| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0153/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/127 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дгээр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бгийн Мөнхбаярт холбогдох 000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 04-15 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Бийн Мөнхбаяр /РД:70000/
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Мөнхбаяр нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт байрлах Хануй голын Хярын булаг гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн 0000 АРА улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан ”жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Цэрэндовдонг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Молорцэцэгийн өгсөн: ...Миний дүү ямар нэгэн хууч өвчин байгаагүй, ид хийж бүтээдэг 40 настай залуу байсан. Миний төрсөн дүү болох Цэрэндовдон нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ амарч байхад нь Б.Мөнхбаяр ажилд авч явъя гэж хоёроос гурван удаа залгаж, утсаар дуудан авч явсан энэ хүний буруутай үйлдлээс болоод дүүгээ гэнэтийн байдлаар алдсандаа харамсалтай, гомдолтой байна. Миний аав, ээж маань өндөр настай аав ээжтэй маань хамт амьдарч тусалж, дэмждэг байсан хүн. Одоогоор аав, ээжийн маань бие муу, сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байгаа. Миний дүү явахдаа орой эрт ирнэ гээд гарсан гэртээ эргэж ирээгүй бид бүхэн их харамсалтай байгаа. Дүү маань Б.Мөнхбаяртай өмнө нь байнга ажилд явдаг найз нөхдийн харьцаатай хүмүүс, эхнэр хүүхэдтэй, одоогоор гэр бүл тусдаа амьдарч байгаа боловч Төгөлдөр гэдэг хүү ааваараа овоглож байгаа, тиймээс хүүхдийг харж хандах, тэтгэмж төлөх асуудлаас чөлөөлөгдөхгүй байх гэж бодож байна. Б.Мөнхбаяр нь оршуулгын үед болон бусад үед байнга ирж очиж аав ээжид маань тусалж ирж очдог харин сүүлийн үед ирэхгүй байгаа гэсэн. Оршуулгад зарцуулсан төлбөр мөнгийг бодиттой баримт бүрдүүлэн нэхэмжилсэн байгаа. Бидний нэхэмжилсэн төлбөрөөс Б.Мөнхбаяр нь нийт 3.500.000 төгрөг өгсөн. Нийт оршуулгад зарцуулсан зардал нь 8.139.169 төгрөг зарцуулсан. Үүнээс Б.Мөнхбаярын төлсөн 3.500.000 төгрөгийг хасуулж үлдэгдэл төлбөрийг гаргуулах саналтай байна. Б.Мөнхбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол бидний нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан байх байсан. Энэ хүний амьдрал ер нь боломжийн гэж бодож байна. Б.Мөнхбаяр хонь ачих гэж байгаад машин дээрээс унаад чихээ тасалчихлаа гэж хэлсэн, бид нарыг яваад очиход чих нь тасарчихсан хэвтэж байсан. Бидэнд машинд дайрагдсан гэж мэдэгдсэн бол өөр арга хэмжээ авах байсан. Зөвхөн чих нь тасарсан гэж бодсон амь насанд нь халтай осол байсныг мэдээгүй. Эмч нар нарийн шинжилгээ хийсэн ч тодорхой зүйл хэлээгүй. Н. Цэрэндовдон нь аав, ээжтэй хамт амьдардаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө манайд орж ирээд дүү нь ажилд яваад ирье гээд гараад явсан. Манайд орж ирэхдээ цоо эрүүл хэвийн байсан. Хохиролд оршуулгын задрал 8.139.169 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс Б.Мөнхбаяр 3.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Молорцэцэгийн өгсөн: ... 2017 оны 07 дугаар сарын 10-ны 19 цагийн үед Б.Мөнхбаяр над руу 90000 дугаарын утсаар залгаж, Н.Цэрэндовдон бид 2 хонинд явж байгаад машин дээрээс унаад чихээ гэмтээчихлээ бид хэд эмнэлэг дээр байна хүрээд ирээч гэсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход тэр хэд хүлээн авах дээр байж байсан. Хүлээн авахын эмч Н.Цэрэндовдонд үзлэг хийж байсан. Манай дүү Н.Цэрэндовдонгийн баруун чих нь тасраад унжчихсан жижиг арьсан дээр тогтож байсан. Эмч нь надад тайлбарлахдаа энэ чихийг нь оёх боломж байхгүй тастаж авах уу, яах вэ? гэж асуусан. Би “ямар ч боломж байхгүй юу” гэж асуухад боломж байхгүй гэсэн. Би ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байсан тул аавыгаа дуудсан. Аав ирээд чихийг нь буцааж оёх боломжгүй гэдгийг ойлгоод чихийг нь тастаж, оёо тавиулсан. Оёо хийлгэж дуусаад дүү маань аав бид хоёрт миний бие бэлхүүснээс доошоо ямар ч мэдээгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би эмчид хэлээд эмч үзлэг хийгээд зураг авахуул нарийн шинжилгээнд оруул гэсэн. Нарийн шинжилгээнд орсныг дараа эмч нар зөвлөлдөөд яаралтай Улаанбаатар хот яв гэсэн. Тэгээд онош тодруулах өрөөнд хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хот явах гэхэд дүүгийн маань даралт унаад байгаа тул биеийн байдлыг нь харж байгаад явахаар болж хойшилсон юм. Миний дүүгийн цээжинд нь хий хурсан байна гээд гуурс тавьж хийг нь гадагшлуулж, өвчин намдаах тариа, шингэн хийсэн. Надад эмч нар дүүгийн маань биед учирсан гэмтлийн талаар тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Б.Мөнхбаяр машинтай ирээд эмнэлгээс нэг эмч аваад аав, ээж хоёр дүүтэй хамт хот явсан. Хотод очоод Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж, нарийн шинжилгээ хийлгээд эрчимт эмчилгээнд орсон гэсэн. Тэгээд шөнө 00 цаг 50 минутанд дүүг маань нас барсан гэж утсаар хэлсэн. Манай дүү Б.Мөнхбаяртай өмнө байнга хамт ажилд явдаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө бас утсаар залгаж дүүг маань дуудаад авч явсан байсан. Одоо Б.Мөнхбаяр байнга ирж очоод буяны ажилд нь тусалж байгаа. Манай дүү гэр бүлээсээ салсан эхнэр хүү хоёр нь тусдаа байдаг. Манай аав ээж хоёртой хамт амьдардаг байсан юм. Би гомдолтой байна. Эрүүл саруул байсан хүнээ алдсан хүмүүс гомдолтой байхаас яахав. Нэхэмжлэх зүйл гэвэл эхний ээлжинд оршуулгын зардал нэхэмжилж байна. Дараа нь аав, ээж, ах, дүү нартайгаа ярилцаж байгаад мэдүүлэг өгнө....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Гэрч Н.Долгорсүрэнгийн өгсөн: ... Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод байсан юм. Манай нөхөр Мөнхбаяр нь хүнтэй ааш зан сайтай, хүнд тусархуу, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байгаа юм. Манай нөхөр бид хоёр хамт амьдраад 16 жил болж байна. Хамт амьдрах хугацаандаа хэрүүл маргаан хийж байгаагүй. Манай хоёр хүүхдийн сайн эцэг байгаа юм. Манай том хүү 2000 онд Архангай аймагт төрсөн юм. Одоо манай бага охин 8 настай хүүхэд байдаг. Манай нөхөр хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн хүн байгаа юм. Б.Мөнхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүнтэй маргалдаж, зодолдож байсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар архи дарс хэрэглэдэггүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Гэрч Б.Өлзиймаагийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед намайг гэртээ байж байхад Б.Мөнхбаяр гэдэг хүн би машинаараа хүн шүргэчихлээ үзээд өгөөч гэсэн. Тэгээд нөгөө хүнийг нь үзэхэд ухаан санаа эрүүл, харин согтуу байсан. Баруун чихийг нь давуугаар дарж боосон байсан. Боолтын сөхөж үзэхэд илт цус гарч байгаа зүйлгүй цус нь тогтсон байсан. Өөр зовиур байгаа эсэхийг асуухад нуруугаар жоохон өвдөж байна гэсэн. Би хүнд зөвлөгөө өгч өвчин намдаах тариа хийгээд аймаг явж оёул гээд явуулсан. Шүргүүлсэн гэх хүн нь согтуу байсан болохоос биш ухаан санаа нь эрүүл, асуусан асуултанд зөв хариулж өвдөж байгаа газраа зөв зааж байсан. Би нарийн үзлэг хийгээгүй. Машины кабин дотор нь үзэж тариа хийсэн. Биеийн байдал нь хүнд гэж хэлэхээргүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Э.Цэнд-Аюушийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манайд Б.Мөнхбаяр ах нэг хүнтэй хамт ирсэн. Манайхаас хонь авахаар ирсэн юм. Тэгэхэд 14 цаг болж байсан. Манай хонь модон дотор орчоод олдохгүй байсан болохоор тэр 2 манайд 17 цаг болтол байсан. Тэгтэл хонь Ц.Баянмөнх ахын өвөлжөөний хажууд байна гээд хонь руу явсан хүүхэд маань хэлсэн. Тэгээд л Б.Мөнхбаяр ах, би, хамт ирсэн Довдон гэх залуу хонь руу явсан. Манай ахын хүүхэд Анхбаяр бид 4 Мөнхбаяр ахын 0000 АРХ улсын дугаартай пронтер маркийн машинд сууж хонь барьж авахаар явсан. Ц.Баянмөнх ахын өвөлжөөний байрны урд талд манай хонь байсан. Бид 4 хонин дээр очоод дөрвүүлээ хонио бөөгнүүлсэн. Барьж авах хонио олохгүй их удсан. Тэр хооронд талийгаач машины урд суусан байсан юм байна лээ. Би суухыг нь хараагүй. Б.Мөнхбаяр ах машиндаа суугаад асаагаад хөдлөх үед нь машиных нь урд хүн сууж байхыг харсан. Тэгээд яаж ч чадаагүй нөгөө залуу доогуур нь орчихсон. Би орилж урдуур нь гүйгээд очиход Б.Мөнхбаяр ах машинаа зогсоосон. Би Б.Мөнхбаяр ахад машин доогуур чинь хүн орчихлоо гэхэд Б.Мөнхбаяр ах машинаа ухраасан. Тэгэхэд нөгөө залуугийн баруун чих нь тасрах шахчихсан унжаад жижигхэн арьсан дээр тогтож байсан. Нөгөө залуу хөл, нуруу өвдөж байна гээд ёолоод байсан. Б.Мөнхбаяр ах тэр залууг хараагүй, машинаа асааж хөдөлснөөр урд тэнхлэг доогуур нь тэр залуу толгойгоороо дарагдсан байсан. Урд дугуй дээгүүр нь гараагүй машин 50-60 см орчим зайд хөдөлсөн. Тэгээд нөгөө залууг машиндаа суулгаад багийн эмчид үзүүлж тариа хийлгүүлж аймгийн төв рүү авч явсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад нэгдсэн эмнэлгийн тусламж авсан. Осол болоход Б.Мөнхбаяр ах эрүүл байсан. Харин машинд дайруулдаг залуу согтуу байсан. Тухайн үед машиныг нь тойроод хонь байсан. Би машины баруун талд байсан. Харин жолооч машины зүүн талд байсан. Тэгээд намайг хонь барьж авсан гэж хэлэхэд л Б.Мөнхбаяр ах зүүн талаас шууд машиндаа сууж хөдөлсөн тухайн үед хүн сууж байгааг харах боломжгүй байсан. Хэрэг болох үед 17 цаг өнгөрч байсан болохоор гэгээтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Б.Мөнхбаярын яллагдагчаар өгсөн: ... Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад Н.Цэрэндовдонгийн аав нь болох Норовдондовын 95853334 дугаарын утсаар залгаж Н.Цэрэндовдонг Их тамир сумын Борт бригадад байдаг Хануй руу хамт явж хонь аваад ирье гэж дуудсан. Тэгээд бид хоёр манай байрны гадаа 10:00 цагийн үед уулзаад хойшоогоо Их тамир сум руу явсан. Тэгээд Их тамир сумын колонк дээр очоод би машиндаа масло нэмэх гэж байсан чинь Н.Цэрэндовдон дэлгүүр орж тамхи ундаа аваад ирье гээд явсан. Тэгээд 10 минут орчмын дараа Н.Цэрэндовдон буцаж ирэхдээ дэлгүүр дээр 0.33 граммын архи уучихлаа гэж ирсэн. Тэгээд бид хоёр Их тамир сумын Ар зуу гэх нэртэй газарт очсон. Би тэр газраас мод авахаар ярьчихсан байсан юм. Тэгээд миний мод авах ёстой хүн байхгүй байхаар нь бид хоёр цаашаагаа Хярын булаг гэх газарт очиж хонио авахаар явсан юм. Тэгээд явсаар байгаад өдөр 12:00 цагийн үед хонь авах ёстой Э.Цэнд-Аюуш гэх айлд очиход Э.Цэнд-Аюуш гэртээ мотоциклийнхоо дугуйг нөхөөд байж байхаар нь Н.Цэрэндовдон бид хоёр гэрт нь орж цай уучхаад гарч ирээд Цэнд- Аюуш бид 3 хонь барьж ирэхээр бэлчээр лүү нь явсан. Тэгээд нэг хэсэг хонийг нь хайж явж байгаад Э.Цэнд-Аюушийн өвөлжөөний тэр хавьд байна гэхээр нь тийшээгээ Э.Цэнд-Аюуш, Н.Цэрэндовдон бид 3 явсан юм. Тэгээд хонин дээр нь очоод би Н.Цэрэндовдон, Э.Цэнд-Аюуш хоёрыг наана нь буулгачхаад би машинаараа хонины цаагуур нь тойрч очоод хонийг нь нааш нь үргээж өгсөн. Тэгээд би өвөлжөөний 00-д орж 10 минут орчим сууж бие засчхаад машинаа асааж Э.Цэнд-Аюуш, Н.Цэрэндовдон нарын хонь барьж авах гэж байсан газарт очиж зогсоод машинаасаа бууж хонь бөөгнүүлж өгчхөөд хэсэг хонь тасраад явчихаар нь машинаа асаагаад тасраад явчихсан хонь бөөгнүүлэх гээд хөдөлсөн чинь хонин дунд байсан Э.Цэнд-Аюуш гараараа даллаад урд чинь хүн байна ухраарай гэж орилсон. Тэгэхээр нь би шууд ухарч зогсоод машинаасаа буугаад харсан чинь машины урд талын доод хэсэгт Н.Цэрэндовдон ёолоод нуруугаа барьчихсан баруун чих нь хууларсан байж байсан. Тэгэхээр нь Цэнд- Аюуш бид хоёр машинд өргөж суулгаад Борт бригадын багийн эмч Өлзиймаа гэх хүн дээр очиж үзүүлсэн чинь би тариа хийж өгье аймгийн эмнэлэг рүү яаралтай аваад яв гэж хэлсэн. Тэгээд Э.Цэнд-Аюуш бид хоёр Н.Цэрэндовдонг аваад аймгийн эмнэлэг дээр ирэхэд цаг 18:50 минут орчим болж байсан. Н.Цэрэндовдон бид хоёр төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Найз нөхдийн харилцаатай. Надтай хамт ажил хийж миний машинаар мод чулуунд хамт явдаг байсан юм. Н.Цэрэндовдон өглөө нь надтай уулзахдаа өнгөрсөн шөнө найзуудтайгаа уулзаад нэлээн их архи уучихлаа гээд архи үнэртүүлчихсэн ирсэн. Н.Цэрэндовдон бие өвдлөө гэх эсхүл гаднаа ил харагдах ил харагдах шарх сорви байгаагүй. Шартаж үхлээ гээд ирсэн. Осол болох үед би шалгаж үзээгүй машинаа асаагаад хөдөлсөн. Намайг бие засчихаад ирэхэд хонины цаад захад ойролцоогоор машинаас 30 метрийн зайтай байсан. Тэгээд намайг хонь эргүүлчихээд цаашаагаа салаад явчихсан хонь эргүүлэх гээд машиндаа суух хооронд л машины урд ирээд суучихсан юм шиг байна лээ. Би тухайн үед машинаа асаагаад дөнгөж хөдлөх гэж байсан чинь Э.Цэнд-Аюуш цаанаас орилсон. Тэгээд би буцаж ухраад зогссон ойролцоогоор 40-50 см урагшилсан байх. Би бие муутай тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Тухайн үед нуруу өвдөөд байна гэж байсан. Тэгээд машинд суулгаад аймгийн эмнэлэг рүү явж байхад аав ээж хоёрын санаа нь зовох байх намайг машин дээрээс унасан гэж хэлээрэй гээд надтай юм яриад явж байсан. Би тухайн үед зогсоох арга хэмжээ аваад хойшоогоо ухарсан. Тийм зүйл байгаагүй. Би хохирогчид 1.000.000 төгрөгний хохирол төлсөн. Цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний биеийн байдал муу группд байдаг тул миний хийсэн үйлдэлд хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар дүгнэлт:
1. 87-42 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхбаяр МУ-н ЗХД-ийн 7.6-д Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Тухайн замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй байна.
3. 87-42 АРА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй байна.
4. Зам тээврийн осол нь жолооч Б.Мөнхбаяр МУ-н ЗХД-ийн 7.6-д Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж явсан буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар дүгнэлт:
1. Талийгаачийн биед цээж хэвлийн эрхтний хавсарсан гэмтэл, олон хавирганы хугарал, уушги, элэгний эдийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн, хуралдалт, сээрний 11,12-р нугаламын хугарал, нугасны дарагдал, бүсэлхийн 1,2-р нугалмын сэртэнгийн хугарал, баруун чихний бүрэн тасрал, орчимд шарх, зулгаралт, зүүн гуянд шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн доод зовхинд зулгаралт, цээж, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун мөрөнд цус хуралт, баруун мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй байна.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь дээрх цээж хэвлийн эрхтний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.
5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна..
6. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 44-47 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-11 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 78-126 хуу/
Шүүгдэгч Б.Мөнхбаярын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 130-143 хуу зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Мөнхбаяр нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэрт байрлах Хануй голын Хярын булаг гэх газарт 87-42 АРА улсын дугаартай, Киа Пронтер маркийн автомашин жолоодож байхдаа Н.Цэрэндовдонг дайрч амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
Тухайн үед 87-42 АРА улсын дугаартай, Киа Пронтер маркийн автомашиныг Б.Мөнхбаяр нь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан гэрч Э.Цэнд-Аюушийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбаяр нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Б.Мөнхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Б.Мөнхбаяр нь 87-42 АРА улсын дугаартай, Киа Пронтер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж 87-42 АРА улсын дугаартай, Киа Пронтер маркийн автомашиныг жолоодож байхдаа Н.Цэрэндовдонг дайрч амь насыг хохироосон нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Мөнхбаярын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Б.Мөнхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Б.Мөнхбаярын эзэмшлийн 87-42 АРА улсын дугаартай Киа пронтер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Молорцэцэг нь оршуулгын зардал болон бусад зардалд 8.131.369 /найман сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран ес/ төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс 4.500.000 төгрөгийг хохиролд тооцож авсан, үүний 3.500.000 төгрөгийг ХААН банкан дахь дансанд шилжүүлсэн баримт /хх-ийн 167,168 хуу/ хавсаргагдсан, 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан талаараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэрэгт хавсаргуулсан хохиролтой холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан нь 4.160.571 төгрөгийн баримт байна гэж үзлээ. Хавтаст хэргийн 89,93,94,95,108,120,122 дугаар хуудсанд байх баримтуудын бичвэр нь мэдэгдэхгүй бүдэг байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн болно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 8.131.369 төгрөгнөөс 3.631.369 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Бгийн Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Мөнхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу Б.Мөнхбаярт хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Б.Мөнхбаярын эзэмшлийн 87-42 АРА улсын дугаар бүхий Киа пронтер маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин болмогц хүчингүй болгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 8.131.369 /найман сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран ес/ төгрөгөөс 3.631.369 /гурван сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ