Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/887

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108010631022 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “...” ХХК-д металл цонхны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ...аймаг ... сум ... дугаар баг, ... гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй ч одоо ... дүүргийн ... дугаар хороо  ... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Н-ын С (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод фейсбүүк цахим орчинд “...” “...” гэсэн хаягуудаас ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан  үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас нэртэй покер гэх мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хаан банкны 0000000000 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 35-239 дэх тал), хаан банкны 2022 оны 03 дугаар  сарын 10-ны өдрийн 29/936 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал), 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн  үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал), гэрч Д.Ү-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал), гэрч О.О-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал), гэрч Р.Т-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал), гэрч А.Д-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал), яллагдагч Н.С-гийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч Н.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.С- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр  сарын 30-ны  өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод фейсбүүк цахим орчинд “...”, “...” гэсэн хаягуудаас ашиг олох зорилгоор  хөзөр, бусад эд зүйл ашиглан  үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй,  аз туршиж тоглодог Техас  нэртэй покер гэх мөрийтэй тоглоом  зохион байгуулсан үйл баримт нь: 

1. Гэрч Д.Ү-гийн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүкээр юм сонирхоод байж байхад ... гэсэн фейсбүүк хаягаас лайв бичлэг явж байсан. Тухайн бичлэгийн сонирхоод ороод  үзэхэд  техас покер  хөзрийн мөрийтэй тоглоом байсан бөгөөд хэрэв тоглолтод оролцох бол хаан банкны 0000000000 тоот дугаарын Н.С гэх хүний данс руу мөнгө шилжүүлснээр тус тоглолтод оролцох эрхтэй болно гэсний дагуу би өөрийн эзэмшлийн хаан банкны 0000000000 тоот дугаарын  данснаас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анх 20,000 төгрөг шилжүүлж оролцсон. Тэгээд анх тоглосон тоглолтоос 60,000 төгрөг хожсон бөгөөд мөнгөө буцаагаад татаад авчихсан. Үүний дараа дахиад хэд хоногийн дараа фейсбүүкээр лайв тоглолт явж байхаар нь би тухайн тоглолтод  дахиад 10,000 төгрөгөөр оролцоод 20,000 төгрөг хожсон. Үүний дараа дахиад тухайн өдрөө дахиж оролцоод 34,000 төгрөг хожсон. Тэгээд энэ байдлаар мөнгө олж болох юм байна гэж бодоод тухайн үед хэд хэдэн удаа оролцсон. Лайв тоглолт болж байхад дансны утга дээр нь сууж байгаа суудлынхаа тоог тавьж явуулаад хэрэв мөнгө хожвол надад хонжворыг маань буцаагаад өгчихдөг байсан. Би энэ байдлаар хэд хэдэн удаа оролцсон бөгөөд бас мөнгөө алдаж байсан удаа байгаа. Тэгэхдээ тухайн ... гэсэн фейсбүүк хаягаас заримдаа зөвхөн хоёр хүний хооронд тулгаад 10,000 төгрөгийн бооцоотой оролцуулж хожвол 17,000 төгрөг хожих болзолтой тоглолт байсан бөгөөд тухайн тоглолтод оролцож мөнгө хожиж бас алдаж ч байсан удаатай. Тухайн үед фейсбүүкээр лайв хийж мөрийтэй тоглодог олон хүн байсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал),

2. Гэрч О.О-ийн: “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүкээр юм сонирхоод байж  байтал ... гэсэн фейсбүүк  хаягаас лайв бичлэг явж  байхаар нь сонирхоод ороод үзэхэд  покер техас тоглоомтой ижил  хэв маягтай тоглолт байсан бөгөөд хэрэв тоглолтод оролцох бол хаан банкны 0000000000 тоот дугаарын  хаан банкны Н.С- гэх хүний данс руу 10,000 төгрөг  шилжүүлснээр  уг тоглолтод оролцох эрхтэй болно гэсний дагуу  өөрийн эзэмшлийн хаан банкны ... тоот дугаарын данснаас 10,000 төгрөгөөр 3 удаа шилжүүлэг хийж тоглолтод оролцсон боловч хожоогүй. Тэгээд хэсэг лайв бичлэгийг үзэж байгаад больчихсон” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал),

3. Гэрч Р.Т-ийн: “...2021 оны 04 дүгээр сарын дундуур хөл хорионы үе байсан учир гэртээ байдаг байсан. Тэгээд фейсбүүк ухаад байж байхад шууд лайв бичлэг явж байсан. Тэгээд тухайн бичлэг рүү ороод үзэхэд Техас покер тоглоом байсан бөгөөд нэг оролцохдоо 10,000 төгрөгөөр оролцоод 5 удаагийн тоглолт хийгээд хэрэв хожвол 50,000 төгрөг авах боломжтой интернэт цахим тоглоом байсан. Тэгээд би ...хаан банкны ... данснаас тухайн лайв бичлэг дээр байсан 0000000000 дугаартай Н.С гэх хүн рүү шилжүүлсэн бөгөөд тухайн тоглолтод нэг даа оролцож 5 үе тоглоод хожоогүй тул мөнгө аваагүй. Тэгээд тухайн лайв руу ахиж орж тоглоогүй” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал),

4. Гэрч А.Д-гийн: “...2020 оны 10 дугаар сард нөхөр бид хоёр  фейсбүүкээр бусад хүмүүсийн лайв бичлэг рүү орж покер техас тоглоомыг мөрийтэй тоглуулдаг байсан тоглоомд оролцож тоглодог байсан. Тэгээд нэлээн мөнгө алдсан бөгөөд нөгөө лайв бичлэгийн хүмүүстэй танилцаж фейсбүүк найзууд болсон. Тэгээд нөгөө хүмүүс манай нөхөрт хандаж ингэж тоглуулахад нэлээн ашиг унадаг юм, та хоёр бас өөрсдөө тоглуулж үзвэл яасан юм гэж манай нөхөрт хэлж байсан. Тэгээд Н.С 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөх анх нэг удаа лайв бичлэг хийж үзсэн бөгөөд тухайн үед 20,000 төгрөгийн ашиг хийсэн гэж надад хэлсэн. Н.С тухайн үед хэрхэн яаж тоглуулах талаар учраа сайн олоогүй тул дахиж хийхгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахиж  нэг лайв бичлэг хийхэд  ашиг хийж чадаагүй бөгөөд  дэмий юм байна гэж бодсон. Тэгээд Н.С- фейсбүүкээр бусад хүмүүс хэрхэн яаж тоглуулж байгааг хараад сурах гээд бусад хүмүүсийн лайв бичлэгт орж тоглодог байсан. Техас покер болох халз сөхөө буюу 2 хүн хооронд арай өөр дүнтэй буюу 1 удаа оролцоход 10,000 төгрөг төлөөд хожвол 17,000 төгрөг авдаг байсан. Манай нөхөр Н.С энэ тоглолтыг бас өөрөө туршиж тоглуулдаг байсан. Тэгээд 2021 оны 2 дугаар сараас 10,000 төгрөгөөр 2 хүнийг халз сөхүүлж тоглуулаад хожсон хүнд нь 17,000 төгрөг өгдөг байсан бөгөөд энэ нь зөвхөн нэг тоглолтоор шийдэгддэг байсан. Тухайн тоглолтоос 3000 төгрөгийн ашиг гардаг байсан. Өөр нэг тоглоом болохоор 6-8 хүн оролцуулж, нэг хүний бооцооны мөнгө нь 10,000 төгрөгөөр ордог байсан бөгөөд тухайн оролцсон хүмүүс 3 удаа тоглож хожсон нь 50,000 төгрөгийн шагнал авах боломжтой тоглуулдаг байсан. Тэгээд тухайн тоглолтод  буюу 3 тоглолтоос нэг тоглолтод нь хожвол 20,000 төгрөг авдаг байсан. Гэхдээ оролцож байгаа хүний тооноос шалтгаалж шагналын сан нь өөрчлөгддөг байсан. Тэгээд энэ байдлаараа тоглуулж байгаад 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс цагдаагаас залгаж мөрийтэй тоглуулж байна гээд нөхрийг дуудсан. Энэ цагаас хойш ямар нэгэн байдлаар интернэт лайв бичлэг хийж тоглуулахаа больсон. Би уг асуудалд оролцдоггүй, хүүхдүүд аав руу очих гээд байдаг тул хөндлөнгөөс ажигладаг байсан юм” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал),

5. Хаан банкны 0000000000 тоот дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл: “...Н.С-гийн хаан банкны 0000000000 дугаартай дансанд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны гүйлгээнд үзлэг хийгээд тогтоосон байдал: “...нийт 496 тоглолт хийж, 25,540,800 төгрөг дансаар нь орж ирж, 19,737,400 төгрөгийг буцаан шилжүүлж, 5,803,400 төгрөгийн ашиг олсон тухай дурдсан” (1 дэх хавтаст хэргийн 35-239 дэх тал),

6. Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 29/936 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

7. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал),

8. Шүүгдэгч Н.С-гийн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамгийн эхлээд  фейсбүүкээр лайв  бичлэг хийж  нэг хүний 10,000 төгрөгийн бооцоо тавьж  тоглуулахад 4 хүн тоглохоор болоод миний дансанд  40,000 төгрөг хийсэн. Тэр 4 хүний  дунд 3  удаа покерын  техас нэртэй  хөзрийн бооцоотой  тоглоомыг  зохион байгуулаад  хожсон  нэг хүн лүү нь 20,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 20,000 төгрөгийг өөртөө ашиг болгож авсан. Ингээд цааш үргэлжлүүлээд  цахимаар  өөр покер  тоглож байгаа  хүмүүстэй тоглож  судалгаа хиж хэсэг  тоглосон.  Ингээд өөрөө ахин  2 төрлийн цахимаар  хөзрийн бооцоот  покерын  техас  тоглоомыг  үргэлжлүүлэн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тоглуулж нийт 5,000,000 орчим төгрөгийн  ашиг олсноос 1,500,000 төгрөгийг банкны  зээл алдангид  өгөөд үлдсэнийг нь хувьдаа хэрэглээд дуусгасан. Би энэ тоглоомыг хууль бус гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

“Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Тус гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байдаг бол объектив тал нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Н.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ..., ... гэсэн хаягуудаас ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан цахим орчинд лайв хийж, нэг удаагийн тоглолтод 6 хүн эсхүл 2 хүн оролцуулан “Техас покер” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулах замаар нийт 496 тоглолт хийж, өөрийн хаан банкны 0000000000 дугаартай  дансаар оролцогч нараас 25,540,800 төгрөгийг шилжүүлэн авч, дансаар нь орж ирсэн мөнгөнөөс 19,737,400 төгрөгийг хожсон оролцогч тус бүр лүү буцаан шилжүүлж, өөртөө 5,803,400 төгрөгийн ашиг олсон болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Н.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Н.С-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх, хууль бусаар олсон орлого болох 5,803,400 төгрөгийг хурааж улсын орлого болгож, эд мөрийн баримтуудыг устгах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил хийж байгаад бэртэл авсан, удахгүй хагалгаанд орох асуудал яригдана гэсэн. Иймд надад торгох ялыг багаар оногдуулж, мөн улсын орлого болгож хураах үнийн дүнг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.С-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Н.С-гийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.С- нь тус хэргийг үйлдэж 5,803,400 төгрөгийн ашиг олсон болох нь түүний эзэмшлийн хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,803,400 төгрөгийг шүүгдэгч Н.С-гаас албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан покер тоглоом тоглуулах зориулалт бүхий хулдаас 1 ширхэг, покер тоглоом тоглоом тоглуулах зориулалт бүхий саарал өнгийн мөнгөлөг цүнхтэй улаа шоо 5 ширхэг, хар алаг өнгийн хасаа 43 ширхэг, ногоон алаг өнгийн хасаа 45 ширхэг, улаан алаг өнгийн хасаа 45 ширхэг, цагаан алаг хасаа 43 ширхэг, цэнхэр алаг өнгийн хасаа 90 ширхэг, покер старс гэсэн бичиглэлтэй хөзөр 2 ширхэг 1-6 гэж дугаарласан хатуу биет 6 ширхэг зэргийг утгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, LG Q-8 маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч Н.С-д буцаан олгож, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,803,400 (таван сая, найман зуун гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгдэгч Н.С-гаас албадан гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан покер тоглоом тоглуулах зориулалт бүхий  хулдаас 1 ширхэг,  покер тоглоом  тоглоом тоглуулах зориулалт бүхий  саарал өнгийн  мөнгөлөг цүнхтэй улаа шоо 5 ширхэг,  хар алаг өнгийн хасаа 43 ширхэг, ногоон алаг өнгийн хасаа 45 ширхэг, улаан алаг өнгийн хасаа 45 ширхэг, цагаан алаг хасаа 43 ширхэг, цэнхэр алаг өнгийн хасаа 90 ширхэг, покер старс гэсэн бичиглэлтэй хөзөр 2 ширхэг 1-6 гэж дугаарласан хатуу биет 6 ширхэг зэргийг утгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, LG Q-8 маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч Н.С-д буцаан олгож, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ