| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0896/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/886 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр,
улсын яллагч Н.Ундрах (томилолтоор),
шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2132001800010 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр хороо ... баг ... тоотод оршин суух хаягтай, урьд нь 7 удаа ял шийтгүүлж байсан, Б овогт Л-ийн О (РД:...),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О- нь С аймгийн Е сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт ашигт малтмал олборлож байсан П.Д- 2021 оны 8 дугаар сарын сүүлээр 60.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар товчооны дэргэдэх Номин худалдааны төвийн орчимд 30 сая төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа 5 сая төгрөгийг өөрийн эхнэр М.Х Хаан банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.О нь С аймгийн Е сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт ашигт малтмал олборлож байсан П.Д- 2021 оны 8 дугаар сарын сүүлээр 60.000.000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар товчооны дэргэдэх Н худалдааны төвийн орчимд 30 сая төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа 5 сая төгрөгийг өөрийн эхнэр М.Х Хаан банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь:
1. М.Х 0000000000 дугаартай Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөг орлого болж орж ирсэн” нь тусгагдсан. (1 дэх хавтаст хэргийн 106 дугаар хуудасны ар тал, 107 дугаар хуудасны ар тал),
2. Хохирогч П.Д-ийн: “...С аймгийн Е сумын Ц гэх газарт байрлах миний уурхайн суурин утаснаас зүс таних С-гийн Сэ О гэх залуу залгасан. Би тухайн үед С аймгийн Е сумын Ц гэх газар алт олборлож нөхөн сэргээлт хийх гээд уурхай гаргасан байсан болохоор шөнө залгахаар нь үнэхээр их гайхсан. Тэгээд түүнтэй ярилцсан чинь Л.О надад хандан Би Са О байна, бид нар Ялбагийн постоор техникээ ачаад орох гэсэн чинь оруулахгүй байна, хэрвээ чамайг өөрийнхөө газарт намайг оруулахгүй бол танайхыг ална шатаана” гэх зэргээр дарамталсан. Мөн надад хандаж “чи хууль бус зүйл хийж байгаа, энийг чинь нийтэд хэлнэ, матна” гэх зэргээр заналхийлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан чи юу яриад байгаа юм, наад пост чинь минийх биш шүү дээ бүхэл бүтэн улсын пост, надад энэ, тэр юм байхгүй, чи өөрөө Улаанбаатар хотод орж ирээд надтай уулз гэж хэлсэн...Тэгсэн чинь Сэ О хочтой Л.О, Ш-гийн Б, С гэх хүмүүс надтай Тэнгис кинотеатрын урд талын МН тауэрын хятад хоолны газрын кабинд уулзаад “чи постоор манай машин, техникийг оруулаад өг” гэж шахалт үзүүлсэн. Тэгэхээр нь би чадахгүй, хүн амьтнаас сураглая гээд салсан. Тэгсэн чинь үдээс хойш манай уурхай дээрээс ажилтан О залгаад нөгөө О-гийн хүмүүсээс Ж хочтой Г гэдэн хүн үлдээд, техникээ хөдөлгөх юм бол ална гээд сүрдүүлээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.О- луу залгаад “шатаавал шатаа, устгавал устга, би наад техникийг чинь оруулж чадахгүй” гэж хэлсэн. ...Түүнээс хойш 7 орчим хоног Л.О намайг заналхийлж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр над руу залгаж бид нар техникээ аваад буцлаа, тариалан болохоо байлаа, чи бид нарт мөнгө өг гэхээр нь би түүнд хандан “би чамд яахаараа мөнгө өгдөг юм, угаасаа нэвтрүүлэхгүй” гэсэн чинь Л.О дахиад С-гийн Ц-д очиж утсаараа дахин бичлэг хийж манайхныг дарамталсан байсан. Дээрх хугацаанд тэнд байсан Жэрри Гантөгс манай тэнд утсаар маань дураараа ийш, тийшээ ярьж намайг заналхийлж байсан. Л.О-ыг утсаараа бичлэг хийсний дараа би аргагүй байдалд орж түүнтэй холбогдож түүнтэй уулзахыг хүссэн.
Тэгсэн чинь Л.О Дархан-Уул аймаг руу орж ирээд над руу утсаараа ярихаар нь би за чи надаас хэдэн төгрөг нэхээд байгаа юм бэ гэсэн чинь 60,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд 60,000,000 төгрөг надад байхгүй, 20-30 сая төгрөг олж өгөхийг бодъё гэж хэлсэн чинь 60,000,000 төгрөг өг гээд заналхийлээд байсан. Тийм болохоор би Л.О-ын хамтрагч болох Ш-гийн Б руу яриад надад 60,000,000 төгрөг байхгүй, чи хамтрагчид байна, Л.О-таа хэлж зохицуулж өг гэж гуйсан. Тэгсэн чинь Ш-гийн Б эргээд над руу ярьж гурвуулаа маргааш З-д уулзъя, би С-д байна, О Дарханд байна чи наашаа гар гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь би тэр хоёртой Зүүнхараад өглөөний 11 цагийн орчимд Ширхэнцэг Хайрханы зогсоол дээр уулзсан. Тэр үед бид гурав уулзаж би тэдэнд 45,000,000 төгрөг өгөхөөр болсон. Тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор хэд хоногоос Улаанбаатар хотод уулзаж мөнгөө аваарай гээд явсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Л.О- Улаанбаатар хотод ирж над руу утасдаж мөнгөө нэхсэн. Тэгээд би Л.О, Ш-гийн Б нартай 22 товчооны Н дээр уулзаж Л.О-ын эхнэр М.Х дансанд 30,000,000 төгрөг хийсэн. Дараа нь тэд нар дахиад 15,000,000 төгрөгөө өг гээд дарамтлаад 2021 оны 09 дүгээр сарын 03, 04-ний үед Л.О- над руу залгаж үлдэгдэл мөнгөө авъя гэсэн. Тэгэхээр нь би чамд 5,000,000 төгрөг өгнө гээд эхнэр М.Х-х нь данс руу 5,000,000 төгрөг хийсэн. Харин би түүнд хандан 2020 онд чи надаас 10,000,000 төгрөгийн экскаваторын гинж авч яваад мөнгийг нь өгөөгүй түүндээ бодчих оо гэж хэлсэн. Дээрх хугацаанд Г над руу өөрийн сүүлийн дугаар нь 1950 гэсэн дугаараас О-той тохиролцохгүй бол ална, шатаана, нугасална, гэр бүлийг чинь хорлоно гэж зурвас бичиж залгаж дарамталдаг байсан. Даанч би тэр зурвастай утсыг нь алга болгочихсон байна лээ... ...Би тухайн үед тэд нарын заналхийлэл, дарамтад ороод цагдаад мэдэгдэж чадаагүй. Манай хүмүүсийг болон намайг заналхийлээд уурхайг маань ажиллуулахгүй нөхөн сэргээлт хийж байсан техникүүдийг маань зогсоогоод, шатаана гэж дарамтлаад ажил явуулахгүй байсан. Тэр болгонд би алдагдалд орж айж сандарч байсан болохоор өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 241-243 дахь тал),
3. Гэрч О.Гантөгсийн: “...Би П.Д-ийн уурхайд нэг биш хоёр удаа очсон юм байна. Анх очсоноос хойш Бөөгийн толгой дээр байж байгаад тэдний уурхай ажиллаад байхаар нь очсон чинь нэг хүүхэн яах гэж байгаа юм гэхээр нь зөвшөөрөлтэй хүмүүс нь ажиллахгүй байхад зөвшөөрөлгүй та нар яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг янз бүр болоод байхаар нь би утсаараа бичлэг хийсэн,...Би тухайн С аймгийн М сумын Я-гийн цагаан тохой гэх газарт байрлах П.Д-ийн уурхайд хийсэн бичлэгээ Л.О руу бүүр сүүлд тэндээс явахдаа явуулсан. Зүгээр тэднийхийг сайн ажилладаг юм байна гээд явуулсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 15-17 дахь тал),
4. Гэрч П.Г-ийн “...Би уурхайн даргаар нь байдаг гэхдээ би мэдээд байх юм байхгүй намайг уурхайгаа хариуц гэж хэлсэн хамаатан садан болохоор тэгсэн байх,...Би 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уурхайд очсон намайг очиход үйл ажиллагаа явуулаагүй байсан. ..Тэгээд би очоод нэг экскаватор янзлаад ажилд гаргасан, тэгсэн чинь Сэ О буюу Л.О, Ж, Ногоон Э, Оч гэх хүмүүс явган ирээд гэрт орж ирээд П.Д- хаана байна гэсэн би гэртээ хотод байгаа гэж хэлсэн чинь утсаар ярина гээд уурхайн утсаар П.Д рүү залгаад С-гийн О гэдэг нь утсаар “чи муу намайг оруулахгүй, өөрийнхөө дайсан болгох гээд байна уу, пизда энэ тэр” гээд байсан, тэгсэн чинь надтай ярья гэж гэхээр нь би ярьсан. Тэгсэн П.Д- надад ажлаа зогсоо, техник битгий хөдөлгө гэж хэлсэн, би бүх техникээ зогсоосон. Тэгээд байж байхад С-гийн О гэж хүн нь хот орж П.Д-тэй уулзана гэж хэлээд явсан. Маргааш нь Ж гэж хүн нь нэлээн зайтай ирээд бид нарыг ажиллаж байна уу гэж хараад байсан. Би тэгж байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уурхайгаас хувийн ажил гараад явсан. Тэр хүмүүс манай тэр уурхайг ажиллуулахгүй гэж бараг 20 орчим хоног тэнд ууланд байсан байх өдөр ирээд орой яваад өгдөг байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал),
5. Гэрч П.О-ийн: “...2021 оны 08 дугаар сарын дунд үеэр би хүргэн ах П.Д- гэж хүний уурхайд ажиллах гэж С аймгийн Е сумын нутаг Я-гийн Ц гэх газарт очсон. Намайх гол үертэй ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хэдэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна, хөрс хуулж эхэлсэн тэр шөнө 4 хүн явган хүмүүс ирсэн. Тэгж байхад гаднаас хүмүүс П.Д- байна уу гээд ороод ирсэн, би босоод асаагуурын гэрэл асаагаад юун хүмүүс бэ яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй гээд Сэлэнгийн Оогий гэж хүн орж ирээд зогсож байсан. Араас нь дахиад хоёр хүн орж ирсэн. Манай гэрт миний ах Г байсан, С-гийн О “П.Д- хаана байна” гэсэн чинь Г ах “хотод гэртээ байгаа” гэж хэлсэн чинь С-гийн О “утас руу нь залга” гэж хэлсэн. Тэр үед манай ах П.Д-ийн утас руу залгаж өг гэж хэлээд манай ах П.Д-ийн утас руу залгаад О-д өгсөн чинь О аваад “чи намайг дайсан болголоо, чамайг ална, экскаваторыг чинь шатаана” гэх мэт аймаар юм яриад байсан цаанаас нь П.Д- юу гэж ярьсныг би мэдэхгүй байна. Тэгээд хэрүүл хийж байгаад утсаа салгасан, тэр үед манай ах энд эмэгтэй хүн амарч байна, наад утсаа аваад гал тогооны гэр лүү ор гэж хэлсэн. Тэгээд С-гийн О утас аваад гал тогооны гэр лүү ороод П.Д-тэй утсаар яриад хэрүүл хийгээд байсан. Би хувцсаа өмсөөд гадаа гараад гэртээ буцаад орж ирэхэд миний цүнхийг нэгжээд Ж буюу Г гэж хүн өөр нэг хүнтэй хамт зогсож байсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм бэ гээд ухчихсан байсан. Миний гар үүргэвч онгойлгоод миний ягаан өнгийн хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр авсан байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс гал тогооны гэр лүү орсон байсан, би араас нь ороод та нар дээрэмчид юм уу, хүний юм хулгайлаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд хэтэвч, дэвтэр хоёроо өг гэсэн чинь ямар санаатай хүүхэн бэ, чиний хэтэвчээр бид нар яадаг юм бэ гээд Оогий гэж хүн надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд би гэр лүүгээ буцаад орсон чинь миний хэтэвчийг орны толгой хэсэгт цүнх байсан газарт шидээд орхисон байсан, намайг гал тогоонд хэрүүл хийж байхад Ж нь гараад явсан ба тэр хүн буцаагаад шидсэн байх. Гал тогоонд хэрүүл хийгээд гэртээ орох гээд явж байхад миний баруун гарны бугуй хэсэгт нэг хүн чулуугаар шидсэн миний гар хөхөрч, тэр үед их өвчтэй байсан одоо зүгээр болсон,...Тэр өдрөөс хойш бид нарыг тойроод байгаад байх шиг байсан, яагаад гэхээр би "ОО" ороод явж байхад гэнэт гэнэт гарч ирээд би айгаад цочоод би хэрүүл хийсэн. Бид нарыг тойроод яг ямар хүмүүс хэдэн хүн байсан гэдгийг би мэдэхгүй байна, тойроод байгаад байсан, бараг тэгж 10 гаран хоног болсон. Тэр үед бид нар хаашаа ч яваагүй. Дунд хэсэгт нь О өөрөө нэг ирсэн ирээд намайг чи ямар санаатай хүүхэн бэ бид нар хүний хэтэвч хулгайлдаг хүмүүс биш шүү гэж надтай хэрүүл хийгээд байсан... ...Тийм зүйл болсон, О сүүлд нь ирэхдээ ажлаа үргэлжлүүлээд явуул, гарсан алтыг чинь бид нар авна гэсэн, тэгсэн чинь Гантөмөр ах бид нар П.Д-ийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн. Тэгсэн О би экскаваторуудыг чинь болон бүх техникүүдийг чинь бүгдийг нь шатаана гэж сүрдүүлж, мөн хэл үгээр зөндөө доромжилж айлган сүрдүүлж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 47-50 дахь тал),
6. Гэрч М.Х-: “...П.Д гэж хүнээс мөнгө орж ирсэн. Манай нөхөр Л.О П.Д гэж хүнээс 30 сая төгрөг авах байсан юм аа тэр мөнгө буцааж авсан гэж хэлсэн. Мөнгө орж ирэхээс хэд хоногийн өмнө би П.Д- гэж хүнийг анх харсан тэрнээс өмнө би танихгүй байсан. Зүүн хараад манай нөхөр уулзаж байхад би харсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 38-40 дэх тал),
7. Шүүгдэгч Л.О-ын яллагдагчаар өгсөн: “...Ингээд бид нар П.Д-ийн уурхай дээр очиход П.Д- байхгүй байсан болохоор нь уурхайгаас нь Улаанбаатарт байгаа П.Д рүү уурхайн утсаар нь ярьсан. Тэгэхэд би П.Д-т болсон асуудлын талаар хэлж бид нар тохой руу орохгүй, чиний газар руу орно гээд постоор оруулахгүй байна гэж хэлсэн чинь надад Улаанбаатар хотод ирээд уулзчих гэсэн санал тавьсан. Тэр асуудлаас хойш би 5 хоногийн дараа Улаанбаатар хотод П.Д-, С, Б бид нар ... кинотеатрын урд талын ... уулзсан. Тэгэхэд П.Д чамтай цуг орж байгаа Э гэдэг залуу надад таалагдахгүй байна, тэрийгээ явуулчих тэгэх юм бол би бүх оруулах яриа хөөрөөг би зохицуулаад егье, Э-ыг цуг байвал би оруулж чадахгүй гэж хэлсэн. Тэрийг Э-р дам сонсоод хүнд гай болоод яах вэ гээд надтай хамтран ажиллахаа больсон.
Тэгээд би П.Д-ийг дахиад 5 хоног хүлээгээд байж байтал 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б-р дамжуулан П.Д- надтай уулзъя гээд бид гурав С аймгийн М сумын Ш хайрханы хажуугийн паркийн зогсоол дээр уулзсан. Тэр үед П.Д надад хандан чамайг оруулах гэсэн яриа хөөрөө маань болсонгүй, чамайг зөндөө хүлээлгээд бас баахан хохироогоод хаячихлаа хохирол мөнгөн дээр чинь найз нь бүгдийг нь өгч чадахгүй, ядаж талыг нь гээд 30,000,000 төгрөг өгье гэж хэлсэн.
Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр П.Д- намаг 22 товчооны Номин дээр дуудаад 15 цагийн үед Б, П.Д бид гурав уулзсан. Тэгээд П.Д надад урьд тохирсон 30,000,000 төгрөгөө миний эхнэр М.Х Хаан банкны данс руу хийсэн. Дараа нь 5 сая төгрөг намайг Булан аймагт явж байхад шилжүүлсэн. Би сүүлд бүх мөнгийг нь буцааж өгсөн, энэ үйлдэл гэмт хэрэг болдог гэдгийг мэдээгүй..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 78-80 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийг хэлбэрийн болон материаллаг шинжээр нь ангилж тодорхойлсон байдаг ба хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн хувьд хуулийн диспозиц буюу тодорхойлох хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл нь шинжийн хувьд хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шаардсанаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэхэд:
шүүгдэгч Л.О нь 2021 оны 08 дугаар сард С аймгийн Е сумын Ц гэх газарт байхдаа тухайн газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан П.Д- рүү утсаар холбогдон постоор өөрийн машин техникийг нь оруулахыг шаардаж, постын цагдаа нарт нөлөөлсөн, хууль бус ажиллагаа явуулсан, холбогдох газарт нь матна, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна, ална, шатаана гэх мэтээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, 60,000,000 төгрөг өгөхийг шаардаж, улмаар 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар товчооны дэргэдэх Н худалдааны төвийн орчимд 30 сая төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа 5 сая төгрөгийг өөрийн эхнэр М.Х Хаан банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Харин энэ хэргийн тухайд, шүүгдэгч Л.О нь эд хөрөнгө өгөхийг шаардаж иргэн П.Д заналхийлсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.О-ын гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч П.Д-ийн хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймээс шүүгдэгч Л.О-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ”-ны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Учир нь, шүүгдэгч Л.О- нь “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” үйлдлийг хэрэгжүүлэхдээ С аймгийн нутаг дэвсгэрт байхдаа хэрэгжүүлсэн, тухайн үед хохирогч нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ байсан нөхцөл байдал тогтоогдсон, харин мөнгө анх авсан газар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр бол сүүлийн мөнгө шилжүүлэх үед шүүгдэгч Л.О нь Булган аймгийн нутаг дэвсгэрт явж байсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Эндээс үзвэл, тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийг заналхийлснээр төгсөж буй гэмт хэрэг тул үйлдэл нь Сэлэнгэ аймагт хэрэгжсэн байна гэж үзэхээр байгаа ч энэ байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байгаа тул оролцогч нарын гаргасан саналыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-т 35,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Л.О-аас хохирогчид уг хохирлыг төлсөн болох нь хохирогчийн хүсэлт, дансны хуулга бусад баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (2 дахь хавтаст хэргийн 157, 159, 166, 167 дахь тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Л.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Л.О-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Л.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.О-т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ