Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02348

 

Г.У-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.У-ын нэхэмжлэлтэй

 

Гэм хорын хохиролд 43 689 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд прокурор А.Оюунгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У- би 2013 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд нийт 107 хоног цагдан хоригдсон. Тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч Г.У- надад холбогдох заалт хэвээр үлдсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Г.У-т холбогдох хэргийг цагаатгасан. Уг тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн үед би “Доктор” авто засварын газарт механикч хийдэг, сарын 850 000 төгрөгийн цалин авдаг байсан. Цагдаагаас дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд ажлын газрын хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйн тулд ажлаасаа чөлөө авсан. Би одоо ажиллаж байх үеийн сарын цалингаа нэхэмжилнэ. Энэ талаар байгууллагаас баримт гаргуулж авах боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргуулах хүсэлтэй байна.

Иймд намайг хууль бусаар цагдан хоригдсон 107 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг /107x192 000/-өөр тооцож 20 544 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр бодож, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааг 149 900 төгрөг /149 900*6/-өөр тооцож 899 400 төгрөг, 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 2 дугаар сарыг хүртэл 169 000 төгрөг /169 000*10/-өөр тооцож 1 690 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал 185 400 төгрөг /185 400*3/-өөр тооцож 556 200 төгрөг буюу 3 145 600 төгрөг нийт 43 689 600 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурор А.Оюунгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.У- нь бүлэглэж 2013 оны  6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн  Ө.Төрбатын биед халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт холбогдож шалгагдсан. Энэ хэрэгт иргэн Ө.Төрбатын гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгалтын явцад Г.У-ыг холбогдуулан шалгах үндэслэл байсан гэх үндэслэлээр төрийн байгууллагад гомдол гаргасан. Энэ гомдлыг төрийн байгууллага хүлээж аваад шалгах ёстой. Гомдолд болоод хохирогчийн мэдүүлэгт 3-4 хүн нийлээд тал талаас зодсон. Хэн нь зодож байгааг мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг болох үед шүүгдэгч н.Лхагвасүрэн, н.Золбаяр, н.Мөнхбаясгалан, н.Ариунбаяр, н.Уранбаяр нар  байсан нь тогтоогдсон учраас хохирогчийн мэдүүлгийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шүүхээс Г.У-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Цагдан хоригдсон шалтгааны тухайд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул энэ өдрөөс хойш таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Нэхэмжлэлийн шаардлага 43 000 000 төгрөгийг нотолж ирүүлсэн нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангаас 20 544 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 145 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Урангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хорих ангид хоригдож байгаа хүн сэтгэл санааны дарамтанд орж сэтгэл санааны хохирол учрахгүй байна гэж байхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгийг Баянгол дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ташаа бичсэн. Г.У-ыг цагдан хорьсон нь Эрүүгийн байцаан  шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 20 544 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ямар баримт дээр үндэслэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, ямар цалин орлого олдог байсан, нийгмийн даатгал төлөгдсөн эсэх, гар дээр хэдэн төгрөг авдаг нь тодорхойгүй. Доктор авто засварын газарт хэзээ, ямар тушаал шийдвэрээр орсон уг газарт ажилладаг эсэх, ямар хугацаанд ажилгүй байсан талаар баримтгүй. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагаас баримт авах боломжгүй талаар тайлбар гаргасан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан боловч шүүхийн шийдвэрээс зөрчигдсөн эрхийг сэргээсэн байдал харагдахгүй байх ба хуулийн заалтаас зөрчигдсөн эрхийг сэргээсний дараа хохирлыг төр хариуцахаар ойлгогдож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч тооцооллын алдаа гаргаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.У- нь байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохиролд нийт 43 689 600 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Уг 43 689 600 төгрөгийн 20 544 000 төгрөгийг нэхэмжлэгч хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс гэсэн гэж, 20 000 000 төгрөгийг сэтгэл санааны хохирол, 3 145 600 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тус тус тодорхойлжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор “гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байсан тул хуульд заасан үндэслэлээр цагдан хорьж шалгасан“ гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 004 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 тоот магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-13, 14-53/

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.1-д тус тус зааснаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон тохиолдолд төрөөс хохирол шаардах эрх үүсч байна. Нөхөн төлүүлэх хохиролд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого хамаарна. Г.У- нь 107 хоног цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний талаарх нотлох баримтаа гаргаагүй, харин цалин хөлсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлсныг буруутгах боломжгүй байна. 

 

Нэхэмжлэгч хэрэгт холбогдох үедээ ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд анхан шатны шүүх тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, нэхэмжлэгчийн тодорхойлсноор тооцсон. Ийнхүү тооцохдоо тооцооллын алдаа гаргажээ. Иймд Г.У-ын цагдан хоригдсон хугацаа болох 107 хоногийг нэг өдрийн хөдөлмөрийн хөлс болох 8 930 /192 000 төгрөг : 21,5 хоног/ төгрөгөөр тооцож, нийт 955 510 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Харин 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхөөр заасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэжээ. Хууль бус ажиллагааны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт Иргэний хуульд тусгайлан заагдаагүй болно.

 

Хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт заасан “...сэтгэл санааны үр дагавар”-т хамаарах бөгөөд нэхэмжлэгч энэ байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул шүүх энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт зааснаар хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан. Шууд бус хохиролд олох ёстой байсан орлого хамаардаг тул нэхэмжлэлийн 3 145 600 төгрөгт холбогдох хэсгийг мөн хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт Хан-Уул дүүргийн прокурор А.Оюунгэрэлийг “Баянгол дүүргийн прокурор” гэж буруу тусган алдаа гаргасныг залруулах нь зүйтэй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, прокурорын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгддөг байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийг  хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01912 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “Баянгол дүүргийн прокурор” гэснийг “Хан-Уул дүүргийн прокурор” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.4,” гэсний дараа “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7” гэж, “20 544 000” гэснийг “955 510” гэж, “23 145 600” гэснийг “42 734 090” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч” гэснийг “нэхэмжлэл” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

                                                                      Ш.ОЮУНХАНД