| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/01941/и |
| Дугаар | 2132 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2132
| 2018 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/02132 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ц.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:МОХН УБТЗНт холбогдох
Эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Х.Э, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр УБТЗ-д хөдлөх бүрэлдэхүүнд ивүүр тавиагүйгээс хоорондын замд гарсан осол гарсны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр УБТЗ-ын даргын шуурхай хурал хийсэн.Уг гарсан зөрчилд миний гэм буруу байргүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй байхад намайг ажлаас гарах өргөдлөө өг гэж удаа дараа шаардаж байсаар өргөдөл бичүүлсэн.Иймд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:УБТЗ-ын дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 89 дүгээр тушаалаар Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикч Ц.Цыг ажлаас нь чөлөөлсөн ба үүнийг нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хөдлөх замд ивүүр тавиагүйгээс болж осол гарсан, энэ талаар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шуурхай хурал хийсэн ба дээрх осол нь Ц.Цын ажил үүрэгтэй холбоотойгоор, түүний буруугаас болж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.Дээрх осол Ц.Цын ажил үүрэгт хамааралгүй байхад байгууллагын шуурхай хурал дээр “ажлаасаа халагд” гэж хэлсэн байдаг.Үүний дараагаар түүнийг ажлаасаа гарахыг, өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байгаа.Ц.Ц 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дохиолол холбооны үйлдвэрчний холбоонд өргөдөл гаргасан байдаг.Мөн хариуцагч байгууллагын боловсон хүчин ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг утсаар шаардаж байсан ба удаа дараагийн дарамт шахалтаас болж Ц.Ц 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.Хариуцагч байгууллагын Ц.Цыг ажлаас чөлөөлж байгаа шалтгаан тодорхой, ойлгомжтой байх ёстой.Хариуцагч байгууллагын тайлбарт Ц.Цыг үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн байна.Гэтэл Ц.Цыг ашиг сонирхолын зөрчлийн улмаас ажлаас халж байна уу, эсхүл өөрөө хүсэлт гарган ажлаас халагдаж байгаа нь эргэлзээтэй байна.Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж сайн дураар биш шахалт дарамт үзүүлж өргөдлөө гаргахад хүргэсэн байна.Ц.Ц өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа бол байгууллагын шуурхай дээр одоо ажлаасаа халагд гэж үүрэг өгсний дагуу боловсон хүчин нь Ц.Цыг өргөдлөө өгөхийг шаардсан байдаг.Мөн хариуцагч байгууллагаас Ц.Цыг ажилдаа ирээд хэрэггүй, ажлаас чинь чөлөөлнө гэж утсаар хэлсэн байдаг тул Ц.Цыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэсгүй байна.Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмаар гаргасан нөхцөлд 30 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульд заасан байхад Ц.Цтай хугацааны талаар тохироогүй, өргөдлөө өгөхийг шаардсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөртөө л түүнийг ажлаас чөлөөлсөн.Ц.Ц ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн байхад түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр чөлөөлсөн байна.Ц.Ц үнэхээр өөрийн хүсэж хүсэлтээ өгөөгүй байхад тэтгэвэрт гарахын өмнө ажлаас халагдсандаа харамсаж байгаа.Иймд түүнийг Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам шүүхэд гаргасан тайлбартаа:Дархан-Уул аймгийн иргэн Ц.Ц нь УБТЗ ХНН-ын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн шугамын механикчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хувийн шалтгаанаар ажлаас халагдах өргөдлийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд тус ангийн дарга Д.Жигжид нь өргөдлийг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох цохолтыг хүний нөөцын ажилтанд хийж өгсөн байдаг.Энэ дагуу Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 89 тоот тушаалаар Ц.Цын хүсэлтийг хүлээн авч ажпаас өөрийнх нь хүсэлтээр халсан байна.Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан бөгөөд хүний нөөцийн ажилтан тухайн өдрийг бичихдээ техникийн алдаа гаргаж “10” гэж бичих байсаныг “9” гэж бичсэн байдаг.Энэ нь өөрөө техникийн алдаа болох нь ажилтаны ажпаас халагдах өргөдөл дээр хүлээн авсан өдрийг 10 гэж бичсэн болон ажлаас халах өдрийг 10 гэж цохсон даргын бичиглэл түүнчлэн тушаалын бүртгэлийн дэвтэрийн 89 дүгээр дугаарт хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тушаал гэж бүртгэгдсэн зэргээр нотлогдож байгаа болно.Түүнээс ажилтныг хүсэлтээ өгөөгүй байхад урьдчилан таамаглаж мэдээд тушаал гаргах ямар ч боломжгүй.Тэгэх ч шаардлага байхгүй болно.Албан бичгийн техникийн дараалал нь ангийн дарга тушаалд гарын үсэг зурсаны дараа огноог бичиж, дугаарладаг журамтай юм.Энэхүү техникийн алдаа нь Дохиолол холбооны 1 дүгээр ангийн бичиг хэргийн ажилтан Ж.Цогзолмааг ээлжийн амралттай байх үед түүнийг орлон ажиллаж байсан тус ангийн хүний нөөцийн менежер Г.Энхтуяагийн хайнга хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбоотой. Ажилтаныг ажлаас халагдах хүсэлт гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл огт нотлогдохгүй байна.Харин Дохиолол холбооны 1 дүгээр ангийн шугамын механикчаар ажиллаж байсан Ц.Ц нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ашиг сонирхолын ноцтой зөрчил гаргасан үйлдээ өөрөө ухамсарлан сайн дураараа ажлаасаа халагдсан гэж ажил олгогчийн зүгээс үзээд хүсэлтийг нь хүлээж авсан гэж үзэж байна.Учир байдлыг тодорхой тайлбарлавал
1.2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-2 өртөөнд ивүүр тавиагүйн улмаас вагон өнхөрч 1 дүгээр зам дээр орж ирсэн бөгөөд тухайн үед зам дээр зорчигчийн эсвэл ачааны галт тэрэг байсан бол олон хүний амь нас, ачаа тээш эрсдэх боломжтой байсан тул энэхүү ноцтой зөрчлийг онцгой тооцоот гологдол гарсан гэж тооцож уг гологдлын талаар авч хэлэлцэхээр Замын даргаар удирдуулсан шуурхай хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн. Хурлаар дээрхи онцгой тооцоот гологдол гарах болсон шалтгаан нөхцөл болон шалгалтын явцыг хэлэлцэх явцад зохих ажилтнуудын хайнга хариуцлагагүй байдал, мөн Төмөр замын багц дүрэм, журам, тушаал шийдвэрийг биелүүлдэггүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.Үүнд:Ц.Ц нь захирлаар нь ажилладаг, өөрийн хувийн компани болох "Светофор” ХХК-иас ДРХ-2 өртөөний ажлын байранд 2ш камер болон дүрс баримтжуулан бичих төхөөрөмжүүдийг /1 460 000 төгрөгөөр/ тус өртөөнд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж худалджээ.Тус компанийн суурилуулсан хяналтын камерууд байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээгдээгүй, нөөц үүсгэвэргүй /11Р5/ байсан, хяналтын камерын системд шаардлагатай цахилгаан тэжээлийн иж бүрдэлийг хангаагүйгээс ажиллаагүй, ингэснээр тухайн үед гарсан онцгой тооцоот гологдлын онцлох бичлэг хадгалагдаагүй байсан нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагаас мөн сарын 03-ны өдрийн 07 цаг хүртэл камер унтарсантай холбоотой болно.Энэ нь “УБТЗ” ХНН-ийн даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А-170 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн үйл ажиллагааг хяналтын камераар баримтжуулан бичих системийн ашиглалтын журам”-ын 3.22-т “Камерын хяналтын төхөөрөмж байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тзжээгдэх ба нөөц тасралтгүй тэжээлийн үүсгэвэр /11Р5/-тэй байна” 4.1-т “Тээврийн хяналтын алба болон холбогдох албадын байцаагч нар онцлох бичлэгийг тогтоож өгнө” гэснийг тус тус зөрчсөнөөс үүдэлтэй байна.
Дархан Зангилгааны даргын баталсан “Дархан-2 өртөөний паркийн харуулын байран дахь камерын ажиллагааг хянах журам”-д Зорилгыг тодорхойлохдоо Дархан-2 өртөөний паркын хяналтын камер нь Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөнии хангах гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж хамгаалахад оршино" гэж, мөн журмын 2-д гологдол, онцгой тооцоот гологдол, зөрчил гарсан тохиолдолд камерын бичлэгийг ухраах, шалгаж үзэх гэж тус тус заажээ, УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны журам”-ын 3.1-т худалдан авах ажиллагаанд ил тод байх, тэгш боломжгой, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 3.3, 3.7-т “Төсөвт өртөг 5,0 сая хүртэлх барааг шууд худалдан авалт хийхдээ тухайн салбар нэгж нь худалдан авах борлуулалтын ажиллагааны алба /НХ/-аар хянуулах, 3.9-т худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх ажиллагаанд оролцож буй УБТЗ-ын албан тушаалтан, ажилтан нар нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх” үүрэг хүлээсэн ба энэ үүргээ биелүүлээгүй нь тус шуурхай хурлын явцад илэрч, ийнхүү зөрчил илрэнгүүт үүнийгээ Ц.Ц хүлээн зөвшөөрч, уг хурлаас хойш 4 хоногийн дараа ажлаас халагдах өргөдлөө сайн дураар өөрөө бичиж өгсөн байдаг.Технологийн зориулалттай хяналтын камерын засвар үйлчилгээний ажилтан болох Дохиолол холбооны 1 дүгээр ангийн механикч Ц.Цыг "Светофор” ХХК-ийн захирлаар ажилладаг болохыг тус холбооны 1 дүгээр ангийн дарга /ШЧ-1/ Д.Жигжид мэддэггүй байсан гэдгээ Шуурхай хурлын үед хэлсэн байна.Дохиолол холбооны 1 дүгээр ангийн механикч Ц.Ц нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.2, Хөдөлмөрийн гэрээний 4.1, Ажлын байрны тодорхойлолтын Б-ын 4-т Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, бусад хууль тогтоомж, журмыг мөрдөх, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэх, технологийн горимыг чанд биелүүлэн ажилласнаар Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, байгууламжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган, захиргаа, удирдах ажилтнуудаас өгсөн даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хариуцсан өртөө зөрлөгийн дүрс, ажиглалтын камераар баримтжуулан бичих систем /ДАКББС/-ийн төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцан технологийн зурмагт үйлчилгээг хийж гүйцэтгэх ёстой байхаар заасан.
2. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурал дээр Замын дарга “Цэрэнжав өөрөө өргөдлөө өгөөд гарвал тэр биз.Өөрөө механик хийдэг, засдаг, хяналт тавьдаг мөртлөө өөрийнхөө ажилладаг компанид хувийнхаа компанийн камерыг шахаад, өөрөө гэрээ хийгээд гарын үсэг зураад зогсож байгаа асуудлыг НВА алба шалга.Энэ чинь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал биздээ“ гэж хэлсэн байдаг.Түүнээс ямар нэг байдлаар хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй бөгөөд хууль дүрэм зөрчсөн асуудлыг шалгуулах нь Замын даргын эрх хэмжээний асуудал.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан журмын дагуу ажилтан нь сайн дураар, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө бичиж, ажил олгогчид өгч, улмаар ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Ажил олгогчийн зүгээс ямар нэг дарамт шахалт учруулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар нэг баримтыг өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт нотлох баримтын журмаар өгсөнгүй.ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогчид нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах ёстой атал сайн дураараа өөрөө өргөдлөө өгч ажлаас халагдсан атлаа хэсэг хугацааны дараа бусдыг гүтгэн гүжирдэж дарамталсан гэж бусдыг гүтгэн гүжирдэж байгууллагын нэр хүндэд халдан хууль бусаар төлбөр мөнгө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө ёс зүйгүй асуудал байна.Ц.Цын шүүхэд гаргасан гомдолдоо бичсэнээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, шаардлагад заасан нөхцөл байдлуудаар ажил олгогчийн зүгээс дарамталсан, шахалт үзүүлсэн, зүй бусаар нөлөөлсөн гэх үйлдэл нь дээр дурдсанаас үзэхэд бодит байдалтай огт нийцэхгүй байна.Иймээс түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, өргөдөл гаргах болсон нөхцөл байдлыг хувийн ашиг сонирхол, гаргасан зөрчил, нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж үзэхийг шүүхээс хүсэж байна.Ийнхүү нэхэмжлэгч Ц.Цын гомдлын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц ажил олгогч байгууллагад өгсөн нэг л өргөдөл өгсөн, хэрэгт 4, 5 өргөдөл авагдсан байна.Ц.Цын манайд өгсөн өргөдөлд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх гэж байгаагаа дурдсан байдаг.Дээрх нөхцөлд үндэслэн УБТЗ-ын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргаас хөдөлмөрийн дотоод журмын 3.1-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 89 дүгээр тушаал, Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, дараагийн өдөр нь ажлаа хүлээлцэхээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдөр шилжих шөнө Дархан 2 өртөөнд гарсан осолд гологдолтой асуудал яригдсан.Энэ асуудалд механикч Ц.Ц хамааралтай байсан.Тухайн үед Ц.Ц өөрийн захирлаар ажилладаг байсан компаниатай 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 10 камерыг 1 460 000 төгрөгөөр худалдсан байсан.Энэ худалдан авах гэрээг үндэслэн төмөр замын 2 камер суурилагдсан нь иж бүрдэл биш, биет байдлын доголдолтой камерууд байсан.Хяналтын камерын системийн шаардлагатай цахилгаан тэжээлийн иж бүрдлийг хангаагүйгээс тухайн үед гарсан гологдлын онцлох бичлэг хадгалагдаагүй байсан нь камер ажиллаагүй шалтгаан юм.Камер ажиллагаагүй болох үед Ц.Ц өөрийн ажлаа хийж байсан.Камер хэдээс хэдэн цагийн хооронд унтарсныг Ц.Ц өөрийнхөө тодорхойлолтонд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 03-ны өдрийн 07 цаг хүртэл камер унтарсан байсан гэж бичсэн байсан.Технологийн зориулалттай хяналтын камерын засвар үйлчилгээний ажилтан болох Дохиолол холбооны 1 дүгээр ангийн механикч Ц.Цыг "Светофор” ХХКомпанийн захирлаар ажилладаг болохыг нь Д.Жигжид дарга мэдээгүй гэдгээ шуурхай хурлын үед хэлсэн.УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А-170 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын тээврийн үйл ажиллагааг хяналтын камераар баримтжуулан бичих системийн ашиглалтын журамын 3.22-т “Камерын хяналтын төхөөрөмж байнгын цахилгаан тэжээлийн эх үүсвэрээс тэжээгдэх ба нөөц тасралтгүй тэжээлийн үүсгэвэртэй байна”, 4.1-т “Тээврийн хяналтын алба болон холбогдох албадын байцаагч нар онцлох бичлэгийг тогтоож өгнө” гэснийг тус тус зөрчснөөс үүдэлтэй байсан.Энэ үед 20-иод хүмүүст тухайн үед арга хэмжээ авсан.Дархан зангилгааны даргын баталсан Дархан-2 өртөөний паркын харуулын байран дахь камерын ажиллагааг хянах журамд зорилгыг тодорхойлсон.Энэхүү журамд Дархан-2 өртөөний паркын хяналтын камер нь Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж хамгаалахад оршино, мөн журмын 2-т “гологдол, онцгой тооцоот гологдол, зөрчил гарсан тохиолдолд камерын бичлэгийг ухраах, шалгаж үзэх” гэж тус тус заасан. “УБТЗ” ХНН-ийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А-55 дугаар тушаалаар баталсан худалдан авах ажиллагааны журмын 3.1-т “худалдан авах ажиллагаа ил тод байх, тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 3.3, 3.7-т “төсөвт өртөг 5 сая төгрөг хүртэлх бараанд худалдан авалт хийхдээ тухайн салбар нэгж нь худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаар хянуулах", 3.9-т “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх ажиллагаанд оролцож байгаа УБТЗ-ын албан тушаалтан, ажилтан нар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх” үүрэг хүлээсэн ба энэ үүргээ биелүүлээгүй нь тус шуурхай хурлын явцад илэрч, үүнийгээ Ц.Ц хүлээн зөвшөөрч, уг хурлаас хойш 4 хоногийн дараа ажлаас халагдах өргөдлөө сайн дураараа өөрөө бичиж өгсөн, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурал дээр Замын дарга “Цэрэнжав өөрөө өргөдлөө өгөөд гарвал тэр биз. Өөрөө механик хийдэг, засдаг, хяналт тавьдаг мөртлөө өөрийнхөө ажилладаг компанид хувийнхаа компанийн камерыг шахаад, өөрөө гэрээ хийгээд гарын үсэг зураад зогсож байгаа асуудлыг шалга.Энэ чинь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал биздээ” гэж хэлсэн байдаг.Түүнээс ямар нэгэн байдлаар хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй.Ц.Ц ажлаас гарах өргөдлөө 2-3 удаа давтан бичсэн нь хэн нэгний шахалт дарамтанд хийгдэх үйлдэл биш.Тухайн үед Үйлдвэрчний хорооны даргад өргөдөл өгсөн эсэх нь тодорхойгүй байна.Хэрвээ өгсөн бол Үйлдвэрчний хорооны дарга Жаргалсайханыг гэрчээс асууж үүнийг нотлуулах боломжтой байсан.Ц.Цын 3, 4 өгсөн өргөдлийг шүүх бодитойгоор үнэлэлт дүгнэлт хийнэ гэж бодож байна.Ажлаас халах хугацааг тохиролцох ёстой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Тэгэхээр ажлаас халах хугацааг тохиролцох биш, ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгана гэж бичсэн байгаа, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан тушаалыг 4 дүгээр сарын 09-ний өдөр гэж техникийн алдаа хийсэн нь үнэн.Үүнийг бид нотлохын тулд баримтуудаа гарган өгсөн, 09-ний өдөр дугаар авч урьдчилаад дугаар авсан юм шиг ойлгож болохгүй.Мөн хариуцлагагүй ажилтны үйл ажиллагаа нөлөөлсөн.Тэр үед бичиг хэргийн ажилтан ээлжийн амралтаа авсан учраас хүний нөөцийн менежер Г.Энхтуяа ажлыг орлон хийж санамсаргүй эс үйлдэл гаргасан байна.Мөн ажлаас халагдсан үндэслэл шалтгаан нь тодорхойгүй гэж тайлбарлаж байна.Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг гэж заасан байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч байгууллагын удирдлагууд удаа дараа шаардаж Ц.Цаар өргөдөл бичүүлсэн гэж ярьж байна.Энэ нь шахалт, шаардлага биш, Ц.Ц байгууллагын хэд хэдэн журмыг зөрчиж, ашиг сохирхолын зөрчилтэй гэрээ хийж, ажлын доголдол гаргасныг анхааруулж хэлснийг дарамт шахалт үзүүлсэн гэж дүгнэж байгаа байгаа нь бодит байдал нийцэхгүй байна.Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагуудыг хэлж анхааруулах нь удирдах ажилтаны үүрэг байдаг.Энэ нь ямар нэгэн дарамт шахалт, зүй бус үйлдэл биш, Ц.Ц төмөр замын худалдах ажиллагааны журам, камерын бичлэг суурилуулах журмыг ноцтой зөрчсөн байгаа гэв.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Байгууллагын бичиг хэргийн ажилтанг ээлжийн амралттай байхад нь түүнийг ажлыг би орлон гүйцэтгэж байсан, Ц.Ц ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгөхөөр даргатай тохиролсон байсан.Даргыг асуухаар нь би Цэрэнжавыг өргөдлөө өгөх болоогүй юу гэж утсаар асуусан нь үнэн, чи өргөдлөө өг гэж шахаж шаардаагүй, бичиг хэргийн ажилтанг орлон ажиллаж байх хугацаандаа ажлаас чөлөөлөгдөх тушаал болон тушаал бүртгэх дэвтэрт он сар өдрийг нь 4 дүгээр сарын 10-ны өдөр гэж бичсэн бөгөөд тушаалын бланк дээр алдаатай бичсэн байсан.Энэ тушаал Ц.Цыг халахаар бэлдсэн тушаал биш байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ц.Ц нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Дархан 2 дахь шугамын 3 дугаар хэсгийн шугамын механикчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Ц.Ц нь хариуцагч байгууллагатай 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрны тодорхойлолттой танилцан зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 1 дүгээр ангийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 89 дугаартай тушаалаар Ц.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Дээрх тушаалд-Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэн Ц.Цын гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ.
Хариуцагч байгууллага нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-2 өртөөнд ивүүр тавиагүйн улмаас вагон өнхөрч онцгой тооцоот гологдол, зөрчил гарсан, энэхүү үйл ажиллагаа нь камерт бичигдээгүй, тухайн үед камер ажиллахгүй байсан, улмаар уг камерыг Ц.Ц өөрийнхөө хувийн компаниас нийлүүлсэн байдаг гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаагүй байна.
Хариуцагч байгууллага 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шуурхай хурал хийж 2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-2 өртөөн дээр ивүүр тавиагүйн улмаас вагон хоорондын замд алдсан онцгой тооцоот гологдлын талаар хэлэлцсэн байх бөгөөд уг хурал дээр “Цэрэнжав өөрөө өргөдлөө өгөөд гарвал тэр биз, өөрөө механик хийдэг, засдаг, хяналт тавьдаг мөртлөө өөрийнхөө ажилладаг компанид хувийнхаа компанийн камерыг шахаад, өөрөө гэрээ хийгээд байсан асуудлыг HBA алба шалга, энэ чинь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал биздээ” гэсэн мэдээлэл хийгдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасан байна.
Ц.Ц 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дохиолол холбооны 1 дүгээр ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөлд “би 1992 оноос одоо хүртэл Дохиолол холбооны 1 дүгээр ангид ажиллаж байна, 4 сарын 6-ны өдрийн шуурхай зөвөлгөөний дагуу замын даргын аман шийдвэрээр хувийн компанитай хүн төмөр замд ажиллаж болохгүй учраас өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг гэж 2 удаа уулзаж, 1 удаа утасдаж ангийн дарга шаардаж байна” гэсэн байх бөгөөд ҮЭХ-ны дарга С.Жаргалсайхан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд өргөдөл бичиж өгөхөд татгалзах зүйлгүй гэж өргөдөлд бичсэн байна.
Улмаар Ц.Ц 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дохиолол холбооны 1 дүгээр ангийн захиргаанд өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдөлд хувийн шалтгаанаар ажлаас халагдах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг тодорхой тусгаагүй, хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа дурдаагүй байх бөгөөд эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байна гэж үзэх боломжгүй байна.
Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Даргыг асуухаар нь би Цэрэнжавыг өргөдлөө өгөх болоогүй юу гэж утсаар асуусан нь үнэн” гэж тайлбарлаж байна.
Хэрэв Ц.Ц өөрийнхөө хүсэл зоригийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байсан бол Ц.Цыг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн эсэхийг Дохиолол холбооны 1 дүгээр ангийн дарга асуух, улмаар менежер Г.Энхтуяа утсаар асуух шаардлагагүй байсан бөгөөд энэхүү үйл баримтаас харахад ажил олгогч байгууллагаас нэхэмжлэгчид өргөдлөө өгөхийг сануулсан агуулга бүхий санаа зорилго нь эс үйлдэхүй хэлбэрээр явагдаж байна гэж үзэхээр байна.
Иймд Ц.Цыг МОХН УБТЗНийн Дархан-2 дахь шугамын 3 дугаар хэсгийн механикчийн ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.
Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингийн нийлбэрээс дундаж цалинг бодож, түүний ажилгүй байсан 58 хоногийн цалингийн олговорт 3 632 018 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, Ц.Цын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Ц.Ц-г МОХНН УБТЗН-ын Дархан-2 дахь шугамын 3 дугаар хэсгийн механикчийн ажилд эргүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар МОХНН УБТЗН-ээс 3 632 018 /гурван сая зургаан зуун гучин хоёр мянга арван найман/ төгрөгийг гаргуулан Ц.Цд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Ц.Цын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг МОХНН УБТЗН-т даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, МОХН УБТЗНээс 73 062 /далан гурван мянга жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН