Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2574

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж,  байрлах, “Гб” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж,  байрны урд талд байрлах, “Од” ХХК /РД:/-д холбогдох,

 

11 786 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Глобалбридж” ХХК-ийн төлөөлөгч Ц.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Оюу дүүрэн” ХХК-тай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байсан. 2016 оны 02 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчин барааны төлбөрийг шилжүүлэхгүй удаадаг байдлыг удаа дараа гаргах болсон. Иймээс манай компанийн зүгээс тус компанийн захирал Б.Оюунчимэгтэй уулзан харилцан зөвшилцөж төлбөр төлөх хуваарь гаргасан. Гэвч төлбөр төлөх хуваариа байнга зөрчдөг болсон ба энэ тухай нь очиж хэлэхэд шүүхдээд олоод ав гэдэг байдлаар хариуц өгч, төлбөр барагдуулах талаар санаачлага гаргахгүй байсаар өнөөг хүрсэн. Иймд “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” болон 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, 2017 оны 11 дүгээр сарын 28-­ны өдрийн “Оюу дүүрэн” ХХК-ийн захирал Б.Оюунчимэгийн төлбөр төлөх хуваарь, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Авлагын товчоо тайлан” зэргийг үндэслэн бараа бүтээгдэхүүхийн үндсэн төлбөрт 7 857 500 төгрөг, алданги 3 928 750 төгрөг, нийт 11 786 250 төгрөгийг “Оюу дүүрэн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Оюудүүрэн” ХХК-ийн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу ажиллаж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс төлбөр тооцооны үлдэгдэлийг гаргаагүй. Улмаар 2018 оны сүүлээр тооцоо нийлсэн актыг манай байгууллагын хайхрамжгүй байдлаас болж батлагдсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хоёр байгууллагын гүйлгээг тулгаж үзэхэд нэхэмжлэлд дурдсан тооцоо үндэслэлгүй гарсан байна. Гэрээ 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Гэрээний 7.5 дахь хэсэгт гэрээг цуцлах талаар аль нэг тал нь санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсан тооцно гэсэн заалтаар энэ гэрээ сунгагдсан. Гэтэл Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3 дахь хэсэгт нөгөө тал нь гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд стандарт нөхцөл талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байгаа. Мөн хуулийн 202.3 дахь хэсэгт бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил үйлчилгээ тогтмол явуулахад гэрээний стандарт нөхцөлд дараах нөхцлийг тусгасан тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа. 202.3.2 дахь хэсэгт аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг тухай бүр нэг жилээс урт хугацаагаар сунгахаас тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Хуулийн энэ зохицуулалтаар гэрээг талуудын тохиролцсоноор цаашид сунгагдсан гэж тооцох боломжгүй байна. Хуульд өөрөөр заагүй бол анзтай холбоотой гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Тийм учраас хуулийн зохицуулалтаар анз нь сунгагдаад, гэрээ нь сунгагдаад явсан гэж бодох боломжгүй. Тооцооллыг нарийн тооцож яваагүй учраас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Глобалбридж” ХХК нь хариуцагч “Оюудүүрэн” ХХК-д холбогдуулан бараа, бүтээгдэхүүний үлдэгдэлд төлбөрт 7 857 500 төгрөг, алданги 3 928 750 төгрөг, нийт 11 786 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...үндсэн төлбөрийг төлөх боломжтой, алданги шаардах эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Гэрээний 1.1, 1.5, 7.5-д зааснаар нийлүүлэгч буюу нэхэмжлэгч “Глобалбридж” ХХК нь харилцагч буюу хариуцагч “Оюудүүрэн” ХХК-д гэр ахуй, гоо сайхан болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, гэрээг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, гэрээг цуцлах талаар аль нэг тал санал гаргаагүй бол гэрээг дахин нэг жилээр сунгагдсан тооцохоор тохиролцсон байна. Хавтаст хэрэгт гэрээг цуцлах талаар баримт авагдаагүй байх тул гэрээний хугацааг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгагдсан. Харин үүнээс хойш сунгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, гэрээний 5.1, 5.3-т зааснаар сард захиалгын хэмжээгээр татан авалт хийж, бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлэн мөнгөөр болон дансаар сард 2 удаа хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, ингэхдээ сар бүрийн 28-ны өдөр тооцоо нийлж төлбөрийг төлж байхаар тохиролцсон байна. Иймд гэрээний зүйл, шинж, зорилго, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Дээрх гэрээний үүргийн талаар талууд тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдсэн байх бөгөөд уг баримтаар хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид бараа бүтээгдэхүүний төлбөрт нийт 9 062 914 төгрөг төлөхийг баталгаажуулсан байна. Улмаар хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дээрх төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тодорхой хэмжээгээр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүсэлт гаргаж, 7 857 500 төгрөгийн төлбөртэй болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь тооцооны үлдэгдэлийн баталгаа болон үлдэгдэл төлбөрийг баримтаар үгүйсгээгүй байна. Иймд хариуцагчийг гэрээний үүрэгт 7 857 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний дагуу бараа бүтээгдэхүүний төлбөрт нийт 7 857 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

 

Гэрээний 5.5-д “ямар нэгэн шалтгаанаар төлбөрийг хойшлуулсан тохиолдолд тухайн сарын нийт татан авалтын дүнгээс хоног тутам 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалттай нийцжээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр алдангийн асуудлыг тухайн сарын нийт татан авалтын дүнгээс хоног тутам 0.5 хувиар бодож тооцохоор тохиролцсон байна. Гэтэл хэрэгт тухайн сарын нийт татан авалт хэдэн төгрөг байсан, үүний үлдэгдэл үүрэг хэдэн төгрөг байсан, мөн үүнээс ямар хугацаагаар алданги тооцсон талаар баримт авагдаагүй буюу нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна. Түүнчлэн, талуудын байгуулсан тооцооны үлдэгдэлийн баталгаанд алдангийн талаар заагаагүй байхаас гадна уг баримт нь алданги шаардах үндэслэл болохгүй. Иймд мөн баримтад заасан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс үлдэгдэл үүрэг 7 857 500 төгрөгт тооцон алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 7 857 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 928 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Оюудүүрэн” ХХК-иас 7 857 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Глобалбридж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 928 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН