| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0116/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/129 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.С
Улсын яллагч Т.Г
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 1725001070098 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.С
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баяннбулаг багийн 10 дугаар хороолол 5в байрны подволд үйл ажиллагаа явуулдаг “Гок гарден” сууц өмчлөгчдийн холбооны өрөөнд нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагт хулгайлан 460 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Г.Э-н ...“2017 оны 08 сарын 05-ны өглөө 9 цагийн үед гэртээ байж байтал “Ургамал энх” ХХК-ний нягтлан бодогч Б миний гар утас руу залгаад эгчээ танай СӨХ-ийн өрөө онгорхой, дотор нь байсан зурагтыг нь хулгайч аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад ажлын өрөөндөө яваад очтол өрөөний цонх хаалга онгорхой болчихсон дотор нь байсан 42 инчийн Самсунг маркийн зурагт алга болчихсон байсан. Би хулгайд алдагдсан зурагтаа олж авсан. Одоо миний зүгээс гаргаад байх гомдол санал байхгүй. Манай СӨХ-ийн байр нь ГОК гарден байрны Б-1 давхар буюу гараж дотор байдаг юм. Оршин суугчид орцоор болон гаражаар дамжин орж гардаг. Хулгайч манай СӨХ-ийн байрны цонхоор орж хаалгыг дотор талаас нь өшиглөөд гарсан байна лээ. Хаалган дээр хар зураас гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-12-р хуудас/
3. Гэрч Г.Л-н ...“2018 оны 02 сарын 11-ний өдөр Б гэх хүн надад 42 инчийн телевизор 200 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн зурагтны ард талын хэсэг нь хагархай байсан хүүхэд нь гээд 25 орчим насны залуу Бамбай хамгаалалтын газар ажилладаг гээд цуг явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
4. Гэрч Д.Б гийн..”2017 оны 08 сарын эхээр миний хүү нэг орой ажлаа тараад ирэхдээ цалигаараа өөрийн танил хүнээс худалдан авсан гээд Самсунг маркийн 42 инчийн ЛСД зурагт авч ирсэн. Тэр зурагтыг нь гэртээ ашиглаж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь 2018 оны 02 сарын эхээр хүү С бид хоёр урьд нь үйлчлүүдэг барьцаалан зээлдэх газар Л гэж хүний ломбарданд нэг сарын хугацаатай 200 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл энэ зурагт нь хулгайн эд зүйл байсан юм байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29-р хуудас/
5. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай дүгнэлтийн “Самсунг 42 инчийн зурагт 460 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /х/х-н 31-р хуудас/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтийн “шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан алганы мөрүүд Б гийн С ийн зүүн гарын алганы хээний дардастай папиляр шугамын эхлэл, нийлэлт, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүд цогц байдлаар тохирно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 49-р хуудас/
7. Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Гаражийн хаалгаар гарах гээд гараж руу орсон. Тэгтэл гаражийн нэг хэсэгт вакум хаалгатай өрөө байсан бөгөөд түүний дээд талд байх салхивч дотогшоо онгойсон байсан. Тэгэхээр нь зүүгдэж байгаад цонхоор нь орсон чинь зурагт байхаар нь зурагтыг нь аваад хаалгаар нь гарсан. Тэгээд гаражийн хаалгаар гараад зурагтаа аваад гэр рүүгээ таксигаар явсан. 2017 оны 08 сарын 04-ний өдөр цалин буусан болохоор гэртээ очоод ээждээ танил хүнээс хуучин зурагтыг нь цалингаасаа авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Э мэдүүлэхдээ “Миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан. Гомол саналгүй учир байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” Гэсэн байна.
Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Э-н мэдүүлэг, гэрч Г.Л , А.Мөнх-Эрдэнэ, Д.Б нарын мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 40 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баяннбулаг багийн 10 дугаар хороолол 5в байрны подволд үйл ажиллагаа явуулдаг “Гок гарден” сууц өмчлөгчдийн холбооны өрөөнд нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагт хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С ийн үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б гийн С ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тооцсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС