| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/96 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр,
улсын яллагч хяналтын прокурор Э.А,
шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын Б*******д холбогдох эрүүгийн 1907001460091 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Голомт констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай,
******* овогт *******ын Б*******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б******* нь ******* тоотод 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед О.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгааж чирсэн, баруун шанаа хэсэг рүү нь гараараа цохиж газар унаган хавирга руу нь өшиглөсөн, бугалга руу нь гараараа нэг удаа цохисон, сандал шидэж толгойг нь хагалсан, нүүр рүү нь хоёр удаа алгадаж, будаа агшаагчны залгуураар биеийг нь олон удаа ороолгож онц харгис хэрцгийгээр олон тооны шарх зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..нэмж тодруулж хэлэх зүйл байхгүй. Этай үерхдэг байсан. Найзынд байж байхад хардаад л зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой манай найз орж ирээд жоохон юм уугаад байж байсан. Тухайн үед бие засах гээд гартал О.Э нь гадаа өөр хүнтэй хайраа гээд утсаар ярьж байсан. Тэгэхээр нь чи ямар хүнтэй хайраа гээд яриад байгаан бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад миний нүүр рүү хумсаараа маажсан. Одоо болтол сорив нь байгаа. Тэгээд би ганц хоёр алгадсан. Түүний дараа манай найз бид хоёрыг салгасан. Тэгээд надруу будаа агшаагчны залгуур барьж надруу дайрсан. Тэгэхээр нь булаахдаа уурандаа зөрүүлээд ганц нэг ороолгосон. Тэр орой нь бид хоёр эвлэрсэн. Тухайн үед ийм л юм болсон. Зодуулсныхаа дараа 2-3 хоног эмнэлэгт үзүүлэхгүй, манай найзтай инээгээд явж байсан. ” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав. Үүнд: Шүүгдэгч Б.Б*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“2019 оны 3 дугаар сарын 07-ны орой Э гэрээс гарч 00-д ороод өөр эрэгтэй хүнтэй утсаар яриад байхаар нь маргалдаж гэрт ороод би нэлээн хэдэн удаа бие рүү нь цохиж аваад, сандал шидэхэд толгой руу нь оносон. Над руу будаа агшаагчны залгуур бариад дайрахаар нь би булааж аваад бие рүү нь хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд зууралдаж зодолдож байхад Б орж ирээд салгаж бид хоёр ярилцаж эвлэрээд унтацгаасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Хохирогч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тэдний гэрт байхдаа би хүнтэй утсаар ярьж байхад Б******* хардаж уурлаад утас булааж аваад зодох гээд дайрахаар нь гэрээс нь гарч хашааны хойд хаалгаар нь гарч зугтаахад араас хөөж дэгээдэж унагаад үснээс зулгааж гудамжаар чирч Нын гэрт оруулаад нүүр ам руу хэд хэд алгадаж цохиод миний өмсөж явсан цамцыг урж тасдаад баруун шанаа руу цохиж би газар унахад баруун хавирга руу 1 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд айлын будаа агшаагчны хар өнгийн залгуурыг авч “чи яасан их эрэгтэй хүнтэй ярьдаг юм” гээд нүүр нүд биеийн хаа таарсан газар олон удаа ороолгож зодсон. Тэр үед гаднаас Нын эхнэр Б орж ирээд “боль одоо болно, арай дэндүү болгосон байна” гэж хэлэхэд больсон. Тэгээд би тэнд 2 хоноод Б 10 шарын байранд хувцасаа угаана гээд ирэхэд нь хамт ирээд утсаар эгч Нтай холбогдож хотоос эгч Налайхад ирж намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6-11 дүгээр хуудас/
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3дугаар сарын эхээр манай гэрт нөхрийн хамаатан Б******* найз хүүхэн Этайгаа хамт ирээд хэд хоносон юм. 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Э бид 2 манайд жаахан пиво ууцгаасан. Б******* огт уугаагүй тэгээд Э 21 цагийн үед миний гар утсаар фэйсбүүк ороод нэг залуутай чатлаад байх шиг байсан. Миний утсыг аваад гарахаар нь би араас нь гарахад 00 дотор нэг залуутай яриад “хайр нь Налайхад байна, ганц пиво аваад ир” гээд ярьж байхыг нь Б******* гарч ирчихсэн сонсоод 00 дотор утсыг нь булааж аваад “чи хэн бэ” гэхэд цаадах нь “би найз залуу нь байна” гээд ярьж хардалт эхэлсэн. Тэгээд Б******* Эг “чи хүн хуурлаа” гээд нүүрэнд нь 2 удаа алгадаж, гарын бугалга руу нь нэг удаа цохиж авч хэрэлдсэн. Э намайг “найздаа тамхи аваад өг” гэхээр нь би гэрээс гараад тамхи авч гэртээ ирэхэд манай будаа агшаагчны залгуураар Эг гуядаж авч байгаа харагдсан. Тэгээр нь би “боль, боль эмэгтэй хүнийг зодоод байхдаа яадаг юм бэ” гээд салгаж тэр 2 ярилцаж эвлэрээд нэг оронд орж унтацгаасан. Маргааш нь би түрээслэж байсан байрандаа хувцасаа угаахаар очиход Э цуг дагаад явсан. Тэгэхдээ миний утсаар хүнтэй яриад байсан. дараа нь “эгч авахаар хотоос ирчихлээ найз нь явлаа” гэхээр нь “тэг тэг” гээд явуулсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-23 дугаар хуудас/
Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө байх манай охин Б намайг сэрээгээд “Э хүнд зодуулсан байна явъя” гэхээр нь “одоо шөнө болсон хойно хаана гэж хайх вэ маргааш болъё” гэсэн. Тэгээд өглөө сэрээд би Налайхын автобус олж суугаад наашаа явж байхад Э над руу залгаад “анай та хаана байна” гэхээр нь “эгч нь Налайх явж байна” гэхэд “би 10 шарын буудал дээр байна, та энэ буудлыг олоод ирээрэй” гэж хэлсэн. Би автобустайгаа явж байгаад 10 шарын буудал дээр ирж буугаад байхад Э ирж бид 2 хот руу буцсан. Э царай зүс алдчихсан хүнд зодуулсан бололтой байхаар нь “яасан юм” гэхэд манай найз залуу Б******* зодсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ахнийтэч, хүнд тусархуу, элдэв муу зан ааш байхгүй, цагаан цайлган сэтгэлтэй, төлөв даруу ажил төрөлд сайн хүн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3275 дугаар: “1. О.Э-н биед 2 зовхи, баруун чамархай, эрүү, хүзүү, зүүн шуу, 2бугалга, цээж, нуруу шалгайн гадна хэсэгт цус хуралт, 2 сарвуу, баруун шуу, баруун мөр, 2 гуя, баруун шилбэ, зүүн ташаа, зүүн өвдөг цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорЭ.А нь шүүгдэгч Б.Б*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Б*******д зодуулсныхаа дараа хохирогч нь өөртучирсан олон гэмтлийнхээ улмаас өвтгөн шаналгасан, тарчлан зовиурлаагүй болох нь шүүгдэгч Б.Б*******ийн өгсөн: “..Зодуулсныхаа дараа 2-3 хоног эмнэлэгт үзүүлэхгүй, манай найзтай инээгээд явж байсан. ” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би тэнд 2 хоноод Б 10 шарын байранд хувцасаа угаана гээд ирэхэд нь хамт ирээд утсаар эгч Нтай холбогдож хотоос эгч Налайхад ирж намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би “боль, боль эмэгтэй хүнийг зодоод байхдаа яадаг юм бэ” гээд салгаж тэр 2 ярилцаж эвлэрээд нэг оронд орж унтацгаасан. Маргааш нь би түрээслэж байсан байрандаа хувцасаа угаахаар очиход Э цуг дагаад явсан. Тэгэхдээ миний утсаар хүнтэй яриад байсан. дараа нь “эгч авахаар хотоос ирчихлээ найз нь явлаа” гэхээр нь “тэг тэг” гээд явуулсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 шарын буудал дээр ирж буугаад байхад Э ирж бид 2 хот руу буцсан. Э царай зүс алдчихсан хүнд зодуулсан бололтой байхаар нь “яасан юм” гэхэд манай найз залуу Б******* зодсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б.Б******* нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутагдэвсгэр Тайжийн 18 дугаар гудамж 06 тоотод 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед О.Эг хардалтын улмаас баруун шанаа хэсэг рүү нь гараараа цохиж газар унаган хавирга руу нь өшиглөсөн, бугалга руу нь гараараа нэг удаа цохисон, нүүр рүү нь хоёр удаа алгадаж, будаа агшаагчны залгуураар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Б.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны орой манай найз орж ирээд жоохон юм уугаад байж байсан. Тухайн үед бие засах гээд гартал О.Э нь гадаа өөр хүнтэй хайраа гээд утсаар ярьж байсан. Тэгэхээр нь чи ямар хүнтэй хайраа гээд яриад байгаан бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад миний нүүр рүү хумсаараа маажсан. Одоо болтол сорив нь байгаа. Тэгээд би ганц хоёр алгадсан. Түүний дараа манай найз бид хоёрыг салгасан. Тэгээд надруу будаа агшаагчны залгуур барьж надруу дайрсан. Тэхээр нь булаахдаа уурандаа зөрүүлээд ганц нэг ороолгосон...” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б******* хардаж уурлаад утас булааж аваад зодох гээд дайрахаар нь гэрээс нь гарч хашааны хойд хаалгаар нь гарч зугтаахад араас хөөж дэгээдэж унагаад үснээс зулгааж гудамжаар чирч Нын гэрт оруулаад нүүр ам руу хэд хэд алгадаж цохиод миний өмсөж явсан цамцыг урж тасдаад баруун шанаа руу цохиж би газар унахад баруун хавирга руу 1 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд айлын будаа агшаагчны хар өнгийн залгуурыг авч “чи яасан их эрэгтэй хүнтэй ярьдаг юм” гээд нүүр нүд биеийн хаа таарсан газар олон удаа ороолгож зодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б******* Эг “чи хүн хуурлаа” гээд нүүрэнд нь 2 удаа алгадаж, гарын бугалга руу нь нэг удаа цохиж авч хэрэлдсэн. Э намайг “найздаа тамхи аваад өг” гэхээр нь би гэрээс гараад тамхи авч гэртээ ирэхэд манай будаа агшаагчны залгуураар Эг гуядаж авч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №3275 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгчдэгч Б.Б*******д холбогдохэрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлобол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүхээс ******* овогт *******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүндЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогч С.Этай харилцах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд авахуулахаар санал гаргасныг шүүх хянаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгчид улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн Ерөнхийангийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүх хэрэгт авагдсан болон шүүхэд мэдүүлсэн шүүгдэгч , хохирогч нарын мэдүүлэг зэргээр хэрэг шийдэх үед ямар нэг харилцаагүй байдал тогтоогдож байх тул уг арга хэмжээг авах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.
Хохирогч О.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийнбаримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Б*******д холбогдохэрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ийг 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД