Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2133

 

 

 

 

 

     2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/02133

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 13 тоотод байрлах, регистрийн дугаар 5798779, Х.Ц.У ХХКйн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 26 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧЖ 57071201, Хөхөө Луузан овогт Д.От холбогдох

1 590 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

Хариуцагч Д.Оын 500 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Д.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Ц.У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Д.О Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 26 тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар гэрээ байгуулсан ба урьдчилгаанд 500 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 990 000 төгрөгийг зээлээр төлөхөөр болсон.Улмаар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 199 000 төгрөгийг төлөх замаар төлж дуусгах байсан боловч одоогийн байдлаар 1 590 000 төгрөг төлөөгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.О 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас 8 шатлалтай америк ус цэвэршүүлэх төхөөрөмжийг 2 490 000 төгрөгөөр зээлээр худалдан авч урьдчилгаанд 500 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 400 000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр хийгээгүй.Манайх алданги тооцоогүй, үлдэгдэл 1 590 000 төгрөгийг Д.Оаас нэхэмжилж байна, 2015 оны 2 дугаар сард мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлтэй маргахгүй, Ус сувгийн удирдах газар, Шинжлэх ухааны академийн төлөөлөл мэдээлэл хийсэн, энд манай компанийн нэрийг дурдаагүй, манай салбар компаниудын нэрийг дурдсан байсан.Манай компани 2017 оны 2 дугаар сард дахин мэргэжлийн хяналтын газарт шалгуулсан гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:Надтай 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр Х.Ц.У ХХКас хэд хэдэн удаа ярьсан тул зөвшөөрч 2015 оны 1 дүгээр сарын 15-нд гэртээ ус цэвэршүүлэгч аппаратыг суурилуулж, урьдчилгаа 500 000 төгрөг төлсөн.Гэтэл 2 дугаар сарын сүүлчээр телевизороор ус цэвэршүүлэх аппарат суулгах бизнес явж байна.Энэ нь хуурамч тул иргэд болгоомжлох хэрэгтэй гэсэн мэдээлэл үзсэн.Үүний дараагаар зээлийн төлбөрөө төлж барагдуулах тухай тус компанийн ажилтан утсаар ярих үед бид ийм мэдээлэл сонслоо, танайх үйл ажиллагааны зөвшөөрөл, эрүүл ахуйн лабораторийн дүгнэлтийн баримт бичгээ үзүүл, үүний дараа төлбөрөө төлнө гээд төлбөр хийгээгүй, тус компанийн ажилтан манайд ирсэн боловч баримт бичиг авчраагүй тул дахин дээрх шаардлагаа хэлсэн.Гэтэл 2016 оны сүүлээр телевиз болон интернет сайтуудаар ус цэвэршүүлэх аппарат айл өрхөөр суурилуулж байгаа бизнес дэлгэрсэн бөгөөд энэ цэвэршүүлэгч нь манай улсын стандарт шаардлагыг хангахгүй байгаа бүтээгдэхүүн тул иргэд болгоомжлох тухай усны салбарын эрдэмтэд мэдэгдэл хийсэн.Иймд бид урьдчилгаанд өгсөн 500 000 төгрөгөө авч чадахгүй юм байна гээд зүгээр л орхихоор шийдсэн, түүнээс хойш 2016 оноос хойш тус компаниас ярихгүй байсан тул бид ч асуудлыг орхисон.Гэтэл шүүхэд өгсөн байх бөгөөд шүүхэд очсны дараа л Х.Ц.У ХХКйг ус цэвэршүүлэгчээ ирж авахыг шаардсан боловч ирж аваагүй, 2018 оны 5 дугаар сарын 16-нд очиж уулзахад хэвлэлийн бага хурлаар манай компанийг хилсээр гүтгэсэн мэдээлэл хийсэн, энэ тухай бид тэднээр буруу үйл ажиллагаа явуулсныг хүлээн зөвшөөрүүлсэн гэсэн боловч надад албан ёсны бичиг баримт үзүүлээгүй, 2016 оны хавар бид байрандаа засвар хийхдээ ус цэвэршүүлэх төхөөрөмжийг салган авч хайрцаглан хадгалсан, түүнийг сая уулзахдаа буцааж хүлээлгэн өгсөн.Манай нөхөр 2013 оны 9 сараас, би 2015 оны 6 сараас тэтгэвэрт гарсан бөгөөд бид тэтгэврийн зээлээ 2 жилээр авсан тул тус компанийн нэхэмжлэлийн дагуу төлбөр хийх боломжгүй, тус компани ч албан ёсны зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн борлуулаагүй гэж үзэж байгаа тул төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хүслийн цэнгэг ус ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Х.Ц.У ХХК АНУ-д үйлдвэрлэгдсэн Риге Рго ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авагч нь түүний үнийг төлөх үндсэн үүрэг тус тус хүлээсэн ба гэрээ байгуулагдсан өдөр ус цэвэршүүлэгчийн урьдчилгаа төлбөрт 500 000 төгрөгийг төлж, худалдагч нь ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нийлүүлсэн.Худалдагчаас ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үед буюу өгсний дараа түүнтэй дагалдах баримт бичгийг өгөөгүй, худалдагч нь АНУ-д үйлдвэрлэгдсэн Риге Рго ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлэх албан ёсны эрхтэй талаарх аливаа гэрчилгээ, баримт бичгийг нэг ч удаа худалдан авагчид үзүүлээгүй.Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тухайлбал: 2016 оны 11  дүгээр сарын 23-ны өдөр gogo.mn сайтад “Казахстанд хориглосон ус цэвэршүүлэгчийн бизнес иргэдийг хохироож байна гэв” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэж тус мэдээнд: “...Х.Ц.У ХХК зэрэг 40 гаруй компани Казакстанд төрөөс зогсоосон, ус цэвэршүүлэгчийн бизнесээр иргэдийг хохироож байна, ус цэвэршүүлэгч төхөөрөмж усанд байх шаардлагатай эрдэс бодисыг устгаж нэрсэн ус болгодог тул удаан хугацаагаар хэрэглэсэн хүний дархлаа муудаж, хууч хөдлөн өвчлөмтгий болдог, 100 мянга гаруй иргэн хохирогч болсон, 50 орчим хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн...”талаар дурдсан байдаг.Дээр дурдсанчлан Хүслийн цэнгэг ус ХХК-ийн нийлүүлсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг, зориулалтын дагуу ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой хөрөнгө болох нь мэдэгдмэгц энэ талаар Хүслийн цэнгэг ус ХХК-д мэдэгдэж, холбогдох баримт бичгийг гарган өгөхийг удаа дараа шаардсан хэдий ч гаргаж өгөхгүй гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж байна.Хүслийн
цэнгэг ус XXКомпани нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа тул 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан
авах гэрээнээс татгалзан, уг гэрээний дагуу урдьчилгаа төлбөрт төлсөн 500 000 төгрөгийг Хүслийн цэнгэг ус ХХК-иас гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Ц.У ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Д.От АНУ-д үйлдвэрлэгдсэн Риге Рго ус цэвэршүүлэх төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 26 тоотод байрлуулж өгсөн, гэрээний үүргээ Д.О биелүүлээгүй, 1 590 000 төгрөгийг төлөөгүй байна.Манайд 100 000 хэрэглэгч байхгүй, манай байгууллагын талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй, эрүүл мэндээр хохирсон зүйл ирээгүй болно, манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, албан ёсны зөвшөөрөл байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Д.О ус цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглах боломжгүй хэдэн хэсэг болгон хуваасан байсан гэв.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Х.Ц.У ХХК хариуцагч Д.От холбогдуулан худалдсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 1 590 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.О ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийн урьдчилгаанд төлсөн 500 000 төгрөгийг Х.Ц.У ХХКас гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр Х.Ц.У ХХКйн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Оын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Ц.У ХХК  Д.О нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.

Уг гэрээнд Х.Ц.У ХХК Америк улсад үйлдвэрлэсэн Риге Рго ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдан авагч Д.От хүлээн өгөх, уг төхөөрөмжийн үнэ 2 490 000 төгрөгийг Д.О худалдагч талд төлөхөөр талууд тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн хэлцлээр худалдагч Х.Ц.У ХХК ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгч, гэрт нь байрлуулан өмчлөлд нь шилжүүлж өгсөн, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 500 000 төгрөг төлөх, үлдэгдэл 1 990 000 төгрөгийг 10 сарын хугацаанд, сард 199 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах үүргийг худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн байна.

Улмаар худалдан авагч Д.О тухайн өдөр ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээн авч, төлбөрөөс 500 000 төгрөгийг төлж, дараа нь 2 удаагийн төлөлтөөр 400 000 төгрөг нийт 900 000 төгрөг төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болон сөрөг шаардлагынхаа үндэслэлийг 2015 оны 2 дугаар сард телевизээр “ус цэвэршүүлэгч бизнес явж байна, энэ нь хуурамч тул иргэд болгоомжлох хэрэгтэй” гэсэн мэдээлэл үзсэн тул Х.Ц.У ХХКйг үйл ажиллагааны зөвшөөрөл болон эрүүл ахуйн лабораторын дүгнэлтээ үзүүл гэхэд үзүүлээгүй тул төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу Д.Оын худалдаж авсан ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр шүүсэн ус нь ундны ус, эрүүл ахуйн шаардлагын стандартыг хангаагүй болохыг нотолсон баримтыг хариуцагч тал хэрэгт ирүүлээгүй байна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02-03-55/224 дугаартай дүгнэлтэд-Риге Рго ус цэвэршүүлэгчээр шүүсэн усыг ундны цэвэр устай харьцуулан шинжилж үзэхэд ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900:2005 стандартын шаардлагыг хангаж байна гэжээ.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06/047/48 дугаар дүгнэлтэд-Химийн шинжилгээний дүнгээр Риге-Рго-Ro-Ec 105P усны шүүлтүүрийн шүүсэн усанд хатуулаг, төмрийн агууламж илрээгүй, хлорид 2,1 дахин, нитрат 3,7 дахин, сульфат 6,4 дахин буурсан байна гэжээ.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь худалдагч талд ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт, стандартын шаардлагыг хангасан ус цэвэршүүлэх төхөөрөмжийг худалдсан байх тул худалдан авагч Д.О нь уг төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх нь зүйтэй байна.

Нөгөө талаар хариуцагч талын гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл тодорхойгүй, гэрээнээс татгалзаж байгаа шалтгаанаа баримтаар нотлоогүй байх бөгөөд гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэгч байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс хариуцагч тал татгалзах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу Д.О нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Д.Оаас 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан Х.Ц.У ХХКд олгосугай.

2.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зааснаар Х.Ц.У ХХКас 500 000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Оын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 40 390 төгрөг, хариуцагчаас төлсөн 15 650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 40 390 /дөчин мянга гурван зуун ерэн/ төгрөгийг гаргуулан Х.Ц.У ХХКд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН