Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2052

 

 

 

 

 

     2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/02052

             Улаанбаатар хот

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:Э.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:М.Б-д холбогдох

 

11 420 200  төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.Б 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Бд 7 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн боловч зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байна.Тэд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд зээлийн хүү болгож 3 000 000 төгрөг нэмж нийт 10 000 000 төгрөг өгөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул М.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг, алдангид 1 350 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан учирсан хохирол 70 200 төгрөг нийт 11 420 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:М.Б 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Бд  7,000,000 төгрөгийг зээлсэн.Тухайн үед 7 000 000 төгрөгиыг сарын 1,000,000 төгрөгийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон.Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл М.Б зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М.Б М.Бтай уулзан тооцоо  нийлж 10,000,000 төгрөгийг2 017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон байдаг.Энэхүү зээлийг баталгаажуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээ байгуулсан.Тус гэрээнд өмнөх мөнгөн дүнгийн зээлийн хүү 3,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр болсон боловч М.Б зээлээ хугацаандаа төлөөгүй.Түүнтэй холбоо барих боломжгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байсан учраас 2018 оны 01 дүгээр сард түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, алданги 1 350 000 төгрөг, зээлийн 7 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг нийт 11 420 000 М.Бгаас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Би М.Бгаас 7 000 000 төгрөг авч байсан, шахаад байхаар нь гэрээ хийсэн, би 7 000 000 төгрөгөөс 2 590 000 төгрөгийг буцаан төлсөн, 1 350 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би М.Бгаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгийн хүүтэй 7 000 000 төгрөгийг зээлж авсан Би 2017 оны 4 дүгээр сард зээлийн 7 000 000 төгрөг дээр 2 000 000 төгрөгийг нэмж нийт 9 000 000 төгрөгийг өгье гэхэд М.Б зөвшөөрөөгүй, дутуу мөнгө авахгүй гэж татгалзсан тул би удалгүй төлөх боломжгүй болсон.Бид 2017 оны 7 дугаар сард уулзахад М.Б намайг шахалтанд оруулж гэрээнд бичүүлсэн.М.Бд миний дүү Болорчимэгээс 2 590 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа, иймд би зээлийн үлдэгдэл 4 410 төгрөг дээр, 1 000 000 төгрөгийн хүү нэмж нийт 5 410 000 төгрөгийг М.Бд өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б хариуцагч М.Бд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 10 000 000 төгрөг, алдангид 1 350 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан учирсан хохирол 70 200 төгрөг нийт 11 420 200 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч М.Б хариуцагч М.Бд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Бд 7 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч энэ өдөр хоорондоо бодитоор мөнгө шилжүүлээгүй байх бөгөөд дээрх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 7 000 000 төгрөгийн зээлийг уг гэрээгээр баталгаажуулсан гэж талууд тайлбарлаж байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь энэхүү 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний дагуу зээлийн хүү болон алдангийг тооцож зээлдэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй байх тул энэхүү хэлцлийг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүйн улмаас уг гэрээний дагуу хариуцагч талаас зээлийн хүү шаардах боломжгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна.

Гэвч зээлдэгч нь анх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээл авахдаа амаар тохиролцсон 1 000 000 төгрөгийн зээлийн хүүг М.Бд төлнө гэж тайлбарлаж байна.

Мөн зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцох талаар зохигчид тохирсон болохыг нотолсон баримтгүй байна.

Нэхэмжлэгч М.Б 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Бд 7 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ хуульд зааснаар зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр хийж, хүү болон алданги тохироогүй байх тул тэрээр хариуцагчаас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байна.

Хариуцагч М.Б 7 000 000 төгрөгөөс 2 590 000 төгрөгийг М.Бд эргүүлэн төлсөн үйл баримтад талууд маргахгүй байх тул М.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл 4 410 000 төгрөгийг түүний зөвшөөрсөн 1 000 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 5 410 000 төгрөгийг гаргуулан М.Бд олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

Мөн тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00570 дугаартай шийдвэрээр М.Бг эрэг сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх бөгөөд энэхүү 70 200 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зээлдүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан М.Бгаас 5 480 200 /таван сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 940 000 /таван сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас102 633 /нэг зуун хоёр мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан М.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН