| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01211/и |
| Дугаар | 2034 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Чулуунхороот дугаар баг, Цагаанчулуутад оршин суух, Нохойрог хөгдүүд овогт Ч-ийн Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, УБТЗамын удирдах газар, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,
24 434 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, иргэдийн төлөөлөгч Т.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гомбосүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багийн Цагаанчулуут гэх газар оршин суудаг ба манай хөдөө гэр 2012 онд Чулуунхороот сумаас зуун тийш төмөр замын гарамнаас 4 км-т Найрамдал гэх газар манай өвөлжөө байдаг байсан. 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид Дорнод аймгийн Чойбапсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ын 7 дугаар зуутын шонгийн орчмоос цурав тавьж байгаад гал алдаж Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт гал алдаж экологийн 80 478 087 төгрөгний хохирол, мөн сумдын иргэдэд 680 502 470 төгрөгийн хохирол учруулсан. Энэ түймэрт манай хөдөө гэрийн өвөлжөө шатаж надад 24 434 900 тегрөгний хохирол учирсан нь цагдаагийн байгууллага шалгах явцад тогтоогдсон. Энэ хэргийг 2012 оны 5 дугаар сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч сүүлд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр прокурорын 05/91 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Би тогтоолыг эс зөвшеөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч гомдолыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хариу өгсөн. Иймд иргэн би хуулийн дагуу гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн хүмүүсийн хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгаас иргэний хариуцагчаар татагдан шалгагдасны хүвьд өөрт учирсан гэм хорын хохирол болох 24 434 900 төгрөгийг нэхэмжилж байна. Миний эд хөрөнгө түймэрт өртөн хөдөө өвөлжөөнд байсан 5 ханатай эсгий гэр, малын дүнзэн хашаа, малын саравч, гэр доторх бүх тавилга, эд хогшил, хувцас хэрэглэл зэрэг зүйлүүд шатаж устсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад надад учирсан хохиролыг барагдуулаагүй өдий хүртэл шүүхээр шийдвэрлэх ажилагаа дахин дахин хийгдэж буцаад эцэс сүүлдээ би хохиролоо ч гаргуулж чадахгүй дахин шүүхэд хандаж цаг хугацаа алдан эдийн засгаараа хохирч байна. Тухайн түймэрт өртөн гэр орон юу ч үгүй болж хоцорсон. Малаа л явч үлдсэн. Иймд гал түймэр алдан бүсдын эд хөрөнгөнд хохирол учруулсан хохирол болох 24 434 900 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй гэж тогтоон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилтнууд гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Тухайн эрүүгийн хэргийг 5 жилийн хугацаанд шалгасан бөгөөд гал алдсан эсвэл тавьсан этгээдийг олж тогтоогоогүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулах хугацаа дуусаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд бичсэнээр хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр прокурорын 05/91 дугаар тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2, 208.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ч.Гомбосүрэнгийн өвөлжөө шатсан гэдэг бөгөөд энэ газар нь төмөр замын 4-р км байдаг бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шатсан бол Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 145 дугаар км-т ажиллаж байсан. Тухайн нутаг дэвсгэр дээр 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд түймэр гарсан. Мөн 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдийн түймэр гарсан. Гэтэл 2 өөр түймэр гарсан байхад хариуцагчийг холбогдуулаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өвөлжөө нь ОХУ-ын хилийн талдаа төмөр замын 0.4 дүгээр км-т байдаг. Улаанбаатар төмөр замын ажилчид 4 дүгээр сарын 22-ны өдөр 145 дугаар км дээр цурам тавих буюу ой хээрийн түймрээс хамгаалж зурвас татаж авсан. Гэтэл биднийг гал алдсан гэж таамгаар үзэж байгаа нь буруу. Хариуцагч байгууллагын хэн гэдэг ажилтан гал алдсан нь тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гомбосүрэн нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 24 434 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй тул хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй” гэж үгүйсгэсэн маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй болох нь, мөн дээрх тасгийн даргаар Л.Энхболд ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
Сум дундын 10 дугаар шүүх /хуучин нэрээр/-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаат тогтоолоор “шүүгдэгч Л.Энхболд, Ш.Энхтүвшин нарын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн, Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш Төмөр замын 145 дугаар км-ын 7 дугаар зуутын шонгийн орчимд цурам тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт экологийн 80 478 087 төгрөгийн, сумдын иргэдэд 667 315 250 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” эрүүгийн 201211000253 дугаар хэргийг хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх тогтоолын дагуу эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хугацаанд мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор уг эрүүгийн хэрэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10/615 дугаар итгэмжлэлийг үндэслэн О.Баясгаланг иргэний хариуцагчаар, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Ч.Гомбосүрэнг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоожээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дүгээр тогтоолоор Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хохирогч нарын өмгөөлөгч гомдол гаргасны дагуу мөн аймгийн прокурорын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболд, барилга, орон сууцны хэсгийн дарга Ш.Энхтүвшин нарт холбогдох эрүүгийн хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг прокурорын тогтоол хүчинтэй хэвээр байгаа талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ажилтан буюу Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболдын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А-16 дугаар хамгаалалтын зурвас татах тухай тушаалын 2, 3 дахь заалтаар замын хоёр талаар анжисаар хамгаалах зурвас хагалсаны дараа зурвасын дотор талаар цурав тавих ажлыг гүйцэтгэхийг зохих албан тушаалтанд үүрэг болгосон байх бөгөөд уг цурав тависны улмаас гал түймэр гарч, бусдад хохирол учирсан болох нь прокурорын тогтоолоор нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь өөрийн буруугаас гал түймэр гараагүй гэдгийг нотолж чадахгүй байхаас гадна шүүхийн тогтоолоор эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, мөн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх гал түймэрийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө шатаж, түүнд нийт 24 434 900 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ болон Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/53 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн үнэлгээгээр тус тус нотлогдож байхаас гадна хариуцагч нь уг хохирлын хэмжээ, үнэлгээг баримтаар үгүйсгэн маргаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг гал түймрийн улмаас нэхэмжлэгчид 24 434 900 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх үүрэгтэй. Хариуцагч нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийг өөрийн салбар нэгж гэж, мөн тус тасгийн даргаар Л.Энхболд ажиллаж байсан үйл баримтыг шүүх хуралдаанд зөвшөөрсөн тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нотлох баримт болох тул Л.Энхболдыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ажилтан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь өөрийн ажилтан Л.Энхболдын албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд 24 434 900 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 24 434 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 24 434 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гомбосүрэнд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 280 124 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 280 124 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Ч.МӨНХЦЭЦЭГ