Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Х.Түмэнчимэг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ө.Болормаа ҮД:05-83,

насанд хүрээгүй шүүгдэгч С.Амарбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн  Чойбалсан хотод  1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл- 2, ээжийн  хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулгийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хатагин овогт Саруултуяагийн Амарбаатарт /РД:ЖЮ98100139/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625013166 дугаартай 105/2016/0223/ Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Амарбаатар нь Б.Баттулгатай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто тауны” 305-р байрны подволд нэвтрэн орж Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Glant”  загварын унадаг дугуйг хулгайлан авч 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Дээрх бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын шатнаас зориуд санаатай зайлсхийсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Амарбаатар мэдүүлэхдээ: Би “Энканто тауны” 305-р байрны граж  руу ролко унах гэж орсон юм. Тэгээд дугуй байхаар нь авах санаа төрөөд  найз Баттулгатай явж  байгаад авчихсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаад баригдсан.  Би өөрийгөө Прокурорын шатнаас оргосон гэж үзэхгүй байна.Би байцаалтанд байхдаа хохирлоо төлчихье гэж бодоод нэг ахтай  Архангай аймаг самаранд явсан юм. Цуг явсан ах маань болоогүй гээд буцалгүй  удчихсан юм. Тэгээд самаранд гар гаран яваад ирээд мөнгө төгрөгөө авч чадаагүй байж байгаад  цагдаад баригдсан гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бат-Эрдэнийн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн  26-р хороо “Энканто тауны” 305-р байрны В1 давхарын дугуйны зогсоол дээр өөрийн эзэмшлийн “GLANT” загварын хар цэнхэр өнгийн рамтай, цагаан өнгийн амартизатортой дугуйг тавиад хар өнгийн бүрээстэй кодтой тросоор түгжээд тавьсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ доошоо буугаад авах гэтэл дугуй байхгүй болчихсон. Трос нь бэхэлгээ нь газарт хэвтэж байсан. Ингээд цагдаад хандалгүй явж байгаад 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нарантуул захын дугуй зардаг газраар өөрийнхөө дугуйг байж магадгүй гээд явж байсан чинь лангууны скаладанд далд хийчихсэн байсан. Тэгээд Нарантуул захын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ж.Одонжавхлангийн:... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед санаж байна. Би “Нарантуул” захын дугуй зардаг хэсэгт ажлаа хийгээд хүнд дугуй зараад зогсож байсан чинь найз Тулгаагын дүү Амарбаатар нэг “GLANT” маркийн хар өнгийн унадаг дугуй түрчихсэн зарах гээд явж байна гээд явж байсан. Тэгэхээр нь би хэдээр зарах гэж байгаа юм гээд асуусан энд нэг хүн 250.000 төгрөгөөр авъя гэж байна гэж хэлэхээр нь ах нь тэгвэл 300.000 төгрөгөөр авъя хулгайн дугуй биш биз дээ гэсэн чинь үгүй үгүй манай найзын дугуй байгаа юм. Манай найз одоо ирж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би таньдаг юм чинь итгээд 300.000 төгрөгөөр худалдаж аваад агуулах дотроо хийсэн. Ингээд 10 хоногийн дараа нэг залуу ирээд миний дугуй байна би дугуйгаа таньж байна гээд цагдаатай ирээд дугуй хурааж аваад явсан. Амарбаатар надтай уулзахдаа ганцаараа байсан. Надад найзыгаа сэлбэгний тэнд зогсож байгаа гэж хэлж байсан. Анх удаа авчирч өгсөн болохоор дугуйнаасаа уйдаад зарж байгаа юм байна гэж ойлгосон. Ингээд дугуй авсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

 Мөрдөн  байцаалтанд гэрч Д.Чимэдрэгзэнгийн: ... Миний дагавар хүү байгаа юм. Энэ хүүхэд 2016 оны 8 дугаар сараас хойш гэртээ ирэхгүй алга болчихоод байна. 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Амарбаатараа чи яагаад цагдаа дээр очихгүй байгаа юм бэ гэж хэлээд алгадсан чинь тэрнээс хойш гэртээ огт ирэхгүй алга болчихоод байна. Би хэд хоногийн өмнө комъпютер тоглоод явчихсан юм болов уу эсхүл самар түүгээд явчихсан байж магадгүй гээд ойр дотны найз нөхөдтэй уулзаж асуусан боловч сураггүй алга болчихоод байна. Би тодорхой ажил байхгүй. Гэртээ зураг зурж мөнгө олдог. Манай эхнэр бас ажилгүй. Бид нарын амьдрал тааруухан. Би өөрөө хариуцаж аваад алдсан учраас санал хүсэлт алга. Тэгэхдээ надад мөнгө төгрөг байхгүй. Хоногийн хоолоо яая гэж олдог...” гэх мэдүүлэг /хх-н 111-112-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч Н.Саруултуяагийн: ... 2016 оны 8 дугаар сарын дундаас алга болсоноос хойш нэг удаа над руу залгасан. Ярьж байгаа зүйл нь сайн сонсогдоогүй. Самар түүгээд яваад байна тэгж байгаад очно. Дугуйныхаа мөнгийг л олно гэж ярьж байсан. Миний бага хүү болохоор хэргээ эртхэн шийдүүлчихэг гэж бодсон боловч ингээд зугтаагаад алга болчихлоо. Сүүлд алга болохын өмнө гэртээ нэг удаа ирэхэд нь цагдаа дээр очиж уулз яагаад очихгүй яваад байгаа юм гээд Чимэдрэгзэн нэг удаа уурласан юмаа. Ингээд тэрнээс хойш алга болчихсон. Цагдаа дээр шалгагдаж байгаа гэдгээ мэдэж байгаа. Нэг өдөр гол орчихоод ирнэ гээд явсан түүнээс хойш огт сураггүй байна. Надад ямар ч өрхийн орлого байхгүй. Би нөхрөөрөө тэжээлгэдэг хүн. Надад бол автобусны мөнгө ч байхгүй байна. Энэ хүүхдийг үнэхээр хаана байгааг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-н 113-115-р тал/

 Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Баттулга: ... 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж ролик унана гээд найз Амарбаатарын хамт явсан. Амарбаатар намайг ийшилчихээд ирье гэхээр нь би дагаад явсан. Энканто тауны граж руу орчихоод буцаж гарж ирээд наанаа байж бай гээд буцаад орсон... хар өнгийн дугуй түрчихсэн гарч ирсэн. Гарч ирэхэд нь би дугуй хулгайлчихлаа гэж бодсон. Ингээд над дээр ирээд намайг нээх юм ярилгүй зах дээр араас хүрээд ир гээд дугуйгаа унаад Нарантуул захруу явсан. Тэгээд захруу би алхаж очиж байсан чинь Амарбаатар ганцаараа алхаад өөдөөс гараад ирсэн. Тэгээд би Амарбаатараас яасан гэсэн чинь дугуйгаа эхлээд 180,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Сүүлд үлдсэн 120,000 төгрөг гаргаж ирээд 300,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Амарбаатарыг дугуйны тросыг бахиар тасалсан гэж сүүлд мэдсэн. Тэгээд бид 2 хамт хөдөө аж ахуйн тэнд байдаг core гэдэг пс-нд ороод орой шөнө болтол тоглож байгаад 23 цаг гээд тэдний пс хаачихаар нь core-н хажуу талын нэрийг нь мэдэхгүй пс-нд хоноод өглөө хамт хоолонд орсон… гэх мэдүүлэг /хх-н 38-40-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч С.Амарбаатарын: “...Хөдөө аж ахуй дээр байдаг core пс тоглоомын газар Баттулгатай таарч цэцэрлэгт хүрээлэн орж ролик унахаар явсан. Миний орсон граш унадаг дугуйн зогсоол байсан тэгээд мөнгө олно гээд жагсаачихсан байсан дугуйны захаас хар өнгийн Glant маркийн дугуйны тросыг core пс тоглоомын урд талын шатан дээрээс олсон бахиар тросыг нь таслаад тросоо тэнд үлдээгээд дугуйгаа унаж гарсан. Баттулга үүдэнд зогсож байхаар нь зах дээр байж байя араас ир гээд Нарантуул зах явсан. Зах ороод нэг ахад 300,000 төгрөгөөр нөгөө дугуйгаа зарсан. Баттулгад грашаас дугуй авчихсан тэр дугуйгаа 180,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь за за найз нь 300,000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд 150,000 төгрөгийг Баттулгад өгсөн. Би өөрийнхөө 150,000 төгрөгөөр тоглоом тоглоод хувцас аваад дууссан. Баттулга өөрийнхөө мөнгийг хаячихсан гэж байсан. Бахийг цэцэрлэгт хүрээлэнгийн тэр хавиар явж байхдаа шидчихсэн. Хаашаа шидсэнээ санахгүй байна. 2016 оны 8 дугаар сарын дундуур цагдаад шалгагдаж байх хугацаанд нэг таньдаг Бямбалай гэх хүн ажилд авч явья гэхээр нь хэд хоног ажил хйичихээд ирье гээд Архангай аймаг руу явсан. Буцаад хотод орж ирээд Улиастайн тэнд самартай уул руу гарсан. Би гэртээ огт очоогүй. Би ээжид самранд явж байна гэдгээ хүний утас гуйж ярьж хэлсэн. Тэр үед ээж намайг цагдаагаас дуудаад байна чи яачихав хурдан ир гэсэн боловч хэд хоногоос бууна гэж хамт ажиллаж байсан хүн хэлэхээр нь нэг мөсөн очье гээд 2016 оны 9 дүгээр сарын 10 хүртэл ажилласан. Тэгээд хотод орж ирээд цалингаа авч чадаагүй байгаа. Цагдаа дээр очье гэж бодсон боловч дуудсан цагт нь очоогүй учраас айгаад огт ирээгүй. Би гэртээ огт очоогүй байгаа. Цагдаа намайг хайж байгаа гэж бодоод найз нөхдийхөө гэрээр болон пс тоглоомын газраар хоноглож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-48-р тал, 128-р тал/

   -Эд зүйлийн үнэлгээ /хх-н 17-р тал/,

   -Эд зүйл  хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл  / хх-н 16-р тал/,

   -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 19-р тал/,

   -Эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримт /хх-н 116-121-р тал,

   -Хохирол төлсөн баримт  /хх-н 151-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

   Хулгайлах гэмт хэрэг нь  бусдын өмчлөлд байгаа  эд хөрөнгө, эд юмсыг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор  хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр  бусдын эзэмшлээс  нууцаар авахыг хэлнэ.

   Хулгайн гэмт хэргийн объект нь  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  өмч хөрөнгө, буюу хөдлөх  бүх  эд  юмсыг хэлнэ.

  Объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч талын этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл,

  Субъектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх ба шунахайн сэдэлт нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын заавал байх гол элемент,

  Энэ хэргийн субъект нь 14 насанд хүрсэн, сэтгэцийн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай Монгол улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объект

  Объектив тал нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан , прокурорын хяналт шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байдаг.

  Субъект нь 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

  Субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.

  Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд: С.Амарбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто тауны” 305-р байрны подволд нэвтрэн орж иргэн Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Glant”  загварын унадаг дугуйг хулгайлан авч “ Нарантуул” захын  борлуулагч  Ж.Одонжавхланд   300.000  төгрөгөөр  худалдсан байсныг  хохирогч  Б. Бат-Эрдэнэ олж мэдэж  цагдаагийн  байгууллагад  мэдэгдснээр хэрэг илэрсэн байна.Мөн энэ хэрэгтээ шалгагдаж Прокурорын  хяналтанд  байх хугацаандаа ирээгүй байна.   

 Иймд С.Амарбаатар нь Б.Баттулгатай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто тауны” 305-р байрны подволд нэвтрэн орж иргэн  Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Glant” загварын унадаг дугуйг хулгайлан авч 580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, мөн  дээрх бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үед  прокурорын шатнаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан баримт зэргээр тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос С.Амарбаатарын гэм буруугийн үйлдлүүдийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

 Шүүгдэгч С.Амарбаатар урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 53-р тал/

             Шүүгдэгч  С.Амарбаатар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч  гомдол саналгүй болсон  байна. /хх-н 251-р тал/

 Шүүгдэгч С.Амарбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч С.Амарбаатар нь өөрийн гэсэн цалин орлогогүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хатагин овогт Саруултуяагийн Амарбаатарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Прокурорын  шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар С.Амарбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.Амарбаатарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан  хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Амарбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар С.Амарбаатарын  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар С.Амарбаатарт 2  /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 2  /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Амарбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Амарбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ