Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0164

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 10-ны өдөр                    Дугаар                          Улаанбаатар хот

           128/ШШ2021/0164

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М ч и э” ХХК

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХ даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ч и э” ХХК -ийн гүйцэтгэх захирал L Y шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М ч и э” ХХК нь 2014 оноос хайгуулын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын З******* талбайд хайгуулын ажлыг хийж, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуул хийсэн талбайд ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд олборлолтын ажлыг эхлүүлээгүй байгаа.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийдвэр нь “М ч и э” ХХК -ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч мэдсэн юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч тус газрын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 7/6380 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн.

Хариуцагч Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн талаар: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан 428 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасны дагуу тухайн шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ биелүүлээгүй, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэсэн зохицуулалтыг заасан байгаа нь сонсох ажиллагаа хийх үүргээ биелүүлээгүй болохыг нь нотолж байна. Мөн ашигт малтмал ашиглалтын  MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлаар сонсох ажиллагаа явуулах нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь сонсох ажиллагаа явуулах нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг тогтоосон зүйлгүй, нотлох баримтаар тогтоогоогүй байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийх үүрэгтэй буюу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг тодорхой заасан мэдэгдлийг эрх нь зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй этгээд болох тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангах, үүний дараа цуцлах эсэх талаар шийдвэрээ гаргахаар хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч нь дээр дурдсанчлан хуульд заасан үүргээ биелүүлээгүй байгаа нь түүний гаргасан шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийдвэрийн тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл байдлыг тогтоогоогүй талаар: Хариуцагчийн дээрх мэдэгдэл болон шийдвэрт “М ч и э” ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх тул ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэсэн нь илтэд үндэслэл муутай бодит нөхцөл байдал нийцэхгүй байна. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гаргахаас өмнө хүргүүлэх мэдэгдэлд цуцлах үндэслэлийг тодорхой заасан байх буюу хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан нотлох баримтуудад тулгуурлан тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл үүссэн нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй.

Учир нь шийдвэрт дурдсанчлан манай компанийн зүгээс Ашигт малтмалын  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй буюу хуулийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэх нөхцөл байдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2019/14 дүгээр дүгнэлтээр тогтоогоогүй буюу тогтоох боломжгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтэд “М ч и э” ХХК-ийн эзэмшдэг MV-******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар дүгнэлт гаргаагүй буюу гарах боломжгүй байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлт болон Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга нараас “М ч и э” ХХК -ийн эзэмшдэг MV-******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийдэг тухайн компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх санал, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх нэг ч үндэслэл тогтоосон талаар санал, дүгнэлт байхгүй.

Манай компанийн зүгээс хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын З******* талбайд хайгуулын ажлыг хийж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу нөхөн сэргээлтийг хийж ажилласан бөгөөд энэ нь аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн a/519 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай актаар нотлогдоно.

Харин манай компанийн зүгээс олборлолт, ашиглалтын ажил эхлүүлээгүй болох нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/320 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна. Иймээс “М ч и э” ХХК нь MV-******* дугаар ашиг малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийгээгүй тул нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэх зүйл тогтоогдох боломжгүй юм.

 Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах, тухайлбал ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах болон бусад шаардлагатай ажиллагааг хийхээр үүрэг болгосон боловч хариуцагч байгууллага энэ талаар зохих ажиллагаа хийлгүй, тухайлбал ямар ч зөрчил гэх зүйл тогтоогоогүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтийг үндэслэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон жилийн турш холбогдох тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул хийсэн болон бусад төлбөр хураамжийг төлж ирсэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг ашиглан хөрөнгө оруулалтаа нөхөн олох, ашиг орлого олох эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч компанийн зүгээс бие даасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ хэрэг шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарсан. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0449 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын ажлын хэсгийн 2019/14 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг эцсийн байдлаар Улсын Дээд шүүх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 409 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны үндэслэл бүхий гэж хэвээр үлдээсэн.

Тусгай зөвшөөрлөө авсан боловч бэлтгэл ажлуудаа хийж байсан. Ашиглалтын үйл ажиллагаа эрхлээгүй компани байгаль орчинд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Хортой нөхцөл байдал үүсгэсэн гэж яригдахгүй. Бодит зүйлд нийцээгүй. Үүнийг тогтоосон баримт байхгүй. 428 дугаар шийдвэрийн 2 дахь хэсгээр тусгай зөвшөөрлийг бүртгэлээс хасахыг даалгасан. 2 дахь хэсгээр тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг, зохих байгууллагад мэдэгдэхийг олон нийтэд мэдээлэхийг тус тус холбогдох албан тушаалтанд даалгасан. Өөрчлөлт оруулсан төлөвийг сэргээхгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг бүрэн сэргэхгүй гэж үзэж хоёр дахь шаардлагыг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг үндэслэн гарсан гэж байна. Энэ заалтыг үндэслэсэн боловч 1 дэх заалтаар тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт хийхдээ тухайн компани байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийг эцсийн шатанд хэрэгжүүлж байгаа Ашигт малтмал газрын тосны газар хуулиа нэгдүгээрт тавих ёстой. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсэж байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд хариуцагчийн тайлбарыг сонсоод сэргэх нь ойлгомжтой гэж байгаа учраас хоёр дахь шаардлагаасаа татгалзаж байна. Иймд ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “З*******” нэртэй 1110.49 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 19137A дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр анх “М ч и э” ХХК -д олгожээ.

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103, 1/302 дугаартай албан бичгүүдээр “ашигт малтмалын ашиглалтын 19137А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт”-ийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Монгол Улсын Засгийн газрын шадар сайдад ирүүлж байжээ.

Дээр дурдсан албан бичгүүдэд “нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа тул цаашид ... хуулийн хүрээнд цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэж дурджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/14 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг манай байгууллагад ирүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 01/5820 тоот албан бичгээр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/14 дугаар дүгнэлтэд “М ч и э” ХХК -ийн эзэмшдэг 19137А дугаар ашигт малтмалын зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 428 дугаар шийдвэр гарсан.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхөөр бол” мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж сонсох ажиллагаа хийлгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Төрийн захиргааны төв байгууллага аль ч хуулиар нягтлан шалгах үүрэг хүлээгээгүй. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд агентлаг нь Монгол Улсын Засгийн газраас гарсан болон Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс ирсэн шийдэл, хууль тогтоомж, актыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу үүргээ биелүүлсэн.

Иймд “М ч и э” ХХК -ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М ч и э” ХХК -аас шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “...даалгах тухай” шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авч уг татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн “хүчингүй болгуулах тухай” шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн зааж шийдвэрлэв.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших “З*******” нэртэй 1110.49 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 19137A дугаартай тусгай зөвшөөрлийг “М ч и э” ХХК-д эрх бүхий захиргааны байгууллагаас 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр эзэмшүүлж олгосноор нэхэмжлэгч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 428 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д: “хуульд үндэслэх”, 4.2.5-д: “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д: “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасныг түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/14 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн гарчээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэл нь эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ирүүлсэн дүгнэлтээр тогтоогдсон, тэр утгаараа хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн байсан тул хуулийг хэрэгжүүлж, маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн зүгээс маргаан бүхий шийдвэрийн гол үндэслэл болсон “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” тусдаа шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасныг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0449 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 515 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 409 дүгээр тогтоолоор тус тус давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянаж, хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Ингэснээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/14 дүгээр дүгнэлтээрээ “М ч и э” ХХК нь өөрийн эзэмшдэг МV-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул “М ч и э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаар тусгай зөвшөөрлийн цуцлуулах тухай саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр хүргүүлснийг үндэслэл болгосон үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй болж байна.

Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь маргаан бүхий захиргааны акт болох Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д: “энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд эрх, ашиг сонирхол нь шууд сэргэх юм.

Мөн захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахгүйгээр шууд шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаасаа татгалзсаныг шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэхчлэн хуульд зохицуулсан агуулгын хүрээнд байна гэж үзэж, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5,  56.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 428 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчид сэргээн эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж,  холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       У.БАДАМСҮРЭН