| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01251/и |
| Дугаар | 2102 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч
М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 118 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарын Ариунгэрэл /РД: ЧР71010221/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 118 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарцогтын Хосбаяр /РД: УШ93053130/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 118 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарцогтын Ананд /РД: УШ95121392/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 18/1 байрны 23 тоотод оршин суух, Боржигон овогт Улааны Баатарцогт /РД: ЧЗ68031016/-т холбогдох,
Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууцны дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, Б.Хосбаяр, Б.Ананд, хариуцагч У.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, Б.Хосбаяр, Б.Ананд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь У.Баатарцоггтой гэр бүл болж, том хүү Б.Хосбаяр 1993 онд, 1995 онд бага хүү Б.Ананд төрсөн. Бид 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэр бүл болсноо бүртгүүлэн өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа билээ. Гэр бүл болсноос хойш бид өөрсдийн чадах чинээгээр хамтран зүтгэж, миний бие гадаад улсад ажиллан тодорхой хэмжээний мөнгө цуглуулан 2010 онд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 14 хороо Хасбаатарын гудамж, 18/1 байр 3 тоот 34.11 м.кв орон сууцыг гэр бүлдээ зориулан худалдан авсан. Байр худалдан авах үед би гадаад улсад ажиллаж байсан, хүүхдүүд насанд хүрээгүй байсан тул байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гэр бүлийн хүн У.Баатарцогт дангаараа өөрийн нэр дээр гаргасан байдаг. Гэтэл одоо Ц.Баатарцогт нь уг орон сууцыг зөвхөн өөрийнхөө орон сууц гэж үзэн ганцаараа энд тэнд барьцаанд тавих, захиран зарцуулах талаар маргаж, миний бие болон 2 хүүхдээ энэ байрны өмчлөгч биш гэж үзэж байна. Гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө дундын хөрөнгө байх ёстой. Энэ байр бид хоёрын хөдөлмөр, хамтын амьдралын үр дүнд бий болсон ганц өмч минь. Гэтэл нөхөр маань бүртгэл өөрийн нэр дээр байдаг нэрийн дор дур зоргоороо авирлаж, одоо муудаж сайдаад салах нийлэх дээрээ тулаад байна. Иргэний бүртгэл мэдээллийн газар очиж өмчлөгчийг нэмүүлье гэхээр нөхөр хөдлөхгүй, зөвхөн өөрийн хуваарьт хөрөнгө мэт авирлаж байна. Иймд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 14 хороо Хасбаатарын гудамж, 18/1 байр 3 тоот 34.11 м.кв 2 өрөө 40 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг У.Баатарцогт, Б.Ариунгэрэл, Б.Ананд, Б.Хосбаяр зэрэг 4 хүний дундын өмч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Баатарцогт шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундын өмч болгохыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би өөрийн алдаанаас болж хүнд барьцаанд тавиад зээл аваад өгсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, Б.Хосбаяр, Б.Ананд нар нь хариуцагч У.Баатарцогтод холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205037312 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ариунгэрэл болон хариуцагч У.Баатарцогт нар 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй, гэрлэлт хүчин төгөлдөр байх тул тэднийг гэрлэгчид гэж үзнэ. Гэрлэгчдийн дундаас 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Баатарцогтын Хосбаяр, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Баатарцогтын Ананд нар төрсөн нь зохигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ПА 429 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г 622, Г 1231 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 114/004288/, 114/004287, 114/004289 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Б.Хосбаяр, Б.Ананд нар нь хэдийгээр насанд хүрсэн боловч эцэг У.Баатарцогт, эх Б.Ариунгэрэл нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 143 дугаар байрны 118 тоотод оршин суудаг болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нар болон хариуцагч нарыг гэр бүлийн гишүүн гэж үзэхээр байна.
Улсын бүртгэлийн Ү-2205037312 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууц нь 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус дан ганц хариуцагчУ.Баатарцогтын өмчлөлд бүртгэлтэй болох нь, мөн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ариг банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7/4578 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байдаг. Гэрлэгчид буюу нэхэмжлэгч Б.Ариунгэрэл болон хариуцагч У.Баатарцогт нар 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсноос хойш буюу 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууц бий болсон байна. Хэдийгээр уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагч У.Баатарцогт улсын бүртгэлтэй байх боловч үүнийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээрх орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан уг орон сууцны өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр Улсын бүртгэлийн Ү-2205037312 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Ариунгэрэл, Б.Хосбаяр, Б.Ананд болон хариуцагч У.Баатарцогт нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205037312 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байр, 3 тоот орон сууцыг Б.Ариунгэрэл, Б.Хосбаяр, Б.Ананд, У.Баатарцогт нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН