Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2129

 

 

 

 

 

     2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/02129

                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.М ХХКд холбогдох

570 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.М, хариуцагч байгууллагын төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах .... гэрэл зургийн студээр 2 хүүхдийнхээ гэрэл зургийг авахуулсан, үүний төлбөрт 570 000 төгрөг төлсөн.Гэтэл одоо хүртэл гэрэл зургийг өгөхгүй байна.Иймд үйлчилгээний төлбөрт төлсөн 570 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах ..... гэрэл зургийн студид 7 хоногийн өмнө цаг авч 2 хүүхдийнхээ зургийг авахуулж, 570 000 төгрөг төлсөн.Тэр өдөр эднийх хүйтэн байсан тул хүүхдүүд нимгэн хувцастай даарч ханиад хүрсэн.Ингээд зургаа авах гэж эднийх рүү залгахад Хятадаас ирээгүй байна гэсэн, 4 сарын дараа хивсэн зургийг авчирч өгөхөд засвар огт хийгээгүй байсан тул засаад аваад ир гэхэд 2 сар болсон, сүүлдээ энэ зургийн оронд жаазтай зураг өгье гэсэн.Эдний өгсөн засвар хийгээгүй хивсэн зургийг нь буцааж өгнө, өөр ямар ч зураг би аваагүй, 570 000 төгрөгөө авна гэв.

Хариуцагч А.М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагын .... гэрэл зургийн студид үйлчлүүлж хүүхдийн зураг авахуулан 570 000 төгрөг төлсөн.Тус зураг авахуулах үйлчилгээнд 60х90 хэмжээтэй хивсэн зураг 1 ш, 20х20 хэмжээтэй шилэн альбом 1ш, 40х50 хэмжээтэй жаазтай зураг 1ш, зурагтай нэрийн хуудасны тавиур 1ш, 28х35 хэмжээтэй цагтай зураг 1ш, 10х10 хэмжээтэй послейн зураг 2ш, бүх зургууд файл хэлбэрээр өгөх  /нийт 6 төрлийн зураг/  үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон.Манай байгууллага үйлчилгээнд орсон бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-ын Гуанжу хотод хэвлүүлэн авчирдаг, захиалагчийн захиалсан зураг 4 сарын 12-нд ирэхэд нь М-д 60х90 хэмжээтэй хивсэн зураг, 20х20 хэмжээтэй шилэн альбом, 40х50 хэмжээтэй жаазтай зургуудыг гэрт нь хүргэж өгсөн.Гэвч үйлчлүүлэгч 20х20 хэмжээтэй шилэн альбом болон 60х90 хэмжээтэй хивсэн зурагны засвар дутуу байна гэж шаардсан тул бид дахин хэвлэлтэнд явуулъя хугацаа хэрэгтэй гэж ярилцаж тохиролцсон.Гэхдээ 60х90 хэмжээтэй хивсэн зурагны оронд 60х90 хэмжээтэй жаазтай зураг өгөхөөр ярилцаж доголдолтой зургаа М авч үлдэхээр болсон.Дахин хэвлэлтэнд явуулсан альбом, зураг нь хятадаас ирсэн зургийг манай нягтлан М-ын ажил дээр нь очиж 60х90 хэмжээтэй жаазтай зураг 1ш, 28х35 хэмжээтэй цагтай зураг 1ш, зурагтай нэрийн хуудасны тавиур 1ш, 6х9 хэмжээтэй зураг 2ш, бүх зургуудыг файл хэлбэрээр, зургуудыг хүлээлгэн өгсөн.Манай байгууллага цаг хугацаа алдсандаа уучлал хүсэн ярилцаж 60х90 хэмжээтэй хивсэн зургийн оронд 600 000 төгрөгийн үнэтэй 60х90 хэмжээтэй жаазтай зураг хэвлэж өгсөн, 2018 оны 5 дугаар сарын     02-ны өдөр хэвлэлтээс дахин ирсэн 20х20 хэмжээтэй альбомыг гэрт нь М-д хүргэж өгсөн ба манайд 10х10 хэмжээтэй послейн 2ш зураг хадгалагдаж байна. Бид М-ын захиалгыг хугацаа хожимдуулсан боловч өнөөдрийн байдлаар 6 төрлийн зургаас 5 төрлийн зургийг хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч өөрөө 10х10 хэмжээтэй послейн 2ш зургийг аваагүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Аламуса шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.М манайд ирж хүүхдийн багцыг сонгосон, манайх зургаа Хятад руу  явуулж хэвлүүлдэг тул энэ хугацааг Б.М удаж байна гэж утсаар ярьдаг байсан.Манайх Б.Мад 20 нүүртэй, 10 хуудастай хүүхдийн альбом, 20х30 хэмжээтэй модон суурьтай зураг, нэрийн хуудасны зурган тавиур, 60х90 хэмжээтэй 600 000 төгрөгийн үнэтэй жаазтай зураг, 25 ширхэг файл буюу 250 000 төгрөгийн үнэтэй зургуудыг өгсөн байгаа бөгөөд нийт 1 270 000 төгрөгийн үнэтэй зургийг Б.Мад өгсөн байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч А.М ХХКд холбогдуулан гэрэл зургийн үнэ 570 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу А.М ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээж хэлцэл хийсэн байна.

 

Б.М 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.М ХХКйн Venus гэрэл зургийн студид 2 хүүхдийнхээ зургийг авахуулж, зургийн үнэ 570 000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч байгууллагаас засвар хийгдээгүй хивсэн зургийг авсан, түүнийг буцааж өгнө, өөр зураг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байхад хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Мад 1 270 000 төгрөгийн үнэ бүхий зургийг өгсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн зохигчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь Б.Мтай 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тохиролцсон 570 000 төгрөгийн үнэ бүхий гэрэл зургийг түүнд хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Улмаар хариуцагч байгууллага нь Б.Мад 1 270 000 төгрөгийн үнэ бүхий гэрэл зураг болон бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу Б.М нь гэрээнээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэж байх тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул хариуцагч байгууллагаас 570 000 төгрөгийг Б.Мад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар А.М ХХКас 570 000 /таван зуун далан мянган/ төгрөгийг гаргуулан Б.Мад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А.М ХХКас 17 750 /арван долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан Б.Мад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.ДОРЖНАМЖИН