| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/02419/и |
| Дугаар | 2134 |
| Огноо | 2018-06-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2134
| 2018 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2018/02134 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 71-А байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо Хатанбаатар Магсаржавын гудамж 6А байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШВ 88011066, Таян овогт О.Угийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 71-А байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УХ 87052476, Пүрэв овогтой Б.От холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч О.У, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Б.Отай 207 онд танилцаж 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээ батлуулсан.Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 6 дугаар сарын 30-нд хүү О.З төрсөн, 9 настай, Нийслэлийн ган зам цогцолбор сургуулийн 4Б ангид суралцдаг.Мөн 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин О.Аму-Дари төрсөн, 5 настай Ган зам 179 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлэгт хүмүүждэг.Нөхөр Одбаяр нь хамт амьдрах хугацаандаа архи ууж гадуур хонож, гэр бүлээс гадуур дотно харьцааг удаа дараа гаргаж, салаагүй нэг гэрт амьдарч байхдаа бусдад эхнэргүй, эхнэртэй байсан салсан одоо ээжтэйгээ амьдардаг гэж бусадтай харьцаа тогтоож байсан, 2017 оны 7 дугаар сард Япон улсад суралцахаар явсан ба мөн оны 9 сард түүний ээж хамт архи уугаагүй шалтгаанаар шөнийн 23 цагийн үед агсам тавьж 2 хүүхдийн минь дэргэд хэл амаар боловсролгүй, хашааны хүүхэн, малчин гаралтай, ядуу гуйлгачин тэнэг гэж доромжилж 2 хүүхэдтэй минь хөөж гаргаснаас хойш тусдаа амьдарч байгаа тул цаашид нэг гэрт амьдрах боломжгүй.Өмнө нь удаа дараа хөөгдөж тусдаа удаан хугацаагаар амьдарч байсан.Иймд гэр бүлээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээж эцэг Одбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.Мөн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон болно гэжээ.
Нэхэмжлэгч О.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Отай 2007 онд танилцаад 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү Зургаадай, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин О.Анудари нар төрсөн, бид 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цуг амьдарсан.Цаашид бид нэг гэрт амьдрах хүсэлгүй байна, 2 хүүхдээ өөрийнхөө асрамжидаа авч, Б.Оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна, эд хөрөнгийн маргаан байхгүй, Б.О 2 хүүхэдтэйгээ уулзаж, эцгийнхээ үүргийг биелүүлж баигаа.Намайг завгүй үед хүүхдүүдээ харж байгаа.Одоо бид хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2007 онд О.Утай танилцаж 2017 оны 7 дугаар сар хүртэл гэр бүлээ батлуулж хамт амьдарсан, 2017 оны 7 дугаар сараас хойш хамт амьдраагүй бөгөөд энэ хугацаанд миний бие гадаадад амьдарсан болно.О.Угийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдүүдтэйгээ уулзаж байхыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү О.З, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин О.Анудари нар төрсөн.Би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Япон улс руу явсан.Япон улс руу явснаас хойш бид тусдаа амьдарсаар өдийг хүрсэн.Би Япон улсаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ирсэн, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.О.Угаас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.Бид тусдаа амьдраад удаж байгаа учраас 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар өгнө, О.У бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У хариуцагч Б.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.У хариуцагч Б.О нар 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү О.З, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин О.А нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний 0305141 Г-3220, 0000925678 Г-3969 тоот гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Мөн гэрлэгчид 2018 оны 5 дугаар сарын 273ны өдөр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн саналыг харгалзан хүү О.З, О.А нарыг эхийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул О.З, О.А нарыг эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Б.О нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Б.Оын хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Зохигчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Оаас 70 200 төгрөгийг гаргуулан Б.От олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Таян овогт О.У, Пүрэв овогтой Б.От нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү О.З, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин О.А нарыг эх О.Угийнх нь асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү О.З, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин О.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Оаас нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Оаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН