Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/859

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Ширэндэв (томилолт),

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001073 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, ... дугаар ангид жолооч, ам бүл 1, ...аймгийн ..., ... дүгээр баг ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар цэргийн ангийн ажилчдын ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар цэргийн ангийн ажилчдын байранд иргэн Н.Э- маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа болон ус буцалгагчаар  цохиж  зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар цэргийн ангийн ажилчдын байрны ... тоотод иргэн Н.Э- шалтгаангүйгээр маргалдан түүний  нүүрэн тус газарт гар болон ус буцалгагчаар цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

2. Хохирогч Н.Э-: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр найз Б.Б-н гэр болох ... хүчний ... дугаар цэргийн ангийн ажилчдын байрны ... тоотод  очоод Б.Б-н автомашиныг авто угаалганд угаалгачхаад  дараа нь гэрт нь очих замд 1 шил Эден нэртэй архи аваад  гэрт орж уучхаад  дахиж 1 шил архи нэмж авсан юм. Тэгээд ууж байгаад би найз Б.Б- хэвтээд байхаар нь дуудсан чинь “зайл” гэж  уурлаад гараараа миний нүүр лүү цохиод  дараа нь  шар өнгийн  ус буцалгагчаар  миний нүүрний  хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад  тогтохгүй байсан, миний ухаан балартаад  ГССҮТөв дээр очоод  сэрсэн чинь  миний дух, хөмсөгт эмч оёдол  тавьсан байсан. Б.Б- бид хоёрт зодолдох шалтгаан байхгүй, юунаас болж маргалдсанаа санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-11 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6926 дугаартай:

“...Н.Э-  биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Б-н: “...манай найз Н.Э- нь манайд ирж  бид 2 Эдэн нэртэй  архи 2 шилийг хувааж  уусан.  Бид 2 юм  ярьж сууж  байгаад маргалдаад би Н.Э- толгойг ус буцалгагчаар хагалсан. Тэгээд  Н.Э- толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би жижүүр Болормаа эгчээр  цагдаад дуудуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл,  эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хамт архи уусан найз Н.Э-  нүүр, толгой хэсэгт ус буцалгагчаар цохиж хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол, үүнээс улбаатай хор уршиг учирсан байх тул түүний энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймээс шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байх тул холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...Би сард 700,000 гаран төгрөгийн цалин авдаг, бас зээл төлдөг тул энэ байдлыг харгалзан ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б-н архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолооч ажилтай буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготойг илэрхийлсэн баримттай  байх тул түүний сард авдаг цалингийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг бууруулан Эрүүгийн хулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Э- нь өөрийн эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ