Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр                     Дугаар 2022/ШЦТ/53                                      Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч О.Ж,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Огийн Жд холбогдох 2228000000045 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Шүүгдэгч О.Ж нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян төгрөг дэлгүүрийн лангуун дээрээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Б.Бын эзэмшлийн “Оппо А 53” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Бад 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Жыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баян төгрөг дэлгүүрийн ногооны лангуун дээр гар утас байхаар нь аваад гарсан. Гар утсыг аваад Улаанбаатар хот руу явж ирээд гар утсыг буцааж өгсөн гэв.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах “Баян төгрөг” нэртэй хүнс барааны дэлгүүрт ажлаа хийж байгаад өөрийн хэрэглэдэг оппо 53 маркийн гар утсаа хүнсний ногооны лангуун дээр тавьчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ногооны лангуун дээрээс утсаа авах гэсэн чинь алга болчихсон байсан. Улмаар энэ талаар цагдаагийн байгууллагад би утсаар гомдол гаргасан. Миний нөхөр Баярсайхан нь 2021 оны 06 дугаар сард миний төрсөн өдрийн бэлэг болгож уг утсыг надад бэлэглэж байсан. Уг утсыг БНХАУ-аас 700.000 төгрөгөөр захиалж авсан. Оппо 53 маркийн ягаан өнгийн, гадуураа ногоон өнгийн кейстэй гар утас байсан... Баян төгрөг дэлгүүр дотор болон гадна хэсэгтээ хяналтын камертай. Уг камерыг шүүж үзэхэд намайг ногооны лангуун дээр утсаа тавьсны дараа хөх өнгийн куртиктэй, хар өмдтэй, хар урт түрийтэй гуталтай үл таних эрэгтэй хүн миний утсыг хулгайлаад гарсан бичлэг байсан... Миний гар утсыг хулгайлсан гэх хүнийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн ахмад П олж тогтоон миний хулгайд алдагдсан Оппо 53 маркийн гар утсыг хураан авч надад хүлээлгэн өгсөн. Миний утас бүрэн бүтэн байсан, эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй, бүрэн бүтэн хүлээн авсан байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/

Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би О.Жы хамтран амьдрагч нь байгаа юм. Бид хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа гурван хүүхэдтэй. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө манай Отгонтуулыг нөхөр нь аваад явчихсан гээд ээж залгаад Жыг хамт явчих гэж хэлсэн. Тэгээд Ж ээж, эгч, эгчийн нөхөр нартай хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 03 дугаар сарын 16-ны үүрээр гэртээ ирж хоноод гэртээ унтаж байхад нь цагдаагаас залгаж Жыг дуудсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө нөхөр Жыг Улаанбаатар хот руу явсны дараа цагдаагийн газраас хоёр цагдаа манай гэрт очиж уулзаад Жыг гар утас хулгайлсан талаар надад хэлсэн. Би Жыг гар утас хулгайлсан гэдгийг нь Жыг Улаанбаатар хотоос ирэхээр нь өмнө мэдчихсэн байсан. Тэгээд Жыг Улаанбаатар хотоос ирсэн өдөр нь цагдаа нар залгаж дуудахад нь би Жыг тэр хулгайлсан утас чинь байгаа биз дээ тэрийг нь аваачиж өгөөрэй гэж хэлэхэд Ж Баян төгрөг дэлгүүрийн лангуун дээрээс авсан гэх утсаа аваад цагдаагийн газар руу явсан. Би Жы хулгайлсан гар утсыг ашиглах нь битгий хэл ямар маркийн, ямар өнгөтэй утас байсныг нь хараач үгүй. Жыг хурдан цагдаа нарт тэр утсыг нь аваачиж өг гээд л явуулсан.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Шүүгдэгч О.Ж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аав Р.О, ээж Г.Долгор нарын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ 1 ахтай, 4 эгчтэй, 2 дүүтэй. 1985-1988 оны хооронд Даланзадгад сумын бага сургуульд суралцаж 3 дугаар анги төгсөөд, 1988 оноос 1 дүгээр бүрэн дунд сургуульд суралцаж байгаад 6 дугаар ангиасаа буюу 1991 оноос 3 дугаар бүрэн дунд сургуульд суралцаж 1993 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1993 онд 8 дугаар ангиа төгсөөд хилийн цэргийн 0131 дүгээр цэргийн ангид хөгжмийн салааны сонсогчоор 3 болсон. 1996 оноос Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 0167 дугаар цэргийн ангид хөгжмийн салаанд ахлагчаар ажиллаж байгаад 2002 он хүртэл ажиллаж байгаад 0168 дугаар ангид энгийнээр хөгжимчнөөр 1 жил ажиллаж байгаад ажлаасаа гараад 2003 оноос 2012 он хүртэл Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцад түлш дамжуулах цехийн машинистаар ажиллаж байгаад 2012 онд ажлаасаа гараад Дулаан хангамж орон нутаг, үйлдвэрийн газарт машинистаар 2022 ооны 2 сард ажлаасаа гарсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед хадам ээж Цэцэгдэлгэр, хүргэн Уламнэмэх, Уламнэмэхийн эхнэр Нямдэлгэр нартай хамт Улаанбаатар хот руу гарахдаа Баян төгрөг дэлгүүрээс замдаа уух ус, ундаа авахаар би ганцаараа дэлгүүрт орсон. Дэлгүүрт ороод ундаа авах гээд явж байхад ногооны лангуун дээр сонгинуудын дунд   нэг утас байсныг нь харчхаад цаашаа яваад хөргөгчөөс ундаа аваад буцахдаа сонгинууд дээр тавиатай байсан гар утсыг өмднийхөө арын халаас руу хийгээд касс дээр очиж тоогоо хийчхээд дэлгүүрээс гарч машинд суугаад хадам ээж, хүргэн, хүргэний эхнэр нарын хамт Улаанбаатар хот руу гарах үед Нямдэлгэр гэртээ очиж хувцсаа сольчхоод явна гээд Уламнэмэхийнд очоод хадам ээж, Нямдэлгэр, Уламнэмэх нар гэрт орсны дараа Баян төгрөг дэлгүүрээс хулгайлсан утсаа гаргаж ирээд сим картыг нь гаргаж хаясан. Би тухайн гар утсыг эхнэртээ бариулах гэж авсан... Би тухайн гар утсыг эзэнд нь хэлэлгүй, нууцаар авсан нь үнэн. Би өөрийнхөө гаргасан үйлдэлд үнэхээр их гэмшиж байна.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Оппо 53 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 550.000 төгрөг.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 542 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 37 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

   Шүүгдэгч О.Ж нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян төгрөг дэлгүүрийн лангуун дээрээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Б.Бын эзэмшлийн “Оппо А53” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт тогтоогдож байна. 

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

 

            Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

            Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

            Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

            Шүүгдэгч О.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

  Шүүгдэгч О.Жаргалсайхны нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Ж нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян төгрөг дэлгүүрийн лангуун дээрээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Б.Бын эзэмшлийн “Оппо А53” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Бад 550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/, гэрч Ц.Сгийн /хавтаст хэргийн 54-55 дахь тал/  мэдүүлгүүд болон “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай “Оппо 53 гар утас, 1 ширхэг, нийт дүн 550.000 төгрөг.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр үнэлгээний дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

   Шүүгдэгч О.Жы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эд хөрөнгөд 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 620 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр  тогтоогдсон.   

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.Ж хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдсэн байна.  

Иймд шүүгдэгч О.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний утас эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй, бүрэн бүтэн хүлээн авсан байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч О.Жы хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 40 дэх тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 542 дугаартай тодорхойлолтод: “О Ж (КЮ77111214) нь Даланзадгад сум, Баруунсайхан 1 дүгээр баг, Баруунсайхан 15-3 тоотод ам бүл 6-уулаа оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангаас үндэслэн тодорхойлов.” /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

 Шүүгдэгч О.Ж гэм буруу болон эрүүгийн хариуцлагын тухайд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх агуулга бүхий  дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч О.Жы үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч О.Жд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Шүүгдэгч О.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ж өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Огийн Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

5. Шүүгдэгч О.Ж хохирогч Б.Бад “Оппо 53” маркийн гар утсыг буцаан өгсөн болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч О.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

           7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ