Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

                                

         Н.Уод холбогдох эрүүгийн

                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Сундуй,

шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

хохирогч Б.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Уод холбогдох эрүүгийн 1809054991286 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 19в тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буйгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн, /РД: /;

Н.У нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны хойд талд иргэн Б.Анхбаярын толгойн тус газар нь цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Улсболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уыг  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уод энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уод оногдуулсан  5 /тав/ жил 5 /тав/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.Анхбаярын эмчилгээ хагалгааны зардалд 865.930 төгрөг гарснаас шүүгдэгч Н.Уын ар гэрийн зүгээс 1.831.150 төгрөгийг өгсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Анхбаяр нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувиар цаашид эмчилгээ сувилгаанд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/390 тоот шийтгэх тогтоолыг ялтан Н.Уын өмгөөлөгч Х.Баатарбилэг миний бие хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 38.1.1 дэх хэсэгт тус тус заасан эрхийн хүрээнд дараах гомдол гаргаж байна. Үүнд:

Миний үйлчлүүлэгч Н.У нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны хойд талд иргэн Б.Анхбаярын толгойн тус газарт нь цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасны журамлан 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн 5 жил 5 сар 24 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс шүүх уг хэргийг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь манай үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээж, тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж буйгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн бүх нөхцөл шаардлагыг хангасаар байхад шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа уг заалтыг хэрэглээгүй нь Н.Уын эрх зүйн байдлыг хүндрүүлж байна гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Уод оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.      

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Н.У мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээж, тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан бүх нөхцөл шаардлагыг хангасаар байхад шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн уг заалтыг хэрэглээгүй нь Н.Уын эрх зүйн байдлыг хүндрүүлж байна гэж үзэхээр байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Н.Уод оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 390 тоот шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын хувьд 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд анхан шатны шүүх 2 жил 6 сарын ял оноосон. Өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 6 сар хорих ялыг хасч өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний биеийн байдал татаж унадаг бөгөөд зарим зүйлээ мартдаг болсон. Шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцахад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлах байсан гэж ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал.  Анхан шатны шүүх хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн, шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                         

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Н.У нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордны хойд талд иргэн Б.Анхбаярын толгойн тус газар нь цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Анхбаярын “....2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Багшийн дээд дээр хуурай дүү Индэртийн хамт очсон. Багшийн дээдийн хажууд явж байхад зүс таних Улсболд, Эрдэнээ хоёртой тааралдаад дөрвүүлээ Тусгаар тогтнолын доод талд байдаг Оргил гэдэг нэртэй дэлгүүр орж нэг шил архи аваад, ...барилгын хашааны буланд очиж авсан архиа хувааж уусан. Тэгээд юу ч санахгүй байгаа бөгөөд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. …Өдөр 15-16 цагийн үед уулзсан шиг санаж байна. ...Би сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дагзны яс нөхүүлэх хагалгаанд орох гэсэн боловч миний дагзанд шарх идээлсэн байдалтай байсан. ...Би Н.Уоос эмчилгээний мөнгө гэж 1.827.000 төгрөг авсан байгаа...” /хх 12-13, 15/,

 

Гэрч О.Цэрэнчимэдийн “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед “Оргил зоог” цайны газарт гаднаас үл таних гурван залуу орж ирээд, 1 залуу нь ирээд 00-ынхоо түлхүүрийг өгөөч гэж хэлсэн. Тэр гурван залуу 00 онгойлгоод 1 нь үүдэн дээр нь зогсоод хоёр нь дотор нүүрээ угаагаад нэгнийхээ цусыг угаагаад байсан. ...Нэг нь тэнцвэртэй сууж чадахгүй гулжигнаад байснаа ширээ дэрлээд хэвтсэн, хамрынх нь цус нь гойжоод ширээний тавцан цус болсон. Цуг яваа хоёр хүн нь тухайн хүнийг сайн таньдаг хүн байх шиг байсан. “Босооч явъя пизда минь” гээд дуудаад, нөгөө залуу нь босохгүй байсан. Нэг залуу нь “эхнэр рүү нь залгаад ирээд ав гээд хэлчихмээр байна” гээд ухаангүй байсан залуугийн эхнэр рүү залгаад “нөхөр чинь согтуу байна, Багшийн дээдийн Оргил зоогт байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг нь надтай хүртэл яриулсан би “Оргил зоогт согтуу байна. Үүдний ширээн дээр суучихсан, хамраас нь цус гойжоод байна” гэж хэлсэн. Тэгж байснаа уурлаад хаяад явах гээд байхаар нь би цагдаа дуудаж өгнө гээд тухайн залуугийн утсыг аваад 102 руу залгасан. Ухаангүй байсан залуугаа манай цайны газарт орхиод явсан...” /хх 16-18/,  

 

Гэрч Б.Гүн-Үйлсийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байх үед оройны 17:15 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оргил зоог дотор ухаангүй хүн байна гэсэн дуудлага хүлээж авсан. Тэгээд жолооч Баянмөнхийн хамт дуудлаганд 17:20 цагт очсон. Намайг очиход Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оргил зоогийн газрын дотор үүдэнд 30 гаран насны ухаангүй согтуу хүн байсан. Тэгээд тэр хүнд үзлэг хийхэд даралт 130/90, пульс 101/102-той, хүүхэн хараа нь гэрлийн урвалд хоёр талд мэдэрч байсан. Өвтгөж үзэхэд /гарыг цээжин дээр дарахад/ гарыг буцааж шидээд, өөдөөс юм ярихгүй байдалтай байсан. Тэр залуугийн хамар амнаас нь цус гараад хатчихсан байдалтай байсан. Тухайн үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас цагдаагийн байгууллагад эрүүлжүүлж болно гэсэн бичиг үлдээгээд дараагийн дуудлагад явсан.../хх 34/, ...Б.Анхбаярын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Б.Анхбаярын куртика, цамцийг нь тайлж байгаад даралтыг үзсэн юм. Тэр үед ил харагдах шарх сорви байхгүй байсан. ...Би Б.Анхбаярын амин үзүүлэлт болон хүүхэн харааг шалгасан. ...” /хх 45/,

 

Гэрч Э.Индэртийн “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  …Намайг Унагалдайтай маргалдаж байхад төмөр хашаа дуугараад так гээд юм унах чимээ гарсан. Анхбаяр ахын хамар амнаас нь цус гарчихсан, тонгойчихсон бөгсөөрөө газар сууж байсан. ...Тусгаар тогтнолын ордны ар талын дэлгүүрээс нэг шил архи авч Улсболд, Улсболдтой явсан гурван залуу, Анхбаяр, Аранзул бид долуулаа Тусгаар тогтнолын баруун талд уусан. …Тэгээд бага зэрэг хэрүүл маргаан болоод байж байтал Улсболд Анхбаярын нүүр хэсэгт нь цохиж унагаагаад шууд над руу дайрсан. Анхбаяр Улсболдод цохиулаад арагшаагаа савж унасан. …Тэгээд Анхбаярыг харахад Аранзул, Анхбаяр ахыг түшчихсэн, Анхбаяр ахын хамар амнаас нь цус гарчихсан, куртикны энгэр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд Аранзул бид хоёр Анхбаярыг хоёр талаас нь сугадаж яваад Оргил зоог орж нойлын өрөөнд нь нүүр гарыг нь угааж өгсөн. Тэгсэн чинь Анхбаяр ах сандал налаад суучихсан босч чадахгүй байсан. Би Аранзулын гар утсаар Анхбаяр ахын эхнэр рүү нь ярьсан чинь эхнэр нь цаанаа архи уучихсан шинжтэй, надад хамаагүй, наадахаа орой болтол хараад байж бай гэж хэлсэн...” /хх 37, 41-42/,

 

Гэрч Э.Аранзулын “...Тэгээд архиа уугаад дуусч байхад Улсаа /Улсболд/ гээд залуу нь ууж байсан архиныхаа шилийг хагалж цаашаагаа шидэнгүүтээ үсэрч очоод Анхбаярыг нүүр хэсэгт нь гараараа цохьсон. Анхбаяр Улсаад цохиулаад хойшоогоо савж унахдаа шатан дээр толгойгоороо эвгүй унасан. Тэгээд Анхбаяр ухаангүй юм шиг сонин болсон. …Тэгээд Энхтөр бид хоёр Анхбаярыг харахад хамар, амнаас нь цус гараад уруул нь хөхөрчихсөн ухаангүй шахуу газарт хэвтэж байсан. ...Анхбаярын өөрийнх нь малгайгаар нь хамар, амнаас гарсан цусыг нь арчихад Улсаа өөрийнхөө цамцыг тайлж цусыг арчуулсан. ...Оргил зоогийн газар Анхбаярыг оруулсан. Тэгээд зоогийн газрын касснаас нь түлхүүрийг нь аваад нойлын өрөөнд Анхбаярын нүүр гарыг нь угаасан. Тэгээд Анхбаярын нүүрийг нь угаачихаад Анхбаярыг хаалган талын сандал дээр нь суулгаад та явж чадах уу гэж асуухад Анхбаяр ярьж чадахгүй, өндийгөөд толгой дохиж байгаа юм шиг болоод л байсан. ...Анхбаярыг Улсболдоос өөр хүн цохиж зодоогүй. Улсболд л Анхбаярын нүүр хэсэгт нь гараараа цохиход Анхбаяр хойшоогоо нэг болоод нэг цохиход нь Анхбаяр хойшоогоо саваад унасан. ...Анхбаяр Улсболдод цохиулаад газарт унахдаа улбар шар өнгийн хашааг толгойгоороо шүргээд дагзаараа унасан. Анхбаярыг дагзаараа газарт унахад так гээд эвгүй дуу гарсан. ...” /хх 38-40/,

 

Гэрч Б.Баярцэцэгийн: “...Анхбаярын эхнэртэй нь холбогдож эмчилгээний мөнгө гэж өөрийн данс руу цувуулж 1.569.150 төгрөг, бэлнээр анх очсон өдрөө 258.000 төгрөг, нийт 1.827.150 төгрөгийг авсан. ...” /хх 47/,

 

Яллагдагч Н.Уын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...Тусгаар тогтнолын ордны ард байрлах дэлгүүрээс 1 шил архи аваад Тусгаар тогтнолын ордны ард байрлах хашааны буланд архиа хувааж уусан. Архи ууж байхад Анхбаяр намайг бусад хүмүүст Сапорогийн архичин Улсаа байна гэх мэтээр муугаар ярьсан болохоор эхлээд Анхбаярын цээж хэсэгт нь нэг удаа, шанаа хэсэгт нь хоёр удаа гараараа цохьсон. Намайг сүүлд нь хоёр удаа шанаа хэсэг рүү нь гараараа цохиход Анхбаяр хойшоогоо хашаа налаад унасан... Тэгээд Анхбаярыг харахад Анхбаяр хашааны хажууд газар уначихсан ухаангүй, хамарнаас нь цус гарчихсан байсан болохоор нь би очоод Анхбаярыг дээш нь босгоход Анхбаяр ухаан орчихсон. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Б.Анхбаярын биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх 25/ гэсэн 211 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

 Шүүгдэгч  Н.У нь хохирогч Б.Анхбаярын баримтаар нэхэмжилсэн 1.831.150 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.    

 

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нар нь хамтран “...гэм буруугаа хүлээж, өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж, учруулсан хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял нь хоёр жилээс найман жил гэж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2  жил 11 сар 24 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч Н.Уын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын  “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хохирол гаргуулаагүй атлаа Иргэний хууль баримталж хохирогч Б.Анхбаяр нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувиар цаашид эмчилгээ сувилгаанд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан нь буруу бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, эсхүл цаашид нэхэмжлэлээ гаргах үндэслэл байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Анхбаяр нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувиар цаашид эмчилгээ сувилгаанд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Хохирогч Б.Анхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                      

                                                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ