Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 9-26 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ75121720, Т овогт Э. Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 20-05 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО81041970, Б овогт Ц. Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Ц.Б-тэй 2005 онд танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Б төрсөн. Хамтын амьдралын эхэн үед ажил хийж, болж бүтэхээрээ сайхан амьдарч байсан. Намайг хүүгээ төрүүлснээс хойш нөхөр Ц.Б гэр орондоо тогтохгүй хоногоор алга болдог болсон. Би нярай хүүгээ тэврээд хайж явсан удаа ч бий. Ажил төрөл хийдэг боловч мөнгө төгрөг нь үзэгддэггүй тул арга ядаад салсан. Төрөх гээд бие өвдөж байхад намайг орхиод хөдөө явчихсан бөгөөд  арайхийж төрсөн. Хүү маань 1 сартайдаа өвдөн эмнэлэгт хэвтэхэд нөхөр тоолгүй хөдөө яваад өгсөн. Улмаар хүү сэхээнд ороод сар болоод эмнэлгээс гарах гэж байхад ирсэн. Ц.Б нь хэл сурагггүй алга болдог байсан ба ирчихээд цалин мөнгөө надад өгөхгүй ээждээ өгдөг байсан. Ингээд эмнэлгээс гэртээ гарч ирэхэд хоол унд авах мөнгө төгрөг байхгүй, хэрүүл хийсэн учир өөрийн ээжийнд очсон. Хүүгээ авч явах гэсэн боловч өгөөгүй болохоор шүүхэд хандаж байж 10 хоногийн дараа 2 сартайд нь хүүгээ авсан. Түүнээс хойш хүү маань сар болгон эмнэлэгт хэвтдэг, бие султай өвчлөмтгий болсон. 2 нас хүртлээ эмнэлэгт хэвтэж хүн болсон. Энэ хугацаанд Ц.Б нэг ч удаа яриагүй, ирээгүй, хэл сураггүй алга болсон. Одоо тэр цагаас хойш тусдаа амьдраад 11 жил болж байна. Иймд энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Б-г миний асрамжид үлдээж, эцгээс нь хууль ёсны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгийн овог солиулах тухай шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагаасаа татгазаж байна” гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.Нтэй 2005 онд танилцаад 2006 онд гэр бүл болсон бөгөөд 2007 онд хүү Б.Б төрсөн. Улмаар Э.Н 1 сар болоогүй хүүгээ наадмын талбай авч орсны улмаас хүү маань хөхлүүт ханиад туссан. Ингээд хүү эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ хугацаанд би Э.Н-гийн төрсөн дүүтэй Увс аймгийн Малчин суманд шугам татах ажлаар явсан боловч 3 хоног ажиллаад хүүхдийн бие муудлаа гэсэн дуудлагаар буцаж ирсэн. Ирэхдээ 15.000 төгрөгтэй ирээд хүүгийнхээ эм тарианд зарцуулсан. 2017 оны 9 дүгээр сард манай хөрш айл биднийг цай уу гэхэд гээд хоёулаа ээлжлээд ороод цай ууя  гээд би цай уугаад ороод ирэхэд намайг хүүхэдтэй хаяад явлаа гэснээс маргаан гарч Э.Н  хүүгээ хаяж яваад 2 өдөр гэртэй ирээгүй. Тухайн үед би дөнгөж төрсөн 2 сартай хүүгээ өлсөөд уйлахад нь байгаа мөнгөөрөө хүүхдийн тэжээл сүү авч хооллоод унтуулсан. 2 өдрийн дараа Э.Н хүүгээ авна гээд ирэхэд нь би өгөөгүй. Тэрнээс болж би цагдаад дуудагдаж байцаалт өгсөн. Удалгүй 14 хоногийн дараа Э.Н намайг шүүхэд өгсөн байсан бөгөөд шүүх хуралдаанаар хүүг Э.Н-д өгөх шийдвэр гарч хүүг өгсөн. Ингээд хэсэг хугацаанд холбоогүй байж байтал Э.Н дахин над дээр ирж гэр бүл баталгаажуулсан хүмүүст улсаас 500.000 төгрөг өгч байна гээд надтай хамт очиж аваад уг мөнгийг Э.Н бүгдийн аваад явсан. Дараа нь Би Улаанбаатар хот руу явж дүү нараа бараадан ажил хийгээд байж байтал 2012 онд хүү Б.Б автомашины осолд орсон гээд надтай холбогдсон ба би тухайн үедээ охотод хүрээд ир эмчилгээний мөнгө өгнө гэж дуудсан боловч хүнээс авах мөнгөө авч чадаагүй учир эмчилгээний зардал өгч чадаагүй. Ингээд Э.Н хүүгээ эмчлүүлээд нутаг буцсан. Энэ явдлаас 5 жилийн дараа буюу 2016 онд Увс аймагт ирэн Э.Нтэй 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хамтдаа байх хугацаанд нэг охинтой болсон. Хүмүүсийн ярианаас сонсвол тэр охин миний охин биш гэсэн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна, хүүхдийн асрамж, тэтгэлгийг мөн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Э.Н, Ц.Б нар 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Э.Н, Ц.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын дундаас төрсөн хүү Б.Б-ийн нас болон саналыг зэргийг харгалзан эх Э.Н-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Б-г 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Б-эр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүх хүүхдийг эх Э.Н-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ц.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 178.000 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 89.000 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 1.068.000 төгрөг/ 30.182 төгрөг, нийт 100.382 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Э-ийн Н, Б овогт Ц-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Б-г эх Э.Н-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Б-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Б-эр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.  

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг,  хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, нийт 100.382 /нэг зуун мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ