Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02380

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02345 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Э-д холбогдох

           

Гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие цахилгаан холбооны гадна шилэн дулааны кабель тавих зөвшөөрөлтэй учир тендерт орох гэтэл таньдаг эмэгтэй тендер авч өгдөг миний таньдаг хүн байгаа гэсэн. Ингээд урьдчилгаа 9 000 000 төгрөг авна гэхээр нь одоо 9 000 000 төгрөг байхгүй гэтэл мөнгө зээлүүлдэг хүн олж өгье, үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих гэсэн. Тэгээд Б.Эрдэнэбилэгээс 15 000 000 төгрөг зээлж, 6 000 000 төгрөгийг би өөрөө аваад, бэлтгэл ажлаа хангасан. Хариуцагч уг зээлийн мөнгөн хөрөнгөөс 9 000 000 төгрөг аваад Эрдэнэбилэгээс өмнө зээлсэн зээлийн өрөө хаасан. Уг 9 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй өгсөн. Тендер хөөцөлдөж өгч чадаагүй. Би А зэрэглэлийн байраа 81 000 000 төгрөгөөр зараад, бэлэн 15 000 000 төгрөг өгсөн. Хүүтэйгээ нийт 18 000 000 төгрөг төлж, хүүд 7 300 000 төгрөг үлдсэн. Үүн дээр газрын гэрчилгээ барьцаалаад, дахиж шинээр гэрээ байгуулсан. Хариуцагч Н.Э- 7 300 000 төгрөгийг хүүгүй болгож өгнө, танд 9 000 000 төгрөгийг өгнө гэсээр өдий хүргэсэн. Иймд хариуцагчаас зээл 9 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Б- нь өөрөө хариуцагч Н.Э- дээр ирээд тендер авах гэсэн юм таньдаг хүн байна уу гэхээр нь тухайн үед надад таних хүн байхгүй гэсэн. Ц.Б-ийг зүс харсан, танихгүй, 2-3 удаа л ярьсан. Надад Б.Эрдэнэбилэг гэдэг таньдаг хүн байдаг. Тэр хүн мөнгө зээлэх эсэхийг асууж үзье гэхэд  тэр хүнтэй чинь уулзаж, мөнгө зээлж авъя гэсэн байдаг. Б.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг авсан, 9 000 000 төгрөг авсан гэдэг үндэслэлгүй. Зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй. Үүнийг Б.Эрдэнэбилэг гэрчлэх байх. Энэ хүн хашаа, байшингаа борлуулаад 15 000 000 төгрөг хүүтэй нь өгсөн. Н.Э-, Ц.Б- нарын хооронд ямар ч зээлийн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Н.Э-эс 9 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-эс улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2016 онд Б.Эрдэнэбилэгэээс мөнгө зээлж үлдэгдэл 7 300 000 төгрөг төлөх байсан бөгөөд бидний хооронд 1 700 000 төгрөгийг авахгүй байхаар тохирсон боловч Б.Эрдэнэбилэгт Ц.Б- нь миний өмнөөс ямар нэгэн даалгаваргүйгээр үндсэн зээл болон хүүгийн хамт илүү төлсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн хэдий ч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Н.Э-д холбогдуулан зээл, хүүд нийт 14 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,бидний хооронд ямар ч зээлийн харилцаа үүсээгүй” гэж маргасан байна.

 

Хариуцагч Н.Э- нь Б.Эрдэнэбилэгт 9 000 000 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлгийг гаргаж байсан байх бөгөөд, Б.Эрдэнэбилэг анхан шатны шүүхэд  “...Н.Эрдэнийн өмнөөс түүний 9 000 000 төгрөгийн өрийг Ц.Б- надад төлсөн” гэж мэдүүлжээ. /хх-ийн 31-32/

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан баримтгүй, харин хариуцагчийн төлбөл зохих 9 000 000 төгрөгийн үүргийг Ц.Б- сайн дураар өөрөө мэдэж үүрэг гүйцэтгүүлэгч Б.Эрдэнэбилэгт төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Б- нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх 9 000 000 төгрөгийн зардлаа нөхөн төлүүлэхээр  шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар өөр этгээдийн өр төлбөрийг хэн нэгэн этгээд сайн дураар өөрөө мэдэж төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд өр төлбөрөө төлүүлсэн этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтад хамааралтай юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах юм. Зохигчдын хооронд зээлийн гэрээний тэр тусмаа хүүтэй зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх баримтгүй тул хүү шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Хариуцагч Н.Э- нь 9 000 000 төгрөгийн өрөөс 1 700 000 төгрөгийг өгөхгүй байхаар үүрэг гүйцэтгүүлэгч Б.Эрдэнэбилэгтэй тохиролцсон байтал Ц.Б- дур мэдэн тохирсоноос илүү мөнгө төлсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн нэрийг “Улсын тэмдэгтийн хураамжийн хууль” гэж буруу бичсэн, 5 000 000 төгрөгт “тооцогдох” хэсгийг хэрэгсэхгүй болгохоор хуульд байхгүй нэр томьёо хэрэглэсэн байгааг залруулах нь зүйтэй. Мөн шийдвэрийн удиртгал хэсэгт “14 000 000” төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг “4 000 000 төгрөг” гэж бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02345 дугаар шийдвэрийн удирдтгал хэсгийг “4 000 000” гэснийг “14 000 000” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1“ гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж, “тооцогдох” гэснийг “холбогдох” гэж, 2 дах заалтын “хураамжийн” гэсний дараа “тухай” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

            ШҮҮГЧИД                                                     Ч.ЦЭНД

                                                                                 Ш.ОЮУНХАНД