Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/138

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Ю.Г   

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Г  , Х.А 

Өсвөр насны шүүгдэгч О.О  , Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э , О.О   нарт холбогдох эрүүгийн 1725004630047 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

           1. Г.Э

 

            2. О.О

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

           1. Шүүгдэгч О.О   нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудлын 201 тоот өрөөнд байрлаж байсан Т.А-н Iphone-5s загварын гар утсыг хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.А-н ... “2017 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Дээдэс зочид буудлын 201 тоот өрөөнд найзууд дээрээ очоод сууж байсан чинь гаднаас өрөө андуурч 3 охин орж ирсэн. Анх орж ирэхдээ Зоригоо байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд сууж байсан чинь нэг охин нь ахаа гар утсаараа нэг яриулаач тэгэх үү гэхээр нь манай найзын жолооч гар утсаараа яриулсан. Тэр 3 охин 20 мин орчим болоод гарч явсан байх. Тэгээд нэг охин нь 00 өрөө орж бие засаад байсан. Тэгээд надад нэг эвгүй санагдаад үүдний өлгүүрт байсан гадуур хувцасны халаасанд хийсэн гар утсаа гэнэт санаад үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэр бие зассан охин гадуур хувцасаа тайлаад өлгүүрт өлгөж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ий 11-р хуудас/

2.Гэрч Д.Э-н ... “2017 оны 12 сарын эхээр М  манай найзад зарах Айфон-5 утас байна гэхээр нь би үзье гэсэн. Тухайн үед Өргөө театр явж байхад О , Э , Н   нар гурвуулаа ирсэн юм. Тэгээд би 40 000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг утсыг авахад түлхүүр /пассворд/ кодоо буруу хийгээд блоклуулчихсан юм. Мөнгөний хэрэг гараад байна. Миний утас гэж О  хэлсэн. Би тэр утсыг нь дараа нь программ уншуулахад код нь тайлагдахгүй байсан. Тэгээд би танихгүй хүнд утас авна гэхээр нь зарчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

3.Гэрч Б.М гийн ... “Маргааш нь өдөр Э  утсаар яриад нэг гар утас зарах гэсэн юм. Мөнгө хэрэгтэй байна, авах хүн байна уу гэхээр нь би зүс таньдаг Э эгч утас авна гэж байсан болохоор тэр хүний утсыг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

4.Өсвөр насны шүүгдэгч О.О   мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ... “Тэгсэн нэг ах нь та гуравт 50000 төгрөг тус бүрт чинь өгье, манай найзтай өөр өрөө рүү орчих гэхээр нь би хоёр найзтайгаа ариун цэврийн өрөөнд ороод энэ ах өөр өрөөнд оръё гээд байна гэхэд Э  өлгүүрт байгаа хар хүрэмний халаасанд нь утас байна очоод хар даа гэсэн. Би яах гэж байгаа юм бэ гэхэд Э  утсыг нь авчихаач гэсэн. Би явъя гэхэд Э  утсыг нь авчихаад явъя гээд байсан. Тэгэхээр нь би өлгүүрээс хүрэмээ авахдаа харахад хар хүрэмний зүүн талын гадна халааснаас нь хар өнгийн Айфон-5 маркийн хэрэглээд удаагүй утас байсныг аваад хүрэмнийхээ халаасанд хийгээд гарсан юм. Тэгээд Э  Н   хоёр айлд хоноод маргааш нь Э  М д Айфон-5 гар утас байна гэсэн чинь Э гэдэг хүн рүү яриад үз гээд утсыг нь өгсөн байсан. Тэгээд Этай Өргөө театр дээр уулзаад 40000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөрөө Э , Н   бид гурав Булаг багт буудалд хоноод идэх юм аваад дуусгасан. Гар утас хулгайлах санааг Э  гаргасан. Би утсыг нь хулгайлаад авсан. Н   Э  хоёр хажууд байсан. Гар утас хулгайлж авсныг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/

5. Өсвөр насны шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Анх өрөө рүү ороход үүдний хажууд өлгөөтэй байгаа хүрэмний халаасанд Айфон-5 утас байсныг харсан. Тэгээд Н  , О  хоёрт утас байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/

6. “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн №359 дугаартай дүгнэлтийн ... “Аяфони 5 эс гар утас 350 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О   мэдүүлэхдээ “Гар утсыг нь авсан. Буруугаа ойлгож байна. Хохирлыг төлсөн” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Э “ мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.А-н мэдүүлэг, гэрч Д.Э-н мэдүүлэг, гэрч Б.М гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч О.О   нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудлын 201 тоот өрөөний өлгүүрт байсан Т.А-н хувцаснаас “Iphone-5s” загварын гар утсыг нь хулгайлан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон гар утас гэдгийг мэдсээр байж  Д.Эд зарж борлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О  ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, өсвөр насны шүүгдэгч Г.Э гийн үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө, эд хөрөнгийг угаах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч Т.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие ажлын шаардлагаар Улаанбаатар хот явах шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Шүүгдэгч О.О  , Г.Э нар нь одоог хүртэл миний хохирлыг төлж барагдуулаагүй байна. “Бан Хас” үнэлгээний компаний мөнгөн дүнгээр хохирлыг барагдуулсан тохиолдолд миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй” гэжээ.

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар хохирогч Т.А учирсан 350 000 төгрөгийн хохирлыг тэнцүү хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж оногдох хэсгийг төлж барагдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болох С.Н  од холбогдох хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учир хохирогч Т.Ариунболд нь учирсан хохирлоос төлөгдөөгүй хэсгийг С.Н  ын хууль ёсны төлөөлөгчөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Т овгийн О-ын О-ийг бусдын хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Ганга овгийн Ганцэцэгийн Э г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-ыг журамлан 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.О  т ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э д ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2-ыг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар О.О  , Г.Э нарт 1 жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

           3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.О  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч О.О   нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Т.Ариунболд нь хохирлоос төлөгдөөгүй хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС