| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0103/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/133 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З
Улсын яллагч Л.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Хохирогчийн өмгөөлөгч Ж.М
Хохирогч Н.Э
Шинжээч Ж.Г
Гэрч М.У , М.А
Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох эрүүгийн 1825000000080 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.Х
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** тоотод Н.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Э-н ... “2018 оны 01 сарын 27-ны өдөр хадам аав М-д очиж хонох гээд байж байхад гэрт нь хуурай дүү гэх Х эхнэр А ач гэх ой гарантай хүүхэдтэй ирж хоносон. Тэр орой хоол хийж идчихээд архи дарс хувааж ууцгаасан юм. Эхнэр А нь өдөржингөө унтаж байгаад орой нь өөрийнхөө хүүхэдтай утсаар ярихдаа чанга орилж чарлаад байхаар нь би “та жаахан аяархан ярьж болдоггүй юм уу, энд олон жаахан хүүхдүүд байна” гэж хэлтэл чамд ямар хамаатай юм, энэ хоёр хөгшин чиний аав, ээж юм уу? би урьд нь энэ хоёр хүнийг таньдаг байсан юм гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь би уурандаа одоо эндээс яваач гээд хэлсэн чинь А “чи над шиг ингэж хэвтэж чадахгүй бол заяа чинь” гээд хэлэхээр нь би манай нөхөр хүртэл ингэж хэвтдэггүй юм. Хөгшин хүмүүсээр хоол хийлгэж хэвтэхдээ ичдэггүй юм уу гээд хэлчихсэн чинь А орноосоо босч ирээд чиний орон гэр юм уу чи өөрөө зайлахгүй юу гээд хэрүүл хийсэн. А нөхөр Х ыг дуудсан. Удалгүй нөхөр нь орж иртэл А намайг хэл амаар доромжлоод байхаар нь би юм индүүдэж байгаад индүүгээ хураах санаатай гартаа бариад автал нөхөр Х нь хажуугаас миний баруун мөр рүү 2-3 удаа цохиж аваад эрүү болон нүүрэн тус газар 1 удаа цохиж зүүн талын хөл дээр гутлаараа дэвстэл миний хөл өвдөөд амнаас цус гарахаар нь би орон дээрээ гарч суугаад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-9-р хуудас/
2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтийн ...“Н.Э-н биед зүүн хөлний эрхий хурууны шивнүүрийн далд зөрөөгүй хугарал, дээд уруулд зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрхий хурууны шивнүүрийн зөрөөгүй хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уруулын цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй, шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 11-р хуудас/
3. Гэрч Г.С-н “Маргаан болох үед би гал тогооноос том өрөөнд ороход Э хөл өвдөөд байна. Х гишгэчихлээ гээд байсан. Дараа нь цагдаа ирээд Х ыг аваад явсны дараа Э хүүхдээ аваад гэрлүүгээ явсан. Хэсэг хугацааны дараа Э над руу залгаж миний хөл гишгэж болохгүй байна. Арай гэж гэртээ ирлээ гээд уйлаад байхаар нь гэрт нь очиж эмнэлэг орж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 18-р хуудас/
4.Гэрч М.У ын “А эгч Э хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Гэтэл нөхөр нь орж иртэл А эгч хэвтэж байснаа босч ирээд дахин маргалдаад Э эгч босч ирээд барьцалдаад авсан. Энэ үед Х ах бид хоёр дундуур нь орж би А эгчийг цааш нь болгож Х ах Э эгчийг цааш нь аваад явах үед хэн цохисныг нь мэдэхгүй миний хамарруу нэг удаа цохисон. Би тонгойгоод босч иртэл Х ах Э эгчийг ам руу нь цохиж аваад цус гаргасан. Би Х ахыг та яаж байгаа юм бэ гээд байж байтал ээж орж ирээд салгасан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 19-р хуудас/
5.Гэрч М.А гийн “Манай охин над руу утсаар яриад Н-н охиныг өөрийнхөө дүүтэй хамт дагуулаад салхилуулчихаад ирэх үү гэхээр нь Нүржигмаа дургүйцээд байсан болохоор боль гэж яриад байж байтал хажуугаас Э намайг балай авгай чинь гэр орондоо харьж хүүхдүүдээ загнаач, ямар ядаргаатай юм зайлаач гэхээр нь би чиний гэрт байгаа биш гэтэл надтай маргалдсан. Энэ үед манай нөхөр залгахаар Э тай маргалдаад ярьж чадаагүй салгасан. Удалгүй нөхөр маань юу болцгоогоод байгаа юм гээд орж ирэхэд Э бид хоёр маргалдаж байсан. Над руу нэг аваад зайл балай авгай минь гээд шидсэн. Тэгснээ дахиад индүү аваад цохих гээд босч ирэхэд нь гэрт байсан хүмүүс салгасан. Энэ үед Э оймстой, бусад нь бүгд гуталтай байсан. Манай нөхөр миний хажууд сууж байгаад Э г над руу дахин дахин дайраад байхаар нь босоод болов гээд цааш нь түлхсэн. Ингээд хоёр тийш салгатал Э цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 21-р хуудас/
6.Гэрч С.Б ын ... “А эгч Э тай барьцалдаад авсан. Гэтэл А эгчийн нөхөр Х эхнэрээ өмөөрч Э эгчийг гарынхаа араар нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж хөл дээр нь дэвссэн. Э эгчийн амнаас цус гарч цагдаад дуудлага өгсөн. Х ах гаднаас гуталтайгаа орж ирээд Э эгчийн хөл дээр дэвсээд ёо гээд тонгойход нь гарынхаа араар нүүрэн хэсэгт нь цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/
7. Гэрч Г.Н-н ... “2018 оны 01 сарын 28-ны өдөр 12 цагийн үед хүргэн ах М-д очиход тэднийд бэр Э , миний танил Х эхнэр А гийн хамт байж байсан. Орой 17 цагийн үед Х ын эхнэр А нь гар утсаараа чанга чанга яриад хүнтэй хэрүүл хийгээд байх шиг байхаар нь Э уурлаад энд жаахан хүүхдүүд байна та битгий чанга чанга яриад бай гэж хэлсэн чинь А нь өөдөөс нь хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хэрүүл хийж байх явцдаа А нь нөхөр Х ыг дуудаад байх шиг байсан. Удалгүй гаднаас Х ыг орж ирэхэд А орон дээрээсээ босч ирээд Э тай барьцалдаад автал Х нь дундуур нь ороод салгах гэж байгаад Э гийн нүүрэн тус газар нь гарынхаа араар нэг удаа цохиод авсан. Гэтэл Э нь яая хөл гэж хэлээд орон дээр очоод суутал амнаас нь цус гарчихсан байсан харагдаж байсан. Тэгээд гар утсаа аваад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26-р хуудас/
8.Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “би галаа түлчихээд гэртээ байж байгаад орой 18 цагийг үед М-д иртэл Маамуу ахын бэр манай эхнэртэй хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би та нар боль юунаас болж хэрэлдээд байгаа юм гэтэл А Э хоёр миний үгэнд ороогүй. Би улмаар дундуур нь орж тэр хоёрыг салгах гэж байгаад санаандгүй гараараа Э г цохичихсон. Гэтэл Э хөл нь гарч ирээд манай эхнэрийг өшиглөөд байсан. Би тэр хоёрын дундуур орж байгаад салгасан ба Э цагдаад дуудлага өгсөн. Би энэ үед гарч хүүхдийн памперс аваад ирье гэтэл Э намайг гаргахгүй хаалга таглаад зогсоод байхаар нь би явахгүй ээ эргээд ороод ирнэ гэж гарч яваад памперс аваад ороод иртэл цагдаа нар ирээд намайг согтуу байна гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “Э г зодож цохисон, хөл дээр нь дэвссэн зүйл байхгүй. Э гийн амнаас цус гарсан зүйл байгаагүй. Э өөрөө хөлөөрөө өшиглөх гээд байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Э мэдүүлэхдээ “Х ах орж ирэнгүүтээ намайг шууд цохиод авсан. Миний амнаас цус гараад та яаж байгаа юм бэ? гэхэд хөл дээр дэвссэн. Эмчилгээний зардал, унааны зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжлэнэ” гэв.
Шинжээч эмч Ж.Гэрэлмаа мэдүүлэхдээ “Хохирогчид учирсан гэмтэл нь өөрөө хөлөөрөө юм өшиглөхөд үүсэх магадлал муутай. Харин өөр хүч үйлчилж энэ гэмтлийг үүсгэнэ” гэв.
Гэрч М.Амэдүүлэхдээ “Э өөрөө гар, хөлөөрөө цохих гээд байсан. Х цаашаа гээд ганц түлхэх үйлдэл хийсэн өөр зүйл болоогүй” гэв.
Гэрч М.У мэдүүлэхдээ “Э эгчийг Х ах эрүү рүү нь цохисон. Э эгч хөл гээд хойшоо суусан. Яг хөл дэвсэхийг нь хараагүй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Энэ хэрэгт хамаарал багатай гэрч болох Бадамханд, Нүржигмаа нарын мэдүүлгээр шүүгдэгч хохирогчийн хөл дээр дэвссэн болох нь нотлогддог. Шүүгдэгч Б.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.М санал дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон. Хохирогч эмчилгээний зардалд 229909 төгрөг, унааны зардал 190980 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс ажлын 50 хоногоор тооцож 1363636 төгрөг нийт 1785500 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Х ыг гэм буруутай болохыг хангалттай нотлож чадахгүй байна. Хохирогчийн хөлийг гэмтэхийг харсан хүн байхгүй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Э-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч С.Б , Г.Н , М.А , М.У нарын мэдүүлэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** тоотод эхнэр М.А тай маргалдаж байсан Н.Э-г салгах гэж байхдаа нүүр хэсэгт цохиж, хөл дээр нь гишгэснээс Н.Э-н хөлийн хурууны яс хугарч гэмтсэн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Н.Э д учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь хохирогчийн хөл дээр дэвсээгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нь “шүүгдэгч гэм буруугүй” гэж мэтгэлцэж байгаа боловч гэрч С.Б нь шүүгдэгч Б.Х ыг хохирогчийн хөл дээр дэвсэж байхыг харсан тухайгаа мэдүүлсэн, шинжээч эмч “хохирогч хөлөөрөө эд зүйл өшиглөхөд дээрхи гэмтэл учирах магадлал муутай, гаднаас хүч үйлчилж гэмтэл учирсан байх үндэстэй” гэж үзсэн, гэрч Г.Н , М.У , Г.Сүнжидмаа нарын мэдүүлэг нь хэргийн бусад нөхцөл байдалтай тохирч байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Э нь гэм хорын хохирол нийт 1785500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцсэн, хохирлын хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд хавтаст хэргийн 39, 40, 41, 42, 43, 46, 48, 49 дүгээр хуудсуудад хавсаргасан эм, эмчилгээний зардал нийт 180409 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдэрлэв. Хавтаст хэрэгт хавсаргасан бензин, унааны зардалд хамаарах түлшний баримтууд нь хэн хэзээ хаашаа ямар ажлаар явахдаа ямар тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн болох нь тодорхойгүй, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтууд нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилт цалингийн тодорхойлолт зөрүүтэй, өвчтэй байсан хугацааны тэтгэмжийн мөнгө тооцуулж авсан эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхээс тогтоосон хохирлыг шүүгдэгчээр хэсэгчилж төлүүлэх санал гаргасан боловч хохирогч түүний өмгөөлөгч нар хохирлыг нэн даруй гаргуулах хүсэлтэй гэж мэдүүлж байх тул хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх боломжгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Б Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Х аас 180409 /нэг зуун наян мянга дөрвөн зуун ес/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Э-д олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Н.Э нь унааны зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС