Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 606

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-6 тоотод оршин суух, 1952 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ52081170, С овогт Д-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 14-20 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ76021269, Т овогт Т-ын Б-т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 1.260.000 төгрөг, нийт 2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би мөнгөө бусдад хугацаатай, хүүтэйгээр өгсөн банкнаас дахин зээл авах боломжгүй байна гэж хэлж байсан. Энэ үед миний хүү Б.Ц-ыг хотод эмчилгээ, шинжилгээнд оруулах шаардлага гарсан байсныг би анхаарч Т.Б-ийн хүссэн хүсэлт ёсоор Капитал банкнаас түүнтэй хамтран хариуцагчаар үүрэг хүлээж урьд байсан зээлийг үргэлжлүүлэн 7.400.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч Т.Б-т 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг мөнгийг 2015 он, 2016 онуудад хувааж Т.Б нь надад нийт 5.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1.260.000 төгрөг, бүгд 2.760.000 төгрөгийг иргэн Т.Б-ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б-гийн хүү Б.Ц нь миний нөхөр бөгөөд 2015 оны 10 дугаар сард бөөрний чулуутай гэсэн оношоор Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох болсон. Энэ үед хадам аав Д.Б нь хүү Б.Ц-ын эмчилгээний зардалд өгөхөөр тэтгэврийн зээл авахдаа намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед Б.Ц нь яаралтай Улаанбаатар хот руу шинжилгээнд орох, цаашлаад хагалгаанд орох магадлалтай гэсэн тул би хадам аавын тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад нөхөр Б.Ц-ыг авч Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан. Хадам аавын тэтгэврийн зээл нь тухайн үедээ Б.Ц-ын дансанд орж, түүний эмчилгээний зардалд зориулагдсан. Түүний дараа хадам аав Д.Б нь манай гэр бүлийн компани болох “Эрчис баялаг” ХХК-ийн ашгаас 5.500.000 төгрөгөө буцааж авсан. Үлдэгдэл нэхэмжилж байгаа 2.760.000 төгрөгийг би хариуцахгүй, Б.Ц төлөх ёстой. Учир нь би 2017 оны 4 дүгээр сараас хойш нөхөр Б.Ц-с тусдаа амьдарч байгаа, Б.Ц нь одоо өөрийн аав болох нэхэмжлэгч Д.Б-тэй хамт амьдарч байгаа бөгөөд манай гэр бүлийн дундын хөрөнгө болох “Эрчис баялаг” ХХК нь Д.Б-гийн бүрэн мэдэлд байгаа. Компанийн ашиг орлогыг би хүртэхгүй байгаа бөгөөд бидний гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл шүүхийн шатанд хянагдаж байгаа. Түүнчлэн би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулахаар хадам аав Д.Бгээс зээл авч, хувьдаа бөгөөд зөвхөн ганцаараа хэрэглэсэн асуудал огт байхгүй, Д.Б нь хүүгийнхээ эмчилгээнд зориулж өөрөө сайн дураараа тэтгэврийн зээл авч өгчихөөд зээлийн үлдэгдлээ надтай надгүй компанийн ашгаас авчих бүрэн боломжтой байхад надаас зориуд нэхэмжилж байгаа нь өөрийнх нь хүсэл зориг биш, хүүгийнх нь хүсэл зориг, бидний гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх асуудалтай холбоотой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Б-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 1.260.000 төгрөг, нийт 2.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Т.Б нь “Д.Б-гээс зээл авч, ганцаараа хэрэглэсэн асуудал огт байхгүй, уг зээл нь тухайн үедээ түүний хүү Б.Ц-ын дансанд орж, түүний эмчилгээний зардалд зориулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Т.Б нар нь Капитал банкны Увс салбараас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2030003823 тоот зээлийн гэрээ байгуулан 7.434.630 төгрөг зээлдсэн болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид нь дээрх зээлийг авсны дараа Д.Б нь уг зээлээс 7.000.000 төгрөгийг Т.Бт зээлдүүлсэн байх ба хариуцагч нь 5.500.000 төгрөгийг буцаан төлжээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Улмаар нэхэмжлэгч Д.Б нь Капитал банкны Увс салбараас зээлдсэн 7.434.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлсөн байх ба энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан тус банкны 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаар тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Б нь “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч Д.Б нь Т.Б-ийг хариуцагчаар тодорхойлон түүнээс нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч Т.Б нь 7.000.000 төгрөг зээлдсэн, 5.500.000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй, зарцуулалтын хувьд маргаж байх тул үндсэн зээл 1.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Зээлийн хүүгийн тухайд: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 7.000.000 төгрөгийг хариуцагч Т.Б-т зээлдүүлэхдээ хүүгийн талаар тохиролцож бичгээр гэрээг байгуулаагүй байх тул хүү 1.260.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.  

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.Б-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүү 1.260.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.Б-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүү 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 59.110 /тавин есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ