өмнө ажилдаа гараад явчихсан байсан байна лээ. Чадраабал болон Баттулга нар тухайн осол болох үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Тэр талаар нарийн мэдэхгүй байна. Сар бүр амьсгал хамгаалах маск хангалттай өгдөг. 7 хоног бүр 2 ширхэг бээлий. Хамгаалалттай гутал, хувцас, нуруу хамгаалах бус, нүдний шил, хамгаалалтын малгай, ариун цэврийн хэрэгсэл зэргээр хангадаг юм. /хх-ийн 26-27 дахь тал/

 

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Би өглөө 05 цаг 30 минутын үед ажилдаа гарахаар очиход ачигч Чадраабал амраад ажилдаа орж байна гээд ажил дээр ганцаараа ирсэн байсан. Би байгууллага руу орж машинаа аваад аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарын үсгээ зурчихаад гараад ирэхэд Чадраабал машин байхгүй гэхээр нь би хамт явах  уу гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд л аваад явсан юм. Тухайн үед манай ачигч Баяраа ажилдаа ирээгүй байсан учраас Чадраабалыг аваад явсан юм. Чадраабал надтай хамт явдаг ачигч биш байгаа юм. Чадраабал тухайн үед гарах машин байхгүй гэсэн. Тэгэхээр нь туслахаа иртэл аваад явъя гэж бодоод аваад явсан юм. Би П ахын машинаас өлгөсөн троссыг салгачихаад өөрийн машинаа татуулж шавраас гарах гээд машин руугаа явсан байсан. Би Чадраабалыг тросс салга гэж хэлээгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр бичээд тавьчихсан байдагтай танилцаад гарын үсгээ зураад ажилдаа гарсан. Ер нь бичгээр өгсөн зааварчилгааг танилцаад л ажилдаа гардаг байсан юм. Тухайн үед надад өөрийн биеэр зааварчилгаа өгсөн хүн байхгүй. Бид нар 3 сар болоод нэг сургалтанд суудаг юм. Биечлэн зааварчилгаа өгсөн хүн байхгүй./хх-ийн 245 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед нь Баяраа ажилдаа ирсэн үгүйг Хог хаягдлын тасгийн дарга Баярмаа, зохион байгуулагч Н, Диспетчер Энхзул нар мэдэж байгаа байх. Миний хувьд тэр хүмүүсийн ажилдаа ирсэн ирээгүйг мэдэж байгаа зүйл байхгүй. Би тухайн үед сонссоноо л хэлсэн юм. Бусдаар бол тэд нарын хэн нь ирээд хэн нь ирээгүй талаар мэдсэн зүйл байхгүй. Миний ажил үүргийн хувиарт бол нийт ажилчдад ээлжит болон давтан сургалт, шинээр ажилд орогсдод сургалт хөдөлмөр аюулгүй ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг үүргийг хүлээдэг юм. Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тасаг, хэлтсийн дарга, инженерүүд зохион байгуулж өгөх үүрэгтэй. Энэ Засгийн газрын 269-р тогтоол заасан байгаа. Манай байгууллага 180 гаруй ажилтантай. Үүнээс 120 гаруй хүн өдөр болгон ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Өдөр болгон ганц ХАБ энэ олон хүнд зааварчилгаа өгнө гэж байхгүй.  Өдөр тутмын зааварчилгааг хэлтэс, тасгийн дарга нар өгөх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг ба хэлтэс тасгууд дотроо яаж зохион байгуулсан асуудлыг мэдэхгүй байна. Чадраабалын хувьд бол амраад ажилдаа орсон бөгөөд тухайн өдрөө шууд ажилд гарахгүй над дээр ирж давтан зааварчилгаа аваад гарах ёстой байсан юм. /хх-ийн 247 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Миний хариуцдаг тохижилт үйлчилгээний тасагт ачигч ажилтай, Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны Тохижилт үйлчилгээний тасгийн ачигч А.Ч нь ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө ажил дээрээ ирээд жолооч Ж.Атэй хамт ажилд гарсан байсан юм. Тухайн өдрийн 11 цагийн үед хогийн цэгээс Чадраабал машинд дайруулчихлаа гэж ялгагч Гантуяа надад хэлсний дагуу зохион байгуулагч Нгийн хамтаар түргэнтэй хамт яваад очсон юм. Намайг очих үед Чадраабал осол болсон газар хэвтэж байсан юм. Эмнэлгийн байгууллага очоод яаралтай тусламж үзүүлээд аваад явж байсан. Ийм зүйл болсон юм. Тухайн өдөр Чадраабалд байгууллагаас ажилд гар гэсэн чиглэл өгөөгүй байсан бөгөөд өөрийн дураар ирээд ажилдаа гарсан байсан. Ээлжийн амралт эдлээд дуусч байгаа хүмүүст байгууллагаас хэлээд ирэхээр нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд аль машинд гарахыг нь хувиарлаад гаргадаг. Гэтэл Чадраабал өөрийн дураар ирээд ажилдаа гарсан байсан юм. Энэ асуудал болохоос 7-8 хоногийн өмнө Чадраабал дур мэдэн ирж ажилд гарсан байсныг би мэдэж дуудаж ирүүлээд хэзээ орохыг нь тодорхой хэлж өгөөд явуулсан байсан юм. Ажлын 18 хоног л амардаг юм. Сүүлд сонсоход согтуугаар мотоцикль жолоодож яваад цагдаад баригдаад баривчилгаанд орох өдөр нь байсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаа дээр ирэхээс эмээгээд ажилдаа шууд гарсан юм байна гэж ойлгосон. Ээлжийн амралттай хүн амралт нь дуусаад ажилдаа орохдоо хүний нөөцийн ажилтанд бүртгүүлээд дараагаар нь хариуцсан тасгийн даргадаа мэдэгдээд ажил үүргийн хувиараа аваад ажилдаа гардаг юм. Зуны цагт 07 цагт гардаг юм. Энэ осол болох үед зохион байгуулагч Н зааварчилгаа өгч байсан. Одоо бол цаг бүртгэгч Энхзул гэдэг хүн өгч байгаа. Тухайн үед Алтангэрэл, Чадраабал нар зааварчилгаа аваагүй гарсан юм. Бичгээр өгдөг бөгөөд бичиг үсэг мэдэхгүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст бол амаар зааварчилгаа өгдөг. Чадраабал болон Баттулга нар тухайн осол болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдээгүй. /2хх-ийн 34 дэх тал/

 

Шинжээч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн хохирлыг тус тусад нь тогтооно гэсэн бөгөөд А.Чын биед үүссэн олон тооны гэмтлүүд нь нэг удаагийн зам тээврийн ослын үйлчлэлээр учирсан байх боломжтой бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлийн зэргийг гэмтэл тус бурд нь тогтоох нь шаардлагагүй гэж үзсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар уруудах гэдэс, давсагны няцрал, цутгалан гэдэсний цоорол зэрэг гэмтлүүд багтана. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д баруун аарцаг ясны дэлбэн умдаг ясны хугарал гэмтлүүд багтана. /хх-ийн 208 дахь тал/

 

Иргэний хариуцагч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Би тухайн байгууллагын дэд даргаар ажилладаг юм. Чадраабал нь манай байгууллагын тохижилт үйлчилгээний тасагт ачигчаар ажилладаг юм. Манай байгууллагын дарга Н.Лувсанбаяр ээлжийн амралтаа аваад би байгууллагын даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед төвлөрсөн хогийн цэг дээр осол гарлаа гэсэн мэдээлэл ирсэний дагуу би Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Б, Тохижилт үйлчилгээний тасгийн дарга Б.Б нарын хамтаар төвлөрсөн хогийн цэг дээр очиход А.Ч нь жолооч Баттулгын машины хойд талд 10 орчим метрийн зайд газар хэвтэж байсан бөгөөд ослын газарт очоод юу болсон талаар тодруулахад Чадраабал нь жолооч Баттулгын машиныг чирсэн троссыг салгаж байхад жолооч Баттулга нь Чадраабалыг машин дороо байгааг мэдээгүй машиныг хөдөлгөж осол гаргасан байсан юм. Энэ үед эмнэлгийн байгууллага ирж Чадраабалд анхан шатны тусламж үзүүлээд эмнэлгийн байгууллага руу аваад явсан юм. Тухайн осол болохын өмнөх өдрүүдэд үргэлжилсэн олон хоног бороо орсоны улмаас газрын хөрс дэвтэж төвлөрсөн хогийн цэгийн орчмын газар зөөлөрч машин шаварт суух нөхцөл бүрдсэн. Бид бороо зогсоод 24 цагийн дараагаар газрын хөрс эгшсэн хойно ажилчдаа ажилд гаргасан боловч машин шаварт сууж байсан юм. Тухайн осолд өртсөн А.Ч нь ээлжийн амралт дуусаагүй байх үед хариуцсан даргадаа мэдэгдэлгүй өөрийн дураар хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаагүйгээр ажилд гарсаны улмаас осол болсон юм. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт болон бусад үйл ажиллагааг Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Б хариуцдаг. Өглөө эрт ажилд гарч байгаа ажилтан нарын хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Б болон хэлтэс, тасгийн дарга, зохион байгуулагч нар хариуцдаг юм. Тухайн өдөр Чадраабал нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилд гарсан байсан. Энэ шалтгаан нь Чадраабал нь ажилд орох болоогүй байх үедээ өөрийн дураар удирдлагуудад мэдэгдэхгүй ажилд гарсан юм. Чадраабал одоо таяг тулаад ойр зуур явж байгаа гэсэн. Манай байгууллагаас А.Чын эмчилгээнд зориулж тусламж хэлбэрээр нийт 1.680.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн байгаа. ... Энэ мөнгийг байгууллагын даргын тушаалаар байгууллагын төсвөөс олгогдсон. Үүнээс гадна осолд орсноос хойш 6 сар нийгмийн даатгалын хуулийн дагуу байгууллагын болон нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан даатгалын хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 4.487.297 төгрөг Чадраабалд олгосон юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу 6 сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөр төлсөн. Одоогийн байдлаар А.Чд групп тогтоож группын мөнгөө сар бүр тогтмол аваад явж байна. Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хэлтэс тасгийн дарга нартай хамтран өгөх үүрэгтэй. /хх-ийн 211, 249 дэх тал/

 

Иргэний хариуцагч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Би болсон асуудлын талаар урьд нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Өөрчлөлт орох зүйл байхгүй. Чадраабал таяг тулаад архи уугаад яваад байгаа сурагтай байна. Улаанбаатар хот яваад ирсэн байхад нь нэг удаа эргэж очиж байсан. Бид хоёрыг өглөө ажилд гарахад хүн ирээгүй байсан бөгөөд би гарын үсэг зурдаг дэвтэрт гарын үсэг зураад гарсан юм. Өөрөөр тусалж дэмжсэн зүйл байхгүй. Миний хувьд хэрэгт хариуцагчаар татагдмааргүй байна. /2хх-ийн 40 дэх тал/

Иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Миний хариуцдаг тохижилт үйлчилгээний тасагт ачигч ажилтай. Би болсон асуудлын талаар урьд нь мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Өөрчлөлт орох зүйл байхгүй. Чадраабал таяг тулаад явж байгаа гэсэн. Миний зүгээс бол тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Одоо биечлэн зааварчилгаа өгч байгаа. Өглөө эрт ирээд хүмүүс ирэхээс өмнө ажилдаа гарсан байсан учраас зааварчилгаа өгөөгүй. /2хх-ийн 43 дахь тал/

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/ гэж заасан байдаг. Ачигч ажилтай А.Ч нь ажлын байран дээрээ гэмтэж бэртсэн нь үйлдвэрлэлийн осол мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон Хог хаягдлын ачигч нарын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг 12 дахь заалтыг ачигч албан тушаалтай А.Ч нь зөрчсөн. Осол гарахад нөлөөлсөн байна. Хавтас хэрэгт авагдсан материалуудаас харахад хохирогч А.Ч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.6 дахь /ажил, Үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан мэдүүлгээс харахад жолооч Г.Б нь хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл харагдахгүй байна. Жолооч Г.Бд аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулсан байна. "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм" MNS4969:2000 стандартын 4.9 дэх /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэсэн заалтыг дагуу эрх бүхий албан тушаалтан өгсөн байна. А.Ч удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын талбай руу гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/ заалтыг зөрчин зааварчилгаа авалгүй гарсан байна. Хэн буруутайг Монгол Улсын шүүхийн байгууллага тогтооно. Ажилтны өөрийнх нь хайхрамжгүй байдал болон аюулгүй байдлаа хангаагүйгээс болж гарсан байгаа нь хэрэгт авагдсан материалуудаас тодорхой харагдаж байна. Асуултад тусгагдаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд ач холбогдолтой гэсэн хариултуудаа дүгнэлтэд тодорхой дурдаж болно. /хх-ийн 32-33 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Чын биед цээжний баруун талд 8-р хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. А.Чын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. А.Чын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 36-37 дахь тал/

 

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Чын биед цээжний баруун талд 8-р хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /600мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Чын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. А.Чын биед учирсан уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол хэвлийн хөндийн шингэн хуралдалт /600мл/ зэрэг гэмтэл нь, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар мөн бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний баруун талын 8-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт. Баруун дунд чөмөгний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаа гаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. /2хх-ийн 8-9 дэх тал/

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Холбогдох албан тушаалтнуудын гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг Хариулт 2-д дэлгэрэнгүйгээр тусгав. 2. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх (хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна) заалтын дагуу хяналт тавих үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй байна. Мөн ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1. 97.1.1 дэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвар алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоолгож, нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй байна. 60 2500 . Тухайн осол гарсан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилчид өглөө ажилдаа ирээд тухайн өдөр хийгдэх ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, зааварчилгаа өгөх хариуцсан ажилтан тухайн үед байгаагүй, ажилчид өөрсдөө уншиж танилцан гарын үсгээ зураад ажилдаа гарсан нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс нотлогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2. (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, ур дунд хяналт тавих;). 27.3.3. (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах:) дахь заалтын дагуу дүрэм журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллаагүй, өдөр тутмын зааварчилга стандартын түвшинд өгөгдөлгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаагүй байна. Тухайн нэгж тасгийн ахлагч нь ХЗАА-ны дарга Н.Л-ын баталсан (Баталсан он сар тодорхойгүй) Аюулгүй ажиллагааны зааврын Гурав. Тохижилт үйлчилгээний тасгийн ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3.1.1 (Байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны журмыг сахихаас гадна өдөр бүр ажил үүргийн онцлогт таарсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг хариуцсан тасгийн дарга, инженер техникийн ажилтнаас авч ажилд гарна) заалт, 3.1.2 (Аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилчин ажилд гарахгүй, энэ үйл ажиллагаанд тасгийн дарга туслах нар хяналт тавьж ажиллана.) хэсгийн дагуу хяналт тавиагүй, ажилд ямар хун гарч, ямар ажил үүрэг гүйцэтгэхийг тодорхойлж өгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1. (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх...) дэх заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа нь осол болоход нөлөөлөх хүчин зүйлийн нэг болно гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 (Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бух нөхцөлийг хангана) заасан. Мөн Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны аюулгүй ажиллагааны ерөнхий зааврын 3.2 дахь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж ажиллана гэж заасан байна. Иймд жолооч Ж.А нь хохирогч А.Чд тээврийн хэрэгслийг уяаг тайлах үүргийг өгөх зохицуулалт байхгүй байна. Г.Гантуяагийн уг хэрэгт шинжээчээр ажилласан 2021 оны 08 дугаарт сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд Г.Б-ыг хууль тогтоомж зөрчөөгүй гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно. Г.Б нь тухайн осол гарсан өдөр Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны аюулгүй ажиллагааны ерөнхий зааврын 3.2 дахь (Монгол улсын Замын хөдөлгөөний дүрийг мөрдөж ажиллах) заалтыг зөрчсөн байна. ХЗАА-ны дарга Н.Л-ын баталсан Аюулгүй ажиллагааны зааврын Гурав. Тохижилт үйлчилгээний тасгийн ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгааны 3.1.1 (Байгууллагын нийт ажилчдын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны журмыг сахихаас гадна өдөр бүр ажил үүргийн онцлогт таарсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг хариуцсан тасгийн дарга, инженер техникийн ажилтнаас авч ажилд гарна) заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм" MNS4969:2000 стандартын 4.9 (Ажлын байрны анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө) дэх заалтын дагуу тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг Хохирогч А.Чд тухайн өдөр жолооч, ачигч нарыг хариуцан ахлан ажиллах нэгж, тасгийн дарга зааварчилгаа өгөх үүрэгтэй байсан. /2хх-ийн 24-27 дахь тал/

            Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1966 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Бага насаа Өмнөговь аймгийн Номгон суманд өнгөрөөгөөд 1974, 1984 онд 10 дугаар анги төгсөж Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984-1986 онд ЗХУ-ын Комунарсик хотод ТМС-д сантехникч мэргэжлээр суралцаж сантехникч мэргэжил эзэмшсэн. 1987-1988 онд хугацаат цэргийн алба хаасан 1988-1990 онд Говь гурван сайхан пүүсэд сантехникч 1990-2003 онд Хилийн цэргийн 0131-р ангид механик. 2004-2013 онд Хүрмэн сумын Эрдэнэбулагийн уурхайд жолоочоор ажиллаж байгаад 2014 оноос өнөөг хүртэл Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд жолоочоор ажиллаж байна. Манай гэр бүлийн хүнийг Очирбат овогтой Ундармаа гэдэг Даланзадгад сумын БОЭТ-ийн Лабораторид ажилладаг. Би 7-28 насны 5 хүүхэдтэй том охин тусдаа гарсан. Бусад нь одоо хамт амьдарч байна. Би одоо эхнэр 4 хүүхдийн хамтаар Даланзадгад сумын 1-р баруун сайхан 17а-32 тоотод оршин сууж байна. А.Ч нь манай байгууллагад хамт ажилладаг юм. Бусдаар надтай хамт ачаанд явдаггүй учраас нэг их сайн танихгүй. Би болсон асуудлын талаар урьд нь мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Чадраабалын биеийн байдал одоо гайгүй болж байгаа. Гэхдээ хэвтэрт байгаа. Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. Миний зүгээс Чадраабалын эм, тариаг авч өгсөн хот явах, ирэх зардал, ор хоногийн мөнгө гэх мэт зардлуудыг бүгдийг нь төлсөн байгаа. Миний санаж байгаагаар 3 сая орчим төгрөг өгөөд байгаа. /хх-ийн 48 дахь тал/

            Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 463 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51 дэх тал/

            Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 дахь тал/

            400699 дугаартай Дипломын хуулбар /хх-ийн 57 дахь тал/

            Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 60, 83-88, 2хх-ийн 15-17 дахь тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дэх тал/

            Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар /хх-ийн 91-94 дэх тал/

            Урьдчилсан зааварчилгааны хуудас /хх-ийн 108 дахь тал/

            Хог хаягдлын ачигч нарын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 115 дахь тал/

            Жолооч нарын өдөр тутмын зааварчилгаатай танилцан баталгаа авсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 116-118 дахь тал/

            Даланзадгад хотын захирагчийн ажлын албаны даатгуулагчдад 2021 оны 09 дүгээр сард ХЧТА тэтгэмж олгосон жагсаалтын хуулбар /хх-ийн 124-125, 126 дахь тал/

            Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсын хуулбар, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 129-174 дэх тал/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 175-177 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/188 дугаартай тэтгэмж олгох тухай тушаал /хх-ийн 215-219 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 224-238 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв хогийн цэгийн ойролцоо 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эзэмшлийн 54-48 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур тросс салгахаар орсон А.Чыг харалгүй, уг автомашиныг хөдөлгөсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч А.Чын цээжний баруун талд 8 дугаар хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч А.Чын: Би Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд 2019 оны 04 дүгээр сард орсон юм. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 06 цагийн үед ажил дээр очиход манай ажлын жолооч Алтангэрэл ах ирчихсэн байсан бөгөөд би Алтангэрэл ахтай хамт төвийн хогийг ачихаар явсан юм. Бид хоёр эхний хогоо аваачиж хогийн цэг дээр асгачихаад дахин төв рүү орж ирээд дахиад хог ачаад буцаад хогийн цэг рүү явсан юм. Хогийн цэг дээр очоод бид хоёр хогоо буулгачихаад буцаад гарах гэж явж байгаад цэг дотор шаварт суучихсан. Тэгээд байж байхад Баттулга ах хогоо буулгах гээд хүрээд ирсэн. Баттулга хогоо буулгачихаад Алтангэрэл ахын машиныг шавраас гаргах гээд татсан чинь Баттулга ахын машин мөн шаварт суучихсан. Тэгээд байж байхад Пүрэвдорж ах хогоо буулгах гээд хүрээд ирсэн. Баттулга ахын машиныг татахаар болоод Алтангэрэл ах Баттулгын машин доогуур ороод троссыг тогтоосон. Пүрэвдорж ах машинаараа татаад гаргасан. Би Баттулга ахын машиныг шавраас гарах үед нь тэнд зогсож байсан чинь Алтангэрэл ах намайг машин доогуур ороод тросс салгаатах гэхээр нь би машин доогуур ороод троссыг салгах гээд оролдоод троссыг тайлах гэж байхад Баттулга машинаа хөдөлгөөд явсан. Машин миний аарцаг, хөл хэсэг дээгүүр гараад явсан машин намайг дайраад жаахан газар яваад зогсоод жолооч Баттулга ах машинаас буугаад ирсэн. /хх-ийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цын: Миний хүү өөрийнхөө гэрт аав, ээжийнхээ асрамжинд байгаа. Одоо бие арай дээрдэж хоёр суга таяг тулаад гарч бие засдаг болсон байгаа. Манай хүү Чадраабал Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд ачигч хийдэг бөгөөд 2021 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авсан гээд манайхаар ирээд явж байсан. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чадраабалыг осолд орсон талаар ажлын газраас нь хэлсэн. ...Ажлаа хийж явахад нь машин шаварт суусан, түүнийг троссоор татаж гаргасан гэсэн. Тэгээд тэр троссыг нь салгах гээд машин доогуур орсон үед нь жолооч Баттулга машинаа хөдөлгөөд Чадраабал дайрагдсан юм гэсэн. (хх-ийн 204-р хуудас) гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Л.Нгийн: А.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг юм. Би зохион байгуулагчаар нь Чадраабал ачигчаар ажилладаг ажил үүргийн холбоотой. Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа орсон юм. Үүнээс 2 хоногийн дараагаар ачигч Чадраабал нь ажилдаа ороод өглөө хогийн цэг дээр очоод машины доогуур ороод дайруулсан байх үед нь би очиход Чадраабал нь машинд дайруулсан гээд хажуугаараа хэвтэж байсан. (хх-ийн 17 дахь тал) гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Пгийн: ...Намайг хогийн цэг дээр очиход Алтангэрэлийн машин шаварт суучихсан байсан. Өмнө талд нь Баттулга мөн шаварт суучихсан байсан. Би хогоо буулгачихаад Баттулгын машиныг шавраас татаж гаргасан. Би Баттулгын машиныг татаж гаргачихаад зогсож байхад Чадраабал миний машины троссыг гогцооноос нь мулталсан. Тэгэхээр нь би тэндээс хөдлөөд шавартай хонхроос гараад зогссон. Тэгсэн гэнэт л хүмүүс хашхичаад унахаар нь яав ийв гэсэн чинь Чадраабал машинд дайрагдчихлаа гэсэн. (хх-ийн 22-р хуудас) гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бын: ...Тухайн үед үүрдэг машины жолооч Ж.А ажилдаа гарахаар ирэхэд Алтангэрэлийн ачигч Баяраа ажилдаа ирээгүй байсан учраас Чадраабалыг жолооч Алтангэрэл аваад ажилд гарсан байна. Эхний ачилтаа хийгээд хогийн цэг дээр аваачиж буулгачихаад эргэж ирж хог ачаад буцаад хогийн цэг дээр очоод хогоо буулгах гэж байгаад шаварт суусан байна. ...Ингээд Баттулгын машиныг П шавраас татаж гаргасан дараагаар ачигч Чадраабал нь машинаас бэхэлсэн троссыг салгах гээд машин доогуур орсон үед жолооч Баттулга нь миний машины троссыг салгачихаад бүх хүмүүс яваад өглөө гэж бодоод хөдлөх үйлдэл хийхэд Чадраабал машины дороос гараагүй байсан бөгөөд машинд дайруулсан байсан энэ талаарх мэдээллийг надад хогийн цэгийн диспетчер Энхзул надад энэ мэдээллийг өгсөний дагуу би уг газарт очиход эмнэлгийн байгууллага очоод яаралтай тусламж үзүүлээд аваад явж байсан. (хх-ийн 26-27 дахь тал) гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Аийн: ...Би П ахын машинаас өлгөсөн троссыг салгачихаад өөрийн машинаа татуулж шавраас гарах гээд машин руугаа явсан байсан. Би Чадраабалыг тросс салга гэж хэлээгүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр бичээд тавьчихсан байдагтай танилцаад гарын үсгээ зураад ажилдаа гарсан. Ер нь бичгээр өгсөн зааварчилгааг танилцаад л ажилдаа гардаг байсан юм. Тухайн үед надад өөрийн биеэр зааварчилгаа өгсөн хүн байхгүй. Бид нар 3 сар болоод нэг сургалтанд суудаг юм. Биечлэн зааварчилгаа өгсөн хүн байхгүй.(хх-ийн 245 дахь тал) гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн: ...Тухайн өдрийн 11 цагийн үед хогийн цэгээс Чадраабал машинд дайруулчихлаа гэж ялгагч Гантуяа надад хэлсний дагуу зохион байгуулагч Нгийн хамтаар түргэнтэй хамт яваад очсон юм. Намайг очих үед Чадраабал осол болсон газар хэвтэж байсан юм. Эмнэлгийн байгууллага очоод яаралтай тусламж үзүүлээд аваад явж байсан. (2хх-ийн хавтас 34 дэх тал) гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Чын эрүүл мэндэд цээжний баруун талд 8 дугаар хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн хавтас 8-9 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Б нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төв хогийн цэгийн ойролцоо 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эзэмшлийн 54-48 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур тросс салгахаар орсон А.Чыг харалгүй, уг автомашиныг хөдөлгөж, болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас цээжний баруун талд 8 дугаар хавирганд хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын 2 талын сэртэн, баруун аарцаг ясны дэлбэн, сүүж, умдаг яс, баруун дунд чөмөгний хугарал, уруудах гэдэс, давсагт няцрал, цутгалан гэдэсний цоорол гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч А.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...Тулга ах 5.000.000 гаруй төгрөг өгсөн. Цаашид цалингийн зээлийг төлөөд л явж байвал болчих байх. Би 3 кг-аас дээш юм өргөж болохгүй заалттай. Байгууллагаас дэмжлэг авсан. 06 сар цалин аваад сая группт орсон гэх тайлбар гаргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Г.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Чд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Холбогдох албан тушаалтнуудын гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг Хариулт 2-д дэлгэрэнгүйгээр тусгав. 2. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх (хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна) заалтын дагуу хяналт тавих үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй байна. Мөн ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1. 97.1.1 дэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвар алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоолгож, нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй байна. ...Тухайн өдөр жолооч, ачигч нарыг хариуцан ахлан ажиллах нэгж, тасгийн дарга зааварчилгаа өгөх үүрэгтэй байсан. /2хх-ийн 24-27 дахь тал/ гэх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад ажил олгогч байгууллага болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд, ажилтныг иргэний хариуцагчаар тогтоосныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хохирогч А.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, иргэний хариуцагч Ж.А нараас нэхэмжлэх эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 5.370.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт ирүүлсэн хохирол төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба нь хохирогч А.Чд 9.040.220 төгрөгийн тэтгэмж, тусламж олгосон болох нь хохирогч А.Ч, иргэний хариуцагч Д.М, Ж.Баярмаа нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч А.Ч шүүх хуралдаанд ...Тулга ахаас цалингийн зээлийн үлдэгдлээ нэхэмжилж байгаа. Цаашид цалингийн зээлийн үлдэгдлийг төлөөд дуусгачихвал болно. Би 3 килограммаас дээш юм өргөж болохгүй заалттай байгаа гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт болон хохирогч А.Чын цалингийн зээл төлөлтөнд 5.370.000 төгрөгийг төлсөн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба нь 9.040.220 төгрөгийн тэтгэмж, тусламж олгосон байх боловч хохирогч нь эмнэлэгт эмчлүүлж гарснаас хойшхи эмчилгээний баримтууд, шүүгдэгч, иргэний хариуцагч нараас төлсөн хохирол төлбөрийг эмчилгээндээ зарцуулсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

Хохирогч А.Ч шүүх хуралдаанд ...сая групп тогтоолгосон. Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон гэх тайлбар гаргасан ба иргэний хариуцагч Д.М шүүх хуралдаанд ... энэ хүний биеийн байдал сайжраад ажил эрхлэх боломжтой болох юм бол ажлын байраар хангах боломж байгаа гэх тайлбарыг гаргасан тул хохирогч А.Ч нь өөрийн бие эрүүл мэндийн байдалд тохирох ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Чд гэмт хэргийн улмаас шууд бус учирсан хохирол болох цалингийн зээлийг цаашид хариуцан төлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

 

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон Хог хаягдлын ачигч нарын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг 12 дахь заалтыг ачигч албан тушаалтай А.Ч нь зөрчсөн. /хх-ийн 32-33 дахь тал/ гэх ба хохирогч А.Ч нь ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байх үедээ эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр ажлын талбайд дур мэдэн гарсан нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж хуульчилсан тул хохирогч А.Ч нь хүнд гэмтэлтэй холбоотойгоор зайлшгүй эмчилгээ хийлгэх тохиолдолд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Б, иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, иргэний хариуцагч Ж.А нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Баттулгын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Баттулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.Баттулгын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 69 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 463 дугаартай тодорхойлолтод: Г.Б нь Даланзадгад сум Баруунсайханы 1 дүгээр багийн 12-11 тоотод ам бүл 6 оршин суудаг. Тус багийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх нь үнэн болно /хх-ийн 51 дэх тал/, 400699 дугаартай дипломын хуулбар /хх-ийн 57 дахь тал/, Г.Баттулгын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 61-62 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн бага хугацаагаар хасаж өгнө үү. Улсын яллагчаас санал болгож буй зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрөх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Баттулгын эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч А.Чд 5.370.000 төгрөг төлсөн, иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба нь 9.040.220 төгрөгийн тэтгэмж, тусламж олгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Бд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгын эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Б, иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, иргэний хариуцагч Ж.А нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч А.Чд 5.370.000 төгрөг төлсөн, иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба нь 9.040.220 төгрөгийн тэтгэмж, тусламж олгосон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА