Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-48 айлын 11 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89032327, О овогт Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багт оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА91041715, Б овогт Г-ын Ч-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Ч-той 2017 оны 3 дугаар сараас эхлэн хамтран амьдарч 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр охин Ч.Э маань төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд бидний хамтын амьдрал таарамжгүй харилцаатай байдаг байсан. Ингээд бид 2018 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Цаашид миний бие охиноо өсгөж хүмүүжүүлэх тул охин Ч.Э-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Д.М-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Г.Э хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлтгүй болно. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Ч-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр Д.М, Г.Ч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2018 оны 4 дүгээр сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

 

Тэдний дундаас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр охин Ч.Э төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь Ч.Э-ыг өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

 

            Иймд охин Ч.Э нь эх Д.М-ийн асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Б овогт Ч-ын Э-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ч-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-оос 30.182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

    Зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг биднийг  байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б овогт Ч-ын Э-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ч-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-оос 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ