Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0257

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0257

Улаанбаатар хот

Ц.О-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Д.Л нар;

 

Нэхэмжлэгч: Ц.О

Хариуцагч: ГЕГ-ын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГ-ын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тушаалын Ц.О-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ... 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, улирал тутмын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0138 дугаар шийдвэртэй;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1089/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ц.О-аас ГЕГ-ын даргад холбогдуулан “ГЕГ-ын даргын 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тушаалын Ц.О-т холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Ц.О-ийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа ГЕГ-ын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах, 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, улирал тутмын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0138 дугаар шийдвэрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь хэсгийн

1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ГЕГ-ын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалын Ц.О-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож Ц.О-ийн, ажилгүй хүлээлгэсэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин олговор, урамшууллыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч ГЕГ-ын даргад даалгаж,

 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь Ц.О-ийг  Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллуулахгүй байгаа ГЕГ-ын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд ажиллах нөхцөлөөр хангахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Д.Л нараас давж заалдах гомдолдоо:

3.1. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдсэнтэй холбогдуулан албан хаагчийг түр хугацаагаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ГЕГ-аас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ГЕГ-ын даргын Б/449 тоот тушаал гаргаж нэр бүхий 7 байцаагчийг түр 3 сарын хугацаагаар хүч нэмэгдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээнд хамруулсан бөгөөд түүний нэг нь Ц.О  болно. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Томилох эрх Төрийн албаны тухай бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтад “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...” гэж заасны дагуу Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд хамаарах эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

3.1.1. Мөн гаалийн улсын байцаагч Ц.О  нь тухайн түр тушаалтай холбоотойгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд шилжүүлэн /сэлгэн/ ажиллуулах шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг хянаж үзэн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 01/2025 тоот албан бичгээр “Таныг 3 сарын хугацаанд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн ГЕГ-ын даргын Б/449 дүгээр тушаал Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцсэн байна” гэсэн хариуг хүргүүлжээ. ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсээс 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 01-1.1/3362 тоот албан бичиг хүргүүлсэн бөгөөд уг бичигт...” гарсан тушаалын дагуу Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт очиж ажлаа эхлүүлэх, захиргаа хүний нөөцийн гаалийн улсын байцаагчаар дамжуулан эргэж мэдэгдэх” тухай дурдсан байна. Гаалийн байгууллагын тогтолцоог Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1-т “Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай...”, 2671.2-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж тус тус заасан нь Гаалийн байгууллага нэгдсэн тогтолцоотойг өөрөөр хэлбэл босоо удирдлагатай байгууллага гэж хууль тогтоогч нар хуульчилсан. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан Эрх зүйн боловсрол академийн хамтарсан Захиргааны ерөнхий хуулийн тайлбарт байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах шийдвэр нь захиргааны акт биш. Учир нь энд үндсэн харилцаа өөрчлөгддөггүй...” гэж тайлбарласан байдаг.

3.1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. Гэтэл шүүхээс ГЕГ-ын даргын Б/449 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхлыг хөндөж хууль бус шийдвэр гарсан талаар дүгнэлт хийгээгүй болно. Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж зааснаар Гаалийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэр нь шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг. Төрийн албаны тухай хуульд томилолтоор урт хугацаагаар ажиллах нарийвчилсан зохицуулалт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасны дагуу гаалийн улсын байцаагч Ц.О-ийн  цалин хөлс, зэрэг дэв, албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулаагүй харин ч хилийн нэмэгдэл 25 хувь нэмж олгохоор байсан.

3.2. Шүүхийг шийдвэрийн 3.10, 3.11 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 44 зүйлийн 44.5 дахь заалтын нарийвчилсан харилцааг зохицуулсан ГЕГ-ын даргын 2023 оны А/367 дугаар тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журам”-ын холбогдох хэсгийг мөрдөөгүй гэжээ. Гэтэл журмын 2.2 дахь заалтад “...3 хүртэл сарын хугацаанд тушаалаар шилжин ажилласан бол тухайн хөдөлгөөнийг өөр бүсэд ажилласан гэж үзэхгүй”, мөн Нэхэмжлэгч нь 2016 онд төрсөн охинтой бөгөөд “өрх толгойлсон эх” гэдгээ нотлох баримтаар нотлоогүй байхад журмын 3.6.3-д “гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл өөр асран хамгаалагчгүй 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэх, эх” заалтыг зөрчсөн гэж шүүхээс үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь уг хуулийн 106 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэртэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “ГЕГ-ын даргын 2023.07.06-ны өдрийн Б/449 дүгээр тушаалын Ц.О-т  холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл “хууль бус байсан болох” шаардлага нь захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болсон эсхүл уг захиргааны актыг хэрэгжилт нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчсөн бол яригдах байсан. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн зүгээс хүчингүй болгоогүй, түүнчлэн хууль хяналтын байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхлыг хөндөж хууль бус шийдвэр гараагүй болно

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0138 дугаар шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар,

2.1. Маргаан бүхий ГЕГ-ын даргын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/449 дүгээр тушаалаар ажлын ачаалал, барааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан харьяа гаалийн газруудад буюу Улаанбаатар хот дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажиллаж буй 7 нэр бүхий албан хаагчдыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл /3 сарын хугацаагаар/ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хяналт, шалгалтын чиглэлээр ажиллуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч шийдвэрлэсний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн газарт ажиллаж байгаа Ц.О  багтжээ.

2.2. Уг тушаалыг эс зөвшөөрч хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Ц.О-аас “...Удирдах ажилтнаас өгсөн үүргийн дагуу ...очиход 1 дүгээр давхрын хурлын зааланд төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах сонсох ажиллагааг явуулсан. ...Миний хувьд Сэлэнгэ явж ажиллах боломжгүй учир нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж болох талаар тайлбар гаргасан. ...хууль бус тушаалын дагуу ажиллахаас татгалзсан. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тус тушаалын үйлчлэлийн хугацаа дууссан ч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн албан тушаалдаа ажиллах боломж олгохгүй хуваарь гаргаж өгөөгүй...” гэж тайлбарлан, мөн “2023 оны 07 сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, улирал тутмын үр дүнгийн урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр тус тус маргажээ. 

2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.О нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаал болох ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа талаарх үйл баримттай талууд маргадаггүй.

3. Хууль зүйн үндэслэлийн талаар,

3.1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.”, 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.”, мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтад “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...” гэж,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон ... шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”,

ГЕГ-ын даргын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/367 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулахад ГЕГ-ын нэгж дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодыг ажлын ачаалал, хүний нөөцийн хэрэгцээ, гаалийн хяналт бүрдүүлэлтийн онцлог зэргийг харгалзан дараах байдлаар бүсчилнэ,”, 2.1.1-д “А бүс-ГЕГ-ын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот, Улс хоорондын шуудан илгээмжийн, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь, Замын-Үүд дэх гаалийн газар”, 2.2-т “Гаалийн улсын байцаагчийг дараах нөхцөлд шилжүүлэн ажиллуулна”, 2.2.1-д “А бүсэд 6 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа”, 3.6-д “Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулахад дараах нөхцөл байдлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж шаардлагатай тохиолдолд Захиргааны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ”, 3.6.3-д “Гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл өөр асран хамгаалагчгүй 16 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг” гэж, мөн уг тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журмын аргачлал”-ын 2.1-д “Гаалийн улсын байцаагчийг дараах нөхцөлд шилжүүлэн ажиллуулна. Үүнд "А" бүсэд 6 жилээс доошгүй, "Б" бүсэд 2 жилээс доошгүй, "В" бүсэд 2 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа бол журмын "Гурав-ыг үндэслэн шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

3.2. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл нь “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн албан хаагчийг 3 сарын хугацаатайгаар шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-д заасан зарчмыг болон мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг зөрчсөн, Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журам, аргачлалд заасны дагуу шилжилт хөдөлгөөнд оролцох гаалийн байцаагч нарыг эрэмбэлэх, шилжүүлэн ажиллуулах шалгуурыг хангаж буй эсэх урьдчилсан байдлаар дэд шалгуурыг тооцоололгүйгээр нэхэмжлэгч Ц.О-ийг  шилжүүлэн томилсон болох нь тогтоогдож байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.О  нь бага насны хүүхэдтэй /2016 онд төрсөн/, өрх толгойлсон эх байх бөгөөд тэрээр ГЕГ-ын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/332 дугаар тушаалаар ГЕГ-ын Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч (А бүс)-аар томилогдсоноос хойш 6 жилийн хугацаа болоогүй, мөн маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн сонсох ажиллагаанд мэдүүлсэн түүний “...бага насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж учир... ажиллагаанд хамрагдахгүй” гэсэн тайлбарыг хариуцагч харгалзан үзээгүй, өөртэй нь харилцан тохиролцолгүйгээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоосон журам болон аргачлалыг зөрчсөн байна. 

3.4. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн ажиллуулах журмын аргачлалд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгчийн тухайд харгалзан үзэх шалгуурыг тодорхой болголгүйгээр Ц.О-ийг  Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

3.5. Нөгөөтээгүүр ГЕГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-1.1/3362 дугаартай албан бичгээр “... Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт түр хугацаагаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авсан шийдвэрийг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажил тасалсан тул холбогдох хууль, журмын дагуу сахилгын болон ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах үндэслэл болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн /хх-ийн 30 дахь тал/ мэдэгдэл өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг “хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн үндэслэлээ тодорхойлсон байх тул уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

3.6. Дээрхээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                  З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ   

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА