| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0077/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/59 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Сд холбогдох эрүүгийн 1825000000011 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Р.Сг 2017 оны 12 сарын 30-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Уурхайчин баг “Хуримт” буудлын 305 тоот өрөөнөөс Г.Оын цүнхтэй эд зүйл 380 000 төгрөгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Р.С нь 2017 оны 12 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт буудал дотор явж байгаад хаалга нь онгорхой байсан 305 тоот өрөөнөөс иргэн Г.Оын цүнхтэй эд зүйл 380 000 төгрөгийг авсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Г.Оын мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09-р хуудас/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч О.Кадалбекийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, гэрч С.Шинэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 22-28-р хуудас/, гэрч Х.Дэлгэрсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 21, 25-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Р.Сундуйсайханы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан үйлдэл болох нь хохирогч Г.Оын….”Би 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд Хуримт зочид буудалд байрласан. Маргааш өглөө нь Теди гар утасны худалдааны төв орох гээд цүнхээ буудлын ресепшинд үлдээх гэхэд өрөөндөө үлдээчих гэсэн. Тэгээд өрөөндөө үлдээгээд 2 цагийн дараа ирээд авах гэтэл миний цүнхтэй эд зүйл байхгүй байсан тул цагдаад хандсан. Цүнхэн дотор ажлын хувцас, гадаад паспорт, жолооны үнэмлэх, тэгээд паск байсан. Паскан дотор бэлэн 380 000 төгрөг байсан. Миний хувьд алдсан эд зүйлээ буцааж авсан, хохиролгүй болсон.Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг,зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Дэлгэрсүрэнгийн “2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хуримт буудалд ажилтай байх үед О гэдэг хүн орж ирээд захиалга өгөөд хоносон.Тэгээд өглөө өрөөнөөсөө гараад явахдаа өрөөнд цүнхээ үлдээсэн байсан. Тэгтэл 11 цагийн үед 2 танихгүй залуу О гэх хүний өрөө рүү ороод цүнхтэй эд зүйлийг нь аваад гарсан байсан.О гэдэг хүн эргэж ирээд өрөөнд байсан цүнхтэй эд зүйл алга байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Шинэцэцэгийн “2017 оны 12 сарын 30-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд өрөөнүүдээр яваад угаах цагаан хэрэглэлийг авсан. Тэгтэл 305 тоот өрөөнд цүнх байсан. Тухайн өрөөний хүн нь гарсан гэхдээ эд зүйл байгаа гэж хэлсэн. Тэгээд би өрөөнөөс нь цагаан хэрэглэлийг нь аваад гарахдаа хаалгыг нь онгорхой орхисон. Эхлээд намайг очих үед 305 тоот өрөө түгжээтэй байсан. Тэгэхээр нь би Дэлгэрсүрэн эгчид хэлээд өрөөг нь онгойлгосон. Тэгээд эргээд гарахдаа хаалгыг нь хаагаад онгорхой орхиод гараад явсан. Тэгтэл гаднаас 2 хүн орж ирээд 305 номерын өрөө рүү ороод өрөөнд байсан цүнхтэй зүйлийг нь аваад гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Кадалбекийн “2017 оны 12 сарын 30- ны өдөр өглөө 09 цагийн үед С, Батболд, Баярхүү нарын хамт 4-үүлээ 3 шил архи хувааж уусан. Тэгээд С бид 2 бусад нөхөдөөсөө салсан. Бид хоёр захаар явж байгаад тэндээсээ Хуримт төв тал руу явсан. Тэгтэл С би Хуримт төв рүү орчоод ирье гэсэн. Тэгээд С ганцаараа орж би Хуримт төвийн нэг давхарын үүдэнд ганцаараа суугаад хүлээгээд сууж байсан. Тэгээд 5-6 минут болсоны дараа С шатаар бууж ирээд гаръя, явъя гэсэн. Тэгээд бид хоёр шууд гараад явсан. Тэгээд бараан захын зүүн талын 2 давхарын нэрийг нь мэдэхгүй байна ресторантай газар байдаг тэр барилгын арын хогийн цэг дээр очсон. С Хуримт ороод шатаар бууж ирэхдээ хурдан гаръя гэсэн, тэгээд түрүүлээд гараад явах үед нь араас нь харахад хар өнгийн цүнх үүрсэн байсан. Хогийн цэг дээр очоод нөгөө хар цүнхээ задлаад үзэхэд ууталсан савалгаатай тахианы мөч цэнхэр өнгийн 3 торонд хувааж хийсэн, мөн ажлын хар өнгийн өмд, бор өнгийн гутал байсан. Тэгээд үзэж байхад цүнхний доод хэсгээс хар өнгийн паск гараад ирсэн. С задалж үзээд мөнгө байна гэж хэлсэн. 380 000 төгрөг бэлэн, гадаад паспорт, жолооны үнэмлэх, утасны цэнэглэгч зэрэг эд зүйл байсан. Тэгээд С мөнгийг нь хувааж авъя гээд надад 180 000 төгрөгийг нь өөрөө 200 000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч Р.С шүүх хуралдаанд өгсөн “миний буруу гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг нь дээрхи нотлох баримтуудаар давхар батлагдсан байна. Шүүгдэгч Р.Сы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-53-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нөгөө талаар хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгч тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба ялаа эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хохирол барагдсан байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овогт Рийн Сыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Сд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Сд оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Р.Сыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ