Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бөд холбогдох эрүүгийн 1725003670025 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Б.Бийг прокуророос, 2017 оны 10 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 7-49 тоот Н.Нын байшинд нэвтэрч шаазан хос морь, ноосон цамц 2 ширхэг, орчин үеийн цагаан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 155 000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-49 тоотод оршин суух Н.Нын байшинд цонхоор нь нэвтрэн орж шаазан хос морь, ноосон цамц 2 ширхэг, орчин үеийн цагаан хөөрөг зэрэг эд зүйл авсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хохирогч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн....” нийт 155 000 төгрөг гэсэн” дүгнэлт /хх-ийн 20-23-р хуудас/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Н.Нямчулууны өгсөн мэдүүлэг /хх 26-р хуудас/, шүүгдэгч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Г.Туулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-49 тоотод оршин суух Н.Нын байшинд цонхоор нь нэвтрэн орж шаазан хос морь, ноосон цамц 2 ширхэг, орчин үеийн цагаан хөөрөг зэрэг эд зүйлийг авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч Н.Нын ....“2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүү Н.Нямчулууны хамтаар хөдөө Булган аймгийн Орхон сумын тариа бригад руу хадмындаа очоод нэг хоноод маргааш нь буюу 2017 оны 10 сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд манай гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-49 тоот байшингийн цонхоор хулгай орж эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манайхаас дээр үеийн хос шаазан морь, нэг мориных нь чих нь хугарсан байсан, мөн ноосон цамц 2 ширхэг, орчин үеийн цагаан хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд хүүхэдтэйгээ алга болсон морио хайж явж байгаад Мэнд-амар худалдааны төв дотор нэг үл таних хүн 5000 төгрөгөөр зарсан гээд байж байсан. Тэгээд тухайн дэлгүүрийн худалдагчтай уулзаад нөгөө зүс таних хүн чинь дахиад юм зарах гээд ирвэл хэлээрэй гээд захиад явсан. Тэгтэл 2017 оны 11 сарын 03-ны өдөр нөгөө дэлгүүрийн хүн залгаад танай шаазан морийг зарсан хүн дахиад юм зарах гээд ирсэн байна гэхээр нь цагдаад мэдэгдээд бариулсан. Тухайн дэлгүүр камертай бөгөөд дэлгүүрийн камер дээр бичлэг нь байгаа” гэх мэдүүлэг, “БАН ХАС” ХХК-ний шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаартай: ” эд зүйлийн үнэлгээ нийт 155 000 төгрөг гэх дүгнэлт, гэрч Н.Нямчулууны “2017 оны 10 сарын 29-ний өдөр гэртэй иртэл манай гэрийн цонхоор хулгай орж дээр үеийн хоёр хос шаазн морь, DVD тоглуулагч, 2 ширхэг ноосон цамц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан ба тухайн өдөр алдагдсан хоёр морийг ломбарданд тавьж магадгүй гэж бодоод ломбардууд болон шаазан эдлэл зардаг дэлгүүрээр хайгаад явж байтал Мэнд-Амар дэлгүүр дээр очоод 2 ширхэг морь хулгайд алдсан харвал хэлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ хариад байж байтал надруу залгаад чиний хэлээд байсан морьтой адил 2 ширхэг морь манай өмнөх худалдагч авсан байна чи ирээд үзээрэй гэхээр нь би очоод үзтэл манай алдсан морь мөн байсан. Тэгэхээр нь нөгөө морь зарсан хүн чинь дахиад ороод ирвэл надруу хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 03-ны өдөр нөгөө худалдагч над руу залгаад танайхаас авсан морио надад зарсан хүн дахиад ороод ирсэн байна гэхээр нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Туулын ....“2017 оны намар өөрийнхөө дүүг ажил дээрээ үлдээгээд гадуур ажил хөөцөлдөөд явж байтал манай дүү миний утас руу залгаад ... энд нэг хүн 2 шаазан морь авчирсан хосоор нь 5000 төгрөг гэнээ, нэг морь нь хагархай юм байна. гэхээр нь хагархайг нь авахгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн манай дүүд хоёуланг нь үлдээгээд явсан байсан. Тэр хүн манай дүүд хэлэхдээ ахынх нь бурхан дээр байдаг юм. Архины мөнгө олох гээд зарах гэж байна гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “49 тоот хашаа онгорхой байхаар нь байшингийн цонхоор нь орж DVD тоглуулагч, уртасгагч, хөөрөг, 2ш морь зэргийг аваад 2 морийг дэлгүүрт 5000 төгрөгөөр өгсөн. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг нь дээрхи бусад нотлох баримтаар батлагджээ. Шүүгдэгч Б.Бийн бусдын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-42-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ялыг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хэрэг хүлээн чадварын талаар эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогчид хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь хэргийн 24-25 дугаар хуудаст байгаа эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Бийн Бийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бөд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Бийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ