| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02256/И |
| Дугаар | 2127 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2127
| 2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2018/02127 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Д.Б,
Нэхэмжлэгч:С.М нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ш-12Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдох
Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Б, С.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б, С.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид тус байрны 3-00 тоотод оршин суудаг, Сууц өмчлөгчдийн холбоотой 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс гэрээ хийж түрээсээр амьдарч байгаа.Тус Сууц Өмчлөгчдийн Холбоонд 2017 оны 10 дугаар сараас жижүүр, үйлчлэгчээр ажиллаж цалингаасаа түрээсийг суутгуулж төлдөг, тог, дулаан, усыг сар бүр төлдөг.Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг иргэн Д.Алтантогос нь бусадтай бүлэглэн Ш-12 СӨХ-ийн дарга Нямбал, ня/бо Алтанхуяг нарыг дарамтлан өрөөнийх нь цоожийг сольж, тамга тэмдэг, бичиг баримтыг нь хүчирхийлж авсан бөгөөд энэ тухай асуудал нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа.Мөн одоо өөрийгөө сайн дураар Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга гэж Сууц Өмчлөгчдийн Холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан жижүүр 5 хүний цалинг хасаж, 4 хүнийг ажлаас нь халаад байна.Бид хоёрт 4 сарын 25-нд ажлаас халсан тушаал гэгчийг өгөхдөө 4 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэж 7 хоногийн ажлын өдрийг хассан байх бөгөөд 1 810 000 төгрөгийн түрээсийн хохирол Сууц Өмчлөгчдийн Холбоонд учруулсан гэж үндэслэлгүй гүтгэж, түрээлж байгаа өрөөг суллаж өгөөд зайл гэж хөөж бие, сэтгэл санааны дарамт үзүүлж хохироосоор байна.Мөн орцнуудын хаалга, мэдээллийн самбаруудад мэдэгдэл нааж, оршин сууцчид болон олны дунд нэр төрд халдаж байна.Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс болон дарга удирдлагууд мэднэ.Иймд бидний ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор /2 сар/ 960 000 төгрөгийг гаргуулж, гүтгэсэн асуудлаар гэм бурууг тогтоож хохирол барагдуулж өгч туслана уу гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоотой гэрээ байгуулан жижүүр, үйлчлэгчийн ажилд орсон, түрээсийн төлбөрт 100 000 төгрөг суутгуулдаг байсан.Надад 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн, түүнээс хойш ажилгүй байна.Тиймээс намайг Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны жижүүр, үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 8 дугаар сард Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоотой гэрээ байгуулан 12 дугаар байрны 5, 3 дугаар байрны 0 тоотыг түрээслэн амьдарсан.Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны дарга байсан Нямдаваа 0 тоотыг 150 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийсэн боловч бид хоёрыг жижүүр, үйлчлэгчийн ажил хийвэл түрээсийн төлбөрийг 100 000 төгрөг болгон хямдруулж болно гэхээр нь би 3, 6 дугаар орцыг, шаардлагатай үед нэмэлтээр 5, 6, 7 дугаар орцуудыг цэвэрлэдэг байсан.Сууц Өмчлөгчдийн Холбоо хурал зарлахаар нь очиход Батхүү бид хоёрыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан, СӨХ өөрсдийн үзэмжээр ажлаас халсаныг зөвшөөрөхгүй байгаа тул намайг Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны үйлчлэгч, жижүүрийн ажилд эргүүлэн томилж өгнө үү, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоо 2017 оны 8 дугаар сард С.Мтай 12 дугаар байрны 5, 3 дугаар орцны 0 тоотуудыг түрээслэх гэрээ хийсэн.Энэ гэрээний дагуу санал тавьж Д.Бтэй харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 02/24 дүгээр тушаалаар үйлчлэгчийн ажилд томилсон, тушаалын 3 дугаар хэсэгт Д.Бг 240 000 төгрөгөөр цалинжуулж, цалингаас нь 3-0 тоотын түрээсийн төлбөрт сард 100 000 төгрөг төлж байхаар тохиролцсон байгаа.С.Мыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07/31 дүгээр тушаалаар 7 дугаар орцны үйлчлэгчээр түр ажиллуулахаар тушаал гарсан.С.Мын тушаал дээр цалингаас нь суутгал хийхээр тусгаагүй байгаа. Д.Б, С.М нар тэтгэвэрийн хүмүүс учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, С.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн.Байрны оршин суугчдаас сэтгэл ханамжийн судалгааг авсан, Д.Б түрээсийн төлбөрийг төлөөгүй байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн.Оршин суугчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахад цэвэрлэгээ хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б, С.М нар Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоонд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Б, С.М нар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоонд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан болох нь хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 02/26 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07/31 тоот тушаалууд болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар 3 дугаар орцны жижүүр С.Мыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалд-цэвэрлэгээ, үйлчилгээний талаар тавьсан шаардлага биелүүлдэггүй, СӨХ-с цахилгаан хулгай хийсэн, хуурамч тамга тэмдэг ашиглаж банкнаас мөнгө авсан зэрэг байгууллагын дотоод асуудалд оролцож байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.
Хариуцагч Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны захирлын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар тус СӨХ-ны 8 дугаар орцны жижүүр Батхүү нь гэр бүлээрээ 00 тоотод амьдарсан боловч ажлын цаг баримталдаггүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас СӨХ-д хохирол учруулсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Мыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар, Д.Б түрээсийн төлбөрийг төлөөгүй байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байна гэж заасан байхад Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 3 дугаар орцны жижүүр С.Мыг ур чадвараар ажилдаа тэнцэхгүй байгаа болохыг баримтаар нотлоогүй байна.
Тухайн байрны оршин суугчдаас авсан сэтгэл ханамжийн баталгаа гэх судалгаа нь С.Мыг ур чадвараар ажилдаа тэнцэхгүй байна гэдгийг нотлохгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байна гэж заасан байх болоч Д.Б нь дээрх зөрчлийг гаргасан болохыг нотолсон баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлтэй тохирохгүй байх тул нэхэмжлэгч нарын шаардлага үндэстэй байна.
Иймд нэхэмжлэгч нарыг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, тэдний ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагч байгуулагаас 1 340 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Д.Б, С.М нарыг Ш-12 Сууц Өмчлөгчдийн Холбооны жижүүр, үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбооноос 1 340 000 /нэг сая гурван зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан Д.Бд 670 000 төгрөг, С.Мд 670 000 төгрөгийг тус тус олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ш-12 Сууц Өмчлөгчдийн Холбооноос 36 390 /гучин зургаан мянга гурван зуун ерэн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН