Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 551

 

2019 6 4 2019/ДШМ/551

 

 

 

 

 

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.СоёмбоЭрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор Р.Батнасан, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч П.Гансүх, нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.М-д холбогдох 1809037560001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.ийн М-, 1999 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мокси Брос” студид бүжгийн багш ажилтай гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт 2 Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон;

Б.М- нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 5 дугаар орцны дээвэр дээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн агуулга дундаа тасалдсан, ойлгомжгүй, ямар эд зүйлүүд хураан авсан болох нь тодорхойгүй, 18 дугаар хуудаст эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлээр хичнээн хэмжээний хуванцар савтай шингэн зүйл, хар өнгөтэй нунтаг зүйл хураан авсан болохыг бэхжүүлээгүй зөрчилтэй. Хавтаст хэргийн 39-42 дугаар хуудаст Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8972 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр хар ногоон өнгөтэй нунтаг зүйл, хэлбэрт оруулсан тугалган цаас тус бүрээс, хар ногоон өнгөтэй нунтаг зүйлээс, “Воn аqua” гэсэн шошготой 2 ширхэг сав, өнгөгүй тунгалаг хуванцар сав болон бусад зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дээрхээс үзэхэд хэргийн газрын үзлэгээр хэдий хэмжээний ямар эд зүйлүүдийг хурааж авсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн ямар зүйлүүдээс ямар эд зүйлүүд нь шүүгдэгч Б.М-д хамааралтай болох, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургаас үзэхэд бодисын хэмжээг тогтоох боломжтой байтал тогтоогоогүй байж яллах дүгнэлтэд ямар эд зүйлүүдээс хэдий хэмжээний бодис илэрснийг дүгнээгүй, тусгаагүй, энэ талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр Б.М-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт 3 хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан зүйлсийг тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлж, хэргийн газраас хураан авсан бөгөөд хураан авсан эд мөрийн баримтаас яллагдагчид холбогдолтой зүйлсийг яллагдагч нэрлэн заасан болох нь яллах дүгнэлтэд дурдагдсан яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байна. Яллагдагч Б.М-ийн өгсөн “...Тэр тамхинаас Ганбаатар, Төгөлдөр бид 3 татсан, татаад дуусаж байхад цагдаа нар гарч ирсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдээс шошгогүй хуванцар сав, 50 төгрөгийн хуйлсан дэвсгэрт, 1 ширхэг тамхины иш, хар өнгөтэй нунтаг зүйл гэдэг нь бид гуравтай холбоотой. Харин “Воn aqua” гэсэн бичигтэй 2 ширхэг сав зэрэг бусад зүйлүүд нь тэнд байсан бид нартай огт хамааралгүй зүйлүүд. Гэхдээ тэр шошгогүй хуванцар сав, 50 төгрөгийн хуйлсан дэвсгэрт, хар өнгөтэй нунтаг зүйлүүдийг бид нар өөрсдөө бэлдэж авч ирээгүй. Тэнд дээврийн хонгилд байсан зүйлүүд юм. Төгөлдөр бид хоёр тэр савыг хэрэглэх гэж оролдсон боловч болоогүй. Тэр тамхийг би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Австрали хүнээс аваад тамхины хайрцагт хийгээд өөрийнхөө халаасанд байлгаж байсан. ...” гэх мэдүүлгээр тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох өвсийг татаж дуусгасан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгөтэй нунтаг зүйл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох өвсний үнс мэт зүйл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгснөөр төгсдөг гэмт хэрэг бөгөөд тухайн бодисын хэмжээ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, зайлшгүй нотолбол зохих зүйл биш юм. Гэтэл шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлт, гэрэл зургаас үзэхэд бодисын хэмжээг тогтоох боломжтой байтал тогтоогоогүй байж яллах дүгнэлтэд ямар эд зүйлүүдээс хэдий хэмжээний бодис илэрснийг дүгнээгүй, тусгаагүй, энэ талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед...шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах” нөхцөлийг тодорхойлсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр анхан шатны журмаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хэргийн газраас хураагдсан бодис илэрсэн гэх нунтаг үнс мэт зүйлийн жин хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь тодорхой бус байгааг “шүүхийн шийдвэр 4 тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, мөн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. …” гэжээ.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан гол үндэслэл нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийн хэмжээг яллах дүгнэлтэд тусгах боломжтой байхад тусгаагүй, мөн хэргийн газрын үзлэг ойлгомжгүй бөгөөд ямар эд зүйл хураан авсан, энэ нь Б.М-тэй ямар хамааралтай болохыг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлүүдээр буцаасан. Хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж гэрэл зургаар бэхжүүлэн, тодорхой нэр төрлийн эд зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр хурааж авсан. Тухайн эд зүйлийг мөрдөгч нар хоорондоо хүлээлцсэн тэмдэглэл хавтас хэргийн 18 дугаар талд авагдсан байгаа. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдээс Б.М-д ямар эд зүйлүүд нь хамааралтай талаар яллагдагч Б.М- болон гэрч нараас асуусан бөгөөд Б.М-ийн мэдүүлэгт “...эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдээс шошгогүй хуванцар сав, 50 төгрөгийн хуйлсан дэвсгэрт, 1 ширхэг тамхины иш, хар өнгөтэй нунтаг зүйл гэдэг нь бид гуравтай холбоотой...” гэж мэдүүлдэг. Дээрх нэрлэн заасан эд зүйлүүдээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгснөөр төгсдөг гэмт хэрэг бөгөөд тухайн бодисын хэмжээ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, зайлшгүй нотолбол зохих зүйл биш юм. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр анхан шатны журмаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан зарим асуудал нь ойлгомжгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, Б.М-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах.” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэдий ч олон улсын жишгээр /дэлхий нийтийн практикт/ Нэгдсэн Үндэсний Байгууллагын мансууруулах бодист хяналт тавих хорооноос гаргасан зөвлөмжөөс гадна тухайн хэрэг тохиолдол бүрд мансууруулах бодисын хэмжээ, хүнд үзүүлэх үйлчилгээний шинж чанарыг харгалзан хэмжээг тогтоодог байна.

Прокуророос яллагдагч Б.М-ийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 5 дугаар орцны дээвэр дээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд яллагдагч нь хэдий хир хэмжээгээр метамфетамины агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж байсан нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 405 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ тус хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар талуудаас хүсэлт гаргаагүй боловч анхан шатны хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон асуудлыг шүүх анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 688 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 7

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН