| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0128/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/139 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Ц.А
Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох эрүүгийн 175004290078 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.Н
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 11 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны гадна хохирогч Ц.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Ц.А-н ...“Манай найз Э хоёр залуутай юм яриад зогсож байхаар нь яасан зүгээр үү гээд асуутал Э өөдөөс хариу өгөөгүй. Гэтэл уулзаад зогсож байсан залуугийн нэг нь болох Ц гэдэг залуу чи хэн юм бэ гэж асуухаар нь би хүн байна гэж хариулсан. Тэгтэл үгийн зөрүү байхгүй миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Би Ц гэдэг залууг цохих гээд гараа далайсан гэхдээ цохиж чадаагүй. Ц дахин миний нүүр рүү цохиод эхэлсэн. Тэгээд намайг хашлага маягийн чулуун хавтан руу түлхсэн. Тэр үед манай найз Шинэбаяр ирээд Ц гэдэг залууг салгаад аваад явсан. Харанхуй байсан зогсож байхад намайг хэн нэг нь ард дагзнаас цохиж авсан. Хэн гэдгийг нь сайн мэдэхгүй. Гэтэл үргэлжлүүлэн бас нэг залуу ирээд намайг цохисон. Тэр үед намайг газар унагаагаад нүүр рүү жийсэн. Газар унаад бужигнаж байх үед миний хөл гэмтсэн байсан. Тэгээд зодоон болоод бай байх үед Ц-н найз Н гэх залуу ирээд намайг цохиж хашлага руу түлхсэн. Тэр үед би унаагүй. Тэгтэл Ц дахиж ирээд нүүрэн тус газар газарт 2-3 удаа цохичихоод яваад өгсөн. Тэгээд би тэд нараас салаад явж байхад Н гэдэг залуу миний баруун хөлний араас хавсарч унагаад дээрээс 2-3 удаа цохичихоод яваад өгсөн. Би явсных нь дараа босох гэтэл миний баруун талын хөл гишгэж чадахгүй өвчтэй болчихсон байсан. Сүүлд Н араас гүйж ирээд намайг хавсарч унагаахад миний хөл босоод гишгэж чадахгүй маш их өвдөж байсан. Н оос эмчилгээний зардалд 300 000 төгрөг нэхэмжилж байна. Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Хатан мэргэн Инженеринг” ХХК-д сантехникийн ажил хийдэг байсан. Энэ хэргээс болж ажилдаа явж чадахгүй болсон. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/
2.Гэрч Б.Ц-н ... “Эхлээд нүүрэн тус газар буюу зүүн шанаанд нэг удаа цохисон. Дараа нь цээж болон мөр хэсэгт тус бүр нэг удаа цохисон. Өөр хүн бол цохиж зодоогүй. Бусад найзууд гэх хүмүүстэй нь ганц нэг удаа цохисон зүйл байгаа. Дараа нь Н А-тай заамдалцаад зогсож байсан. Тэгээд Зуундарь намайг аваад худалдааны гудамжны тэнд үлдээгээд буцаад Зуундарь очоод Т-г аваад явсан. Тэр үед Н нь А-г хавсраад газар унагаасан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/
3.Гэрч Н.Т-г ... “Ц-г холдуулж салгачихаад эргэж хартал Ц-н найз нь гэх Н ирчихсэн нөгөө хохирогч А-г цохиж байхаар нь би дундуур нь орж салгасан. Тухайн үед зодоон богино хугацаанд болоод өнгөрсөн. Зодооны дараа найз Ц бид хоёр нөгөө зодоон хийсэн залуучуудтай уулзаж хоорондоо эвлэрч гар бариад салсан. Дараа нь бид хэд гэртээ харьж амарсан. Тэгээд тэр зодооноос хойш хоёр хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан. Тэгээд би найз Ц-г олж өгсөн. Тэр үед надтай хамт байсан тухайн зодооныг нүдээрээ харсан гэх зөөгч Зуундарь гэх охиноос ямар хүн хохирогч гэх залуугийн хөлийг хугалсан талаар тодруулж асуухад тэр зөөгч охин маань надад тэр үед хамгийн сүүлд зодоонд оролцсон Ц-н найз Н ийн өмсөж явсан хувцас болон нүүр царайг нь зааж хэлсэн. Тэгээд би тухайн үед Н ийг хохирогч залуугийн биед халдаж хохирол учруулсан байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
4.Гэрч Т.З-н ... “Баарны гадаа маргаан зодоон болж байгаа дуу чимээ сонсогдохоор нь би баарны гадаа гарч харсан чинь Ц Т нар зодоонд оролцож байгаа мэт надад харагдсан. Тэгээд би ямар ч байсан очиж Ц болон Т хоёрыг салгаад зогсож байхад хаанаас ч юм бэ нэг залуу гарч ирээд Ц-г өмөөрч байгаа бололтой Ц-тай зодолдсон гэх А-г заамдаж авч цохиж авсны дараа хавсарч газар унагаасныг би харсан. Гэхдээ тэр зодоон маш түргэн хугацаанд болж өнгөрсөн. Тухайн үед А миний хөл хугарсан байна гэж огт ярьж дуугараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-36-р хуудас/
5.Гэрч Г.Ш-н... “Манай найз нар тэрүүгээр салгаад явж байсан. Би Ц гэж залууг чирээд холдуулсан. Тэгээд Ц босч ирээд хоёр биенээ нэг нэг удаа цохилцоод салсан. Харин Ц-г газар унасан байхад би сайн хэлж мэдэхгүй байна. Нэг их цохиогүй, яг хаана цохисноо сайн мэдэхгүй байна. Тэгээд Ц бид хоёр цохилцоод салаад байж байхад Ц-н найз Тэгшээ гэх залуу намайг хажуу талаас хавсраад унагаасан. Босож ирэхэд куртик урагдсан байсан. Тэгэхээр нь би тайлаад хэн намайг хавсарсан гэхэд Тэгшээ гэх залуу би байна гээд тэгээд бид хоёр маргалдаж байгаад чи найзаа аваад яв би найзаа аваад явъя гээд салцгаасан. Тэгээд харахад доголсон Мөнх-Эрдэний хамраас цус гарсан байсан. Тэгээд салаад явцгаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/
6.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 986 дугаартай дүгнэлтэд ... “Ц.А-н биед баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3-ээр далд ташуу зөрөөгүй хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Уг гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 25-р хуудас/
7.Шинжээч эмч Ж.Г ... “Баруун шилбэний тахилзуур ясны доод 1/3-ээр далд ташуу зөрөөгүй хугарал хөл рүү хавсарч унагаах тохиолдолд үүсэх боломжтой. Хугаралын байрлал, хэлбэр зэргээс харагдаж байна. Ингэж тахилзуур яс хугарсан тохиолдолд хүчтэй өвдөлт өгнө, баруун хөл гишгэж чадахгүй болно. Хугарлын орчим хавдах шинж тэмдэг илэрнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-р хуудас/
8.Шүүгдэгч Л.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Ц А гэх залуу руу заахаар нь би найз Ц-г өмөөрч хохирогч А гэдэг залуу руу очиж яаж байгаа юм бэ гээд заамдаад авахад тэр залуу намайг зөрүүлээд заамдаад авахаар нь би А-г арынх нь бетон хашлага дээр суулгаад 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ “Гэрчүүд хавсарч унагасан гэж мэдүүлээд байгаа болохоос би хохирогчийг хавсарч унагаагүй. Камерийн бичлэг дээр байх ёстой. Анх цагдаа дээр очиход хохирогч “хэн намайг хавсарч унагасан бэ, тэр хүнийг олмоор байна” гэж байсан. Камерийн бичлэгийг хэрэгт хавсаргаагүй байна” гэв.
Хохирогч Ц.А мэдүүлэхдээ “Н намайг хавсарч унагасан хүн мөн. Камерийн бичлэг утсан дээр бичиж авсныг харсан. Намайг хавсарч унагасан газар бичлэгт орохооргүй газар байсан. Эмчилгээний зардал 300000 төгрөг, ажилгүй байсан хугацаааны цалин сарын 870000 төгрөгийг 4 сараар тооцож нэхэмжилнэ. Мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.А-н мэдүүлэг, гэрч Б.Ц, Н.Т, Т.З нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шинжээч амчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Л.Н нь 2017 оны 11 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны гадна хохирогч Ц.А-г хавсарч унаган баруун хөлийн шилбэний тахилзуур ясыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Н ийн үйлдэл нь харилцан зодолдох явцад хохирогчийг хавсарч унагасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэстэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ “хохирогчийг хавсарч унагаагүй” гэж мэдүүлж байх боловч хохирогч Ц.А-н “ Н намайг хавсарч унагасан хүн мөн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.З-н “Ц болон Т хоёрыг салгаад зогсож байхад хаанаас ч юм бэ нэг залуу гарч ирээд Ц-г өмөөрч байгаа бололтой Ц-тай зодолдсон гэх А-г заамдаж авч цохиж авсны дараа хавсарч газар унагаасныг би харсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Т-г “зодооныг нүдээрээ харсан гэх зөөгч Зуундарь гэх охиноос ямар хүн хохирогч гэх залуугийн хөлийг хугалсан талаар тодруулж асуухад тэр зөөгч охин маань надад тэр үед хамгийн сүүлд зодоонд оролцсон Ц-н найз Н ийн өмсөж явсан хувцас болон нүүр царайг нь зааж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Л.Н нь хохирогч Ц.А-г хавсарч унагасан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдсан хяналтын камерийн бичлэг хавтаст хэргийн хамт ирээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар дурьдсан, бэхжүүлж авсан зүйл байхгүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н ийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдууулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.
Хохирогч Ц.А нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн боловч нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Л Н ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ц.А нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС